| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/0733/Э |
| Дугаар | 1224 |
| Огноо | 2018-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 1224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
улсын яллагч Б.Чимгээ
шүүгдэгч Ю.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.С холбогдох эрүүгийн 1806 0192 00992 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ю.С
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Ю.С нь Х.Сүрэнжавтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Монгол хотхоны 66/ж/ байрны 13 тоотод дуудлагаар очсон хууль сахиулагч С.Билгүүн, Б.Төрбат нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Энэ үед Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, жолооч С.Билгүүнийг хазах, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.С мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай нөхрийн төрсөн өдөр болсон. Энэ өдөр ажлын өдөр байсан болохоор 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нөхрийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаад ийм зүйл болсон гэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Билгүүний: ...2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01 цаг 10 минутын орчим Хулан гэдэг хүнээс дуудлага ирсэн. Баянзүрх дүүргийн 16-р хороо, Монгол хотхоны 66-ийн Ж байрны 3 давхарт зодоон болоод байна гэж дуудлага ирсний дагуу дуудлага дээр очиход 3 давхарын 13 тоот айлд зодоон болж байсан. Уг айлд ороход 4-5 эмэгтэй согтуу, 3 бага насны хүүхэд байсан. Эрэгтэйчүүд нь хоорондоо зодолдож байсныг болиулаад зодолдсон хүмүүсийг хэлтэс рүү авч явах гэтэл цагдаагийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн хэл амаар доромжилж гэрээс гар гэж хөөсөн. Тэгэхэд Улиастай 10-тай холбогдож Улиастай 115-ийг нэмэлтээр дуудсан. Ахмад Отгонбаатар цагдаа жолоочийн хамт ирсэн. Ирэхэд мөн адил шаардлага эсэргүүцэж хэл амаар доромжилсон. Тухайн үед уг дуудлагаар очсон газар бүгд согтуу хоорондоо зодолдож орхиж явах боломжгүй байсан. Хоорондоо зодолдож байсан эрэгтэйчүүдийг нь хэлтэс рүү нь авч явах гэтэл эмэгтэйчүүд нь явуулахгүй гэж тал талаас зулгаагаад тусгай хэрэгсэл гав нэг эмэгтэй булааж авч нуусан. Тухайн үед эрэгтэйчүүд нь хүүхдээ тэвэрч гарч ирж толгой нүүрэн тус газар цохих үед миний харааны нүдний шил унаж алга болсон. Баруун гараас барьж байсан эмэгтэй баруун гарын чигчий хуруу хазсан, уруулан тус газар нэг эрэгтэй нь гараараа цохисон. Ахмад Отгонбаатар уг үймээн дундаас сугалан авч явж эрүүлжүүлсэн. Араас нь эмэгтэйчүүд залуучуудын үймээн дундаас зугтааж гарсан албаны машинд суугаад хөдлөх гэтэл хоёр эмэгтэй ирээд машин хааж 30 орчим минут дуудлаганд явуулахгүй машин хааж зогссон. Зогсч байх хугацаандаа гар утас нэхээд миний гар утас алга болсон гээд худлаа хэлээд явуулахгүй байсан бөгөөд шаардлага тавихад өөдөөс салаавч гаргаж, хэл амаар доромжлоход бичлэг хийлээ гээд машины таблетийг авч шидсэн. Тэгээд уг хоёр эмэгтэйг машиндаа суулгаж хэлтэс дээр авч ирсэн. Баруун гарын чигчийн хуруу болон уруулнаас цус гарч байна...
...Төрбат бэртэж гэмтсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна, өмссөн хантааз нь урагдсан байсан. Харин миний нүүрэн тус газар Сүүгий ах гэж дуудаад байсан халамцуу хүн цохиж гэмтээсэн, хурууг махлаг халамцуу эмэгтэй хазаж гэмтээсэн. Надад шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан санал, хүсэлт байхгүй. Тэр хүмүүс бид хоёроос уучлал гуйж, хантааз аваарай гэж 100.000 төгрөг өгсөн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 12-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Төрбатын: ...Зодолдож байсан эрэгтэйчүүдийг авч гарах гэтэл эмэгтэйчүүд нь явуулахгүй гээд хориглоод орилолдоод байсан. Бид хоёрын хүч хүрээгүй, тухайн үед уг хүмүүс бүгд согтолтын зэрэгтэй биеэ авч явах чадваргүй байсан. Тэнд 2-3 бага насны хүүхдүүд уйлалдаад байсан. Тэгээд ингэж орхих боломжгүй учраас эдгээр хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд нь эрсдэл учруулахгүй байхаас урьдчилан сэргийлж Улиастай 10-д мэдэгдэж, Улиастай 115-г нэмэлтээр дуудсан. Би тухайн хүмүүсийг салгаад байж байтал ахимаг насны хүүхэд тэвэрсэн эрэгтэй хүн гарч ирээд миний толгой руу гараа зангидаад цохисон. Эмэгтэйчүүд нь энд тэндээс татаж чангаагаад ногоон хантааз урсан. Энэ үймээн дундаас Отгонбаатар ахмад нэг эрэгтэйг нь аваад гарсан. Бид хоёр араас нь гарсан. Тэгтэл хоёр эмэгтэй гарч ирээд машины хаалга хаалгахгүй тээглэж зогсоод манай нөхрийг аваад явлаа, 1.300.000 төгрөгийн утас алга боллоо төлж өг гээд байсан. Тэгэхээр нь би тэр утсыг чинь мэдэхгүй байна, хараа ч үгүй, тийм утас. Биднийг явуулаач ээ дуудлагатай байна, бид нарын үйл ажиллагаанд гомдолтой бол цагдаагийн хэлтэс дээр очиж гомдол гаргаж болно гэж хэлсэн. Тэгээд манай цагдаа руу салаавч гараад байсан. Намайг эмнэлэгт очвол би чамайг норкозонд оруулж ална гээд байсан, би чамайг амьтан болгоно оо, арчаагүй болгоно оо гэж сүрдүүлсэн. Энэ бүхнийг гар утас дээрээ бичиж баримтжуулсан...
...Би бэртэж гэмтээгүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Тэр хүмүүс уучлал гуйж, бид хоёрт хантааз аваарай гэж 100.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 15-16 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2930 дугаартай дүгнэлтэнд:
1.2. С.Билгүүний биед доод уруулын язрал, цус хуралт, баруун гарын 5-р хурууны хазагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Бямбацогтын: ...2018 оны 02 дугаар сарын сүүлээр өдрийг санахгүй байна, шөнө Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Улиастай-115 чиглэлийн автомашинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад Улиастай-113 чиглэлд гарч байсан офицер Төрбат, цагдаа Билгүүн нар Баянзүрх дүүргийн 16-р хороо Монгол хотхон 66 /Ж /байрны тоотыг санахгүй байна, дуудлагаар очиход нь хууль ёсны тавьсан шаардлага эсэргүүцээд дийлдэхгүй байна гэж жижүүрээс бидэнд мэдэгдэж нэмэгдлээр очиж шалгахад архи дарх хэрэглэсэн гэхээр ах, дүү нар бололтой хүмүүс нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж, орон сууцны айлуудын амгалан тайван байдал алдагдуулан, дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч болох Төрбат, Билгүүн нарын хууль ёсны тавьсан шаардлага эсэргүүцсэн, хэн нь мэдэхгүй тэр хоёрын хантааз урчихсан байдалтай Билгүүний баруун гарнаас цус гарч байсан. Гэхдээ Билгүүний гарыг хэн, яаж гэмтээснийг хараагүй. Улмаар Отгонбаатар ахмад бид хоёр шууд төрсөн өдрийн эзэн согтуурсан байсан Тэрбиш гэх хүнийг авч түрүүлээд цагдаагийн хэлтэст хүргэж ирсэн. Тухайн үед Төрбат, Билгүүн нар өөрөөр яаж хохирсон талаар бужигнаж байсан болохоор сайн анзаараагүй. Харин Отгонбаатар ахмад бид хоёрт ямар нэг учирсан хохирол байхгүй, биднийг ноцтой эсэргүүцсэн зүйл тухайн үед болоогүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Уламбаярын: ...Тэр шөнө 00 цаг өнгөрөөгөөд байх манай дээд талын айлд хэрүүл маргаан болоод орилоод амраахгүй болохоор нь 98105603 дугаараас цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед гэртээ амарч байсан болохоор юу болсон талаар хараагүй тул мэдэхгүй байна. Тэгээд цагдаа ирээд хэсэг орилолдож байгаад чимээгүй болсон. Мөн тэр айлын хүмүүс дуудлагаар ирсэн цагдаа нартай маргасан байх, өөр мэдэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,
- Шүүгдэгч Ю.Сын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46, 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Ю.С нь Х.Сүрэнжавтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Монгол хотхоны 66/Ж/ байрны 13 тоотод дуудлагаар очсон хууль сахиулагч С.Билгүүн, Б.Төрбат нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн ,
Энэ үед Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, жолооч С.Билгүүнийг хазах, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон байна.
Шүүгдэгч Ю.С нь Х.Сүрэнжавтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Монгол хотхоны 66/Ж/ байрны 13 тоотод дуудлагаар очсон хууль сахиулагч С.Билгүүн, Б.Төрбат нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг ,
Мөн энэ үед Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, жолооч С.Билгүүнийг хазах, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Ю.Сын хууль сахиулагч С.Билгүүн, Б.Төрбат нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, энэ үедээ эргүүлийн цагдаа, жолооч С.Билгүүнийг хазах, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн үйлдлийг 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Прокуророос Ю.Сын гэм буруугийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсгүүд тохирсон, дээрх зүйл хэсгүүдээр Ю.Сод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч С.Билгүүн, Б.Төрбат нар нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болон бичгээр гаргасан хүсэлтээрээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 13, 16, 56, 57 дугаар тал/
Шүүгдэгч Ю.С нь Х.Сүрэнжавтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Монгол хотхоны 66/Ж/ байрны 13 тоотод дуудлагаар очсон хууль сахиулагч С.Билгүүн, Б.Төрбат нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн байх ба Х. Сүрэнжав нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр УБ- Франкфурт чиглэлийн Ом-137 аялалын онгоцоор Монгол улсын хилээр гарсан нөхцөл байдал тогтоогдож Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 180606480 тоот Прокурорын тогтоолоор Х. Сүрэнжавт холбогдох хэргийг тусгаарласан байна. /хх-н 99-р тал/
Шүүгдэгч Ю.Сод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ю.Сод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ю.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ю.С 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ю.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж, нийт 3150 /гурван мянга нэг зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ю.С нь нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Ю.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ю.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ