| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1188/Э |
| Дугаар | 1266 |
| Огноо | 2018-09-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 1266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Л.А,
хохирогч А.Нина, О.Цэгмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Л.А
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А холбогдох эрүүгийн 1803 0048 30283 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Л.А нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 05 цаг 30 минутын орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхор өртөөний баруун замд 59-09 УБЗ улсын дугаартай KIA-k-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Ц.Ганбаатар, Д.Сандагсүрэн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, О.Цэгмидийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Нинагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А мэдүүлэхдээ: Манай ангийн Дамдин гэх залуу уурхайд ажилладаг. Ангийн нийллэг болоход Дамдин ирээгүй. Тухайн үед эхнэр хүүхэд нь нас барсан байсан. Дамдингийн ажил нь Цонжин Болдогийн ойролцоо байдаг учраас хүрээд ир гэсэн. Бид 6 дугаар сарын 2-ны орой очоод 3-ны өглөө буцаж ирсэн. Ирэх замд Хонхорын ойролцоо осолд орсон. Тухайн үед нийт 5 хүн явсан ба дөрвөн хүн нь бэртсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Нина мэдүүлэхдээ: Аварзэдийн ярьсантай ижил байна. Бид 38 жилийн дараа өнгөрсөн 6 дугаар сард уулзсан. Дамдин ирээгүй. Тухайн үед эхнэр хүүхэд нь нас барсан байсан. Бид хоорондоо ярьж байгаад унаа олдохгүй болохоор Л.А би унаатайгаа явъя гэсэн. Оройдоо ирнэ гэж ярьсан байсан. Бид хоолоо идчихээд нэг шил архи тойруулж уусан. Л.А архи уудаггүй. Бид тоглож хожигдсон нь явж унтъя гэсэн. Шөнө гурван цаг өнгөрөөд Цэгмид бид хоёр хэвтсэн. Бид гэгээ ороход хоёрын хооронд унтаад яах вэ гэж яриад наашаа гарсан. Миний хувьд хүнд гэмтэл авсан. Сайн эмч нарын ачаар зовиур бага болсон. Нэг талын хавирга бага зэрэг хугаралттай байгаа. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Цэгмид мэдүүлэхдээ: Надад хэргийн талаар ярих зүйлгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-23 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор О.Цэгмидийн: ...2018.06.02-ны орой манай ангийн хүүхдүүд уулзаад Баяндаваагийн тэнд нэг маань ажилладаг газарт очиж хорхог хийж идээд хөзөр тоглоод байж байтал үүр цайгаад гэгээ орсон байсан учраас хот руугаа явцгаана гээд Аварзэдийн 59-09 УБЗ машины хойд талын жолоочийн арын хэсэгт суугаад хойд дунд талд Нина, Нинагийн цаад талд Ганбаатар, урд талд Сандагсүрэн суугаад Аварзэд жолоогоо бариад хөдөлсөн. Тэгээд Хонхорын замд явж байтал машин дайвалзаад би унтаж байснаа сэрээд яасан зүгээр үү үүрэглэсэн юм уу гэхэд үгүй эргүүл гээд шууд замд хажуу тал руу гарах шиг болоод онхолдсон. Дайвалзаад онхолдоход дугуй нь дээшээ хараад зогссон. Үүнээс өмнө 2-3 удаа өнхөрч байгаад тогтоход би өөрөө машинаас гарсан. Тэгээд газарт хэвтэж байгаад машиныг хөдөлгөөд сууж байтал түргэн ирээд аваад явсан. осол маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. 2 тийшээ жолоогоо дарж дайвалзаад хар замаас гарч онхолдсон. Тухайн үед бороо орж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор А.Нинагийн: ...2018.06.02-ны манай Говь-Алтай аймгийн найман жилийн сургууль төгссөн ангийн хүүхдүүд уулзана гээд Баяндаваагийн тийшээ ангийн хүүхэд байдаг газарт очоод хорхог идээд оройжин хөзөр тоглож, бичлэг үзэж байж байгаад би хэсэг унтаад сэрэхэд хот явах болсон байсан бөгөөд уг нь хонохгүй оройдоо ирнэ гэж байсан юм. Ингээд нөгөө газраас өглөө үүрээр Аварзэдийн машинд /59-09 УБЗ/ суугаад хот руу хөдөлсөн. Бид нарын хэн ч архи дарс огт ууж хэрэглээгүй юм. Би унтаагүй явж байсан. Тухайн үед бороо орж байсан, зам чөлөөтэй машингүй, үзэгдэх орчин чөлөөтэй, Хонхорын зам Хонхор өнгөрөөд явж байсан, машин хажуу тийшээ муруйх шиг болсноо замаас гараад онхолдсон. Эхний өнхөрснийг мэдээд түүнээс хойшюу болсныг мэдэхгүй. Нэг сэрэхэд газарт доошоо хараад хэвтэж, амьсгаа авч болохгүй байсан. Би эргүүлээд өгөөч гэж тэр хүнд хэлэхэд дахиж ирээд үзнэ гэсэн. Түргэн их хурдан ирсэн бөгөөд Гэмтлийн эмнэлэг рүү явж эмчилгээ хийгдэж эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7175 дугаартай дүгнэлтэнд:
1. А.Нинагийн биед тархи доргилт, сээрний 9-р нугаламын их биений шахагдсан хугарал, баруун, зүүн хөндлөн сэртэн, арын сэртэн, неврал аркны хугарал, сээрний 7, 8, 9-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, 2 талын олон хавирганы далд хугарал, зүүн дал ясны хугарал, баруун, зүүн уушгины ар гадаргуун няцрал, доод дэлбэнгийн арын 9, 10-р сегментын коллапс, цээжний баруун зүүн хөндийн шингэн хуралдалт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна булангийн цус хуралт, баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 86 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7235 дугаартай дүгнэлтэнд:
1. О.Цэгмидийн биед өвчүүний бүдэрхийн зөрүүгүй хугарал, сээрний 5-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 89 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7231 дүгээртэй дүгнэлтэнд:
1. Д.Сандагсүрэнгийн биед дух, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, шуу, бугалга тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 80 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7233 дугаартай дүгнэлтэнд:
1. Ц.Ганбаатарын биед баруун чихний дэлбэн, баруун шанаанд зулгаралт, зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-н 83 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Л.Аийн: ...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай ангийн залуу түрүү жил төгсөлтийнхөө уулзалтанд ирж чадаагүй гээд хотод ирсэн, хэдүүлээ салхинд гарч хорхог иднэ гээд Баяндавааны тэнд байх нэг газарт манай ангийн хүүхэд манаач хийдэг бөгөөд тэнд очиж хоноод өглөө эрт өөрийнхөө эзэмшлийн 59-09 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодоод, хажууд урд талд Сандагсүрэн, ар талын суудалд Ганбаатар, Нина, Цэгмид нар суугаад тэр газраас хөдлөөд явж Хонхорын орчимд 80 км цагийн хурдтайгаар явж байгаад жолоогоо эсрэг тал руугаа дарахад машин гэнэт онхолдоод замын хажуу гараад дөрвөн дугуй дээшээ хараад зогссон байсан юм. Би хамгаалалтын бүсээ зүүсэн байсан бөгөөд би өөрөө машинаас гарахад нөгөө дөрвүүлээ машинаас гарсан байж байсан. Би 103 руу залгаж түргэн дуудаад дараа нь цагдаагийн байгууллагад осол гарсан талаар хэлж мэдэгдсэн. Ингээд түргэн ирээд манай ангийн дөрвөн хүүхдийг аваад явсан, би цагдаад анх онхолдсон цэгээ зааж өгч хэмжилт хийлгэсэн. Тухайн өглөө зам чийгтэй, бороо дусалж байсан бөгөөд үзэгдэх орчин чөлөөтэй, зам машингүй байсан. Би бол тухайн үед 80 км цагийн хурдтай зүүнээс баруун тийшээ хот орох гээд явсан жолоогоо эсрэг дарсны дараа бол тоормоз гишгэж амжихгүйгээр онхолдсон юм. Бороотой байсан, машин шарваад осол болсон байх гэж дүгнэж байгаа. Би бол огт архи дарс хэрэглээгүй, эрүүл жолоо барьж явсан юм. Хохирогч нарт учирсан хохирлыг даатгалын байгууллагаас гаргаж өгөх болсон бөгөөд ганц шалтгаан шүүхийн шийдвэр гарсны дараа олгогдох ёстой гэж байна. лээ. Миний хувьд даатгалд өгөх материалаа бүрдүүлсэн байгаа...гэх мэдүүлэг /хх-н 105-106 дугаар тал/,
Замын цагдаагийн албаны 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 428 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Киа К-3 маркийн 59-09 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Лувсанмөрийн Аварзэд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1.-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шинжээч, цагдаагийн хошууч Б.Батзориг гэх дүгнэлт /хх-ийн 97 дугаар тал/,
- Осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7-11 дүгээр тал/,
- Шүүгдэгч Л.Аийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 123, 124 дүгээр тал/,
- Хохирогч О.Цэгмидээс гаргаж өгсөн хохирлын баримтууд 119.000+159.000+121.000+27.000+115.000+270.000=811.000 төгрөг /хх-ийн 36-41 дүгээр тал/
2420+420+19450+3200+18.000+14.000+12.000+6162+11.900+420+9250+19.200+21.050+5200+3200+7579+5050+3200+25000+420+25.000+6850+6.000+48583+6.000+8400+10650+403.200+326.000+320.000+19.008+25.000+20.000+20.000+20.000+38008+20.000+20.000+20.000+20.000+30.000+10.000=1.609.820 төгрөгийн бичгийн баримтуудыг ирүүлсэн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: Л.А нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 05 цаг 30 минутын орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхор өртөөний баруун замд 59-09 УБЗ улсын дугаартай KIA-k-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Ц.Ганбаатар, Д.Сандагсүрэн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, О.Цэгмидийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Нинагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Л.А нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхор өртөөний баруун замд 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 05 цаг 30 минутын орчимд 59-09 УБЗ улсын дугаартай KIA-k-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Ц.Ганбаатар, Д.Сандагсүрэн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, О.Цэгмидийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Нинагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Тээврийн Прокурорын газраас Л.Аийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.
Шүүгдэгч Л.Аийн гэм буруугийн болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3- д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч Л.А нь хохирогч А.Нинад 3.000.000 төгрөгийг, хохирогч О.Цэгмидэд 1.000.000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн байх тул одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 177-178 дугаар тал/
Хохирогч О.Цэгмид, А.Нина нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Л.А нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 67 дугаар тал/
Шүүгдэгч Л.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Л.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Л.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүгдэгч Л.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлж, гэмшиж буйгаа илэрхийлж байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Л.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Л.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Л.А нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.А тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Л.А тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт одоогоор нотлох баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Хохирогч А.Нина, О.Цэгмид нь цаашид гарах зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л. Аварзэдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн 01741456 дугаартай 59-09 УБЗ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Л.Аэд буцаан олгож, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэрэгт хураагдан ирсэн Л.Аийн 108193 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба Л.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
11. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ