Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1209

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

          улсын яллагч И.Ариунсанаа,

          шүүгдэгч Б.Б, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Т.Барсүрэн ҮД:01-47 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1806 0608 11415 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1. Монгол улсын иргэн, Б.Б

          2. Монгол улсын иргэн, Б.Б

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Б.Б, Д.Б нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Нармандахын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б,мэдүүлэхдээ: Би иргэн Д.Нармандахын “ХААН” банкны дансан дахь мөнгөнөөс 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 200.000, 100.000 төгрөг, нийт 300.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 220.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 200.000 төгрөг нийт 720.000 төгрөгийг авч ойр зуурын хэрэглээндээ хэрэглэсэн. Хохирлоосоо эхлээд 100.000 төгрөгийг бэлнээр, дараа нь манай ээж 300.000 төгрөгөөр 2 удаа төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бмэдүүлэхдээ: Манай эхнэр Батчимэг Нармандахын карт нь газар уначихсан байхаар нь санамсаргүй авчихсан байсан. Өөр хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Нармандахын: …Би 2018 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрийн үеэр өдөр “ХААН” банкнаас группийн мөнгөө 7 сарын хугацаатай зээлээр авч нийт 1.600.000 төгрөгийн зээл авсан. Авсан мөнгөнийхөө 1.300.000 төгрөгийг дансандаа хийлгүүлж, 300.000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд тэр өдрөө дэлгүүр ороод ойр зуурын хэрэглээний зүйлсээ аваад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” дэлгүүрийн хажууд байх нийтийн байрны 03 тоот өрөөнд очоод байрныхаа хүмүүстэй хамт 0,75 литрийн “Хараа” архи нэг шилийг уусан. Тэгээд тэр өдрөөс хойш 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл архи уусан. Тэгээд 07 дугаар сарын 13-ны өглөө дэлгүүрээс ундаа авах гээд халаасаа үзэхэд миний виза карт, бичиг баримтууд бүгд алга болсон байсан. Тэгээд миний бие өвдөөд хэд хоног хэвтрийн байдалтай байсан. Тэгээд өнөөдөр цагдаад хандаж байна. Яг хэзээ алдсанаа сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр картаа байхгүй байгааг мэдсэн. Би “ХААН” банкин дээр очоод банкны АТМ-ээс мөнгө авсан гэх хүний зургийг харахад Баавгайгийн охин Улаанаа, нөхрийнхөө хамт авсан байсан…

... Би Б хэлж байсан. Учир нь Хулан тоо мэдэхгүй, дэлгүүрээр карттай үйлчлүүлж мэдэхгүй байсан учир хааяадаа Батчимэгээр дэлгүүр явуулж юм авахуулдаг байсан. Миний картнаас 720.000 төгрөг алдагдсан ба Батчимэг нөхөртэйгээ 100.000 төгрөг буцааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 38-39 дүгээр тал/,

  • “ХААН” банкны дансны хуулга /хх-ийн 4 дүгээр тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б: ...Тэгээд гарч нөхөртөө би Д.Нармандахын картыг газарт байхаар нь авчихлаа, кодыг нь мэднэ гэхэд шалгаж үзээд мөнгө байвал авъя гээд бид хоёр 16-ын автобусны буудлын арын АТМ орж 300.000 төгрөг, дараа нь 12-ны өдөр 220.000 төгрөг, 13-ны өдөр 200.000 төгрөг тухайн картнаас авсан. Энэ авсан мөнгөнүүдээ нөхөр бид хоёр хамт явж авч байсан ба сүүлчийн гүйлгээний дараа би картыг нь Офицеруудын ордны автобусны буудлын ТҮЦ доогуур хаясан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б: …Манай эхнэр надад хэлсэн боловч би тухайн үед мөнгөний шаардлагатай байсан болохоор болиулах арга хэмжээ авалгүй картыг нь шалгаж дотроос нь мөнгө авсан. Наадмын өдрүүдээр гэр бүлээрээ наадмын гадуур явах хэрэгцээндээ 720.000 төгрөг зарцуулсан. Би картыг Офицеруудын ордны автобусны буудлын ТҮЦ-үүдийн ойролцоо хаячихсан…гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/,

          - Шүүгдэгч Б.Биргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33, 36 дугаар тал/,

          - Шүүгдэгч Д.Б иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34, 35, 37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Хэрэгт цугларсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, “ХААН” банкны дансны хуулга зэргээс дүгнэхэд Б.Б, Д.Б нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд иргэн Нармандахын “ХААН” банкны данс дахь мөнгөнөөс 720.000 төгрөгийг нууцаар авсан үйл баримт болсон байна.

          Шүүгдэгч Б.Б, Д.Б нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Нармандахын “ХААН” банкны данс дахь мөнгөнөөс 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 200.000, 100.000 төгрөг, нийт 300.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 220.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 200.000 төгрөг нийт 720.000 төгрөгийг нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон шүүгдэгч нарын мэдүүлэг, “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

          Баянзүрх дүүргийн Прокуророос Б.Б, Д.Б нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

          Шүүгдэгч Б.Б, Д.Б нар бүлэглэн бусдын өмчлөх эрхэнд халдаж, хохирогчид бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

          Иймд Прокуророос шүүгдэгч Б.Б, Д.Б нарын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

          Шүүгдэгч Б.Б, Д.Б нар хохирлыг төлж барагдуулсан гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт төлсөн талаарх бичгийн нотлох баримт авагдаагүй байна.

          Хохирогч Д.Нармандах нь хохирлын 100.000 төгрөгийг шүүгдэгч нараас буцааж авсан байна. /хх-ийн 38-39 дүгээр тал/ Иймд үлдэх хохирлыг Б.Б, Д.Б нараас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: …энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Б, Д.Б нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

          Шүүхээс шүүгдэгч Б.Б, Д.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.  

          Шүүгдэгч Б.Б, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

          1. Б.Б, Д.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Д.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Б.Б 1 /нэг/ жилийн хугацаагаар, Д.Б 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус  тэнссүгэй.

          3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Д.Б нарын тэнссэн хугацаанд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Б, Д.Б нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б /РД:ЖЯ95103004/ 310.000 /гурван зуун арван мянган/ төгрөгийг, Д.Б /РД:СО92082636/ 310.000 /гурван зуун арван мянган/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Дарьсүрэнгийн Нармандахад /РД:ЧС62122110/ олгосугай.

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б, Д.Б нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ