Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2018/0424

 

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2018/0424

Улаанбаатар хот

 

Д.Г-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Д.Г-гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-ийн “Г”, 19 дүгээр зүйлийн 19.1, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г-ийн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/08 дугаар “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Д.Г миний бие Ховд аймгийн Монгол Ардын намын хорооны 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн бага хурлаас тус Монгол Ардын Намын хорооны даргаар сонгогдож, 2012-2013 онуудад бүх шатны сонгуульд ялагдсан намын ажлыг хүлээн авсан.

Сонгуульд ялагдсан намын хорооны ажлыг авч, бүх шатны сонгуульд ялалт байгуулах ажил амар хялбар байгаагүй ч надад итгэл үзүүлсэн намын гишүүд, дэмжигчдийн итгэл, зүтгэлийн өмнө миний бие уг ажлаас халширч, хойш суугаагүй, тийм ч эрх байгаагүй.

Зөвхөн урагш харж, намын үйл ажиллагааг идэвхижүүлж, анхан шатны байгууллагыг бэхжүүлж, намын гишүүд, дэмжигчдийн итгэл, үнэмшлийг сэргээж, дараагийн сонгуульд ялалт байгуулахыг зорилт болгон ажилласны үр дүнд аймгийн МАН-ын хороог удирдан 2016-2017 онуудын бүх шатны сонгуульд ялалт байгуулсан.

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сард явагдсан анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс олонхи итгэл хүлээлгэж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдож, сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйп ажиллагааны мөрийн хөтөлбөр болгон батлуулж, хэрэгжүүлэх ажилд идэвхийлэн зүтгэж ирлээ.

Аймгийн Засаг даргын зав чөлөөгүй ажпыг хүлээн авснаас хойш малын гоц халдарт мялзан, цэцэг өвчинтэй, гамшгаас урьдчилан сэргийлэх, сэргээн босгох, ган, зудыг давах, өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл хангах, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, аймагт төсөв, хөрөнгө татах, иргэдэд төрийн үйлчипгээг байнга тасралтгүй хүргэх зэрэг орон нутгийн эрх ашгийг хөндсөн томоохон ажилтай нүүр тулж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч ажилласнаар үүссэн бэрхшээлтэй нөхцөл байдлыг хохирол, чирэгдэл багатай даван тууллаа.

Үүний үр дүнд Ховд аймагт эдийн засгийн өсөлт сайжирсан, төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн, барилга, замын бүтээн байгуулалтын ажил идэвхижсэн, ажлын байр нэмэгдсэн, иргэдийн амьдрал ахуй сайжирсан эерэг статистик үзүүлэлт гараад байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын сайд нартай байгуулсан 2017 онд хамтран ажиллах гэрээгээ хангапттай сайн үнэлж, дүгнүүлэн 2018 онд хамтран ажиллах гэрээг Төсвийн тухай хууль тогтоомжийн хүрээнд байгуулан, хэрэгжилтийг нь орон нутагтаа хариуцан ажиллаж байна.

Цаашид ч аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийж, хэрэгжүүлэх иргэд, олон нийтийн эрх ашигт нийцсэн олон төрлийн бүтээн байгуулапт, хөрөнгө оруулалтын ажил олон байна.

Тухайлбал, баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг ашиглалтанд оруулах, Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, Цементийн үйлдвэр барих, түүхий эд боловсруулах үйлдвэр барих, ардын соёл, урлагийн 18 давхар “Икэл” цогцолбор, хөлбөмбөгийн “Титэм” стадионы ажлыг эхлүүлэх, хууль сахиулах байгууллагуудын баруун бүсийн нэгдсэн удирдлагын төв, лабораторийг ашиглтанд оруулах зэрэг зөвхөн Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн аймгуудын эрх ашигт нийцсэн томоохон ажпууд хүлээгдэж байна.

Засаг дарга нь орон нутаг дахь засаг төрийн төлөөлөгчийнхөө хувьд иргэддээ үйлчлэх төрийн ажил хэргийг эрхлэн явуулахын хажуугаар хийж хэрэгжүүлсэн ажлыг харлуулах, хийж хэрэгжүүлэх ажлыг боомилох, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах гэсэн хууль бус үйлдлүүдийн эсрэг сөрөн зогсох зайлшгүй шаардлагатай болдог.

Ховд аймгийн намын хорооны гишүүдийн олонхийн шийдвэртэй эвлэрч чадахгүй зарим хүмүүс намын гишүүд, дэмжигчдийг турхирч, дүрмийн бус үйл ажиллагаанд татан оролцуулах зэргээр намын эрх, ашгийн эсрэг үйл ажиллагааг явуулсаар ирсэн.

Тухайлбал, эдгээр хүмүүс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Монгол Ардын намын хорооны “IV хуралдаан” гэх хууль бус хурапдааныг зохион байгуулахдаа Ховд аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Г намайг оролцуулаагүй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дуудсан бичигтэй албан ажлаар Улаанбаатар хотод байх үеийг далимдуулан, эзгүйчилж хязгаарлагдмал хүрээнд хийсэн.

Уг хууль бус хуралдаанд Улс төрийн намын тухай хууль, намын дүрмийн тодорхой заалтуудыг илэрхий зөрчсөн болох нь олон баримтаар батлагдан, Монгол Ардын Намын хяналтын ерөнхий хорооны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болсон.

Ийм байхад Ховд аймгийн Монгол Ардын Намын хорооны IV хуралдаанаас аймгийн Засаг даргад улс төрийн хариуцлага хүлээлгэж, огцруулах чиглэл өгсөн гэж нэр бүхий 10 төлөөлөгч гарын үсэг зурсан албан бичгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар хуралдаан нээсны дараа хурлын төлөөлөгч М.Ганзориг уншсан.

Хуралдаан нь хууль бус болох нь тогтоогдож, хүчингүйд тооцогдсоор байхад уг хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр аймгийн Засаг даргыг огцруулах саналыг хуралдаан дээр гэнэтхэн гаргах нь ямар ч үндэслэлгүй зүйп юм.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зарлах, хэлэлцэх асуудлыг батлах, хэлэлцэх асуудалтай холбогдох материап, шийдвэрийн төслийг төлөөлөгчдөд тараах, санал хураалт явуулах, олонхийн саналаар хурлаас тогтоол гаргах зэрэг нь улс төрийн бус хуулиар зохицуулагдсан харилцаа юм.

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дүгээр тоггоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд хуралдуулж, 5 асуудал хэлэлцэхээр товлосон байсан бөгөөд үүнд Ховд аймгийн Засаг даргыг огцруулах эсэх асуудал багтаагүй байсан.

Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр батлагдсан хэлэцэх асуудлын төлөвлөгөөнд багтаагүй асуудлыг гэнэтхэн хурлаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг зөрчсөн.

Нэхэмжлэгч Д.Г намайг аймгийн Засаг даргаас огцруулах хурлын төлөөлөгч М.Ганзоригийн саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараагдаагүй.

Энэ тохиолдолд уг асуудлыг аймгийн Засаг даргыг огцруулах саналыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т маш тодорхой заасан байхад огцруулах санал гарын үсэг зурсан хурлын дарга Г.Пүрэвганди хүч түрэн уг асуудлыг хэлэлцүүлж, хуулийг үл тоомсорлосон.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 5 дугаар хуралдааныг даргапсан Г.Пүрэвганди нь аймгийн Засаг даргыг огцруулах ямар үндэслэл байгаа талаар хурлын төлөөлөгч, Засаг дарга нараас асуулт асууж, хариулт авах, санал гаргах боломж олгоогүй.

Угтаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмын дагуу аймгийн Засаг даргыг огцруулах үндэслэл, ямар нотлох баримт, шийдвэрийн төслийг нэхэмжлэгч Д.Г-т танилцуулж, тайлбар гаргах эрхээр хангах үүрэгтэй.

Гэвч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан Засаг даргыг эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах үндэслэлийн талаар яригдсан зүйлгүй.

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди нь нэхэмжлэгч Д.Г-ийг аймгийн Засаг даргаас огцруулсан тогтоолыг албажуулж гаргахдаа “чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх өгүүлбэрийг тогтоолын 2 дахь заалтад нэмж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг зөрчсөн.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 5 дугаар хуралдаанд хүрэлцэн ирсэн 39 төлөөлөгч аймгийн Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэх нууц санал хураалтад оролцсноос хүчинтэй саналын хуудас 37, хүчингүй саналын хуудас 2 гарсан. Хүчинтэй саналын хуудсаас 19 төлөөлөгч аймгийн Засаг даргыг огцруулах, 18 төлөөлөгч аймгийн Засаг даргыг огцруулахгүй санал өгсөн.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Д.Г намайг аймгийн Засаг даргаас огцруулах санал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанд оролцсон 39 төлөөлөгчийн олонхи /20 төлөөлөгч/-ийн дэмжлэг аваагүй.

Өөрөөр хэлбэл санал хураалтад оролцсон 39 төлөөлөгчөөс аймгийн Засаг даргыг огцруулахыг дэмжсэн 19 төлөөлөгчийн санал нь 48,71 хувь болох тул олонхийн /50+1/ санал авсанд тооцогдохгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална" гэжээ.

Хуулийн дээрх заалтад “хуралдаанд оролцсон төлөөлөгчийн олонхийн санал" гэснээс бус “хүчинтэй саналын олонхиор" гэж заагаагүй байна. Өөрөөр хэлбэл хурлын тогтоол хүчинтэй саналын хуудсаас бус санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонхиор батлагдах учиртай болохыг хуульд маш тодорхой заасан байна.

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчид аймгийн Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэхэд уг санал хураалтанд оролцсон төлөөлөгчдөөс олонхийн дэмжлэг аваагүй байдаг. Нэгэнт нууц санал хураалтаар олонхи дэмжээгүй асуудалд дахин ил санал хураалт явуулахгүй.

Хуулийн заалт, нууц санал хураалтын дүн маш тодорхой байхад Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 5/08 дугаар тогтоолыг хүчингүй болгоогүй анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

Нэхэмжлэгч Д.Г-ийг аймгийн Засаг даргаас огцруулах саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд хуралдсан хуралдаанд оролцсон 41 төлөөлөгчөөс 23 буюу 56,1 хувийн саналаар аймгийн Засаг дарга Д.Г надад итгэл хүлээлгэж, 3/05 дугаар тогтоол гарсан нь хуулийн хүчин төгөлдөр байна.

Ийм байхад хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэхэмжлэгч Д.Г намайг Засаг даргаас огцруулах асуудлыг 1 жилийн хугацаанд 2 удаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасантай нийцдэгтүй.

Дээрх байдпаар Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 5/08 дугаар тогтоол хуульд нийцээгүй болох нь олон баримт, үндэслэлээр батлагдсаар байхад нэхэмжлэгч намайг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй.

Ховд аймгийн Жаргапант сумын төв талбайд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан “Говийн чоно-2018" олон улсын гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний нээлтийн үеэр Шүүхийн тамгын газрын ажилтан хэргийн материал танилцуулсан баримт гэсэн 1 хуудас цаасан дээр надаар гарын үсэг зуруулаад явсан.

Ийм байдлаар шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэтэрхий нэг талыг баримталсан гэж үзэж байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Г миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 5/08 дугаар “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг хүчингүй болгоно уу ...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5 дугаар хуралдааны 5/08 дугаар тоггоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Д.Г-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдлын үндэслэлүүдийг нотлох баримтад тулгуурлан дараах байдлаар тайлбарлая. Үүнд:

Нэг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” асуудлыг шийдвэрлэдэг.

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд хуралдуулж, 5 асуудал хэлэлцэхээр товлосон байсан бөгөөд үүнд Ховд аймгийн Засаг даргыг огцруулах эсэх асуудал багтаагүй байдаг. Тодруулбал:

1 дүгээрт Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай,

2 дугаарт Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн цаашдын зорилт,

3 дугаарт Аймгийн 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2018 оны төсвийн төсөөллийн тухай,

4 дүгээрт Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын төсвийн төсөлд өгөх санал,

5 дугаарт Аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцүүлэхээр баталсан.

Хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр батлагдсан хэлэцэх асуудлын төлөвлөгөөнд багтаагүй аймгийн Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хурлаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг зөрчсөн байгааг анхан шатны шүүх анхаарч, шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэлт хийсэнгүй.

Хоёр. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй", 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэжээ. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хурлын төлөөлөгч хуралдаанд санал оруулах эрхтэй ч аливаа санап нь судалгаа, тооцоо, баримттай, гарах шийдвэрийн төсөл боловсруулагдаж, хуралдаан болохоос 1 хоногийн өмнө төлөөлөгчдөд тараагдсан байхыг шаарддаг.

Ингэснээр хурлын төлөөлөгчид хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаарх судалгаа, тооцоо, баримттай танилцаж бодитой, хуульд нийцсэн шийдвэр гаргах нөхцөл бүрдцэг.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ганзоригийн аймгийн Засаг даргыг огцруулах тухай санал нь холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийн хамт хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараагдаагүй.

Энэ нь өмгөөлөгч Ж.Энхжаргалын хүсэлтээр анхан шатны шүүхээс гэрчээр байцаагдсан хурлын төлөөлөгч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, Н.Батцагаан, Т.Баатарзориг, Д.Нямлхагва, Х.Харахат, Ш.Арстан, Ц.Нарангэрэл, П.Мөнхбат, Б.Амаржаргал, Л.Бадамхорлоо, Н.Чинбат, Б.Болорцэцэг нарын “Ховд аймгийн Засаг даргыг огцруулах саналд холбогдох тооцоо судалгаа, лавлагаа гаргах, шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийг өмнө тараагаагүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч надад танилцуулаагүй” гэсэн мэдүүлгээр давхар батлагддаг.

Ийм байхад анхан шатны шүүх зөвхөн Ховд аймгийн Засаг даргыг огцруулах саналыг 5 дугаар хуралдаан нээсний дараа гаргасан төлөөлөгч М.Ганзориг, Н.Чинбат нарын мэдүүлэгт тулгуурлаж, хуралдаан болохоос 1 хоногийн өмнө материал тараагдаагүй асуудлыг хэлэлцэж, тоггоол гаргасныг зөвтгөж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн.

Хурлын төлөөлөгч хурапдаан болохоос өмнө санал гаргах, саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, нотлох баримт гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах асуудал хоорондоо ялгаатай юм.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди нь өөрийн гарын үсэг зурсан аймгийн Засаг дарга Д.Г-ийг огцруулах төлөөлөгч М.Ганзоригийн саналыг хүчээр түрж, хуралдаанаар хэлэлцсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчсөн байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Гурав. Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаас нэхэмжлэгч Д.Г-ийг аймгийн Засаг даргаас огцруулсан тогтоол нь утга агуулгын илэрхий алдаатай, эрх зүйн алдаатай шийдвэр байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Учир нь аймгийн Засаг даргыг огцруулах эрх хэмжээ зөвхөн Ерөнхий сайдад хадгалагддаг байхад Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/08 дугаар тогтоолын 1 дэх заалтаар нэхэмжлэгч Д.Г-ийг аймгийн Засаг даргаас хууль бусаар огцруулсан.

Ингэсэн атлаа тогтоолын 2 дахь заалтаар аймгийн Засаг дарга Д.Г-ийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болохоос өмнө огцруулах саналыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлэхээр шийдвэрлэсэн зэргээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Тогтоолын 1 дэх заалтаар аймгийн Засаг даргыг огцруулсан атлаа 2 дахь заалтаар огцруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн нь утга агуулгын хувьд зөрчилтэй байдаг.

Дөрөв. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах үндэслэлийн талаар яригдсан зүйлгүй.

Ийм байхад Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди нь аймгийн Засаг даргыг огцруулах ямар үндэслэл байгаа талаар хурлын төлөөлөгч, Засаг дарга нараас асуулт асууж, хариулт авах, санал хэлэх боломж олгохгүйгээр шуудхан л санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн нь хуралдааны бичлэг, хурлын тэмдэглэл зэргээр нотлогддог.

Угтаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурап нь аймгийн Засаг даргыг огцруулах үндэслэл, ямар нотлох баримт, шийдвэрийн төслийг хурлын төлөөлөгч нараас гадна нэхэмжлэгч Д.Г-т танилцуулж, тайлбар гаргах, нотлох баримт танилцуулах боломжоор хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчмыг зөрчсөн.

Тав. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар хурлын дарга нь “тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах” үүрэгтэй.

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди нь нэхэмжлэгч Д.Г-ийг аймгийн Засаг даргаас огцруулсан тогтоолыг албажуулж гаргахдаа “чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй" гэх өгүүлбэрийг тогтоолын 2 дахь заалтад нэмж, өөрчлөлт оруулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.

Энэхүү зөрчил нь Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5 дугаар хуралдааны бичлэгээр нотлогдож байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Зургаа. Нэхэмжлэгч Д.Г нь аймгийн Засаг даргын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдэг асуудал ямар ч баримтаар нотлогдоогүй, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2017 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хуралдаанаар үнэлж, дүгнээгүй байдаг.

Ийм байхад хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нзгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж нэхэмжлэгч Д.Г-ийг аймгийн Засаг даргаас огцруулж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Нэхэмжлэгч Д.Г нь Засгийн газар, яамдын сайд нартай 2017 онд байгуулсан хамтран ажиллах гэрээгээ үнэлж, дүгнүүлсний үндсэн дээр 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баруун бүсийн зөвлөлийн даргаар томилогдсон нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай сайн хэрэгжүүлсний нотолгоо юм.

Ховд аймгийн Засаг дарга Д.Г нь 2017 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2017 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг номоор хэвлэж, иргэд олон нийтэд сурталчилсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, өмгөөлөгч Д.Хуягбаатар нар нь нэхэмжлэгч Д.Г-ийг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдгийг нотлоогүй, энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний анхан шатны шүүх хуралдаанд асуусан асуултанд хариулт өгөөгүй.

Долоо. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Г нь хуулийн дээрх заалтын Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон 41 төлөөлөгчийн олонхийн дэмжлэг авч, улмаар Ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон байдаг.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанд 39 төлөөлөгч хүрэлцэн ирснээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар хуралдаан хүчинтэйд тооцогдсон.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ...олонхийн саналаар тус тус батална" гэжээ.

Хуулийн дээрх заалтад “хуралдаанд оролцсон төлөөлөгчийн олонхийн санал" гэснээс бус “хүчинтэй саналын хуудасны олонхи” гэж заагаагүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хуралдаааны тооллогын комиссын 01 дүгээр тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчиж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.

Тодруулбал хуралдаанд хүрэлцэн ирсэн 39 төлөөлөгч аймгийн Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэх нууц санал хураалтад оролцсноос хүчинтэй саналын хуудас 37, хүчингүй саналын хуудас 2 гарсан. Хүчинтэй саналын хуудсаас 19 төлөөлөгч аймгийн Засаг даргыг огцруулах, 18 төлөөлөгч аймгийн Засаг даргыг огцруулахгүй санал өгсөн.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Д.Г-ийг аймгийн Засаг даргаас огцруулах санал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанд оролцсон 39 төлөөлөгчийн олонхи /20 төлөөлөгч/-ийн дэмжлэг аваагүй байна.

Өөрөөр хэлбэл санал хураалтад оролцсон 39 төлөөлөгчөөс аймгийн Засаг даргыг огцруулахыг дэмжсэн 19 төлөөлөгчийн санал нь 48,71 хувь болох тул олонхийн /50+1/ санал авсанд тооцогдохгүй.

Шүүхээс гэрчээр байцаасан хурлын төлөөлөгч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, Н.Батцагаан, Т.Баатарзориг, Д.Нямлхагва, Х.Харахат, Ш.Арстан, Ц.Нарангэрэл, П.Мөнхбат, Б.Амаржаргал, Л.Бадамхорлоо, Б.Болорцэцэг нар ...аймгийн Засаг даргыг огцруулах санал нь хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн дэмжлэг аваагүй ...гэж мэдүүлсэн байдаг.

Хурлын тогтоол хүчинтэй саналын хуудасны олонхиор бус санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батлагдах учиртай болохыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д маш тодорхой заасан байна.

Ийм байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хуулийн дээрх заалтыг илтэд буруу тайлбарлан хэрэглэж, тооллогын комиссын тогтоолд нэхэмжлэгч шаардлага гаргаагүй гэж хэрэгт хамааралгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчид аймгийн Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэхэд уг асуудал санал хураалтанд оролцсон төлөөлөгчдөөс олонхийн дэмжлэг аваагүй байдаг.

Нэгэнт нууц санал хураалтаар олонхи дэмжээгүй асуудлыг дахин ил санал хураалтаар шийдвэрлүүлж тогтоол гаргах нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ардчилсан ёс, хууль дээдлэх зарчимд харшилсан.

Найм. Нэхэмжлэгч Д.Г-ийг аймгийн Засаг даргаас огцруулах саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд хуралдсан хуралдаанд оролцсон 41 төлөөлөгчөөс 23 буюу 56,1 хувийн саналаар аймгийн Засаг дарга Д.Г-т итгэл хүлээлгэж, 3/05 дугаар тогтоол гарсан нь хүчин төгөлдөр байна.

Ийм байхад хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэхэмжлэгч Д.Г-ийг Засаг даргаас огцруулах асуудлыг 1 жилийн хугацаанд 2 удаа хэлэлцэж байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасантай нийцэхгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Ес. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ганзоригийн бланк дээр гаргасан нэр бүхий 10 төлөөлөгчийн аймгийн Засаг дарга Д.Г-ийг огцруулах санал гаргах үндэслэл болсон гэх аймгийн Монгол Ардын Намын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн IV хуралдааныг тус намын Хяналтын ерөнхий хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байдаг.

Тодруулбал Монгол Ардын Намын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн IV хуралдаанаар аймгийн Засаг даргад улс төрийн хариуцлага тооцож, огцруулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлэгт даалгасан гэх улс төрийн шийдвэр гаргах ажиллагааг нь тус намын дээд шатны хяналтын байгууллага хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосон байдаг.

Иймдээ ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ХЭГ/2081 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Д.Г-ийг аймгийн Засаг даргаас огцруулах эсэх талаар Засгийн газраас шийдвэр гаргахгүйгээр буцааж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баруун бүсийн зөвлөлийн даргаар томилон ажиллуулсан байдаг.

Нэхэмжлэгч Д.Г нь Ховд аймаг дахь Засаг төрийн төлөөлөгчийнхөө тухайд хуулиар олгогдсон бүрэн эрхээ зохих журмын дагуу хэрэгжүүлж, 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтоо биелүүлэн ажиллаж байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 5/08 дугаар "Аймгийн Засаг даргыг огцруулах тухай" тогтоолыг хүчингүй болгоно уу ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Г “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 121 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаар 5 асуудал хэлэлцэхээр тогтсон ...уг хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй аймгийн Засаг даргыг огцруулах тухай төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан саналыг хэлэлцсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.1 дэх заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 24.3-т “энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн байхад ...уг саналыг хуралдаанаар хэлэлцсэн нь хууль зөрчсөн ...хуралд оролцсон нийт 39 төлөөлөгчөөс аймгийн Засаг даргыг огцруулах саналыг дэмжсэн 19 төлөөлөгчийн санал нь 48.71 хувь болж байх тул 50+1 хувийн санал авсанд тооцогдохгүй ...саналын хувь нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй” гэх үндэслэлээр Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагчаас “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь хуралд асуудал хэлэлцүүлэх, санаачлах онцгой бүрэн эрхтэй ба уг эрхийнхээ хүрээнд тухайн иргэдийн Төлөөлөгчдийн 5 дугаар хуралдаан дээр төлөөлөгч М.Ганзориг аймгийн Засаг даргыг огцруулах саналыг оруулж, төлөөлөгчдийн олонх нь дэмжиж 5 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон хуралдааны байнгын дэгийн дагуу төлөөлөгчдийн бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэгдэж гарсан Засаг даргыг огцруулах тухай тогтоол нь төлөөлөгчдийн олонхын саналаар батлагдсан, хуульд бүрэн нийцсэн. Монгол Улсын Ерөнхий сайдаас Засаг даргыг өнөөдрийг хүртэл үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй байгаа нь ...хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна ...8/08 дугаар тогтоол нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хөндөх үр дагаваргүй ...” гэх зэрэг тайлбар гаргаж, нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Хуралдаан зарлах тухай” 121 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд хуралдуулахаар товыг тогтоож, тус хуралдаанаар “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн дүн, цаашдын зорилтын тухай, аймгийн 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийн тухай, аймаг дахь Төрийн аудитийн газраас орон нутгийн 2018 оны төсвийн төсөлд болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх санал, аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай” гэсэн нийт 5 асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх тогтоолын дагуу Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутад аймгийн Нутгийн Удирдлагын ордоны хуралдааны Их танхимд хуралдаж эхэлсэн болох нь хэрэг авагдсан тус хуралдааны тэмдэглэл[1], гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.2-д “Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно”, 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж хуралд асуудал оруулах эрх, хурлаар асуудал хэлэлцүүлэх журмыг зааж хуульчилжээ.

Тодруулбал, хэдийгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь хуралдаанд асуудал хэлэлцүүлэхээр санаачилж оруулах эрхтэй хэдий ч тийнхүү хэлэлцүүлэхээр оруулж буй саналтай холбоотой тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараасан байхыг тэргүүлэгчдэд үүрэг болгосон, тус шаардлага хангагдаагүй бол тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх хуулийн зохицуулалт хуралдаанаар хэлэлцүүлэх бүх асуудалд хамаарахаар байна.

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Ганзориг нарын нэр бүхий 10 төлөөлөгчөөс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 5 дугаар хуралдаан эхлэх өдрийн өмнөх өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж 05 дугаар албан бичгээр “Ховд аймгийн Монгол Ардын Намын хорооны 4 дүгээр хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, МАН-ын хорооны дарга Д.Г-т хариуцлага тооцож 08 дугаар тогтоолоор намын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ...уг хуралдаанаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлэгт 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг дарга Д.Г-т улс төрийн хариуцлага тооцож огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр чиглэл өгсөн ...огцруулах саналыг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү” гэж аймгийн Засаг даргыг огцруулах тухай саналыг хүргүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “...төлөөлөгч М.Ганзориг нарын 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” 05 дугаар албан бичгийг ажлын албанд 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн ба ...ажлын албаны бичиг хэрэгт бүртгээгүй болно” гэх 2/69 дүгээр албан бичиг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаан эхэлж, хурлын дэг баталж, хэлэлцэх асуудал батлах үед хурлын төлөөлөгч М.Ганзоригоос “...аймгийн Засаг дарга Д.Г-ийг огцруулах тухай асуудлыг 5 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулах санал гаргасан талаар тэмдэглэгдсэн тус хуралдааны тэмдэглэл[2], гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаас үзвэл аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөөгүй, нэхэмжлэгч Д.Г-ийг аймгийн Засаг даргаас огцруулах санал, түүнд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийг хавсаргаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр эхэлсэн 5 дугаар хуралдаан болохоос нэг хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараагаагүй болох нь тогтоогдож байна.

Ийнхүү Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаан нэхэмжлэгч Д.Г-ийг аймгийн Засаг даргаас огцруулах тухай М.Ганзориг нарын төлөөлөгчдийн санал, тус саналтай холбоотой, тооцоо, судалгаа, лавлагаа зэрэг нь хуралдаан болохоос нэг хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараагдаагүй, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй байхад хуралдаанаар хэлэлцсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасантай нийцээгүй, огцруулах талаар санал хураахад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 51.4 хувийн буюу олонхийн санал авсан гэж үзсэн нь, түүнчлэн нэхэмжлэгч Д.Г-ийг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж огцруулж, мөн түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж хоёр өөр шийдвэрийг нэгэн зэрэг гаргасан нь тус тус хууль бус, тус хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул маргаан бүхий Б/08 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...“хуралдаанд оролцсон төлөөлөгчийн “олонхийн санал” гэснээс бус “хүчинтэй саналын хуудасны олонхи” гэж заагаагүй байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй, тооллогын комиссын 01 дүгээр тогтоолыг ...хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй ...хуралдаанд оролцсон 39 төлөөлөгчийн олонхи /20 төлөөлөгч/-ийн дэмжлэг аваагүй ...хүчинтэй саналын хуудасны олонхиор бус санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батлагдах учиртай болохыг хуульд заасан ...” гэх гомдол, тайлбар үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “...хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 51.4 хувийн саналаар аймгийн Засаг дарга Д.Г-ийг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж ...” гэх маргаан бүхий 5/08 дугаар тогтоол, мөн тус хуралдааны Тооллогын комиссын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “...санал хураалтад 41 төлөөлөгч оролцохоос 39 төлөөлөгч оролцож 39 /засвартай/ төлөөлөгч санал өгснөөс хүчинтэй 37, хүчингүй 2 саналын хуудас гарсныг баталгаажуулсугай, ...хүчинтэй 37 хуудас тоологдсоноос 19 нь буюу 51.4 хувь нь огцруулна, 18 буюу 48.6 хувь огцруулахгүй ...хамгийн олон 19 буюу 51.4 хувийн санал авсан Д.Г-ийг огцруулахаар тооцож ...” гэж саналын хувийг тооцсон “Тооллогын дүнгийн тухай” 01 дүгээр тогтоол зэрэг нотлох баримтуудаас үзвэл тус хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн саналыг тооцохдоо хүчинтэй саналын хуудаснаас тооцсон болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ...олонхийн саналаар ...батална” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргахдаа тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн хүчинтэй саналын хуудаснаас тооцохоор заагаагүй, харин төлөөлөгчдийн олонхийн саналыг баталгаажуулж тогтоол гаргахаар заажээ.

Гэтэл Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдааны Тооллогын комисс нь аймгийн Засаг даргыг огцруулах талаар санал хураалт явуулж саналын дүнг гаргахдаа хүчинтэй саналын хуудаснаас тооцсон байхад тус тогтоолыг баталгаажуулж, нэхэмжлэгчийг огцруулах талаар шийдвэр гаргасан нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Г-ийг аймгийн Засаг даргаас огцруулах асуудлыг 2017 оны 12 дугаар сарын 06-нд хуралдаж шийдвэрлэсэн байхад Тооллогын комиссын тогтоол 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөр огноологдон гарсан, тус тогтоолыг үндэслэн маргаан бүхий тогтоол гарсан нь, мөн Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга ...чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг ...хүргүүлнэ”, 32.8-д “...Засаг даргыг огцруулах саналыг ...” гэж тус тус заасны дагуу Хурал нь Засаг даргыг огцруулах талаар санал хүргүүлэх эрх хэмжээг хэрэгжүүлэхээр байтал маргаан бүхий 5/08 дугаар тогтоолын 1 дэх заалтаар нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргаас огцруулж, 2 дахь заалтаар огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж хоёр өөр шийдвэрийг нэгэн зэрэг гаргасан нь тус тус хууль бус болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно:” 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заажээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд болохын хувьд аймгийн Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэх, огцруулах талаар гарсан саналыг баталгаажуулж эрх бүхий этгээдэд уламжлах хуулиар тогтоосон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Засаг дарга чиг үүргээ хангалттай хэрэгжүүлсэн эсэх талаар хуралдаанаар хэлэлцүүлэх тохиолдолд энэ талаарх санал, түүнтэй холбоотой судалгаа тооцоо, шийдвэрийн төслийг хуралдаан болохоос нэг хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах хуулийн зохицуулалтыг мөрдөхөөс гадна Засаг дарга ямар чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн эсэх талаар хуралдаанаар хэлэлцүүлж, Засаг даргад тайлбар гаргах боломжийг олгож, улмаар бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй нь тогтоогдсон гэж үзэх тохиолдолд огцруулах талаар санал хураах мөн тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн дэмжсэн саналыг баталгаажуулах, эрх бүхий этгээдэд уламжлах зэрэг үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн тохиолдолд тухайн шийдвэрийг “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан шийдвэр” гэж үзэхээр байна. 

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-06-ны өдөр хуралдсан 5 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг тус хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 121 дүгээр тогтоолоор батлахдаа “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн дүн, цаашдын зорилтын тухай” асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоосон болохоос бус “аймгийн Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул огцруулах эсэх талаар хэлэлцэнэ гэж, мөн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хангалтгүй бол огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж төлөвлөөгүй, харин нэр бүхий төлөөлөгч нарын хуралдааны өмнөх өдрөөр огноолсон аймгийн намын хорооны хуралдаанаас засаг даргад улс төрийн хариуцлага тооцож огцруулах чиглэл өгсөн гэх агуулга бүхий саналыг хүлээн авч хуралдаанаар хэлэлцсэн, хэргийн оролцогчид үүнтэй маргаагүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална”, 8.2-т “Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэж заасны дагуу тухайн нутаг дэвсгэрийнхээ өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэгч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэхдээ ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө тэгш байдал үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа баримталж аливаа асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх удирдлагын үндсэн зарчмыг баримтлах үүрэгтэй болохоос бус намын эрх ашгийг дээдэлж, түүний чиглэл заавраар үйл ажиллагаагаа явуулах хууль зүйн үүрэгтэй байхаар хуульчлаагүй байх тул хариуцагчийн “...Засаг даргын ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх эрх нь төлөөлөгчийн бүрэн эрх юм. Үнэлэлт дүгнэлт өгөх эрхийнхээ хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгчөөс өмнө нь тараагдсан тайлан, мөрийн хөтөлбөрийн тайланг үзэж, үнэлэлт дүгнэлтээ өгч огцруулах саналыг гаргаж байгаа нь хууль зөрчөөгүй ...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах хууль зүйн боломжгүй.

Нэхэмжлэгч анхнаасаа “хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй байхад Засаг даргыг огцруулах талаар хэлэлцсэн нь, мөн хуралдаанд оролцсон төлөөлөгч нарын олонхийн саналаар тогтоол гаргаж баталгаажуулаагүй нь хууль бус” гэх үндэслэлээр маргасан байхад анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасантай холбогдуулан нэхэмжлэгчийн маргасан үндэслэлд дүгнэлт хийгээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, “...хурлын төлөөлөгч асуудал хэлэлцүүлэхээр санал гаргах эрхтэй, тооллогын комиссын тогтоолд үндэслэсэн ...” гэх агуулгаар маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн буруу байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн итгэмжлэл хуулийн шаардлага хангасан, гэрч асуулгах, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Саналыг дэмжиж батлах тухай” 3/05 дугаар тогтоолыг нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргах нь хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвгандиас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Б.С-д олгосон итгэмжлэлд хариуцагчийн эрхийг олгоогүй, шүүх хуулийн шаардлага хангуулж итгэмжлэлийг аваагүй, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэрч асуулгахаар хүсэлт гаргахад хүсэлтийг хангасан эсэх талаар шүүгчийн захирамж гараагүй, Н.Батцагаан, Т.Баатарзориг, Ц.Нарангэрэл нараас бусад гэрчийг асуусан, хүсэлтийг хэсэгчлэн хангасан байсан бол шүүгчийн захирамжийг гардаж аваад гомдол гаргах эрх нь байсан, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Саналыг дэмжиж батлах тухай” 3/05 дугаар тогтоолыг болон уг тогтоолтой холбоотой нотлох баримтыг шаардлага хангуулж аваагүй” гэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдол тайлбарыг хүлээн авах үндэслэлгүйг тэмдэглэв.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анханы шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/08 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-оос нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулан Д.Г-т олгож, Д.Г-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 79-124 дүгээр тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр тал