| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2310043520071 |
| Дугаар | 2025/ДШМ/1346 |
| Огноо | 2025-11-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/1346
2025 11 28 2025/ДШМ/1346
Б.З-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ууганцэцэг,
шүүгдэгч Б.З-ын өмгөөлөгч Д.Майдри,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/2201 дүгээр шүүгдэгч Б.З-, түүний өмгөөлөгч Д.Майдри нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.З-д холбогдох 2310043520071 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овгийн Б-ийн З-, ........, /РД:Б-/;
Шүүгдэгч Б.З- нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Б- байрны 12 тоотод оршин суух иргэн М.М-аас зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн М- тоот дансаар 30.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.З-ыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар биелүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.З- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.З-ас 20.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.М-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.З-, түүний өмгөөлөгч Д.Майдри нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.З-ас 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш иргэний нэхэмжлэгч М.М- руу 289.175.000 төгрөгийг шилжүүлсэн. Харин М.М-аас мөн хугацаанд 236.995.008 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Б.З- нь иргэний нэхэмжлэгчээс 50.869.992 төгрөгийн авлагатай бөгөөд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 197/Ш32025/55159 дугаар захирамжаар иргэний хэрэг үүссэн байх ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйл “Шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх “хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэж заасныг удирдлага болгон иргэний нэхэмжлэлтэй холбогдох асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. Шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт шүүгдэгчид 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж 500 цагийн нийтэд тустай ажил хийх ялын хэмжээг багасгаж өгнө үү. 500 цагийн нийтэд тустай ажил гэдэг бол эдийн засгийн утгаар нь тооцож үзвэл 792.000 төгрөгөөр тооцоход 7 хоногийн 40 цаг, сарын 200 цаг гэж тооцоход нэг цагийн хөлс 3.960 төгрөг болно. Нийт 500 цагийн ажлын хөлс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцоход 1.980.000 төгрөг байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг авч үзвэл өөрийн төрсөн эгчийг 2017 онд нас барснаас хойш өөрийн эгчээс төрсөн 25 настай хүү Г-, 16 настай охин Э-, өөрийн төрсөн хүү 15 настай хүү Т-, 7 настай охин Б- нарын хамт амьдарч байна. 3 насанд хүрээгүй хүүхдийг асран хамгаалж, ажлаа хийж яваа өрх толгойлсон эх болно. Тэрээр Капитрон банканд ажиллаж байгаа бөгөөд 2.470.000 төгрөгийн цалинтай ажиллаж байх ба цалингийн 50% нь иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хураагддаг болно. Иймд өмгөөлөгчийн зүгээс 500 цагийн албадан ажил хийлгэх ялыг 1.980.000 төгрөгөөр торгох шийтгэл болгон өөрчлөх эрх хэмжээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд бий гэж үзэж уг саналыг өргөн барьж байгаа болно.” гэв.
Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос: Б.З-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс 30.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгч болон хохирогч хувийн харилцаатай буюу олон жилийн хугацаанд хүүтэй мөнгө зээлж, буцааж өгөх асуудал байсан нь болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Харин шүүгдэгч Б.З- нь М.М-аас 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр авсан мөнгөөр зээл хааж, зээл гаргах зорилгоор бус буюу өөр байдлаар захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Тиймээс анхан шатны шүүхээс Б.З-ын дээрх үйлдэлд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаас гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үздэг. Шүүгдэгч Б.З- нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, түүнчлэн торгох ялыг сонгон оногдуулах боломжтой боловч ам бүл 5, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг, цалингийн 50 хувийг шүүхийн шийдвэрийн дагуу хугацаа хэтрүүлсэн зээлийн төлбөрт суутгуулж, үлдсэн 50 хувийн цалингийн орлогоор амьдардаг, өөр ямар нэгэн орлого байхгүй зэрэг хувийн байдалтай холбоотой асуудлууд дурдагдсан учраас анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Харин иргэний нэхэмжлэл гаргаж байгаа гэж шүүхийн хэлэлцүүлгийн явцад яригдсан. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад дурдагдаагүй буюу иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан. Тиймээс хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтад анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй учраас хохирлыг дээрх байдлаар тогтоосон байгаа.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.З-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.З- нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр М.М-аас зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн М- тоот дансаар 30.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 22-23/,
хохирогч М.М-ын “Би Б.З- гэх хүнтэй 10 орчим жилийн өмнө танилцаж байсан юм. Тэгээд Б.З- нь нөхөр М.Б-ын хамт манай хашаанд 2013 оноос хойш хүүхдийнхээ хамт амьдарч байгаад 3 жилийн дараа байранд ороод нүүцгээсэн юм. Тэгээд би Б З-ыг таньж мэддэг болсон юм... Б.З- гэх хүн нь тухайн үед Голомт банканд зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан. Тэгээд миний төрсөн дүү М.О- объектоо М.У-д зарахаар болсон юм. Тухайн үед М.У- нь цалингийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд Б.З- нь М.У-ыг таньдаг бөгөөд бизнесийн зээлийг нь гаргаж өгнө гээд хэлчихсэн байсан юм. Б.З- нь таны дүүгийн объектыг авах гэж байгаа М.У- нь цалингийн зээлтэй юм байна, тэр зээлийг нь хаачихвал зээлийн эх нь үүсэх юм, та 30.000.000 төгрөг өгөөд зээлийг нь хаачихвал бизнесийн зээл нь гарах гээд байна гэж хэлэхээр нь би итгээд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрийнхөө хаан банкны У- дугаарын данснаас 15.000.000 төгрөгөөр 1 удаагийн гүйлгээ, өөрийнхөө төрийн банкны 10У- дугаарын данснаас 5.000.0000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 30.000.000 төгрөгийн Б.З-ын хаан банкны М- дугаарын данс руу шилжүүлсэн юм. М.У-ын зээл 2023 оны 07 дугаар сард бүтээд үү М.О- объектоо худалдан борлуулсан. М.У-, М.О- нарын хооронд төлбөрийн тооцоо үлдээгүй юм. Би Б.З-ас миний М.У-ын цалингийн зээлийг даруулахаар 30.000.000 төгрөгийг яасан талаар нь асуухад "би өөрөө хувьдаа ашиглачихсан юм, таныг хуурсан юм" гэж надад хэлсэн. Би Б.З-д "Нотариат орж, зээлийн гэрээ байгуулъя, надаас мөнгө авсан баримт гаргаж өг" гэж хэлээд 2023 оны 07 дугаар сард Б.З-тай 40.000.000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн юм. Б.З- нь 2023 оны 01 сард надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна та надад 10.000.000 төгрөг түр зээлээч, би удаахгүй өгнө гэж хэлэхээр нь би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өөрийнхөө төрийн банкны 10У- дугаарын данснаас Б.З-ын хаан банкны М- дугаарын данс руу 11.500.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Урьд нь Б.З- нь надаас мөнгө зээлээд хугацаандаа буцааж өгдөг байсан юм. Би Б.З-тай зээлийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцоод 40,000,000 төгрөгөөр байгуулсан юм. Үлдэгдэл 1,500,000 төгрөгийг авахгүй гэж тохирсон юм. Надад одоо 40.000.000 төгрөгийн хохирол учирсан байна. Өнөөдрийн байдлаар Б.З- нь надад учруулсан 40.000.000 төгрөгийн хохирлоос нэг ч төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байна. ...” /1хх 29-30/,
гэрч М.У-ын “Би ер нь бол М.М- гэдэг хүнийг зүс таньдаг тэрнээс ямар нэг харилцаа холбоо байхгүй. Харин З- гэдэг хүн нь Нисэх дэх Голомт банкны салбар дээр зээлийн эдийн засагчаар ажилладаг бөгөөд миний цалин Б.З-ын ажилладаг Голомт банкны салбараар ордог. Цалингийн зээл, зээл судлуулж үйлчилгээ авч байсан. Тэгээд мэддэг юм. Тэрнээс өөр ямар нэг харилцаа холбоо гээд байх зүйл байхгүй. Би М.О-аас 2021 оны 11 дүгээр сард хувь лизинг хийж Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо У- байрны 02 тоот байрыг 300.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд 2023 оны 03 дугаар сард худалдаж, худалдан авах гэрээгээ байгуулаад, зээлийн шийдвэр нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гарсан. 07 дугаар 07-ны өдөр зээлийн олголт гэж 205.000.000 төгрөг О-ын данс руу нь шилжсэн. Тиймээс одоо төлбөр мөнгөний асуудал байхгүй би байрыг өөрийнхөө нэр дээр авсан байгаа... Надад М- болон О-тай ямар нэг өр авлагын асуудал байхгүй. Харин З-ас бол авлагатай байгаа тэр талаараа З-тай өөртөө нь утсаар яриад явж байна. Харин М-аас ямар нэг байдлаар мөнгө, төгрөг өгч авч байсан асуудал огт байхгүй. Харин О-тай бол байрны асуудлыг бүрэн дууссан байгаа одоо ямар нэг асуудал байхгүй .. Б.З- бид хоёрын дунд ямар нэг гэрээ бол хийсэн зүйл байхгүй. Харин Б.З- нь өөрийнхөө гараар надаас авсан мөнгийг барагдуулж өгнө гэж гараараа бичиж өгсөн байдаг. Урд нь надаас мөнгө аваад буцаагаад өгч байсан тохиолдол бол байдаг юм. Бид хоёр зээл хэлбэрээр амаар тохироод өгч, авдаг юм. ”/1хх 32/,
шүүгдэгч Б.З-ын яллагдагчаар өгсөн: “Тухайн үед М.У- эгч 40,000,000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байсан, би урьд нь М.М-, О- эгч нараар зээл хаалгуулдаг байсан болохоор М.М- эгчид “30,000,000 төгрөгийн зээл хаамаар байна гэж хэлээд 30,000,000 төгрөгийг М.М- эгч болон Г- ах нарын данснаас өөрийнхөө хаан банкны дансаар хувааж авсан юм. Тэгээд М.М-аас авсан 30,000,000 төгрөгөөр өөр хүний зээлийг хаагаад, өөр хүний зээлийг судалсан, тэгээд зээл олгоё гэж шийдвэр гаргасан боловч захирал зөвшөөрөөгүй учраас тухайн зээл хаасан хүний зээл гарах боломжгүй болсон юм. Тэгээд хамгийн сүүлд судалсан зээлийн асуудлаас болж манай банкнаас миний ажлыг шалгаж эхэлсэн бөгөөд 2023 оны 06 сард ажлаас халах тушаал гарч, ажлаасаа халагдсан. Би М.М- эгчид М.У- эгчийн зээлийг бол хаана гэж хэлээд 30,000,000 төгрөгийг авсан. Гэхдээ М.У- эгчийн зээлийг бол хаагаагүй, хамгийн сүүлд судалсан хүнийхээ зээлийг хаасан. Тэгээд хамгийн сүүлд судалсан хүнд зээл олгох шийдвэр нь гарсан, зээл олголт хийгдэх үед захирал зөвшөөрөөгүй. Би М.М- эгчээс өөрийн 30,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны Г- дугаарын дансаар авсан...Би хамгийн сүүлд зээл судалсан хүнийхээ зээлийг хаахад 30,000,000 төгрөгийг бүгдийг нь ашигласан...Тэр хүний зээл нь 30,000,000 төгрөгөөс их байсан ч би 30,000,000 төгрөгийн зээлийг нь хаасан. Тэр хүн надад зээл хаасан 30,000,000 эргүүлж өгсөн зүйл байхгүй. Тэгээд тэр хүн өөр бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авъя гэхээр зээл гарахгүй байгаа юм.” /1хх 40-41, 2хх 130-132 гэсэн мэдүүлгүүд,
хохирогч М.М-ын эзэмшлийн Хаан банк дахь У-, М- тоот, Төрийн банк дахь 10У-, Г- тоот, Голомт банк дахь 1Г-, 11Г- тоот, 1Г- тоот дансны хуулга /1хх 56-59, 60-71, 81-113, 1хх 114-234, 2хх 40/
хохирогч М.М-ын эзэмшлийн Хаан банк болон Төрийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 78-79/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч Б.З-ын гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, “тухайн цаг хугацаанд болсон үйл явдал”, “гэм буруугийн хэлбэр”-ийн талаарх асуудлаар маргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарт тус тус үндэслэл бүхий няцаалт хийжээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.З- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.З-ын зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, М.М-аас Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн дансаар 30.000.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон шүүгдэгчээс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг, 05 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөгийг М.М-ын эзэмшлийн Хаан банкны данс руу шилжүүлснийг хасаж, үлдсэн 20.000.000 төгрөгийн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.З- болон түүний өмгөөлөгч Д.Майдри нарын хамтран гаргасан “шийтгэх тогтоол өөрчтлөлт оруулж, ял шийтгэлийг өөрчлөх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Б.З- болон түүний өмгөөлөгч Д.Майдри нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/2201 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.З- болон түүний өмгөөлөгч Д.Майдри нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА