| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2506000000246 |
| Дугаар | 2025/ДШМ/1365 |
| Огноо | 2025-12-03 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/1365
Ж.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ган-Эрдэнэ,
шүүгдэгч Ж.Г-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Г-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Г-т холбогдох 2506000000246 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Г- овгийн Ж-ы Г-, ......, ял шийтгэлгүй, /РД:Ж-/;
Шүүгдэгч Ж.Г- нь 2025 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, "Ж-" караокед согтуурсан үедээ амь хохирогч З.Т-тэй тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар З.Т-ийн биед халдан цохисны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ийг 09 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-т оногдуулсан 09 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ж.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг болон хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Ж.Г- нь амь хохирогчийн оршуулгын зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт нийт 71.500.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Г-ийн цагдан хоригдсон 89 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн гэм бурууг ухамсарлаж, болсон хэрэгт чин сэтгэлээсээ туйлын гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээсэн, хийсэн үйлдэлдээ харамссан, гэм буруугийн талаар маргахгүй байгаа зэргээ дахин илэрхийлж байна. Миний бие дээд боловсролтой, тодорхой хаяг, тогтсон гэр бүлтэй, 2018 оноос хойш тасралтгүй нийгмийн даатгал төлсөн ба ажиллаж байх хугацаандаа хамт олноо манлайлдаг, шилдэг ажилтан нь байсан. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинж чанартай анх удаа хэрэгт холбогдсон, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, бага насны хүү болон өндөр настай аав ээжийг минь харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж, амьдралд минь дахин нэг боломж олгож өгөөч хэмээн гуйж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Үүнд, Миний үйлчлүүлэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд өмгөөлөгч болон Ж.Г-ийн зүгээс анхнаасаа маргаагүй ба харин хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” нь нэг талыг баримталж хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор дүгнэж үзэлгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэх үндэслэлтэй. Тухайлбал: “...шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан хэдий ч шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад хэрэг үйлдсэн үйл баримтыг дүгнэж үзэж ач холбогдол өгсөнгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-д тус тус заасан эрүүгийн хариуцлага ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон. ...Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаварыг ухамсарлан тухайн этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үзнэ” хэмээн Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 551 дүгээр тогтоолоор тайлбарласан.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хенгөрүүлэх нөхцөл байдлууд. гэмт хэрэг үйлдсэн этгээлийн хувийн байттттыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн. тохиолдолд хэрэглэж болох /эрх олгосон. диспозитив/ шинжтэй хэм хэмжээ тул уг зохицуулалтыг хэрэглэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрххэмжээний асуудал болно. /УДШ-ийн 2020 оны 12.23-ны өдрийн №11 тогтоол/
Миний үйлчлүүлэгч Ж.Г- нь урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж ажил амьдралынхаа гарааг Голомт банкинд зээлийн эдийн засагчаар томилогдон ажиллаж байгаад хэрэгт холбогдох үедээ “Т-” ББСБ-д цахим зээлийн ахлах мэргэжилтнээр амжилттай ажиллаж 2024 оны шилдэг ажилтанаар шалгарч байсан.
Тэрээр эхнэр, 2 настай хүүгийн хамт амьдардаг гэр бүлдээ халамж анхаарал сайтай, ажлын хамт олондоо нэр хүндтэй төлөв, даруу зантай хүнд тусархаг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн спортын зэрэгтэй шилдэг тэргүүний тамирчин болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” хэмээн хуульчилсан. Иймд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд миний үйлчлүүлэгч Ж.Г-ийн хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон байдал, өөрийнхөө үйлдэлд чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээж уучлал гуйж буй байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр, амь хохирогчийн оршуулгын зардал, учирсан бусад хохирол, /71.500.000/ төлбөрийг нөхөн төлсөн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсгийг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ж.Г- бичгээр гаргасан гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг зөвшөөрсөн. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Г-оос өөр байр суурьтай шүүх хуралдаан оролцож байна. Энэ талаарх асуудлыг сайн ойлгохгүй байна. Өмгөөлөгч Г.Наранбаатараас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсгийг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж байна. Дээрх зүйл заалтыг хэрэглэх боломжгүй, хүний амь нас хохирсон гэмт хэрэг учраас хохирол төлбөрийг арилгах боломжгүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг хангасан гэж үзэхгүй байна. Шүүгдэгч Ж.Г- амь хохирогчийг “пивоны баколаар цохиогүй” гэж байна. Шүүх хуралдааны явцад гэрч Б.Г-, Ц- нар “пивоны баколыг Ж.Г- барьж байсан” талаар мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн зулай яс нимгэн учраас баколны шилээр болон гараар цохиход тус гэмтлийг авах боломжтой. Хэрэв амь хохирогч “эмнэлгийн тусламж авсан нөхцөлд амьдрах боломжгүй” талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Ж.Г-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Ж.Г- нь 2025 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, "Ж-" караокед согтуурсан үедээ амь хохирогч З.Т-тэй тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар З.Т-ийн биед халдан цохисны улмаас амь насыг нь хохироосон болох нь:
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З-ын “Хүү маань 2025 оны 02 дугаар сарын 01 -ний шөнө эхнэр бид хоёрыг унтаж байх үед манай гэрийн хаалга дуугарч гаднаас хүү Т- орж ирж байгаа нь мэдэгдсэн. Хүү маань гэртээ орж ирээд хаалгаа цоожилж байгаа мэт чимээ гарсан. Тухайн үед би хэдэн цаг болж байгааг анзаарч хараагүй. Хүү маань тусдаа өрөөнд байдаг. Би тухайн үед унтаж байсан тул гаднаас ямар байдалтай орж ирсэн талаар мэдэхгүй байна. Би 2025 оны 02 дугаар сарын 01 -ний өдөр 07 цаг 20 минутын үед орноосоо босон хүү Т-ийн өрөө рүү орох үед хүү маань өрөөндөө доош харсан байрлалтай хэвтэж байсан тул унтаж байгаа хүнийг сэрээгээд хэрэггүй гэж бодоод дэргэд нь очилгүй хаалганы цаанаас хараад буцсан. Тухайн үед хүү маань шөнө оройтож орж ирсэн тул архи уусан байх гэж би бодсон. 15 цагийн үед хүү Т-ийн өрөө рүү дахин орж харах үед манай хүү яг өглөөний байрлалаараа доош харсан байдалтай хэвтэж байхаар нь би сэрээх гээд очоод татах үед хүүгийн нүүр хэсэгт цус хуралт явагдсан байдалтай, өөрийнх нь гэрт өмсдөг тавчик яг амных нь доор байсан. Өөрөөр хэлбэл доош харсан байдалтай тавчик дээр амаараа дарсан байдалтай хэвтэж байсан тул би эмч, цагдаа дуудсан. /1хх 32-33, 2хх 46-47/,
гэрч Б.М-ын “Ж- нэртэй караокед болсон зодоонд талийгаач Т- гэх залууг М- бид 2 зодож, цохиж биед нь гэмтэл учруулахуйц үйлдэл хийгээгүй. 8 тоот өрөөнд орсон залуучууд орилж хашхираад зодолдоод эхлэхээр нь өрөө рүү нь ортол Ж.Г- гэх туранхайвтар нүдний шилтэй залуу зурагтын ойролцоо зогсчихсон, гартаа пивоны бакал бариад "чи муу бацаан намайг барахгүй шүү, чам шиг 1000 банди байсан ч намайг бардаггүй юм аа" гэж хэлээд орилоод бакалаа шидэх гээд хашхираад байхаар нь би А-тай нийлж гараас нь бакалыг нь булааж авсан. Тэр үед амь хохирогч Т- буйдан дээр сууж байсан. Түүний хажууханд Ц- гэх эмэгтэй байсан. Бид 2 зодооныг салгаад ширээн дээрх юмыг хурдхан хураасан нэгнээ шилэн эдлэлээр цохиж гэмтээчхэж магадгүй гэж их айсан. Т-ийг авч гараад “болио хөгшөөн” гэж хэлээд лифтэнд суулгах гээд авч явж байтал гэнэт эргэж гүйгээд өрөө рүү ороод Ж.Г-той зодолдоод, хоорондоо гараараа цохилцоод байхаар нь би Ж.Г-ийг салгах гээд тэврээд буйдан дээр суугаад бүр дийлэхгүй болоод хойш нь татсан. Тэр хооронд Т-ийг А- салгаад өрөөнөөс гаргасан. Салгах үедээ Т-тэй огт муудалцаж зодолдоогүй, харин ч Т-ийг нь бид 2 их өмөөрсөн. Яагаад гэвэл Ж.Г- нь илт зодож дээрэлхсэн байдалтай байсан. Талийгаач Т-ийг би лифтэнд суулгаж өгөхөд тэрээр лифтээр доошоо буусан. А-, Т- хоёр энд тэнд дээр доороо унаж туссан зүйл хараагүй. Харин би буцаад өрөөнд ороод ирэхэд Ж.Г- А-ын нүд рүү цохисон гэж байсан. Ж.Г- нь лифт рүү явахаар нь араас нь очоод би нэг удаа толгой руу нь цохисон, харин А- лифт рүү ороод тэр залуутай нийлээд ноцолдож зодолдсон. А- харин ч Ж.Г-т их цохиулсан. Тэгтэл тэр хавьд байсан үл таних хүмүүс болон Б.Г- биднийг салгаад Ж.Г-, Ц- нар доошоо лифтээр буугаад явсан. Буцаж өрөөгөө цэвэрлэх гээд ороход буйдан дээр пиво цацагдаад буйданг бохирдуулсан байсан. ...Талийгаач Т-ийн биед ил харагдах ямар нэгэн шарх сорви анзаарагдаагүй.” /1хх 36-37/,
гэрч Б.Г-ийн “Ж.Г-, З.Т- хоёр маргалдсан бөгөөд маргалдсан шалтгаан нь нэг нь нэгнийхээ дээр гарах гэж ам зөрсөн. Ж.Г-, З.Т-ийн нүүрэн тус газар нь шууд цохиод авсан зодооныг салгах гэж би босож Ж.Г-ийг хана руу наасан, Т-ийг Ц- сандал дээр нь дарж аваад салгаж байх явцад Ж.Г- мултарч миний суган доогуур гүйж очиж Т-ийн нүүрэн хэсэг рүү нь 1 удаа цохисон. Би Ж.Г-ийн араас татаж дахин салгасан араас нь зөөгч нар нь орж ирж зодооныг салгасан. ...З-ын Т- өөр хэн нэгэнтэй хэрүүл маргаан зодоон цохион хийсэн тохиолдол байхгүй. ...Тухайн караокеноос дөрвөн цаг өнгөрч байхад гарсан. Ж.Г-, Т- хоёр хоорондоо эвлэрээд гар бариад зогсож байсан. Би зам дээрээс гар өргөөд такси зогсоогоод Ж.Г- голд нь суугаад, би жолооч талын арын суудал дээр нь суусан, Т- жолоочийн эсрэг талын арын суудал дээр суусан. Тухайн үед Т-ийн нүүрэнд янз бүрийн хөхрөлт ч юм уу, цус нөж болсон тиймэрхүү юм харагдаагүй. Тэгээд “зүгээр байгаа юм байна даа” гэж би бодоод машинаас буулгаад гэр лүү орцных нь тэнд орохыг нь хараад “за ингээд гэр лүүгээ орчихлоо” гэж бодоод бид гурав Бөхийн өргөөний “Шөлөндөө” орж хоол идчихээд тэндээсээ гэр гэр лүүгээ харьсан. ...Т- жоохон согтуу байсан. Тэгэхдээ бол ухаанаа алдалтлаа согтуу байгаагүй. Ямартай ч алхаа гишгээ нь бол зүгээр, хэл яриа нь орооцолдсон юм байгаагүй, өөрийнхөө хийж байгаа үйлдлийг бол мэдэж л байсан. ...З.Т-, Ж.Г- хоёр хоорондоо ямар харилцаатай хүмүүс гэдгийг би энэ хоёр хүнийг таньдаг болсноос хойш энэ хоёр хүн хоорондоо ам мурийж байгааг анх удаа тэр караокед л харсан өмнө нь хоорондоо муудалцах, бие бие рүүгээ муухай ч харж байгаагүй.
...З.Т-, Ц- болон миний хажууд сууж байсан Ж.Г- ганцаараа өөдөөс хараад суусан. Юм яриад байж байтал гэнэт Ж.Г-, З.Т- нар хоорондоо маргалдаад яг юунаас болсныг нь мэдэхгүй байна. Ярианы өнгө аяс нь чангараад нэлээн ширүүн маргалдаад эхэлсэн. Гэнэт Ж.Г- баруун гараараа З.Т-ийн нүүр, толгой тус газарт нэг удаа цохисон. Би тухайн үед Ж.Г-ийг тэврээд салгатал З.Т- араас ирээд Ж.Г-той цохилцоод байхаар нь би Ж.Г-ийг тэврээд караокены хананд налуулаад байж байх хооронд Ц- З.Т-ийг болиулаад буйдан дээр тэврээд байж байсан. Ж.Г- надаас мултраад З.Т-ийн толгой, нүүр хэсэгт нь цохихоор нь би гүйж ирээд салгатал караокены зөөгч, ажилтан нар орж ирээд салгасан бөгөөд караокены өрөөнөөс 04 цаг өнгөрч байхад би Ц-тай гарсан. Гадаа гарахад Ж.Г-, Т- нар сугадалцаад зам гараад явж байхаар нь араас нь Ц-гийн хамт очтол тэр хоёр эвлэрчихсэн гар бариад зогсож байсан. Тэгээд бид нар такси бариад таксины урд талын суудал дээр Ц-, жолоочийн хойд талын голын суудал дээр Ж.Г-, цонхон талдаа хойд талын суудал дээр З.Т- нар сууж байсан. Машинд явж байхдаа би З.Т-ийн нүүр хэсэг рүү харахад баруун талын гэж санаж байна, хөмсөгний орчим хөхрөөд хавдчихсан байсан. З.Т- таксинаас буугаад өөрөө алхаад гэр лүүгээ орсон.” /1хх 52-54, 60- 61/,
гэрч Б.Ц-гийн “Бид 4 хүний 2-3 пиво уусан. Ж.Г- миний баруун гар талд, Т- зүүн гар талд сууж байсан. Ж.Г- бид хоёр хоорондоо юм яриад сууж байсан. Гэнэт Т- том дуугараад Ж.Г-той хэрэлдэх гээд байсан. Г- бид хоёр “чи буруу ойлгоод байна” гээд Т-т ойлгуулах гэж хичээсэн. Т- ойлгохгүй хүний үг сонсохгүй байсан. Тэгээд Т-ийг тайвшруулах гээд байж байхад хажуугаас нэг гар орж ирээд Т-ийг Ж.Г- цохиод авсан. Би Т-ийг дарж аваад Б.Г- нь Ж.Г-ийг бариад салгаад байж байхад хоёр талаасаа босож ирээд хоорондоо цохилцсон. Тэгж байтал тухайн газрын зөөгч нар орж ирээд салгаад Т-ийг аваад гарсан. Т- түрүүлээд 1 давхар руу буусан. Бид 3 үлдээд хувцас, цүнхээ аваад араас нь гараад Т- Ж.Г- хоёр эвлэрээд гар бариад тэврэлдээд, бид 4 такси бариад явсан. ...Ж.Г- Т-ийг зүгээр суужбайхад миний урдуур гар орж ирээд цохисон, би гарыг нь харсан, яг хаана яаж цохисон талаар тодорхой хараагүй, тэгээд бужигнаад байсан. ...Т-, Ж.Г- нарт зодооны дараа ямар нэгэн шарх байгаагүй. Ж.Г-ийн чихний ар талд нь шалбарсан байсан. Т- бол ил харагдах юу ч байгаагүй би тэр хоёроос асуусан “зүгээр үү” гэж асуусан чинь “зүгээр” гэж надад хоёулаа хэлж байсан. ...Т-, Ж.Г- нар ажлын холбоотой, нэг газарт хамт ажилладаг хүмүүс хоорондоо эвтэй байдаг байсан. .../1хх 45-46, 58, 67-68/,
гэрч Т.А-ын “8 тоот өрөөнд хүмүүс муудалцаад байх шиг нэлээн бужигнаад байхаар нь би М-тай хамт 8 тоот өрөөнд ортол нэг эрэгтэй, өөр нэг эрэгтэйтэй муудалцаад тухайн өрөөнд байсан өөр нэг эрэгтэй, эмэгтэй нар салгах гээд бужигнаж байсан. Бид хоёр ороод тухайн муудалцаж байсан 2 эрэгтэйг салгаад нэгийг нь түрүүлж өрөөнөөс гаргаад байж байтал нөгөө эрэгтэй буцаад өрөө рүүгээ гүйж очоод муудалцаад байсан эрэгтэй дээр очоод гараа атгаж байгаад хоорондоо цохилцоод байсан. Тухайн үед нэлээн бужигнаад байсан болохоор хэн хэнийгээ хааш нь цохиод байгааг мэдээгүй, тухайн хүмүүсийг салгаад караокеноос бүгдийг нь 04 цагийн үед гаргаад өрөөгөө цэвэрлэсэн. Өрөөгөө цэвэрлэхэд өрөөн дотор ямар нэгэн эд зүйл хагараагүй, эд хогшил эвдрээгүй байсан. ... /1хх 49-50, 73-74/,
шинжээч эмч М.Золжаргалын “Амь хохирогч З.Т-ийн цогцост учирсан гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, цохих цохигдох хүчний үйлчлэлээр, зүүн нүдний алимд дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гуяны цус хуралт, зүүн ташаа, зүүн шилбэний зулгаралт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй уг гэмтлүүд нь үхэлд хүргэхгүй хуучин гэмтэл болно. Харин тархины битүү гэмтэл, зүүн нүдний алим болон зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. ...амь хохирогчид учирсан гавал тархины битүү гэмтэл нь амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т тус тус зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогчид учирсан гавал тархины гэмтэл нь зулайн орой хэсэгт хүч үйлчилсний улмаас дээрх гавал тархины гэмтэл учрах боломжтой бөгөөд унах үед зулайн орой хэсгээр унаж гэмтэх боломжгүй. Уг гэмтлийг авснаас хойш тархинд үүссэн цусан хураа нь тархийг дарах хүртэлх хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Уг гэмтэл нь нэг болон түүнээс дээш үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин гавал тархины битүү гэмтэл нь 2 болон түүнээс дээш мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн хугарал үүссэн хэсэгт 1 хүч, мөн зүүн чамархайн булчинд 1 хүч үйлчилсэн нь 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр дээрх гэмтлүүд нь учирсан байна. ...Зулай ясны цөмөрсөн хугарал нь хүний гараар цохих үед үүсэх боломжгүй хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.” /1хх 248-249, 2хх 1-3/,
шүүгдэгч Ж.Г-ийн яллагдагчаар өгсөн: “Талийгаач орж ирэхдээ бага зэрэг бухимдангуй байсан. Би бодохдоо явах гэж байхад нь үлдээд хамт сууя гэж Б.Г- гуйсан учир дурамчхан байсан болов уу гэж бодсон. Би Б- гэх зээл төлөлтийн мэргэжилтний талаар ярьж байхад цаанаас Т- гэнэт над руу уурлаад "чи хүнийг нүдэн дээр нь хэлж чадахгүй, ардуур мууллаа" гэх зэрэг зүйлс хэлээд над руу асаад миний өөдөөс босож ирэхээр нь би зөрүүлээд босоод “чи яах гээд байгаа юм, энд зүгээр хоорондоо юм ярьж байна шүү дээ, би тэгвэл нэг дэх өдөр буюу ажпын өдөр өөрөө очоод нүүрэн дээр нь хэлчихье” гэж хоорондоо маргалдаад бостол миний нүдний шил газарт унахаар нь би тонгойгоод авах гэтэл Т- надтай барьцалдаж аваад намайг гараараа хэд хэдэн удаа цохисон. Би ч бас мөчөөгөө өгөлгүй Т-ийг ямар ч байсан цохих үйлдэл хийсэн, цохихдоо гараараа л цохисон. Ямар ч байсан нүүрэн тус болон толгой хэсэгт цохиогүй. Яг хаана нь цохисноо сайн мэдэхгүй байна. Доошоо тонгойж байгаад л гараа савсан. Би нэг л удаа цохих үйлдэл хийсэн. Өөрөөр бол огт цохих үйлдэл хийгээгүй. Бид 2 ноцолдож барилцах үед дээр доороо орж унаж тусах үйлдэл огт хийгээгүй. Угаасаа бид 2-ыг маргалдаад барьцалдаад эхлэх үед шууд л Ц- намайг салгасан. Хэрүүл намжихгүй бид 2 өөд өөдөөсөө хэрэлдээд орилолдоод байх үед Б.Г- караокены өрөөн дотор байрлах ариун цэврийн өрөөний хаалганы ойролцоо холдуулаад намайг болиулах гэсэн. ... Тухайн үедээ анзаарахад Т-ийг А- нь караокены ширээний хажууд газарт унагаад дээрээс нь боож, заамдаад байсан. Т- харин биерхүү эр болохоороо тэр хүнийг түлхээд босоод ирсэн. Нэг хартал Т-ийг караокены ажилчид аваад өрөөнөөс гаргаад коридорт хэрэлдэж орилолдоод байсан. Удалгүй Т- гаднаас над руу дайраад орилоод буцаж хүрч ирэхэд караокены ажилчид араас нь гүйж орж ирээд Т-ийг болиулаад буцаагаад аваад гарсан. Ц- бид 2 буугаад гадаа гарахад Т- гадаа зүгээр хүлээгээд зогсож байсан. Би шууд Т- дээр очоод “одоо маргалдаад яах вэ, эвлэрье” гэж хэлээд бид 2 гар барилцаад эвлэрээд хоорондоо ярилцахад "намайг лифтэнд караокены ажилтан зодож барилаа, чамайг яасан бэ" гэхэд намайг бас зодсон 2-уулаа орж алалцъя гэж Т- хэлээд буцаж орох гэхээр нь би “за за, больё олуулаа байгаа” гэж хэлээд болиулсан. Энэ үед хажууханд Ц- хамт байсан. Бид 3 такси барьж харихаар шийдээд явж байтал араас Б.Г- тооцоо хийгээд гарч ирээд хамтдаа такси барьж “Чингис” зочид буудлын харалдаа шахуу зогсож Т-ийг буулгасан. Т-ийн гэр эсрэг талд нь гэсэн учир буулгаад цаашаа бид 3 хамтдаа явцгаасан. Т- буухдаа зүгээр буусан. Т- таксинаас буухад нэг их согтолттой биш бага зэрэг халамцуу байсан. Бүгд л халамцуу байсан. Гэхдээ орчноо хангалттай мэдэрцгээхээр байсан. Т- өөрөө жолоочид хаягаа зааж өгсөн. ...Би өмнө мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлын талаар бүрэн гүйцэт саналгүй мэдүүлэг өгсөн ба хагас сайн өдөр Т-ийг нас барсан байна гэж Ц-гаас сонсоод шоконд орж 2 хоног юм ч идэж чадаагүй байсан. /1хх 225-228/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0625/750 дугаар “Амь хохирогч З.Т-ийн цогцост зулай ясны цөмөрсөн хугарлаас доош зүүн зулай, чамархай, суурийн дунд хонхор хүрсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа /170гр/, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн суурийн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн дэлбэнгийн тархины эдийн няцрал, бага тархины зүүн тал бөмбөлгийн орой, суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зүүн нүдний алим, дээд зовхи, баруун гуянд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цус нь хоёрдугаар бүлгийн харьяалалтай байна. 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 35 минутын шүүх эмнэлгийн цогцсын гадна үзлэгээр нас бараад 17-19 цаг орчим болжээ. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Амь хохирогчийн цусанд 1.5 промилли, цөсөнд 1.1 промилли, ходоодны шингэнд 1.6 промилли спиртийн зүйл илэрсэн ба энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” /1хх 231-239/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0725/2958 дугаар “Ж.Г-ийн цээжинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлдлээр үүсгэх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.”/1хх 78-79/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 527 дугаар “Ж.Г- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.Г- нь болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн санан үнэн зөвөөр илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.Г-ийн хэл ярианы хөгжил сэтгэн бодох чадвар нь хэвийн байна. Ж.Г- нь хэрэг үйлдэгдэх үед болон үйлдсэнийхээ дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна. Ж.Г- нь хэрэг хариуцах чадвартай байна.”/2хх 59-60/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ж.Г- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ж.Г- нь амь хохирогч З.Т-ийн толгойн тус газар нь цохиж амь хохирогч гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж амь насыг хохироосон гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг үгүйсгэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүгдэгч Ж.Г- тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар З.Т-ийн биед халдан цохисны улмаас амь насы хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Ж.Г- “Миний бие өөрийн гэм бурууг ухамсарлаж, хийсэн үйлдэлдээ харамссан, гэм буруугийн талаар маргахгүй байгаа зэргээ дахин илэрхийлж байна. Иймд хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх, тийм боломжгүй гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж зохицуулжээ.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал юм.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г- нь хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэж үзэх үндэслэлтэй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон зүйлчилж өгнө үү гэх гомдлын тухайд хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь дээр дурдсан нотлох баримтууд болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0625/750 дугаар “Амь хохирогч З.Т-ийн цогцост зулай ясны цөмөрсөн хугарлаас доош зүүн зулай, чамархай, суурийн дунд хонхор хүрсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа /170гр/, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн суурийн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн дэлбэнгийн тархины эдийн няцрал, бага тархины зүүн тал бөмбөлгийн орой, суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зүүн нүдний алим, дээд зовхи, баруун гуянд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн ташаа, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” /1хх 231-239/ гэсэн дүгнэлт,
Шинжээч эмч М.Золжаргалын “Амь хохирогч З.Т-ийн цогцост учирсан гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, цохих цохигдох хүчний үйлчлэлээр, зүүн нүдний алимд дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. ...тархины битүү гэмтэл, зүүн нүдний алим болон зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. ...амь хохирогчид учирсан гавал тархины битүү гэмтэл нь амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т тус тус зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогчид учирсан гавал тархины гэмтэл нь зулайн орой хэсэгт хүч үйлчилсний улмаас дээрх гавал тархины гэмтэл учрах боломжтой бөгөөд унах үед зулайн орой хэсгээр унаж гэмтэх боломжгүй. Уг гэмтлийг авснаас хойш тархинд үүссэн цусан хураа нь тархийг дарах хүртэлх хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой.” /1хх 248-249, 2хх 1-3/ гэсэн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд Ж.Г- нь хохирогчийн толгойн тус газар нь цохиж буй өөрийн үйлдлийнхээ улмаас үүсэх үр дагаврыг хүссэн, үр дагаварт зориуд шууд хүргэсэн шинжийг илэрхийлж байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна.
Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 71.500.000 төгрөг төлсөн, мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд тухайн гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үүссэн зэргийг харгалзан тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 8 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ж.Г-ийн гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Г-ийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/2256 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-ийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-т оногдуулсан 08 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г-ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА