Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар  2025/ДШМ/1187 

 

   

 

 

 

  2025            10             07                                        2025/ДШМ/1187                    

 

Ш.Э-, Г.Т- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бичинхүү,

шүүгдэгч Г.Т-,

шүүгдэгч Ш.Э-ын өмгөөлөгч М.Сугар,

нарийн бичгийн дарга Т.МөнхТ- нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/1927 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Б.Түвшинбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ш.Э-, Г.Т- нарт холбогдох эрүүгийн 2505009620976 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Р- овгийн Ш- Э-, ..........., ял шийтгэлгүй, /РД: ЗП......../;

2. Б- овгийн Г-ийн Т-, ..........., ял шийтгэлгүй, /РД: ФВ........../;

Шүүгдэгч Ш.Э-, Г.Т- нар нь 2025 оны 01 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Уулс” гэх буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдож Ш.Э- нь Г.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.Т- нь Ш.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ш.Э-ыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-ыг 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-гаас 5,940,000 төгрөг гаргуулан Ш.Э-ын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд олгуулж, Ш.Э-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэх асуудлыг хэлэлцэхгүй орхин иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, түүний бензиний зардалд 1,100,957 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Т-гаас 644,782 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлүүлж, шүүгдэгч Ш.Э- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Т-гийн өмгөөлөгч Б.Түвшинбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс оногдуулсан ял шийтгэл гэм буруугийн асуудалд Г.Т- нь ямар нэгэн маргаан гомдолгүй. Харин шийтгэх тогтоолын 4 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-гаас 5,940,000 төгрөг гаргуулан Ш.Э-ын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд олгуулахаар мөн Г.Т-гийн сэтгэцэд учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөгийг 4 дахин нэмэгдүүлснээр тооцон 2.640.000 төгрөгөөр тогтоож, хохирлын хэмжээг хасан тооцож нийт 5,940,000 төгрөгийг Ш.Э-д олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үндэслэлгүй гэж үзнэ.

Тухайлбал Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.2.1, 2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.

Иймд дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул шүүгдэгч, хохирогч Ш. Э-, Г.Т- нарын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөнгөн хэлбэрээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүхээс оногдуулсан ял шийтгэл, гэм буруугийн асуудалд ямар нэгэн маргаан гомдолгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно.

Гэвч тухайн хэрэг гарахад Ш.Э- бид хоёр хоорондоо үл ялих зүйлээс болж маргалдан харилцан зодолдож Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ба шүүхээс сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 5,940,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн миний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 2,640,000 төгрөгийг хасаж тооцсон.

Шийтгэх тогтоолоор эрүүл мэндийн даатгалд Ш.Э-ын 644,782 төгрөг, торгуулийн ял 600,000 төгрөг нийт 7,184,782 төгрөгийг хохирогчид төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргасан ба сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг тусгай мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргаагүй шийдсэн. Надад учирсан сэтгэцэд учирсан хохирлыг хасаж тооцсон. Миний бие торгуулийн ял болох 600,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын хохирол 644,782 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

Миний бие хөдөө орон нутгаас шилжин ирж ажиллах хугацаандаа гэмт хэрэгт холбогдож асар их өрөнд орсондоо харамсаж байна. Эцэг, эх маань нас барсан, хүүтэйгээ амьдардаг ба хүү маань ээжийн ах, дүү нараар байдаг. Би одоогоор ажлаасаа гарсан амьдралын хүнд байдалтай байгаа тул сэтгэцэд учирсан гэмт хорын хохирлыг дахин шинжилгээ хийлгэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Э-ын өмгөөлөгч М.Сугар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдолтой танилцаад гайхаж байна. Хэргийн 74-78 дахь талд сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой шинжээчийн дүгнэлт, 71-73  дахь талд тухайн шинжээчийн дүгнэлтийг танилцуулаад санал, хүсэлт байгаа эсэхийг асууж, гарын үсэг зуруулсан тэмдэглэл байгаа. Процессын ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байтал шүүгдэгч Г.Т-гийн өмгөөлөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийг шинжилгээний байгууллагаар гаргуулна гэсэн агуулгатай гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Бичинхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Т-гийн өмгөөлөгч мэргэжлийн байгууллагаар дахин дүгнэлт гаргуулах талаар гомдолдоо дурдсан байгаа ч хэргийн 72, 78 дахь талуудад шүүгдэгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт байдаг. Эдгээр дүгнэлтүүд нь 2025 оны 04, 06 дугаар саруудад гарсан. Мөн уг дүгнэлтүүдийг танилцуулсан тэмдэглэлүүд хэрэгт авагдсан. Эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулсаар байхад дахин гаргуулъя гэсэн нь үндэслэлгүй тул тус гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн шүүгдэгч Г.Т-гаас гаргасан гомдолд сэтгэцэд учирсан хохирлыг дахин шинжилгээ хийлгэж тогтоолгох хүсэлтэй байна гэсэн ч хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоолыг танилцуулж, гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Гэвч шүүгдэгч Г.Т-гаас мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд энэ талаар гомдол гаргаж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Б.Түвшинбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогч Г.Т-гийн “...Тухайн өдөр 18 цаг өнгөрч байхад миний таньдаг ах Б- над руу залгаад найз Б-тэйгээ хамт хүрээд ирээ, Төмөр замд буудалд байна гэж ярьсан. 21 цаг өнгөрч байхад Б- бид хоёр тухайн буудалд ороход өрөөний тоотыг санахгүй байна Б-, Бат-Эрдэнэ, Э- нар байсан, ширээн дээр “Сэнгүр” нэртэй лаазтай пиво байсан Э- гэх эмэгтэйг өмнө нь харж байгаагүй. Ортол Э- "ганцаараа ирэхгүй байсан юм уу, хоёр хүүхэн байсан юм уу" гэсэн. Тэгэхээр нь би “удахгүй гарчихна аа, манай найз” гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэйтэй танилцаад Б- болон бид хэд суугаад юм яриад сууж байтал Э- надад хандаад “чи ямар учиртай юм Б-, Б-нартай явалддаг юм уу” гээд байсан, бас чамайг харж байгаагүй юм байна, ойлгомжтой юм биш үү гээд байсан. Э- гэх эмэгтэй тэнд пиво уугаад хэсэг хугацааны дараа согтоод сууж байгаад “чи ер нь уух дуртай юм байна, биеэ үнэлдэг юм биш үү” гээд элдвээр хэлээд байхаар нь согтуу хүнтэй юу ярих вэ дээ гээд амыг нь дагуулаад тийм ээ гээд суугаад байсан юм. Би сууж байхдаа 2 пиво уусан, харин манай найз Б- нойр булчирхай өвддөг гээд уугаагүй. ...сууж байгаад “би гарлаа босоод гутлаа өмсөх гээд явтал Э- араас гүйж ирээд миний гараас татаад чи явах болоогүй ээ, хоёулаа цуг ууж байгаад явъя” гээд явуулаагүй. Би буцаж суугаад 1 пиво уугаад сууж байтал Э- архи, пиво холиод уугаад байсан, их хурдан согтоод хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Тэгээд удалгүй Э- “би явлаа, чи наадуултайгаа бай” гээд хувцсаа өмсөөд буудлын өрөөнөөс гарсан. Тэгээд их удаагүй буцаж орж ирээд надад хандаад “би яахаараа түрүүлж явах ёстой юм бэ, наад янхнаа хөөж гарга” гээд бид нар руу орилоод тэнд ширээн дээр байсан пиво авч шидээд Б-, Б-нарыг цохиод уйлаад, хашхираад байсан. ...Дараа нь над руу пиво авч шидээд миний хөлийг оносон, би гарах гээд хувцсаа өмсчихсөн гадуур хувцастайгаа сууж байсан юм. Тэгээд над руу ойртож ирээд цохих гэж дайраад байсан, тэнд байсан 3 ирээд салгаад холдуулах гэтэл дахиж ойртож миний үснээс гараараа зулгаасан ...ширээн дээр байсан шилтэй архи, ус буцалгагч, архи уусан аяга, лаазтай пиво аваад над руу шидэхээр нь миний уур хүрээд буцаагаад шидсэн зүйлсийг нь шидсэн. Э- миний шидсэн зүйлст оногдсон эсэхийг хараагүй, би хувцсаа өмсөөд буудлын өрөөнөөс гарах гэтэл Э- дахиад намайг зодох гээд дайраад надтай зууралдаад байсан, тэгэхээр нь би тэндээс гарах гээд гараараа цээж рүү нь түлхтэл газар унасан, буцаж уйлж босож ирэхэд шанаа хэсэг нь цус болчихсон байхаар нь би ойртож очоод гараараа дараад алчуур байна уу? цусыг нь тогтооё гэтэл над руу Э- “чам шиг янхнаар цусаа тогтоолгохгүй, биедээ хүргэхгүй” гээд орилоод байсан. Би тэнд байгаа хүмүүст хандаад наад хүнээ надаас холдуулчих гэж хэлээд хувцсаа өмсөөд буудлаас гараад явсан. ...” /хх 17-19/,

хохирогч Ш.Э-ын “...2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн найзууд болох Б-, Б-нартай уулзахаар тохироод 19 цагийн үед уулзсан юм, бид 3 уулзаад 22 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их уулс нэртэй буудалд бид 3 орсон буудалд орохдоо манай найз Б, Б- нар нь нэг багц сэнгүр нэртэй пиво авсан байсан бид 3 буудалдаа ороод уусан бөгөөд Б- нь удалгүй үл таних 2 эмэгтэйг тухайн буудлынхаа өрөөнд дуудсан тэгээд бид 5 юм яриад байж байтал тухайн 2 эмэгтэйн 1 эмэгтэй нь бие өвдөөд байна гээд унтаад өгсөн, үлдсэн нэг эмэгтэй нь над руу агсраад над руу утсаа шидээд ширээн дээр байсан шилэн аяга бололтой нэг зүйлээр намайг цохисон ...өрөөнд битгий тамхи тат гээд шаардлага тавихад тухайн эмэгтэй нь уурлаад намайг утсаараа нүүр рүү цохиод ширээн дээр байсан шилэн аяга мэт зүйлээр цохиод миний толгой болон нүүрнээс цус гараад би уйлсан. ...миний толгой хагарч би 5 оёдол тавиулсан, зүүн нүдний доод талд зүсэгдсэн надад дээрх гэмтлийг тухайн эмэгтэй л учруулсан өөр миний биед хэн нэгэн хүн халдаагүй. ...” /хх 11-12/,

гэрч Ц.Б-ийн “...Би найз нөхдийн холбоотой Т-, болон найз нь гэх Б яриад ганц хоёр пиво ууцгаах уу гэтэл тэгье гээд удахгүй Т-, Б- 2 орж ирсэн. Хамт сууж юм ярьж бүгдээрээ 22 ширхэг пиво уусан, Б- пиво уухгүй, цагаан архи ууя гэхээр нь Экс нэртэй 0,5 л-тэй архи авч өгөхөд 2 хундагыг уусан. ...Би босч 00 орчхоод гараад иртэл тэр хоёр өөд өөдөөсөө орилоод нэгнийгээ янхан гэж дуудаад хэрэлдэж байсан. Тэгтэл Э- шкафнаас куртикнийхээ халааснаас гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж байгаад буцаагаад халаасандаа утсаа хийчихээд эргэж хараад Э-, Т- руу задалчихсан лаазтай пиво аваад шидсэн. Тэгтэл Т- уурлаад зөрүүлээд юм шидээд байсан. Э-, Т- хоёрыг салгаж байхдаа түлхэгдээд буудлын коридорт гарч ирсэн. ...Т- бага зэргийн согтолттой байсан. Э- буудал руу ирэх замдаа машинд пиво уугаад халаад буудал руу орсон байсан, буудалд ороод нэмээд 2 ширхгийг уусан гэж санаж байна. Дунд зэргийн согтолттой байсан. Коридорт бас зодолдох гээд байхаар нь салгасан, буцаад өрөөнд орж ирээд бас нэг нэгнийхээ үснээс гараараа зулгаагаад би очоод салгах гэтэл Э-ын толгойноос цус гарч байгаа харагдсан. ...” /хх 23-24/,

гэрч Ж.Б “...Э-ыг Буянт Ухаа 1-ийн автобусны буудал дээрээс гэрийнх нь гаднаас аваад таксинд суугаад 10 дугаар хороолол, Хермесийн эсрэг талд Их уулс нэртэй зочид буудалд орохоор болоод Б- яармагаас гарахдаа авсан байсан “Сэнгүр” нэртэй 15-16 ширхэг байсан байх, задалчихсан пиво байсан, замдаа 2, 2 ширхгийг уугаад буудалдаа ирсэн. Буудалд ...,03

 

 

давхарт ... тоотод орохоор болсон. Тухайн буудал нь 2 өрөөтэй байсан. 21 цаг болж байхад буудалд орсон байх гэж санаж байна. Бид 3 ороод үүдний хэсэгтээ ширээ сандалтай байсан болохоор сууцгаагаад пиво уугаад байж байтал Б-ийн найз гэх өмнө нь уулзаж байсан Т- гэх эмэгтэй мөн түүний найз Б- нар бид нар буудлын өрөөнд ороод удаагүй байхад ирсэн. Тойрч суугаад юм яриад 2, 2 ширхэг пиво уугаад байж байтал өрөөнд улавч, тавчик байхгүй байсан болохоор Т- миний хөлөн дээр хөлөө тавьчихсан байж байтал хажуу талаас Э- хараад “жоохон хүүхэд байж чи архи уухаараа уусан архи чинь доошоо орчихдог юм уу” гээд маргалдахаар нь Б- больцгоо гээд болиулсан. Дахиад төд удалгүй Э- гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд фейсбүүк дээр тавина гэтэл Т-, Э-д хандаж “чи өөрөө хөгшин янхан биш үү” гэтэл Э-, Т-г үсдээд авсан. Энэ үед Б- байхгүй байсан, 00 орчихсон байсан. Б- тусдаа зурагтын хажууд байгаа сандал дээр сууж байгаад тэр хоёрыг хараад айгаад байх шиг байсан, орилоод нөгөө өрөө рүү гүйгээд орсон, өрөөний хаалга онгорхой байсан. Би Э-, Т- хоёрыг салгаад байж байтал Б- гарч ирсэн, тэр 2 тайвшраад байж байтал Э- гарлаа гээд хувцсаа өмчихөөд хаалга руу алхаж байгаад зурагтын өмнө байгаа ширээн дээрээс лаазтай пиво аваад Т- руу шидсэн, би болиулах гээд бостол ширээн дээр байсан бүх пиво, юмнуудыг гараараа түлхэж газарт унагаачхаад хаалга руу алхаж байтал араас нь Т- гүйж очоод үснээс нь зулгааж байгаа харагдсан, үүдэнд нэгнийхээ үснээс хоёулаа үстчихсэн байхаар би очоод салгах гэтэл Э-ын толгойноос цус гарчихсан байсан. ...” /хх 25-26/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0725/2789 дугаар шинжээчийн “...Ш.Э-ын биед зүүн хоншоор ясны өмнөд хана болон хамар ясны цөмөрсөн хугарал, баруун чамархай, зүүн хацарт шарх, баруун нүдний алимны салстын цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 48-50/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0725/2862 дугаар шинжээчийн “...Г.Т-гийн биед баруун чамархайн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шуу, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 57-58/ гэсэн дүгнэлтүүд зэргийг харьцуулан шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ш.Э-, Г.Т- нар нь 2025 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Уулс” гэх нэртэй буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан харилцан зодолдож, Ш.Э- нь Г.Т-гийн эрүүл мэндэд “...баруун чамархайн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шуу, цээжинд цус хуралт. ...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Г.Т- нь Ш.Э-ын эрүүл мэндэд “...зүүн хоншоор ясны өмнөд хана болон хамар ясны цөмөрсөн хугарал, баруун чамархай, зүүн хацарт шарх, баруун нүдний алимны салстын цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал. ...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч Ш.Э-, Г.Т- нарын гэм буруутай үйлдлүүдийг бодитой тогтоожээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ш.Э-ын хохирогч Г.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Г.Т-гийн хохирогч Ш.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Б.Түвшинбаяр нараас “...хохирогч Ш.Э-, Г.Т- нарын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөнгөн хэлбэрээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч, хохирогч Ш.Э-, шүүгдэгч, хохирогч Г.Т- нарын сэтгэцэд учирсан гэм хор уршгийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр тогтоосон нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт /хх 71-73, 77-78/-аар тогтоогдож байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай баримт /хх 91-92/-аар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, тус шинжээчийн “сэтгэцийн учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон” дүгнэлттэй хэргийн оролцогч нар танилцаж санал, эс зөвшөөрсөн талаарх гомдол гаргаагүй байна.  

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 806 дугаар, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЕГ0825/1582 дугаар шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч Ш.Э-, Г.Т- нарын “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг тогтоосон /хх 71-73, 77-78/  шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын дагуу хохирогч Ш.Э-ын сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 3 дугаар зэрэглэлд хамааруулж тодорхойлсныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр, хохирогч Г.Т-гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 1 дүгээр зэрэглэлд хамааруулж тодорхойлсныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоогдож, шүүгдэгч Ш.Э-ын сэтгэцэд учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлснээр тооцон 8,580,000 төгрөгөөр, шүүгдэгч Г.Т-гийн сэтгэцэд учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 4 дахин нэмэгдүүлснээр тооцон 2,640,000 төгрөгөөр тус тус тогтоож, хохирогч Ш.Э-ын сэтгэцэд учирсан хохирлоос Г.Т-гийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг хасаж тооцон шүүгдэгч Г.Т-гаас Ш.Э-ын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 5,940,000 төгрөг гаргуулахаар дүгнэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хохирол төлбөртэй холбоотой зохицуулалтуудаас үзэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогчид төлөхөөр заасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Э-ын зүгээс 644,782 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг, шүүгдэгч Г.Т-гийн зүгээс 124,762 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсныг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/1927 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Б.Түвшинбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/1927 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Б.Түвшинбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ,

                                      ШҮҮГЧ                                               Г.ГАНБААТАР

                                                ШҮҮГЧ                                               Л.ОДОНЧИМЭГ

 

                ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР