| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1168/Э |
| Дугаар | 1212 |
| Огноо | 2018-08-12 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 1212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
улсын яллагч Д.Уянга /томилолтоор/,
шүүгдэгч Б.А, Д.Б,
өсвөр насны шүүгдэгч Н.М, түүний хууль ёсны төлөөлөгч У.Эрдэнэ-Оюун,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Галхүү ҮД:21-31 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Д.Б өсвөр насны яллагдагч Н.Мнарт холбогдох эрүүгийн 1806 0413 81264 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Б.А
2. Монгол улсын иргэн, Д.Б
3. Монгол улсын иргэн, Н.М
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Б.А, Д.Б, өсвөр насны яллагдагч Н.Мнар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ФМ 104,5 байрны орчим иргэн Ц.Санчирбазарын “Самсунг Галакси Эс-6” маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Амэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн тул хэргийн талаар ярихгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.Ммэдүүлэхдээ: Хэргийн талаар ярихгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.Мхууль ёсны төлөөлөгч У.Эрдэнэ-Оюун мэдүүлэхдээ: Хүүхдээ дахин хэрэг зөрчилд оролцуулахыг байна. Хөнгөн ял шийтгэл оногдууулж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Санчирбазарын: …Би караокеноос гараад ганцаараа гэрийнхээ зүг рүү явсан. Манай гэр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Их -Дарь-Эхийн 2-43 тоотод байдаг. Би гэр рүүгээ алхаад ФМ 104,5-н ард талын зам дээр баруун гараараа утсаа бариад яриад явж байтал гэв гэнэт араас нэг хүн гарч ирээд миний “Самсунг Галакси Эс-6” маркын гар утсыг баруун гарнаас шүүрээд авсан байсан. Би араас нь харахад харанхуй байсан болохоор ямар хувцастай ямархуу зүс царайтай хүмүүс байсныг нь харж амжаагүй ба ямар ч байсан хоёр хүн цаашаа гүйж байгаад хоёр тийшээ салаад гүйсэн. Би тухайн үед архи их уусан байсан болохоор ухаан балартаад л байсан. Би Сансарын шатахуун түгээх “Петровис” станцын ойролцоо явж байсан үл таних хүний гар утаснаас цагдаа руу дуудлага өгч, цагдаа нар намайг ирж авсан...Утсаар яриад явж байхад араас ирээд баруун гарнаас гар утас шүүрээд гүйсэн би араас нь гүйх гээд чадаагүй. Миний хохирлыг барагдуулан хөрөнгө үнэлгээний тайлангийн дүгнэлтийн дагуу 264.000 төгрөг өгч хохирлыг минь бүрэн барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Д.Б: ... 05 дугаар сарын 1-2-ны орчимд байх Амарболдтой утсаар яриад мөнгө байна уу гээд асуухад мөнгө байхгүй гээд өнгөрсөн. Ингээд дараагаар нь Амарболдын дүүгийн утсыг нэг охинд зарахаар болж Амарболдтой хамт “Airon-2” /Айрон-2/ загварын гар утсыг нь үзүүлэх гэхэд ломбардны эгч чи гар утасныхаа 1.000.000 төгрөгийг өг гэж нэхсэн. Тэгэхээр нь би юун 1.000.000 төгрөг билээ гэхэд танай найз чинь маргааш нь Цэнгүүнээтэй ирж 300.000 төгрөг нэмсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн насанд хүрээгүй Н.М: …Бүгд л хоорондоо ярилцаж байгаад л тухайн гэмт хэргийг үйлдэхээр болсон. Хамтран оролцооны хувьд Амарболд бид хоёр хүний гар утсыг яриад өгөх юм уу, эсвэл хоёулаа нийлж гар хөлнөөс нь барьж гар утсыг нь аваад зугтаадаг юм. Гар утас хамгийн өндөр үнэлгээтэй авдаг “Кровн” гэх ломбарданд л бүх гар утсаа буюу 2 ширхэг гар утсыг нь тавьсан. Нэг л ломбарданд уг гар утсыг барьцаанд тавьсан…гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Б.А: ...Хамгийн сүүлд Сансарын колонкын автобусны буудлын хойд талд ФМ 104.5 хажууд утсаараа яриад явж байхаар нь би араас нь очиж гарыг нь бариад Мягмардалай гар утсыг нь шүүрээд зугтаачихсан. Үүнээс хойш би дахин гэмт хэрэг үйлдээгүй. Анх ер нь бөөндөө ярилцаж байгаад л нэг удаа хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээс дүгнэхэд Б.А, Д.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Мнар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ФМ 104,5 байрны орчим иргэн Ц.Санчирбазарын “Самсунг Галакси Эс-6” маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Б.А, Д.Б, өсвөр насны яллагдагч Н.Мнар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ФМ 104,5 байрны орчим иргэн Ц.Санчирбазарын “Самсунг Галакси Эс-6” маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Б.А, Д.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Мнарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.А, Д.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Мнарын бусдын өмчлөх эрхэнд халдаж, бусдад хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Прокуророос шүүгдэгч Б.А, Д.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Мнарын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А, Д.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Мнар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Хохирогч Ц.Санчирбазар нь хохирол бүрэн төлөгдсөн талаар хохирогчоор мэдүүлэхдээ илэрхийлсэн, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 8-9 дүгээр тал/,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сараас таван жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: …энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.А, Д.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Мнар нь үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.А, Д.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Мнар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А, Д.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Мнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1Б.А, Д.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Мнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А, Д.Б, Н.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.А, Д.Б, Н.Мнарын тэнссэн хугацаанд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.А, Д.Б, Н.Мнарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.А, Д.Б, Н.Мнар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А, Д.Б, Н.Мнар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А, Д.Б, Н.Мнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ