Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 1222

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

улсын яллагч Д.Уянга /томилолтоор/

шүүгдэгч Б.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Болдбаатарын Б.Эад холбогдох эрүүгийн 1706 0083 31274 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Э

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Б.Энь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, салсан эхнэр Н.Ариундарийг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эмэдүүлэхдээ: Ариундарь бид хоёр урд нь хамт амьдардаг байсан. Ариундариас болж би урьд нь ял эдэлж байсан. Ариундарийн гэр бүлийнхэн намайг зодоод Ариундарийн ээж Золзаяа гэх хүн ялыг нь үүрээд ял авч байсан. Ариундарийн ах нь Баянгол дүүргийн эрүүгийн төлөөлөгч Ариунболд гэдэг хүн байдаг. Энэ хүмүүс урьд нь Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар миний хийгээгүй хэргээр намайг яллуулж байсан. Би утасныхаа дугаарыг нууцалж Ариундарь руу залгаагүй, Ариундарь над руу өөрөө залгасан. Тэгээд намайг эмнэлэг дээр хүрээд ир гэж дуудахаар нь эмнэлэг дээр 2 удаа очиж уулзсан. Ариундарь бид хоёр хамт хонож байгаагүй. Тэрнээс хойш жилийн дараа намайг Эрүүгийн цагдаагийн газрын эрэн сурвалжлах хэлтэсээс хайж байна гэхээр нь яваад очиход ийм хэрэгт холбогдсон байсан. Би Ариундарьтай утсаар ярих гэхээр зугатаад байдаг. Тэгэхээр нь би чи шүүх дээр ирээд тайлбар өгөөч гэж утсаар ярихад би очиж чадахгүй, наад асуудлаа өөрөө шийдүүл, би өргөдөл өгөөгүй ээж өргөдөл өгсөн байсан гэж надад хэлсэн гэв.

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Ариундарийн: ...тэгээд намайг суу гэж суулгаж аваад явсан. Тэгээд намайг пиво уу гээд шахсан. Тэгээд такситайгаа яваад Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр “Моника” нэртэй зочид буудлын 2 давхрын өрөөнд орсон. Тэгээд тэнд намайг пивоор шахсан, би угаасаа ууж чаддаггүй, жоохон уугаад согтчихдог болохоор тэгээд тасарсан байсан. Ойролцоогоор 3-4 лаазтай пиво уугаад тасарсан байсан. Нэг сэрсэн чинь өглөө болсон байсан. Тэгээд сэрээд надад мөнгө байхгүй ахиж архи ууя гэж хэлсэн...маргааш өглөө нь сэрсэн чинь мөнгө нь дууссан байсан. Тэгээд ахиад гараад явах гэсэн чинь чамд ахиад мөнгө байна уу гэсэн. Тэгэхээр нь би байхгүй гэсэн чинь гар утсыг авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө ломбарданд тавиад мөнгө авч өгье гэж хэлсэн. Тэгээд Сансарын ломбарданд очоод барьцаанд 100.000 төгрөгөөр тавьж өгчихөөд одоо явлаа гээд явсан. Тэгээд Сансарын байрнуудын гол руу ороод хойд зам руу явж байсан чинь араас ирээд намайг зодсон. Баруун гараараа эхлээд нүд рүү цохисон, тэгээд ахиж цохиод би унасан чинь намайг унасан байхад дээрээс нэмж зодоод байсан. Тэгээд намайг Төмөр зам руу аваад явсан. Тундага гэдэг найзынх руугаа аваад явсан. Тэнд нь очсон чинь баахан найз нар нь архи ууж байсан. Тэнд очоод ахиад л би уу гэсэн архинаас нь айгаад жоохон уугаад тасарчихсан, тэгээд босч ирээд архи уугаад л тасарчихаад байсан. Тэнд найзынд нь 3 өдөр болсон...Б.Э нь надад маш догшин байдаг. Надтай хамт амьдарч байх хугацаандаа намайг маш их зодож дарамталдаг байсан. Дээр нь маш их архи уудаг. Б.Э шоронгоос гарч ирээд үргэлж согтуу ярьж дарамтлаад, таарах болгондоо намайг зодож цохин хүсээгүй байхад байнга бэлгийн харьцаанд орж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 9846 дугаартай дүгнэлтэнд:

1.2. Н.Ариундарийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжний баруун дээд хэсэг, хажуу хэсэг, баруун мөр, бугалга, шуу, зүүн бугалга, баруун гуя, өвдөг, зүүн өвдөгт цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн далны доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Б.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 26, 29, 32-69 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

    Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Б.Энь 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, салсан эхнэр Н.Ариундарийг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

          Шүүгдэгч Б.Энь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, салсан эхнэр Н.Ариундарийг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос Б.Б.Эын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

Иймд Прокуророос Б.Б.Эын  бусдын  эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн  хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Б.Б.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас доллон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Энь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, салсан эхнэр Н.Ариундарийг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх ба түүнээс хойш нэг жил өнгөрсөн тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

  Хохирогч Н.Ариундарь нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Б.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б.Б.Эыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

           3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

           4. Хохирогч Н.Ариундарь нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Б.Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

         

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.АЛТАНЦЭЦЭГ