Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 218/МА2019/00027

 

 

  

******* банк Дундговь салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч даргалж, шүүгч , нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2019/00403 дугаар шийдвэртэй,

******* банк Дундговь салбарын нэхэмжлэлтэй *******, ******* нарт хариуцагдах зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 48273577 төгрөгийн төлбөрийг зээлийн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч

Нарийн бичгийн дарга нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******, Б. ******* нар нь ******* банкны Дундговь аймаг дахь Сайнцагаан тооцооны төвөөс 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 221100149599 тоот тээлийн гэрээгээр 50,000,000 /Тавин сая/ төгрөгийн Хөрөнгө оруулалтын зээлийг 40 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэйгээр авсан. Хариуцагч Н. *******, Б. ******* нар нь Зээлийн гэрээний үүргээ зөрчин бидний ажилд хүндрэл учруулж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй 158 хоног хугацаа хэтрээд байна. Иймд хариуцагч ******* болон ******* нараас ******* банктай байгуулсан гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 42,169,490.93 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 6,029,676.91 төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 74,409.24 төгрөг, нийт 48,273,577.1 төгрөгийн төлбөрийг зээлийн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлөлт огт хийгдээгүй тул өөрчлөх зүйл байхгүй гэв.

 

Анхан шатны шүүх:

1.Иргэний хуулийн 451.1, 453.1-д зааснаар овогт *******ын ******* /*******/, Боржигон овогт *******ын ******* /*******/ нараас 48273577 төгрөг 1 мөнгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжпэгч ******* банкны Дундговь салбарт олгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 399318 /гурван зуун ерэн есөн мянга гурван зуун арван найм/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******, ******* нараас 399318 /гурван зуун ерэн есөн мянга гурван зуун арван найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банкны Дундговь салбарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах талаар дараах гомдлыг гаргаж байна.

******* банкны Дундговь салбар нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 48,273,577 төгрөг гаргуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0814001533 дугаартай хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зээлийн гэрээний үүрэгт 48,273,577 төгрөг гаргуулах шаардлагыг хэлэлцэн дүгнэж шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэлийн өөр нэг шаардлага болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн зүгээс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр бичгээр гаргасан нэхэмжлэлээ өөрчлөөгүй, нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаагүй, шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж оролцсон. Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт 48,273577 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэв гэсэн байдаг.

Энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг, маргааныг шийдвэрлэх, иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлага бүрийг хянан хэлэлцэж шийдвэрлэх зарчимтай нийцээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эсхүл зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргах заалтыг зөрчиж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан боловч үлдэх хэсэг болох барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангасан, хэрэгсэхгүй болгосон аль нь тодорхойгүйгээр шийдвэрлэсэн байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2019/00403 тоот шийдвэрт *******, ******* зээлдэгч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-0814001533 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулга бүхий заалтыг нэмж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдаанаар ******* банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй, *******ын *******, *******ын ******* нарт холбогдох зээлийн төлбөр 48273577 төгрөгийг барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл бүхий хэргийг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд гаргасан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2019/00403 тоот шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор үндэслэн хянав.

Хэргийг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Сум дундын шүүхийн дээрхи шийдвэр хэргийн нөхцөл байдал нэхэмжлэлийн шаардлагад бодитой дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчиж хохироосон гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдлууд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч давж заалдсан гомдолдоо анхан шатны шүүх хэрэг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардсан барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэлэлцэж шийдвэрлэлгүй орхигдуулсанд гомдолтой гэсэн нь үндэстэй байна. Шүүх нэхэмжлэгчийн шаардсаныг бус өөр үндэслэлээр шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрлэлтийн байдлаас харагдаж байх бөгөөд энэ талаар тавьсан нэхэмжлэгчийн гомдол үндэстэй байна.

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл байна.

Энэ хэрэгт байгаа нэхэмжлэлийг хариуцагч *******, хамтран хариуцагч ******* нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж эрх үүрэг тайлбарласнаас өөрөөр хэрэг хянан шийдвэрлэх, нотлох баримт бүрдүүлэх болон шүүх шүүн таслах эрхээ хэрэгжүүлэх хэргийн шийдвэрлэлтэнд хууль болон шударга ёсны зарчмыг хангах талаар ямар нэгэн ажиллагаа явуулсан нь мэдэгдэхгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зохигч *******, ******* нар хамтран хариуцагчаар оролцуулж байгаа хэн нь хэнийгээ төлөөлөх, итгэмжлэл байх эсэх асуудлыг шүүх огт шийдвэрлэлгүй орхигдуулж хууль зөрчжээ.

Хамтран хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүйгээс гадна энэ хэргийн зохигч болж байгаа асуудлыг сайтар судлан үзэх шаардлагатай байгааг шүүх анхаарах ёстой байжээ.

2019 оны 10 сарын 01-ний өдөр шүүх хуралдаан болоход хэргийн хариуцагч нар ирээгүй үндэслэлээр шүүх хуралдаан хийжээ.

Гэтэл хавтаст хэргийн 31 дүгээр талд хэрэг танилцуулсан баримт байх бөгөөд эндээс үзэхэд *******, ******* нарт хэрэг танилцуулсан гэж гарын үсгийг зуруулжээ. Хариуцагч нар шүүхэд ирж хэрэг танилцсан атал яагаад шүүх хуралд оролцоогүй талаар шүүх ямар нэг тайлбар хийгээгүй.

*******д 10 сарын 01-нд хэрэг танилцуулсан гэж байх авч танилцсан гарын үсэг огт өөр байх зэрэгцээ ******* гэсэн хүний нэрийн ард бичигдсэн гарын үсгээр адилхан зуржээ. Эндээс харахад *******г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, түүний эрх ашгийг ноцтой зөрчсөн байна гэж үзэх үндэстэй. Энэ хариуцлагагүй үйлдлийг шүүн таслах ажилтнууд гаргасан байх тул хуулийн дагуу хариуцлага тооцохыг сум дундын шүүх, шүүхийн тамгын газарт анхааруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, оролцогчийн эрх ашгийг хохироосон дээрхи шийдвэрийг хууль ёсны зарчмын дагуу хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Энэ хэрэгт төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг магадалл хүчин төгөлдөр болмогц шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдаж байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2019/00403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ш.ТӨМӨРБААТАР