| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 106/2019/1097/Э/ |
| Дугаар | 311 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 17.2.3.2., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 311
Т.Ц, Б.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 339 дүгээр магадлалтай, Т.Ц, Б.Т нарт холбогдох 1905021170565 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Ж.Ганболдын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2014 оны 6 дугаар сарын 5-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
2016 оны 1 дүгээр сарын 13-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сар хорих ял шийтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн шүүгчийн захирамжаар 11 сар 1 хоногийн ялаас тэнсэгдэж суллагдсан,
2018 оны 1 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг 2 дахин багасгаж 1 жил 6 сар хорих ялаар тогтоож, 2019 оны 1 дүгээр сарын 31-нд ялын хугацаа дуусч суллагдсан, Зах-Уул овогт Тгийн Ц.
2.Монгол Улсын иргэн, 1999 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2016 оны 1 дүгээр сарын 13-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржигон овогт Бгийн Т нар нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т, Т.Ц нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар шүүгдэгч Б.Тг 5 жил хорих ял, шүүгдэгч Т.Цыг 6 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Тд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Т.Цт оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Тгийн урьд цагдан хоригдсон 26 хоног, шүүгдэгч Т.Цын урьд цагдан хоригдсон 232 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-г хэрэгт хавсаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ц, Б.Т, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Ж.Ганболд гаргасан гомдолдоо: “...Б.Т, Т.Ц нар 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Төмөр замын дээд сургуулийн зүүн тал, шар байрны орчим насанд хүрээгүй Э.Эгийн эд хөрөнгийг авахаар довтолж, гар утсаа өгөхгүй бол ална шүү хэмээн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж гар утсыг нь дээрэмдэж 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дэх заалтанд заасан гэмт хэрэгт Б.Тг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь Б.Т, Т.Ц мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт дээрх хэргийн талаар тогтвортой, эргэлзээгүй, үнэн зөв мэдүүлэг өгсөн.
Тухайлбал: Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт:
Т.Цын “...Э энэ хэрэг дээр худлаа яриад байна. Бид хоёр орц руу ороод хутга байхгүй байхад хутгатай байсан гэж мэдүүлсэн, Бид хоёр хутга байгаа гэж худлаа хэлсэн болохоос яг хутга байгаагүй...” гэсэн мэдүүлэг,
Б.Тгийн "...Эгийн хэрэг дээр хутга гаргаагүй, хутга байхгүй байсан мөртлөө хутга байгаа шүү гэж хэлж айлгасан...” гэсэн мэдүүлгүүдийг тогтвортой өгсөн байдаг. Харин дээрх мэдүүлгийн эх сурвалжийг нотлох насанд хүрээгүй гэрч Б.Лын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй.
Тухайлбал нь: Насанд хүрээгүй гэрч Б.Л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...надад гар хүрсэн асуудал байхгүй, намайг найзыг элэгдсэн...хоёулаа хутгатай байсан, доор үүдэнд сууж байсан залуу нь дэлгэдэг тонгорог барьчихсан байсан, нөгөө залуугийн барьж байсан хутгыг нь бол би харж чадаагүй...” гэжээ. / хх-ийн 19 хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Энхтүвшингээс мөнгө байна уу гэтэл Э байхгүй, ээж хагалгаанд орох гэж байгаа, болохгүй гэхэд утсыг нь гаргуулж ирээд хүн амьтнаас тусламж хүсвэл тусалсан хүнтэй чинь хутгална гэж хэлсэн, Бор иштэй хутга байсан, намайг цаашаа хараад зогс гэж байсан ба намайг эргээд харахад халаасанд нь бор иштэй хутга байхыг харсан, гаргаж ирсэн эсэхийг хараагүй...” гэжээ.
Насанд хүрээгүй гэрч Б.Л шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг бусад баримттай харьцуулж, нотлох баримтыг магадлах аргаар шалгаж үзвэл нотолгооны ач холбогдолтой гэж үзэж нотлох баримтанд тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн өмгөөлөгчөөс насанд хүрээгүй хохирогч Э.Э шүүх хуралд оролцуулж, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв эсэхийг магадлуулан шалгуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангаагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь нэг талыг барьсан гэж үзэж байна.
Иймд Б.Тгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэргийг анхан шатны шүүхэд нь дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Т.Ц, Б.Т нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, шүүх тухайн зүйл хэсгээр ял оногдуулсан. Э.Эгийн гар утсыг дээрэмдэхдээ хутга гаргаж ирсэн үйл баримт тогтоогдсон. Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон насанд хүрээгүй гэрчүүд бор иштэй хутга байсан талаар мэдүүлсэн. Уг хэргийн нэг хохирогч болох Ж.Бын “2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 2 дугаар байрны орчимд явж байтал араас нэг хүн хүзүүнээс тэврээд, миний халаасанд хутга байгаа шүү гээд орц луу оруулсан” гэх мэдүүлэг бий.
Иймд шүүгдэгч нарын үйлдлийг зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхийн “шүүгдэгч Т.Ц, Б.Т нар нь хутга харуулж насанд хүрээгүй хохирогч Э.Эг гар утсаа өгөхийг шаардсаны улмаас насанд хүрээгүй хохирогч айж, эд хөрөнгөө хамгаалахад чиглэсэн эсэргүүцэл, үзүүлэх чадваргүй байдал сэтгэхүйн хувьд бий болж эд хөрөнгөө дээрэмдүүлсэн байна” гэх дүгнэлт үндэслэлтэй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Ж.Ганболдын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.Ц, Б.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Т, Т.Ц нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Д.Н, А.Т нарын Самсунг Эс-7 загварын 2 ширхэг гар утсыг дээрэмдэж 505.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,
2019 оны 5 дугаар сарын 10-ны орой Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 50а байрны орчимд иргэн Т.С, М.М нарын Самсунг Жи-3, ЛЖ-5 загварын гар утаснуудыг дээрэмдэж 378.560 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,
2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 69 дүгээр байрны орчим насанд хүрээгүй Н.Б, Д.П нарын эд хөрөнгийг авахаар довтолж, “гар утсаа өг, хүнд хэлвэл ална шүү” хэмээн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, “SCY IM-100 LG X-power маркийн гар утаснуудыг дээрэмдэж 300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,
2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 42 дугаар байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй Б.Бийн “Самсунг Жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлэн дээрэмдэж 234.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,
2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Ж.Бын “Самсунг нөт-5” загварын гар утас, 3000 төгрөгийг хүч хэрэглэж дээрэмдсэн,
2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын дээд сургуулийн зүүн талын 7 шар байрны орчим насанд хүрээгүй Э.Эгийн эд хөрөнгийг авахаар довтолж, “гар утсаа өгөхгүй бол ална шүү” хэмээн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж, “iphone-9” загварын гар утсыг дээрэмдэж, 280.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т, Т.Ц нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар шүүгдэгч Б.Тг 5 жил хорих ял, шүүгдэгч Т.Цыг 6 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Тд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Т.Цт оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Ж.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзэхэд шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр харьцуулан үнэлэх замаар шүүгдэгч Б.Тг Т.Цтай бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж дүгнэснийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэх” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 339 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Ж.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН