Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/1345

 

2025             11           28                                                                       2025/ДШМ/1345

 

У.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч М.Даваадорж, Н.Намжилцогт, Б.Отгонтөгс

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2237 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Б-ын гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Ундрахын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 51 дүгээр эсэргүүцлээр У.Б-од холбогдох 2408018511807 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

К- овгийн У-ын Б-, ........, /РД: У-/;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 857 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.

Шүүгдэгч У.Б- нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “-” зочид буудлын өрөөнд хохирогч О.Д-ыг “согтоод байна” гэх шалтгаанаар хэвлий, цээж хэсэгт 2-3 удаа өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл болох бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн серозон давхаргын урагдал, шарх гэмтлийн улмаас хэвлийн хөндий цус алдаж улмаар дотор эрхтнүүд цус багадалтад орж, олон эрхтний дутагдлаар нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: У.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Шүүгдэгч У.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.Б-ыг 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Б-ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 287 (хоёр зуун наян долоо) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн гурван ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон сэтгэл санааны хохирол, хор уршгийн нөхөн төлбөр, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч У.Б-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Б- давж заалдах гомдолдоо: “Миний  бие нь энэхүү хэрэгт 05 дугаар сарын 11-нд гэрчээр мэдүүлэг өгч болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн билээ. Надаас мэдүүлэг авсан байцаагч гэрч гэх Сарантуяагаас 2 удаагийн байцаалт авахад С-гийн мэдүүлсэн байцаалт зөрүүтэй байгаа. Гэрч С- өөрийгөө болох бусдыг хянах  өөрийн биеэ авч явж чадахгүй байсан. Байцаагч хөтөлж байцаасан гэж хардаж байна. Өөрийгөө ч авч явах болон ярьж хэлж байснаа санахгүй байгаа, хүнээс тулгасан, шаардсан байж болзошгүй гэж хардаж байна. Учир юу вэ гэвэл амь хохирогч гэх О.Д-тай С- маргалдаж байсан буудлын өрөөнөөс гарч орлоо гэж уурлаад хэрэлдэж байсан. Иймд ямар ч үндэслэлгүй намайг энэхүү хэргийн буруутан шиг үзэж байгаад С-д гомдолтой байна. 2024 оны 12 дугаар сарын 12-нд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Пүрэвсүрэн гэх байцаагч намайг харанхуй камергүй өрөөнд оруулж үл таних 2-3 цагдаагийн албан хаагч нар зодож дарамталж хэргээ хүлээ гэж янз бүрийн хараал урсган доромжилсон. Тухайн үед миний бие согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний эгч болох С.Э-, дүү Г- нар ирэхэд намайг зодуулж нүдүүлсэн байхыг хараад “яасан юм бэ” гэхэд би “намайг хэргээ хүлээ гээд зөндөө их зодлоо гэж хэлсэн. Би тухайн үед архи ууж шоконд орчихсон байсан юм. Энэ өдөр үргэлжлүүлэн шүүхээр оруулсан. Хорих ангид хүргэгдэж ирээд шалган нэвтрүүлэх байранд ээлжийн эмч гэх Лхагвабаяр гэх эмч биед үзлэг хийгээд байцаагч болох Пүрэвсүрэнд хүлээн авах боломжгүй шарх сорви болон архины хордлоготой бие их сул байна гэж байхад Пүрэвсүрэн байцаагч намайг гэр орон, очих газаргүй гудамжны гуйлгачин даалтад авах хүн байхгүй тул хоримоор байна гэж ярьж байсан. Үнэн зөвөөр байцаалт явуулаагүй гомдолтой байна. Хүчээр хэрэг хүлээлгэх гэж зодож тулгасан. Байцаагч Пүрэвсүрэн нь улсын өмгөөлөгч гэх Даваадоржийг өмгөөлөгч чинь гэж танилцуулж 461 дүгээр ангид авч ирж танилцуулсан юм. Өмгөөлөгч Даваадорж нь энэхүү хэрэг дэр миний эрх бол хуулийн тал дээр өмгөөлж байгаа нь хангалтгүй гэж үзэж байна. Учир нь хийгээгүй хэргийнхээ төлөө өөрийн эрх чөлөөгөө 7 жилээр хасуулчихаад байхад давж заалдах хэрэггүй гэх, иймд миний бие Даваадорж өмгөөлөгчийг хууль ёсны дагуу та надад зам шалгалт хийгээд өгөөч удаа дараа гуйхад “одоо камерын бичлэг шалгах боломжгүй шүү дээ гэсэн.  Тухайн амь хохирогч болох О.Д- нь надаас салаад 44 цагийн дараа амь эрсэдсэн байгаа. Энэ хугацаанд хаана юу хийж байсныг нь хүртэл шүүгээгүй байж намайг хөнөөсөн мэт болгож байгаад гомдолтой байна. Амь хохирогч бид хоёр олон жил найзалж нөхөрлөж байсан.  Миний хувьд төрсөн ах шигээ хүндэлж хайрладаг байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй. 2024 оны 05 дугаар сарын 09, 10-нд болсон үйл явдлуудыг дахин эргэж харахыг бас шалгуулахыг хүсэж байна. Учир нь амь хохирогч 05 дугаар сарын 09-нд нойл орох гээд гарсан. Тэгэхэд нэг эмэгтэй орилж байсан. Коридорт зодолдож маргалдаж хүнээ аваач гээд хашгирч  байхаар нь би ахыгаа өргөж босгоод өрөө рүү авч орсон. Тэр үед хэд цохиулсан байдалтай байсан. Би ахыг унтуулахыг санал болгосон. Иймд миний бие цагдаа болон гэрч, прокурорын хөтөлсөн хэргийг материал дутуу явагдсан хэт нэг талыг баримталж намайг хүний амь хөнөөсөн гэж үзэж байгаад гомдолтой байна. Мөн амь хохирогч нь 05 дугаар сарын 11-нд 22 цаг 15 минутад дуудлагаар очсон цагдаа Гал-Эрдэнэд би хүнд зодуулаагүй, би өдөр юмнаас унаад гэмтсэн гэж хэлсэн байдаг. Иймд надад холбогдсон хэргийг үнэн зөвөөр хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Прокурор Б.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүнийг алах гэмт хэрэгтэй обьектив талын шинж болох хохирол, субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субьектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай гэж,

Хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчийг алах зорилготой байсан гэсэн үйл баримт тогтоогдоогүй буюу гэрч С.С- мэдүүлэхдээ “Тухайн цэнхэр куртиктэй явж байсан залуу нь туранхай биетэй, дундаж өндөртэй.. Хүзүүндээ хоёр тийшээ далавчтай юм шиг дүрс бүхий шивээс харагдаж байсан цэнхэр куртиктэй явж байсан залуу нь тухайн үедээ цагаан өнгийн футболктой байсан ба газарт хэвтэж байсан коёр хүний голд нь зогсчихсон, нөгөө хар бомбортой явж байсан залуугийн нүүр хандсан талд нь зогсож байсан бөгөөд хэвлий, цээж хэсэг рүү аль нэг хөлөөрөө 2, 3 удаа өшиглөж байгаа байдалтай байж байсан. Тэгээд би шууд болиоч гэж чанга хэлсэн.” гэж мэдүүлсэн мэдүүлгийг шүүгдэгчид хүнийг алах сэдэлт, зорилго байгаагүй гэж дүгнэн зүйлчлэл хөнгөрүүлэн шийдвэрлэсэн.

У.Б-, О.Д- нар нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “-” нэртэй зочид буудлын өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У.Б- нь хохирогч О.Д-ыг “согтоод байна” гэх шалтгаанаар хэвлий, цээж хэсэгт 2-3 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл болох бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн серозон давхаргын урагдал, шарх гэмтлийн улмаас хэвлийн хөндий цус алдаж улмаар дотор эрхтнүүд цус багадалтад орж, олон эрхтний дутагдлаар нас барсан. У.Б- нь хохирогчийг зодсон болох нь шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1865 дугаар "дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх хэвлийн битүү гэмтэл болох бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн серозон давхаргын урагдал, шарх гэмтлийн улмаас хэвлийн хөндий цус алдаж улмаар дотор эрхтнүүд цус багадалтад орж, олон эрхтний дутагдлаар нас баржээ.” гэсэн дүгнэлт /1хх 82-88/-ээр болон шүүхийн үндэслэл болсон гэрч С.С-гийн мэдүүлгээр тус тус тогтоогдог.

Гэтэл У.Б- нь хохирогч О.Д-ын хэвлий, цээж хэсэгт 2-3 удаа өшиглөсөн үйлдлийг субьектив талын нэмэгдэл шинж болох алах зорилгогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь гэмт хэрэг хэмээх ойлголт нь юуны өмнө хүний оюун ухаанд тодорхой гэмт санаа хэлбэрээр үүснэ, түүнийгээ бодит байдлаар хэрэгжүүлэх хэд хэдэн үе шатыг дамжсаар сая эрүүгийн хариуцлага хүлээх ойлголтыг үүсгэнэ. Үүнийг эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдэх үе шат хэмээн томьёолох ба энэ нь зөвхөн санаатай гэмт хэрэгт л байх ойлголт юм.

Эрүүгийн эрх зүйн онолд гэм буруугийн санаатай хэлбэрийг дотор нь шууд санаатай болон шууд бус санаатай гэсэн төрөлд хуваан авч үздэг. Шууд болон шууд бус санаа хэлбэрийн хувьд аль аль нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинжийг ухамсарласан байдаг, оюун санааны шинжээрээ адилхан. Харин шууд санаа нь гэмт этгээд үйлдлийнхээ хор уршгийг мэдэж, хүсэж буюу үр дүнг чухалчилж түүнд хүрэхийн тулд идэвхтэйгээр үйлдлээ хэрэгжүүлсэн байдаг бол, шууд бус санааны хувьд зөвхөн хор уршиг учрах боломжтойг урьдаас мэдсэн ч түүнийг чухалчилдаггүй, үйлдлээрээ түүнд хүргэсэн, хор уршигт “яасан ч яахав” гэсэн идэвхгүй байр сууринаас хандсан байдгаараа ялгагддаг онцлогтой.

Тухайн хэргийн тухайд У.Б- нь хохирогч О.Д-ын хэвлий, цээж хэсэгт 2-3 удаа өшиглөсөн үйлдлийг хууль бус гэдгийг урьдаас мэдсэн ч тухайн үйлдлээ зориудаар хийсэн гэж дүгнэхээр байна.

Тодруулбал: шүүгдэгч нь амь хохирогчийн хэвлий, цээж хэсэгт 2-3 удаа өшиглөсөн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж буй хууль бус үйлдэл болохоо ухамсарлаж үйлдсэн буюу уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учрахыг мэдэж, хүсэж үйлдсэн, үйлдлээ зориуд хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Хүнийг алах гэмт хэргийг гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцдог бөгөөд үхэлд шууд хүргэсэн, эсхүл хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд энэ нь хууль хэрэглээнд нэгэнт тогтсон ойлголт юм.

Мөн “хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах”, “хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан өөр бусад хүндрэл үүсч, тэрхүү өөр хүндрэлийн улмаас нас барсан нөхцөлүүдээр ялгагддаг. Шүүгдэгч У.Б-ын амь хохирогчийг 2-3 удаагийн өшиглөсөн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоогоор хохирогчийн биед 24 цагийн дотор үхэлд хүргэж, амь насаа алдсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

Шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Гэхдээ анхан шатны шүүх хуралдаанд цагаатгуулах байр сууринаас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар У.Б-ын үйлдэл О.Д-ын амь нас хохирсон үйл баримттай шалтгаант холбоогүй, үйлдэл холбогдол нь эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна гэсэн байр суурьтай оролцсон. Хэрэгт авагдсан баримтаар тухайн зочид буудалд амь хохирогчийн биед 2 хүн хүрсэн бөгөөд нэг нь амь хохирогчийн толгой руу, нөгөөх нь өшиглөж харагддаг. Тэгэхээр У.Б-ын үйлдлээс өөр хүний үйлдлээс тухайн гэмтлийг авсан байх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцсэн. 05 дугаар сарын 09-ний өдөр гэмт хэрэг гарсан. Амь хохирогч 05 дугаар сарын 10-ны өдөр буудлаас гарч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 05 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. Анхан шатны шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж У.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Нэгэнт эргэлзээгүй, хангалттай байдлаар нотлогдоогүй учраас цагаатгах үндэслэлтэй. Тиймээс давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч М.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүх хуралдаанд шүүгдэгч У.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Прокурорын бичсэн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.Б- нь амь хохирогч О.Д-ын хэвлий, цээж хэсэгт 2-3 удаа өшиглөж зодсон гэх үйл баримт хангалттай тогтоогдохгүй байгаа. Шүүгдэгч У.Б-ын үйлдлийн улмаас О.Д- хэвлийн битүү гэмтэл авч нас барсан гэж дүгнэхэд эргэлзээтэй байна. Миний үйлчлүүлэгч У.Б-од хохирогчийг алах санаа зорилго байгаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй байхад таамаглалд үндэслэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Иймд тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Б-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бусад өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь бүрэн тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хэргийн үйл баримтыг хөдөлшгүйгээр тогтоосны үндсэн дээр эзэн холбогдогч нь хэн бэ гэдгийг тогтоох учиртай. Мөн шинжээчийн дүгнэлтэд хүнд гэмтэл 24 цаг, бусад гэмтэл хөнгөн гэж дурдсан байдаг. Гэтэл шүүгдэгч У.Б-ын хувьд амь хохирогчтой 24 цагийн дотор хамт байгаагүй. Тэгэхээр цагийн зөрүүний асуудал гардаг. Тиймээс шүүгдэгчийн гэм буруу мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

У.Б- нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “-” зочид буудлын өрөөнд хохирогч О.Д-ыг “согтоод байна” гэх шалтгаанаар хэвлий, цээж хэсэгт 2-3 удаа өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл болох бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн серозон давхаргын урагдал, шарх гэмтэл учруулсны улмаас хэвлийн хөндий цус алдаж улмаар дотор эрхтнүүд цус багадалтад орж, олон эрхтний дутагдлаар нас барсан болох нь:

хэргийн газрын үзлэгхийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 10-13, 15-20/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 21-25/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М-гийн “Тухайн үед дүү тогтсон ажил эрхэлдэггүй, гэртээ ганцаараа амьдардаг, эрүүл саруул байж байсан. Түүнээс хойш дүүтэйгээ уулзаагүй бөгөөд 2019 онд утсаар холбогдож мэнд мэдэж байсан. Манай дүү О.Д-ыг ямар нэгэн хорт муу зуршилтай гэдгийг нь мэдэхгүй байна. Сүүлд хүнээс сураг дуулахад 2021 онд хүнд зодуулаад өрөөсөн нүдээ сохлуулж байсан гэж дуулж байсан юм байна. О.Д- ямар нэгэн архаг хууч өвчин, эмнэлгийн хяналт, эмнэлэгт эмчлэгдэж байсан удаа байхгүй. Бие сэтгэцийн хувьд эрүүл саруул хүн байсан.” /1хх 29, 2хх 203/,

гэрч Л.О-ийн “Би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “О-” зочид буудлыг түрээслэн ажиллуулдаг. Өнөөдөр 21 цагийн орчим манай буудлын гадаа согтуу залуу ирээд хэвтээд, босож яваад байсан. Би тухайн залуу дээр очсон чинь газар хэвтсэн, архи уусан байдалтай байсан. Би чи босооч, энд хэвтэж болохгүй гэж хэлсэн. Тухайн залуу миний бие муу байна гээд хэвтэж байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн. Дараа нь эмнэлэг ирээд аваад явсан. Би юм асуухад миний бие муу байна гэж хэлсэн. Нүд нь хөхөрсөн харагдсан, өөр зүйл харагдаагүй. Тухайн үед манай буудлын ойр орчимд зодоон болоогүй.”/1хх 32-33/,

гэрч Э.Г-гийн “2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр миний байрлаж хонож байсан буудлын гадаа орой 21 цагийн орчим үүдэнд орох гээд орж чадахгүй байгаа байдалтай хэвтэж байсан. Тэгээд тухайн хүнийг гараас нь өргөөд босгох үед тэр баярлалаа, би ингэс гээд ийшээ орчихно, чи яв яв гэж хэлэхээр нь би түүнд буудлын хаалгыг онгойлгож өгчхөөд цаашаа яваад өгсөн. Тухайн хүн надтай тааралдахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн нэлээн согтуу байдалтай өмсөж явсан хувцас нь нэлээн бохирлогдчихсон байсан. Би түүнээс хойш ахиж тааралдаагүй.” /1хх 36-37/,

гэрч С.Г-ийн “2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 22:15 цагт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Нандин Ухаан эмнэлгийн хажуу талын цагаан хаалгатай буудлын өмнө нэг хүн босохгүй хэвтээд бие нь өвдөж байна гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг 22:20 цагт очиж шалгахад буудлын үүдэнд хажуу тийшээ харсан, толгой нь зүүн тал руу гаа харсан хэвтсэн байдалтай хүн байхаар нь босооч ээ гэж хэлэхэд гэдэс хэсгээр өвдөөд байна гэхээр нь ойртож харахад зүүн нүд нь хөхөрсөн, уруул дээр нь цус гараад хатчихсан байдалтай байхаар нь тухайн хүнээс хүнд зодуулсан юм уу гээд хэд хэдэн удаа асуухад би өдөр юмнаас унасан, хүнд зодуулаагүй гэж хэлсэн. Ингээд нэн яаралтай 103 утсанд яаралтай тусламж дуудаж, улмаар 20 орчим минутын дараа эмч ирж толгойны ар хэсэгт цус гарсан байдалтай байсан тул тухайн иргэнийг ГССҮТ авч явна гэхээр нь тухайн иргэнийг гараас нь татаж босгоод хөлөөр нь 103-ын автомашинд суулгах гэтэл автомашины гишгүүр дээр суучхаад цаашаа орохгүй байж байгаад дахин газарт хэвтээд өгсөн. Ингээд эмч тухайн иргэний биеийг дахин үзэж байгаад дууссаны дараа өргөөд автомашинд суулгаад явуулсан. Би тэр үед энгэрийн камерын бичлэг ашиглаагүй, цэнэг нь дуусчихсан байсан.” /1хх 40-41/,

гэрч С.С-гийн “Н- байтал гэнэт пир, пар гэх дуу чимээ сонсогдохоор нь би сэртэл нөгөө хар бомбертой явж байсан залуу нь газарт хажуу тал руугаа хараад өвдөг гараараа нүүр хэсгээ хамгаалсан байдалтай эвхрэлдэж хэвтэж байсан ба харин нөгөө цэнхэр куртик өмсөж явж байсан залуу нь болохоор түүнийг хоёр удаа хэвлий, цээж хэсэг рүү нь өшиглөж байсан. Тэгэхээр нь би хөөе болиоч ээ гэж хэлж орноосоо бостол тэр залуу больсон бөгөөд нөгөө газарт эвхрэлдэж хэвтэж байсан залуугаа пизда чинь согтоод байгаа юм уу, яагаад байгаа юм гэх зэргээр загнаад байсан. ... Харин цэнхэр куртиктэй явж байсан залуу нь тухайн үедээ цагаан өнгийн пудволктой байсан ба буудалд газарт хэвтэж байсан хоёр хүний голд нь зогсчихсон, нөгөө хар бомбертой явж байсан залуугийн нүүр хандсан талд нь зогсож байсан бөгөөд хэвлий, цээж хэсэг рүү нь аль нэг хөлөөрөө 2, 3 удаа өшиглөж байгаа байдалтай байж байсан. Тэгээд би шууд болиоч гэж чанга хэлсэн. Тухайн өшиглөж байсан залуу нь болиод нөгөө залуугаа загнаад зогсоод байсан юм”  /1хх 66-68/, 71-73/,

гэрч Б.Д-гийн “дуудлага мэдээлэл ирсний дагуу эргүүлийн офицер цагдаагийн ахмад С.Г-ийн хамт очиж шалгахад 40-50 орчим насны эрэгтэй хүн буудлын үүдэнд хажуу тийшээ харчихсан хэвтэж байхаар нь ахмад С.Г-э тухайн үл таних эрэгтэйгээс бие чинь зүгээр үү, таныг хэн гэдэг вэ гэх зэргээр асуулт асуухад миний бие өвдөөд байна, босож чадахгүй байна, миний хэвлий хэсгээр өвдөөд байна гэх яриа өгүүлэл хэлж байсан..” /2хх 184-185/,

шинжээч эмч О.Болороогийн “Амь хохирогч нь хэвлийн битүү гэмтэл болох бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн серозон давхаргын урагдал шарх гэмтлийн улмаас хэвлийн хөндийн цус алдаж дотор эрхтнүүд цус багадалтад орж олон эрхтнүүдийн дутагдлаар нас барсан. Уг гэмтэл нь хэвлийн баруун хэсэгт буюу тухайн прокцед өшиглөх, дэвсэх зэрэг үйлдлийн улмаас үүсэх бөгөөд унах үед үүсэхгүй. Биед учирсан бусад гэмтлүүд нь үхэлд хүргэхгүй болно. Тухайн үхэлд хүргэсэн гэмтлийг авсан даруйд идэвхтэй үйлдэл хийх боломжтой.” /1хх 100-101, 103-105/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 1865 дугаар “Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр хэвлийн битүү гэмтэл. Бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн серозон давхаргын урагдал, шарх (ОУӨА 10 S 36.5). Нарийн гэдэсний хана, хэвлийн гялтан, өрцний цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, дагзны хуйхны цус хуралт, зүүн зовхи, баруун тохой, баруун бугалга, хоёр гуя, баруун өвдөгний цус хуралт, хоёр хацар, уруул, цээж, баруун гуя, шилбэ, зүүн гуя, баруун алганы зулгаралт, зүүн бугалга, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон зүүн бугалга шилбэний цус хуралт гэмтэл нь нас барахаас 4-7 хоногийн өмнө үүссэн бусад гэмтлүүд нь нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. Талийгаач нь дээрх хэвлийн битүү гэмтэл болох бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн серозон давхаргын урагдал шарх гэмтлийн улмаас хэвлийн хөндий цус алдаж улмаар дотор эрхтнүүд цус багадалтад орж, олон эрхтний дутагдлаар нас баржээ. Амь хохирогч нь элэгний өөхлөлт, уушгины голотлог хатгалгаа өвчтэй байжээ.” /1хх 85-88/ гэсэн дүгнэлт,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 135-149/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 154-191/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч У.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч У.Б-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч У.Б-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Б-ын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар 7 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч У.Б- “надад холбогдсон хэргийг үнэн зөвөөр хянан шийдвэрлэж өгнө үү.”,

прокурор Б.Ундрах “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол болон эсэргүүцэл бичжээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд; гэрч С.С-гийн “Намайг унтаж байтал гэнэт пир, пар гэх дуу чимээ сонсогдохоор нь би сэртэл нөгөө хар бомбертой явж байсан залуу нь газарт хажуу тал руугаа хараад өвдөг гараараа нүүр хэсгээ хамгаалсан байдалтай эвхрэлдэж хэвтэж байсан ба харин нөгөө цэнхэр куртик өмсөж явж байсан залуу нь болохоор түүнийг хоёр удаа хэвлий, цээж хэсэг рүү нь өшиглөж байсан. Тэгэхээр нь би хөөе болиоч ээ гэж хэлж орноосоо бостол тэр залуу больсон бөгөөд нөгөө газарт эвхрэлдэж хэвтэж байсан залуугаа пизда чинь согтоод байгаа юм уу, яагаад байгаа юм гэх зэргээр загнаад байсан. ... цэнхэр куртиктэй явж байсан залуу нь тухайн үедээ цагаан өнгийн пудволктой байсан ба буудалд газарт хэвтэж байсан хоёр хүний голд нь зогсчихсон, нөгөө хар бомбертой явж байсан залуугийн нүүр хандсан талд нь зогсож байсан бөгөөд хэвлий, цээж хэсэг рүү нь аль нэг хөлөөрөө 2, 3 удаа өшиглөж байгаа байдалтай байж байсан. Тэгээд би шууд болиоч гэж чанга хэлсэн. Тухайн өшиглөж байсан залуу нь болиод нөгөө залуугаа загнаад зогсоод байсан юм” /1хх 66-68, 71-73/, шинжээч эмч О.Болороогийн “хэвлийн битүү гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэг, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай дагзны цус хуралт нь хөнгөн зэрэгт, 4-7 хоногийн өмнө үүссэн цус хуралтууд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна.”/1хх 103-105/ гэсэн мэдүүлгүүд тус тус хэрэгт авагджээ.

Тодруулбал, У.Б- амь хохирогч О.Д-ын амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлоо учруулсан үйл баримт байхгүй байх ба харин хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулахгүйгээр хохирогчийг удаа дараа буудлын өрөөнөөс гарч унаад байсанд нь уурлан хэвлий цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөх үед гэрч С.С- болиоч гэж хэлэхэд өшиглөх үйлдлээ зогсоосон үйл баримт нь У.Б-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 Өөрөөр хэлбэл, гэрч С.С-гийн “Харин цэнхэр куртиктэй явж байсан залуу нь тухайн үедээ цагаан өнгийн волктой байсан ба буудалд газар хэвтэж байсан хоёр хүний голд нь зогсчихсон, нөгөө хар бомбертой явж байсан залуугийн нүүр талд нь зогсож байсан бөгөөд хэвлий, цээж хэсэг рүү нь аль нэг хөлөөрөө 2, 3 удаа өшиглөж байгаа байдалтай байж байсан. Тэгээд би шууд болиоч гэж чанга хэлсэн. Тухайн өшиглөж байсан залуу нь болиод нөгөө залуугаа загнаад зогсоод байсан юм.” /1хх 66-68, 71-73/, гэрч Б.Д-гийн “ахмад С.Г-э тухайн үл таних эрэгтэйгээс бие чинь зүгээр үү, таныг хэн гэдэг вэ гэх зэргээр асуулт асуухад миний бие өвдөөд байна, босож чадахгүй байна, миний хэвлий хэсгээр өвдөөд байна гэх яриа өгүүлэл хэлж байсан.” /2хх  184-185/,  шинжээч эмч О.Болороогийн “Амь хохирогч нь хэвлийн битүү гэмтэл болох бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн серозон давхаргын урагдал шарх гэмтлийн улмаас хэвлийн хөндийн цус алдаж дотор эрхтнүүд цус багадалтад орж олон эрхтнүүдийн дутагдлаар нас барсан. Уг гэмтэл нь хэвлийн баруун хэсэгт буюу тухайн прокцед өшиглөх, дэвсэх зэрэг үйлдлийн улмаас үүсэх бөгөөд унах үед үүсэхгүй. Биед учирсан бусад гэмтлүүд нь үхэлд хүргэхгүй болно. Тухайн үхэлд хүргэсэн гэмтлийг авсан даруйд идэвхтэй үйлдэл хийх боломжтой. ...нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой.” /1хх 100-101, 103-105/ гэсэн мэдүүлгүүд болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 1865 дугаартай дүгнэлт /1хх 85-88/ зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар эргэлзээгүй тогтоогдсон байна гэж үзнэ.

Иймд прокурорын бичсэн “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” тухай эсэргүүцлийг, мөн шүүгдэгч У.Б- “хэргийг үнэн зөвөөр хянан шийдвэрлэж өгнө үү” гэх  гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Б-ын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 хоногийг  түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2237 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б-ын гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Ундрахын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.     

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-ын цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХТУЛГА