Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1213

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

          улсын яллагч Б.Ганбулган,

          шүүгдэгч З.З, Ц.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.З, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 1706 0218 71279 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1. Монгол улсын иргэн, З.З

          2. Монгол улсын иргэн, Ц.Б

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

З.З, Ц.Б нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний 7-09 тоотод оршин суух иргэн А.Ууганцэцэгийн гэрт байхдаа эмэгтэй хүний 999 сорьцтой алтан гинжийг хулгайлж, 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Змэдүүлэхдээ: Хийсэн хэргийн талаар ярихгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: Хийсэн хэргийнхээ талаар ярихгүй гэв.

         Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Ууганцэцэгийн: …Би гэр бүлийн хамт 2017 оны 7 сард Увс аймаг яваад 2017 оны 5 сарын 5-ны өдөр хөдөөнөөс гэртээ ирсэн, гэрийн эд зүйлс эмх цэгцгүй болчихсон, тэгээд би өөрийн эд зүйлээ бүртгэж үзсэн чинь миний алтан гинж, монетон гинж, цахилгаан бараа алдагдсан байхаар нь цагдаад өргөдөл гаргасан. Нэгдүгээрт, унтлагын өрөөний ханын шкафны захын хаалган дотор нь жижиг төмөр хайрцагтай гоёлын зүйлс хадгалдаг хайрцганд байсан эмэгтэй хүний алтан гинж, Бангладеш улсын алт, 999 сорьцтой, шаргал өнгөтэй, урд хэсгээрээ бөөрөнхий хэсгүүдтэй, 4.000.000 төгрөгөөр худалдаж авсан, адил загварын ээмэг нь байгаа. Хоёрдугаарт, эмэгтэй хүний монетон нарийн гинж, улаан өнгийн жижиг шигтгээтэй кольцо кулонтой гинж, 1,4 грамм 110.000 төгрөгөөр үнэлж байна. Гуравдугаарт, цагаан цэнхэр өнгийн “Pilips” брэндийн индүү 89.000 төгрөгөөр худалдаж авсан энэ үнээрээ үнэлнэ. Өөр юу алдсан нь мэдэхгүй байна...Би Увс аймаг явахдаа Товчоонд байдаг эрэгтэй дүү Энхтүвшинд гэрийн түлхүүрээ үлдээсэн. Энхтүвшин болохоор Бг Увс аймгаас барилгын ажил хийлгэх гэж  авчирсан юм. Манай дүү Энхтүвшин нь барилгын инженер ажилтай юм. Тэгээд Энхтүвшин Бтай хамт барилгын пассад хийх хүн олно гээд Зоригоо гэдэг залууг Цайзын захын орчимд очиж авсан юм билээ. Ингээд хамтран ажиллаж байгаад Батбуян нь усанд ормоор байна гэж хэлсэн юм билээ, тэгэхэр нь манай дүү Энхтүвшин, Буяннэмэх, З нар манай гэрт очсон юм билээ. Тэгээд манай дүүг захирал нь дуудаад гэрээс ганцаараа явсан. Манай гэрт З Бхоёр үлдсэн юм билээ. Манай дүү маргааш нь гэртээ ирсэн чинь нөгөө хоёр байхгүй, харин эд зүйлс тарсан шинжтэй байхаар нь хаалгыг цожлоод явчихсан юм билээ. Тэр өдөр товчоон дээр гэртээ Бг хүлээгээд ирээгүй, маргааш нь над руу залгаад Батбуян алга болчихлоо яасан юм бол гэж хэлсэн, би тэр хоёрын хаана байсан юм бэ гэхэд тэр хоёр усанд оръё гэж хэлэхээр нь би танай гэрт үлдээсэн гэж хэлсэн. Тэгвэл чи гэрт очиж миний эд зүйлсийг шалгаадах гэж хэлсэн. Тэгээд гоёлын зүүлт байдаг газраа зааж өгөөд үзүүлсэн чинь алтан гинж, монетон гинж зэрэг зүйлүүд алга аа гэж хэлсэн. Тэгээд эрэл, сурал болоод байж байтал гэнэт Батбуян гэртээ хүрээд ирсэн. Тэгээд би сураг тавьсан чинь З Бхоёр миний алтан гинжийг Урт цагаанд зараад мөнгийг нь хувааж авсан юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б: ...2017 оны 07 дугаар сарын сүүлээр байх Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо Цагдаагийн академийн хажуу талд байдаг манай эхнэрийн үеэл дүү болох Ууганцэцэгийн гэрт усанд орохоор Ууганцэцэгийн төрсөн дүү Энхээгийн хамтаар очсон. Удалгүй Энхээ намайг орхиод гарчихаад ирье гээд явсан. Оройн 19 цагийн үед Энхээ Зоригоогийн хамтаар орж ирсэн. Зоригоогоор барилгын пассад хийлгэх гэсэн юм билээ. Тэгээд удалгүй найзтайгаа уулзана гээд гараад явсан. Зоригоо бид хоёр Ууганцэцэгийнд үлдсэн. Тэдний гэрт бид хоёр 2 шил архи хувааж уусан. Би Ууганцэцэгийн гэрийг цэвэрлэж байхдаа зурагтны дээд талын тавиур дээр шар өнгийн гинж байхаар нь аваад Зоригоод үзүүлээд алт мөн үү гэхэд мөн байна гэхээр нь халаасандаа хийсэн. Тэгээд гарч тамхи татах гээд гарахдаа хаалгаа дутуу орхиод гарч яваад буцаж орох гэхэд цоожлогдсон байсан. Тэгээд Зоригоо манайд очъё гээд тэдний гэр рүү явах гэтэл автобусны мөнгө байхгүй халаасаа ухтал нөгөө гинж гараад ирэхээр нь таксинд сууж яваад Сансарын тийшээ яваад ломбарданд уг гинжийг 50.000 төгрөгөөр тавиад Зоригоогийн эгчийнд очиж нэг шил архи уугаад хоносон. Маргааш нь шартаад байхаар нь 1 шил архи уучихаад дахиж архи уумаар санагдаад мөнгө байхгүй болохоор нь Урт цагаанд очиж хар машинтай хүнтэй уулзаад уг хүн ломбарднаас гинж аваад Зоригоод 1.350.000 төгрөгөөр зарчихлаа гэж гарч ирээд надад 900.000 төгрөг өгсөн. Би тэр өдрөө автобусанд суугаад Увс аймаг руу явсан. Ломбарданд Зоригоогийн бичиг баримтаар тавьсан. Зоригоо хэдэн төгрөг авсныг мэдэхгүй, би нилээн согтуу 900.000 гаруй төгрөгтэй Увсын автобусанд суусан...Би хулгайлсан. Маргааш нь гинжээ зарах уу гэхэд Зоригоо яах гээд байгаа юм гээд байсан. Тэгэхээр нь би мэдэж байна гэж хэлээд заруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн З : …Тэгээд Батбуян халааснаасаа нэг шар өнгөтэй гинж гаргаж ирээд энийг явж ломбарданд тавья гээд такси бариад Сансарын тунель ороод тэр хавьд нэг ломбард руу ороод 50.000 төгрөгийн барьцаанд тавиад тэр мөнгөөрөө архи авч уусан. Маргааш өглөө нь шартаад архи авч ууя гэхэд мөнгөгүй болчихсон. Тэгтэл Батбуян нөгөө гинжээ заръя гээд бид хоёр Урт цагаан ороод нэг ченж дагуулаад буцаж ломбардан дээр очоод нөгөө гинжээ 1.380.000 төгрөгөөр ченжид зарсан. Тэр мөнгөнөөсөө надад Батбуян 300.000 төгрөг өгчихөөд Драгон дээрээс Увсын автобусанд суугаад яваад өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр тал/,

  • Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-35 дугаар тал/,
  • Шүүгдэгч З  иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21, 53 дугаар тал/,
  • Шүүгдэгч Б иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22, 52 дугаар тал/,
  • Шүүгдэгч Б хохирол төлсөн баримт /хх-ийн 30 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Хэрэгт цугларсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгээс дүгнэхэд З.З, Ц.Б нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний 7-09 тоотод оршин суух иргэн А.Ууганцэцэгийн гэрээс эмэгтэй хүний 999 сорьцтой алтан гинжийг хулгайлан авч Урт цагаанд 1.380.000 төгрөгөөр худалдан бусдад 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

            Шүүгдэгч З.З, Ц.Б нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний 7-09 тоотод оршин суух иргэн А.Ууганцэцэгийн гэрт байхдаа 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эмэгтэй хүний 999 сорьцтой алтан гинжийг хулгайлж, 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирол төлсөн баримт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Баянзүрх дүүргийн Прокуророос З.З, Ц.Б нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

           Шүүгдэгч З.З, Ц.Б нар бүлэглэн  бусдын өмчлөх эрхэнд халдаж, бусдад хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

           Иймд Прокуророос шүүгдэгч З.З, Ц.Б нарын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.З, Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Хохирогч А.Ууганцэцэгийн алдагдсан эд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний “ФЭЙР ВАЛУЭШН” ХХК-н 4.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-н 33 дугаар тал/

Хохирогч А.Ууганцэцэг нь хохирлын 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Батбуянгаас авсан байна. /хх-ийн 30 дугаар тал/

           Шүүгдэгч З.З, Ц.Б нар нь  үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж байх тул Зс эд хөрөнгийн үнийн дутуу 2.000.000 төгрөгийг, Бс 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Ууганцэцэгт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: …энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилсан ба шүүгдэгч З.З, Ц.Б нарын үйлдсэн  гэмт хэрэг  нь  хөнгөн  гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт  хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

            Шүүхээс шүүгдэгч З.З, Ц.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.       

            Шүүгдэгч З.З, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Монгол  улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. З.З, Ц.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр З.З 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Ц.Б 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

           3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн  186 дугаар зүйлийн  186.1 дэх хэсэгт зааснаар З.З, Ц.Б нарын тэнссэн хугацаанд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар З.З, Ц.Б нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, З.З, Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.З, Ц.Б нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар З.З /РД:ОЮ80092578/, 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг, Ц.Б /РД:ОЮ79070912/ 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Амарсанаагийн Ууганцэцэгт /РД:ОЮ84101801/ олгосугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.З, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ