Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/1186

 

 

 

 

    2025            10             07                                         2025/ДШМ/1186

 

Э.Н-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

шүүгдэгч Э.Н-, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр,  

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1839 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Н-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2209000001451 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б- овгийн Э-гийн Н-, ........., /РД: УП......../,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 116
дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ........5 дугаар зүйлийн
........5.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 35117 дүгээр шийтгэх тогтоолоор
Эрүүгийн хуулийн тусгай ангийн ........5 дугаар зүйлийн ........5.1 дэх хэсэгт заасан гэмт
хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр
зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт
зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар
сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/266 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3
жилийн хугацаагаар тэнссэн.

Шүүгдэгч Э.Н- нь Д.Э-тай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын
01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
“Шангри-Ла Улаанбаатар” төвийн 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Литтл
Шип” нэртэй хоолны газарт хооллож байсан иргэн Б.А-гийн 960 сорьцтой,
756,000 төгрөгийн үнэлгээ бүхий алтан бөгжийг санаатайгаар, хүч хэрэглэлгүй,
нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6......... дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ын урьд цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Э.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би бага байхдаа ах, дүү, хоёрын хамтаар өнчин хоцорч, хажуугаас хэлж, ярьж, зааж зөвлөх эцэг, эхгүй үлдэж буруу замын найз нөхөдтэй болж өмнө нь хоёр удаа ял шийтгэл авч байсан бөгөөд маш их ичиж харамсаж байна.

Би одоо 36 настай миний том охин 18 настай болж амьдралд анхны алхмаа хийж байгаа. Би яг энэ насан дээрээ алдаж явсан ба өөрийн амьдралыг бодож над шиг битгий алдаасай, ирээдүйн амьдралдаа хар толбо битгий үлдээгээсэй, буруу найз нөхөдтэй болж яг л би ээж нь хамт байх ёстой гэж бодон айсандаа анхан шатны тойргийн шүүх хуралдаанд буруу зөрүү ярьж эрх зүйн байдлаа дордуулсан.

Учир нь, аав шиг минь түшиг тулгуур болж байсан ах маань нас барж, дүү охины нөхөр буюу хүргэн мөн л нас барж, би гэх хүн өөрийн хоёр хүүхэд, бэлэвсэн хоцорсон дүү охиноо бодож маш их шаналж, сэтгэл санааны гүн хямралтай эх орондоо ирсэн бөгөөд нисэх онгоцны буудлаас шууд баривчлагдаж хоригдсон билээ.

Миний бие санаатайгаар тухайн хэргээс оргон зайлаагүй талаар баривчлагдан хоригдсоныхоо дараа тайлбар мэдүүлэг өгсөн ба тухайн хэргийн хохирол төлбөр төлөгдсөн. Гэтэл Монгол Улсын иргэний үүргээ биелүүлээгүй, мөн хамтран оролцсоноо ухамсарлахгүй буруу зөрүү ярьсандаа маш их харамсаж байна.

Миний ард надад үлдсэн ганц төрсөн дүү болоод бид хоёрын 4 хүүхэдтэйгээ хамт амьдрах сайхан боломж хайртай хүмүүсээ алдсан зовлон шаналаа хамтдаа туулах гэсэн дээ, тэдэнтэйгээ хамт байхыг хүссэндээ буруу зөрүү ярьснаа үнэхээр ухамсарлан ойлгож байна. Одоо би өрхийн тэргүүн, гэр бүлээ зөв зүйтэй авч явах маш их хариуцлага хүлээж үлдсэн эмэгтэй хүн, эгч хүн, ээж хүн болоод байгаа минь бодолцон үзээд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.

Миний бие цаашдаа сайн ээж, сайн эгч байж өөрийн гэр бүлээ зөв хүмүүжүүлж мөн хууль бус үйлдэл огт хийхгүй шударгаар хөдөлмөрлөж амьдарна гэдгээ амлаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Н-ын өмгөөлөгч Г.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийг Д.Э-тай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн боловч хэрэгт авагдсан баримтаар Э.Н-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд учир дутагдалтай байдаг. Өмгөөлөгчийн зүгээс энэ талаар хэлж, яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд маргаж оролцсон. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа гэм буруугаа  хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээр прокурорын гаргасан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналаас хэтрүүлж 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн учир нь маргасан гэсэн үндэслэлээр зүйлчлэлийг хүндрүүлсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Тэрээр бага насны хоёр хүүхэдтэй, хохирол төлбөргүй, тухайн гэмт хэрэгтээ эрэн сурвалжлагдаж байгаад баригдаж хоригдсон. Гэмт хэргийг хамт үйлдсэн нөгөө этгээд нь зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн байтал хамтран оролцсон гэдэг үүднээс түүнд хорих ял оногдуулсан нь хүндэдсэн. Иймд Э.Н-ын хувийн байдал, гэм буруугаа ухамсарласан байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, үйл баримт, эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруу дээрээ маргасан учраас миний үйлчлүүлэгчид хүнд ял шийтгэл оногдуулсан гэж байгаа боловч шүүх шийтгэх тогтоолын 6 дахь талд хорих ял оногдуулах болсон үндэслэлээ тайлбарласан. Шүүгдэгч нь урьд хорих ялаар шийтгүүлж байсан ч дахин гэмт хэрэг үйлдсэн, засрал хүмүүжил олоогүй байдлыг харгалзан хорих ял шийтгэсэн гэсэн нь үндэслэлтэй. Улсын яллагчаас анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Н-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан ч шийтгэх тогтоолыг гардаж аваад шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн хувийн байдалтай тохирсон гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа үед шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ арилсан зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж шийдвэрлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Н-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Э.Н- нь Д.Э-тай бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангри-Ла Улаанбаатар” төвийн 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Литтл Шип” нэртэй хоолны газарт хооллож байсан иргэн Б.А-гийн 960 сорьцтой, 756,000 төгрөгийн үнэлгээ бүхий алтан бөгжийг санаатайгаар, хүч хэрэглэлгүй, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

хохирогч Б.А-гийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цагийн орчим 2 найзтайгаа хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Галлерей төвийн 3 давхарт байрлах “Литтл Шип” ресторан орж хоол идэж байсан. Тэгээд миний гар хөөгөөд байдаг болохоор гарт байсан бөгжөө аваад бугуйн цагныхаа оосорт хийгээд оосрыг нь түгжээд куртикнийхээ халаасанд хийсэн. Куртикээ сууж байсан сандалдаа тохоод тавьсан. Тэгээд гарах болоод куртикнийхээ халаасыг үзэхэд цаг нь байсан ч бөгж маань алга болчихсон байсан. Тэгээд хяналтын камерыг нь шүүж үзэхэд 2 эмэгтэй хүн миний сууж байсан ширээний ард талын ширээнд сууж байсан ба нэг нь миний куртикийг хөдөлгөөд байх шиг харагдаж байсан ба нөгөөдөх нь өөр юм хийгээд сууж байх шиг байсан. Миний бөгжийг олж өгсөн болохоор надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. ...” /хх 23/,

гэрч С.О-ы “...Би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 18 дугаар байранд үйл ажиллагаа явуулж буй “Хийморь” нэртэй ломбардад зээлийн менежерээр ажилладаг. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад 2 эмэгтэй орж ирээд алтан бөгж барьцаанд тавьсан. Э- овогтой Н- гэдэг хүний нэрээр алтан бөгж 550,000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Э.Н- нь ганцаараа ирж мөнгийг нь төлөөд барьцаанд тавьсан бөгжөө эргүүлэн аваад явсан. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр бөгжөө авахдаа мөнийг ............. тоот данстай Д.Э- гэдэг хүнээс шилжүүлсэн. Анх бөгжийг барьцаанд тавьж мөнгийг Э.Н- нь хүний .......... тоот дансаар авсан. ...” гэх мэдүүлэг /хх 31-32/ гэсэн мэдүүлгүүд,

“Хийморь интернэшнл” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 98/,

С.О-ы эзэмшлийн Хаан банкны ............... тоот данснаас Э.Н-ын эзэмшлийн Хаан банкны ................. тоот данс руу 550,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх 97/,

“Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн СБ1-22-891 дугаар дүгнэлтээр хулгайд алдагдсан бөгжийг 756,000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх 33-34/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-17/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34......... дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Н-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Н- нь Д.Э-тай бүлэглэн хохирогч Б.А-гийн “алтан бөгж”-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 756,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Э.Н-ын бусадтай бүлэглэн хохирогч Б.А-гийн эзэмшлийн 960 сорьцын алтан бөгжийг хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Э.Н-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, мөн хохирогч Б.А-гийн “...гомдол саналгүй...” гэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тодорхойгүй буюу ямар хугацаатай эсэхийг орхигдуулж бичсэнийг нэг мөр зөвтгөн өөрчилсөн болно.  

Иймд шүүгдэгч Э.Н-ын гаргасан “...хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгасан өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Э.Н-ын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1839 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын: “...шүүгдэгч Э.Н-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар. ...” гэснийг “...шүүгдэгч Э.Н-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар. ...” гэж,  

- 4 дэх заалтыг: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш ........ хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.


               ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                                     Г.ГАНБААТАР

             ШҮҮГЧ                                                     Л.ОДОНЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                     Т.ШИНЭБАЯР