| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1192/Э |
| Дугаар | 1262 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 1262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48,
хохирогч Ө.Лувсанчүлтэм нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Тайж нар овогт Ц.Ө яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0473 31389 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.Ө
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Ц.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө.Лувсанчүлтэмтэй утас хулгайлсан гэх шалтгаанаар муудалцан, түүнийг түлхэн унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ө мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Лувсанчүлтэм мэдүүүлэхдээ: Шүүгдэгч утас торонд байсан гэсэн зүйл хэлж байна. Энэ бол ташаа ойлголт. Утсыг тань оллоо гэж хэлэхэд эхнэр нь ямар сайн хүмүүс вэ, бид очлоо гэж хэлсэн. Тэд 23 цаг 30 минутын үед ирж утсаа авсан. Ирээд авахад нь утсыг нь “май” гэж хэлээд өгсөн. Нөхөр нь утсаа аваад халаасандаа хийсэн. Гэтэл эхнэр нь цаанаас машинд суучихсан “муу хулгайч” гэж хэлсэн. Сайхан сэтгэл гаргаад утсыг нь өгөхөд тийм үг хариу сонсох гомдолтой байсан. Би “тэгвэл цагдаа дуудаад үнэн учраа олуулна” гэж хэлсэн. Тэгээд би энэ хүнийг явуулахгүй гэхэд энэ хүн намайг түлхсэн. Тухайн газар нь доошоо 2 метр очим гүн мөн уснаас хамгаалсан бетонтой байсан. Босч чадахгүй байсан болохоор гараа хугарсан эсэх талаар мэдээгүй. Араас нь дуудахад эргэж ирээгүй. Ц.Ө эхийн хамт ажил дээр ирж уулзаад уучлалт гуйсан. Тухайн үед шүүгдэгчийн эхэд нь “би аль болох улсын эмнэлгээр явна. Бага зардал гарах байх гэж хэлсэн. Би 6 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ очсон. Түүнээс өмнө очоогүй. Хоёр хүнийг 500.000 төгрөгөөр авч ажилуулсан. Ц.Өд “би олоогүй олговрыг нэхэмжлэхгүй. Эмчилгээний зардалд 1.172.000 төгрөг гарсан. Надад 1.100.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Мөн 2.100.000 төгрөг нэхэмжилсэн шалтгаан нь хоёр хүүхдийг авч ажилуулсан учир тэдний цалинг нэхэмжилж байсан. Гэтэл “мөнгө байхгүй, шүүхээр яваад аваарай гэж хэлсэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Эмчлүүлсэн баримттай зүйлээ нэхэмжилнэ. Хавдар судлалд үзүүлэхэд томографын зурганд үүсгэвэр гэх зүйл гарсан байсан. Үүсгэвэр гэдэг нь гэмтлээс үүдэлтэй цусны бүлэн байж магадгүй. Шимэгдэх эсэхийг мэдэхгүй байна. Гурван сарын хугацаанд хараад үзье гэсэн. Тухайн хугацааг хүлээж байна гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ө.Лувсанчүлтэмийн: …Тэгээд дэлгүүрээс авсан эд зүйлээ гаргаж байхдаа манай эхнэр надад миний урд худалдаа хийж байсан хүмүүс утсаа мартаад явчихаар нь авчихсан юм гэж хэлэхээр нь би уурлаад чи юу гэж ийм асуудал хийж байгаа юм, тэр кассны хүнд нь хэлээд үлдээчихгүй яасан юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр утасны эзнийг нь утасдахыг хүлээгээд байж байхад 22 цаг 40 минутын орчим тэр утас руу нэг удаа дохиод авах завдалгүй тасарсан. Тэгээд хэсэг байж байгаад дахин залгахад нь эхнэр аваад утсыг чинь олсон, ирж ав гэж хэлээд би тэр хүнд хаягаа зааж өгсөн. Тэр утасны цаанаас надтай эрэгтэй хүн ярьсан. Хаяг зааж өгснөөс хойш 40 минутын дараа миний зааж өгсөн автобусны буудал дээр чирчихсэн байна гэхэд эхнэр маань гарч өгөөд ирте гэж хэлэхээр нь орой болсон байхад давхар биетэй хэрэггүй биз гээд би гэрийн сандаалтай халаадтайгаа утсыг нь аваачиж өгсөн. Тэгсэн тэр нөхөр утсаа надаас авч халааслахаар нь би дэлгүүрийн кассан дээр утсаа орхисон байхаар нь манай эхнэр авсан байсан шүү гэж хэлсэн чинь тэр залуугийн эхнэр нь би халааснаасаа утсаа гаргаагүй, та нар юундаа худлаа яриад байгаа хулгайч нар вэ гэж хэлсэн чинь нөхөр нь эхнэрийнхээ талд ороод намайг хулгайч, гар утас авсан гэхээр нь би уурлаад та нар юмыг чинь олж өгч байхад юу яриад байгаа юм гэхэд тэр залуу намайг гараараа цээж рүү нэг удаа түлхээд би хойшоогоо газар унасан. Миний зогсож байсан газар бол хүр маягийн өндөрдүү газар байсан. Би доошоо өнхрөөд унасан юм. Тэгээд тэр залууг ирээд босгох юм болов уу гэж бодсон боловч шууд машиндаа суугаад яваад өгсөн. Тухайн үед миний цээжний хэсэг хөндүүр болсон, босож чадахгүй байсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа гар хөндүүр болоод янгинаад өвдсөн. Тэгээд би гар хугарчихлаа гэж бодоод бараг тэр газар 5-10 минут хэртэй хэвтэж байхад тэрүүгээр нэг залуу явахаар нь дуудаж байгаад тэр залуугаар хамжуулан босоод тэнд байсан боржур дээр хэсэг сууж байхад эхнэр ирээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн...
...Тухайн гэмтэл авснаас хойш би нийт 1.172.000 төгрөгний зардал гаргасан. Эдгээр зардлаас зарим нэг баримтыг нь аваагүй. Бусад баримт нь бүгд байгаа. Тухайн буруутай этгээдээр би эм эмчилгээний зардлаа эргүүлэн гаргуулж авмаар байна. Би зүгээр явж байгаад эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна...
...Нийт 637.000 төгрөгийн зардал гарсан. Зарим нэгэн баримтыг нь би аваагүй байсан. Би нийт бараг нэг сая хоёр зуун мянган төгрөгний зардал эмилгээндээ зарцуулсан байгаа. Тэгээд эмчилгээний зардал гэж Өнөрсайханаас 1.200.000 төгрөг авсан. Тэрнээс гадна би гараа гэмтээсний дараа хоёр хүүхдийг нийт нэг сая төгрөгөөр цалинжуулан ажиллуулж байсан. Тэгээд тэрний мөнгийг нэхэмжилж байсан боловч тэр хоёр хүүхдийн зардал гэж надад өгөөгүй байгаа. Одоо би тэр хоёр хүүхдийг цалинжуулан ажиллуулсны нэг сая төгрөгийг нэхэмжилж байна…гэх мэдүүлэг /хх-ийн 28, 30, 48 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Ч.Отгонжаргалын: ...Би гар утсаа нөхөртөө өгөөд манай нөхөр өмсөж явсан шоортныхоо халаасанд хийсэн байсан. Бид дэлгүүрээс хүүхдээ шүүх, нөхөр өөртөө нэг ундаа аваад кассан дээр очиход миний өмнө нэг эмэгтэй зогсож байхаар нь би өмнө ороод тооцоогоо хийчихээд гараад тэндээсээ шууд Цэцэрлэгт хүрээлэн орж явж байгаад утас байхгүй болсныг мэдээд утас руугаа залгахад нэг эмэгтэй аваад чи яагаад гар утас руугаа залгадаггүй юм бэ, бид дэлгүүрийн гадаа хүлээж байгаад гэртээ хүрээд ирсэн байна, гар утас чинь миний торонд байна гэж хэлэхээр нь би хаана байгаа юм гэж асуухад хаягаа хэлэхээр нь би мэдэхгүй болохоор нь гар утсаа өгөөд нөхөртөө хаягийг нь заалгаад шууд тэр хаяг руу нь очоод утас руугаа залгасан чинь нөхөр нь миний гар утсыг барьж гарч ирсэн. Тэгээд манай нөхөрт миний гар утсыг өгөөд хаалган дээр зогсоод байхаар нь манай нөхөр миний халаасанд байсан гар утас танай эхнэрийн торонд орчихсон байдаг гэхэд тэр утас авч ирсэн хүн та нар намайг хулгайч гэлээ гээд манай нөхрийг заамдаж авахад нь манай нөхөр заамдсан гарыг нь тавиулах гээд түлхсэн чинь тэр хүн жалга руу өнхрөөд унасан. Тэгээд өнхөрч уначихаад гарч ирээд чарлаад байсан. Тэгээд бид хоёр хоёулаа худлаа баашилж байна гээд машиндаа суугаад яваад өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6901 тоот дүгнэлтэнд:
1. Ө.Лувсанчүлтэмийн биед баруун гарын шуу ясны хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд шалбаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. ШЭГЗТЖ-н 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.Өы: ...тэгээд би тэр хүнээс манай эхнэрийн утас яагаад танай эхнэрийн торонд орчихсон байгаа юм гэж асуухад намайг хулгай хийсэн гэж бодоо юу гэж хэлээд тэр хүн уурлаад намайг заамдаж авсан. Тэгээд би тэр хүний заамдсан гарыг нь тавиулаад машин руу эргэтэл намайг түлхэхээр нь зөрүүлэн тэр хүнийг түлхсэн чинь замын хажуугийн өндөр эрэг бүхий газар руу унасан. Тэр хүн гар өвдөөд байна гээд чарлаад байхаар нь би машиндаа суугаад хөдлөөд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Б.Хувьзаяагийн: ...тэгээд удалгүй 30-аад минутын дараа дахин залгаад асуухаар нь би гэрийнхээ хаягийг өгөөд нөхрөө утсыг нь аваачаад өг гэж хэлээд гаргаад явуулсан чинь манай нөхөр ирэхгүй байхаар нь яваад очтол замын хажуугийн боржур дээр гар хугарчихсан гээд сууж байхаар нь яасан талаар асуухад утсыг нь өгсөн чинь чи хулгайлсан гээд намайг замын хажуу руу түлхээд унагачихлаа гэхээр нь цагдаа дуудсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр тал/,
- Ц.Өы оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38, 38, 42 дугаар/ тал,
- Хохирогч Ө.Лувсанчүлтэм 148.000 төгрөг /хх-н 17 дугаар тал/, 20.000 төгрөг төгрөг /хх-н 18 дугаар тал/, 67.689 төгрөг /хх-н 19 дүгээр тал/, 35.000 төгрөг /хх-н 20 дугаар тал/, 35.000 төгрөг /хх-н 21 дүгээр тал/, 8000 төгрөг /хх-н 24 дүгээр тал/ нийт 313.689 төгрөг,
мөн 2100+ 6000+ 8500 +35.000+10.000 +2400 +2200 =66.200 төгрөг /хх-н 24 дүгээр тал/,
45.000+1050+3000+2200+35.000+7200+2600+4870+76.100+4200 = 182.520 төгрөг /хх-н 25 дугаар тал/,
- 328.000+165.300=493.350 төгрөг, нийт 1.055.759 төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн байна.
- Хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 22 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд Ц.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө.Лувсанчүлтэмтэй утас хулгайлсан гэх шалтгаанаар муудалцан, түүнийг түлхэн унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Ц.Ө нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ө.Лувсанчүлтэмтэй утас хулгайлсан гэх шалтгаанаар муудалцан, түүнийг түлхэн унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Ц.Өы гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.Ө нь бусдын эрх чөлөөнд халдаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Прокуророос шүүгдэгч Ц.Өы гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ө нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Ө.Лувсанчүлтэм нь өөрийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн гэх нийт 1.055.759 төгрөгийн баримтыг гарган өгч, шүүгдэгчийн зүгээс 1.200.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Хохирогч Ө.Лувсанчүлтэм нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн хийх ёстой ажилд хоёр хүүхдийг авч ажилуулсан учир тэдний цалин буюу 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч түүнийгээ нотолсон бичгийн нотлох баримтыг ирүүлээгүй тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Мөн Хавдар судлалд үзүүлэхэд томографын зурганд үүсгэвэр гэх зүйл гарсан байсан. Үүсгэвэр гэдэг нь гэмтлээс үүдэлтэй цусны бүлэн байж магадгүй. Шимэгдэх эсэхийг мэдэхгүй байна. Гурван сарын хугацаанд хараад үзье гэсэн. Тухайн хугацааг хүлээж байна гэх боловч түүнийгээ нотлосон баримтыг ирүүлээгүй тул тайлбарыг хүлээн авах үндэсгүй байна.
Хохирогч Ө.Лувсанчүлтэм нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Ц.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тайж нар овогт Ц.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Өд 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Өыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор хохирогчид нотлох баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч Ө.Лувсанчүлтэм нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ