| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2408003041687 |
| Дугаар | 2025/ДШМ/1234 |
| Огноо | 2025-10-29 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/1234
2025 10 29 2025/ДШМ/1234
Г.Б-холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Батгэрэл,
хохирогч Б.Д-, түүний өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул,
шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Х.Ургаа,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2057 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Х.Ургаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2408003041687 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Б- Б-, .........., урьд ял шийтгэлгүй, /РД: НЩ............../;
Шүүгдэгч Г.Б-нь 2023 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 50 дугаар байрны Х- тоотод эхнэр Б.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоолойг араас нь уяагаар боож биед нь “...механик амьсгал бүтэлт, хүзүүнд дарагдлын ором, 2 нүдний салст, уруулын дотор салстын цус харвалт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, цээж, зүүн шуу, баруун шилбэ, баруун өвдөгний цус хуралт...” бүхий гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан прокурорын газраас Г.Б- үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Г.Б-“хүнийг алахыг завдсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.Б- цагдан хоригдсон 105 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хохирогч Б.Д-ын цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Г.Б-эс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-эс 12.644.500 төгрөг гаргуулж хохирогч Б.Д-д олгож, шүүгдэгч Г.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б- өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээний үндэслэл:
Хууль тогтоогчоос “хүнийг алах” үйлдлийг нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцон энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын төрөл хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд хуульчлан заажээ. Хүний алах гэмт хэрэг нь хүний амьд явах жам ёсны эрхэд халдаж үхэлд хүргэдэг нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанарын хувьд гэмт хэргийн хүнд ангилалд багтдаг нийгэмд аюултай үйлдэл мөн юм.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн амин чухал эрх ашиг, сонирхол харилцаа буюу хүний амьд явах эрхэд халдсан нь энэ гэмт хэргийн объектын үндсэн шинж болох ба хүнийг алах гэмт үйлдэлд шууд өртөж байгаа амь хохирогч нь энэ гэмт хэргийн халдлагын шинжид хамаардаг. Эрүүгийн хуулийн хэрэглээний хувьд хүнийг санаатай алах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь хүнийг алсан идэвхтэй үйлдэл, хүнийг алсан үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг, үйлдэл хор уршгийн хоорондох шалтгаант холбоо байна.
Хүнийг алах гэдэгт: Хүний амьд явах байгаль, физиологийн үйл явцыг тасалдуулж үхэлд хүргэсэн энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийн идэвхитэй үйлдэл байна.
Хүний амь нас хохирсон хор уршиг гэдэгт: Хүнийг алах гэмт үйлдлийн улмаас амь хохирогч үхэлд хүрсэн үр дагаврыг ойлгоно. Үхэл нь клиник ба биологийн үхэл гэж ангилагдах буюу зүрх судас, тархи мэдрэлийн үйл ажиллагаа бүрэн зогсож биологийн үхэлд хүргэснээр хүнийг санаатай алах гэмт хэргийн хор уршиг бий болсонд тооцогдоно.
Хүнийг алах санаатай алах гэмт хэргийн объектив талын үндсэн шинжид үйлдэл, хор уршгийн хоорондох шалтгаант холбоо байна.
Шалтгаант холбоо гэдэгт: Үйлдэл түүний улмаас бий болсон хор уршгийн хоорондох дотоод зүй тогтол, хамаарлыг ойлгох ба энэ шинжээс нь хамаарч хүнийг санаатай алах гэмт хэргийн шалтгаант холбоо нь шууд шалтгаант холбоотой байхыг тус тус ойлгоно. Хүнийг санаатай алах гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдэх ба энэ гэмт хэргийг үйлдсэн хүн оюун санааны шинжийн хувьд өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ нийгэмд аюултай шинжийг ухамсарлан ойлгосон, гарах хор уршгийг мэдсэн байдаг бол хүсэл зоригийн шинжийн хувьд хүний амь нас хохирох хор уршигт хүсэж, зориуд хүргэсэн /шууд санаатай/ эсхүл хор уршгийг хүсээгүй боловч өөрийн үйлдлээрээ хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн /шууд бус санаа/ байхыг тус тус ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд гэмт хэрэгт завдах ойлголтыг хуульчлан заажээ.
Гэмт хэрэгт завдах гэдэгт: Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг хэрэгжүүлсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйлийн улмаас туйлдаа хүрээгүй үр дагаврыг ойлгоно. Туйлдаа хүрээгүй шинж чанараас нь хамаарч завдалтыг төгссөн завдалт, төгсөөгүй завдалт гэж хуулийн хэрэглээний хувьд ангилах ба гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдлийг хэрэгжүүлсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйлийн улмаас хүссэн хор уршиг учраагүй бол төгссөн завдалт харин тухайн хүний хэрэгжүүлсэн үйлдэл нь хөндлөнгийн хүчин зүйлийн улмаас хүссэн хор уршиг нь учраагүй таслан зогсоогдсон бол төгсөөгүй завдалт гэж Эрүүгийн хуулийн хэрэглээний хувьд авч үздэг.
Гэмт хэрэгт завдах талаар эрүүгийн хуульд хуульчилсан байдал, эрүүгийн хуулийн хэрэглээний үндэслэлээс үзэхэд хүнийг санаатай алахаар завдах гэдэгт: Хүний амь нас хохирооход чиглэсэн үйлдлийг хэрэгжүүлсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал, хүчин зүйлийн улмаас хүссэн хор уршиг нь учраагүй эсхүл туйлдаа хүрээгүй таслан зогсоогдсон нөхцөл байдлыг ойлгохоор байна. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг туйлдаа хүрээгүй нөхцөл байдалд анхаарах” гэж хуульчлан заасан ба энэ нь тухайн хүний үйлдлээ хэрэгжүүлсэн нөхцөл байдал болон гэмт хэргийг төгс үйлдэх боломж бололцоо, нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт үндэслэлийг заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээний үндэслэл:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ... гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд “Шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль. энэ хууль, бусад хуулийг чанд сахина”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн бүх шүүгчдийн хурлын 24 тогтоолоор баталсан албан ёсны тайлбарын 5.2-д “Шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал юм. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарах аливаа шийдвэрт тавигдах шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх бодит боломжгүй” болохыг тайлбарласнаас үзэхэд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь “зөрүүгүй байх" шаардлага буюу нотолгооны стандарт тогтоон тайлбарласан байна.
Дээрх тайлбарт заасан “ашигтайгаар шийдвэрлэх” зарчим нь “гэм буруугүйд тооцох” зарчимтай зэрэгцэн үйлчлэх ба хууль болон тайлбарт заасан энэхүү зарчмын үндэслэл болж буй “үндэслэл бүхий эргэлзээ” гэдэгт “эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно” гэж тус тус энэхүү хэм хэмжээ, зарчмыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар тайлбарлан тогтоожээ.
Дээрх эрүүгийн хуулийн хэрэглээ, үндэслэл, хууль тогтоогчийн тайлбар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээнээс үзэхэд миний үйлчлүүлэгч Г.Б-нь өөрийн эхнэр Б.Д-ын амь насанд халдахыг завдсан үйлдэлд гэм буруугүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчөөс дүгнэв.
Дээрх үндэслэлүүд болон дүгнэлт нь хавтас хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Г.Б- мэдүүлэг /гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг/, 2. Насанд хүрээгүй гэрч Б.Н- мэдүүлэг /хх 164/, 3. Шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт дугаар 392, даавуу уяагаар үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй /хх 108-110/, 4. Хохирогч Б.Д-ын анхны мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг , 5. Гэрч Ж.Д-ийн мэдүүлэг /хх 34-35/, 6. Гэрч Б-ын мэдүүлэг /хх 37/, 7. Хохирогч Б.Д-ын фото зургийн үзүүлэлт, гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, 8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, 9. Эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн халаадны гэх бүс даавуу шинжлэн судалсан тэмдэглэл.
Хууль зүйн хэрэглээний үндэслэл болон хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжилсэн нотлох баримтуудыг харьцуулан шалгахад:
1. Үйлчлүүлэгч Г.Б-хохирогч Б.Д- харилцан эсрэг сонирхолтой мэдүүлэг өгч байгаа боловч хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь хэргийн үйл баримтын талаар зөрүүтэй “нүүрээр гал тогооны шалыг удаа дараа мөргүүлсэн”, “зүүн чих рүү цохисон алгадсан” тэгээд ухаан алдсан гэж мэдүүлэх боловч энэ нь шүүх хурлын явцад шинжлэн судалсан “шүүх эмнэлгийн дүгнэлтэд нүүр хэсэгт гэмтэл учирсан талаар дүгнэлт болон фото зургийн үзүүлэлтээр нүүр хэсэг нь ил харагдах гэмтэл шарх, зулгаралтгүй байдаг. Дээрх фото зургийг хэрэг болсон гэх цаг хугацааны дараа нэр бүхий “BATBAYAR”, “SAIHAA” гэх фейсбүүк хаягаас авч “хөхөрсөн зураг байна уу”, “нээтэс хайя” гэх агуулга бүхий чаат явуулж хөхөрсөн зураг хайж байсан нь өөрийнх нь чат хаягт бичигдсэн. Хохирогч Б.Д- нь эхний мэдүүлэгтээ болон шүүхийн эхний хэлэлцүүлэгт “манай охин Б.Н- унтаж байсан энэ талаар хараагүй” гэж мэдүүлдэг боловч дараагийн шүүх хурлын хэлэлцүүлэгт “охин Б.Н- намайг зодуулж байхыг харж байсан” гэх зөрүүтэй мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тус тус няцаагдаж хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийн аль нь үнэн зөв эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож байна.
2. Насанд хүрээгүй гэрч Б.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад “би одоо 7 настай ... тэгээд аав, ээж хоёр шөнө муудалцаад аав, ээжийг нүүр рүү нь гараа сарвайлгаж байгаад 1 удаа цохиод бас алгадаад нүд нь хөхөрсөн. Тэгээд бас ээжийн rap руу цохиж гар нь хөхөрсөн, бас ээжийн өмсдөг ягаан халаадны бүсээр ээжийн хоолойг боосон. Ээж аав 2 хоёулаа эрүүл байсан” гэх мэдүүлгийг өгдөг боловч энэ нь Б.Д-аас “2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “хэрэг гарах үед охин Б.Н- унтаж байсан” гэх мэдүүлэг, мөн хохирогчоор дахин өгсөн ‘'шууд зүүн гараараа алгадаад авсан” гэх /xx 156-159/ мэдүүлгүүд нь үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлснээс гадна насанд хүрээгүй гэрч Б.Н- 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр “Би яг тэр талаар нарийн хараагүй” гэх зөрүүтэй мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 196 дугаар шинжээчийн дүгнэлтэд хохирогч Б.Д-ын нүүр хэсэгт хөхөрсөн ил харагдах гэмтэл тусгагдаагүй, түүнчлэн Б.Д-ын фото зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэхээс гадна насанд хүрээгүй гэрч болон хохирогчийн мэдүүлгийн хооронд ноцтой зөрүү бий болсон байна. Насанд хүрээгүй гэрч болох Б.Н- нь хэрэг болсон гэх үеэс хохирогч Б.Д-ын төрсөн эгчийнд түүнтэй хамт амьдарч байсан нь насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт нөлөөлсөн байж болзошгүй нь гэрчийн мэдүүлгийн агуулгаас ажиглагдаж байна.
Нэг үйл баримтыг нэг цаг хугацаанд өөр өөр байдлаар мэдүүлэг зөрүүтэй өгч байгаа байдалд түүнчлэн хохирогчийг боомилж байсан гэх тэр үед бага насны гэрч ямар байдалтай /айсан, уйлсан гэх мэт/ байсан нь тодорхойгүй хараад зогсч байсан мэтээр мэдүүлэгт бэхжигдсэн нь эргэлзээтэй байна. Хохирогч Б.Д- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлэхдээ “би болон манай нөхөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэж мэдүүлсэн боловч 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Г.Б-гэрчээр “...манай эхнэр Д- хоёулаа вино ууя гэхээр нь охиноо том өрөөний буйдан дээр унтуултал манай эхнэр цүнхнээсээ 1 шил улаан вино, 1 шил шампанск гаргаж хоёулаа уучихаад унтъя гэсэн”, “виногоо манай эхнэр удалгүй ууж дууссан юм” гэх хууль сануулсан мэдүүлгээр няцаагдаж байна.
Гэрч Ж.Д- “2023 оны 12 дугаар сарын 26-ны орой гэртээ нөхөр Б- хамт унтаж байх үед манай хүү Б-“ээж Д- боомилчихлоо аавтай хамт хүрээд ирээч гэж ярьсан. Такси бариад шөнийн 00 цаг 30 орчмын үед ирэхэд бэр Д- хивсэн дээр газар хэвтчихсэн, Б-хажууд нь Д- ёо гээд аахилаад байж байсан гэх мэдүүлгээр Г.Б- ээж Ж.Д-, аав Ганхуяг нар түргэн тусламжийн эмч Н.Б-аас цаг хугацааны хувьд өмнө нь хэргийн газар ирсэн нь тогтоогддог. Гэтэл нь эмч Б- гэрчээр “намайг ирэхэд өөрийгөө боосон гэх эмэгтэй ариун цэврийн өрөөнийхөө урд шалан дээр гар хөл нь чангарсан таталт өгсөн байдалтай хэвтэж байсан гэх мэдүүлэг нь хэргийн үйл баримтын хувьд өөр өөрөөр мэдүүлсэн байна. Мөн хохирогч Б.Д- “чи өөрийгөө боомилсон бүс” гэж Б-надад өгсөн гэж мэдүүлэх боловч энэ бүсийг гаргаж өгөөгүй гэсэн шүүгдэгчийн удаа дараа өгсөн тогтвортой мэдүүлэг байдаг. Эд мөрийн баримтаар хураагдсан бүсээр боомилсон болохыг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд /5 дахь талд/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт завдах хууль зүйн ойлголтыг дурдсан байх боловч шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд дүгнэлт хийхдээ “шүүгдэгч Г.Б- хэлж байгаачлан Б.Д- өөрийгөө турникээс боомилж дүүжилсэн тохиолдолд амьд үлдэх магадлал багатай” гэж дүгнэсэн үндэслэлийг эс зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн өндөр, жин, хүзүүнд гарсан ором, механик гэмтлийн шинж чанарыг “амьд үлдэх боломж багатай” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 392 дугаар шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсгийн 1-д “Б.Д-ын биед тогтоогдсон механик амьсгал бүтэлт, хүзүүнд дарагдсан ором, 2 нүдний салст, уруулын дотор салстын цус харвалт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр гэмтлүүд нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас үүссэн байх ба эдгээр гэмтлүүд нь ирүүлсэн даавуун уяагаар үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн шинжлэх ухааны тусгай мэдлэгийн үндэслэл бүхий дүгнэлттэй нийцээгүй байна. Тухайлан хэлбэл шүүгч шинжээчийн тусгай мэдлэгийг орлон дүгнэх боломжгүй бөгөөд үүнийг дахин шинжээч томилох замаар тогтоох үйл баримт гэж өмгөөлөгч дүгнэж байна.
4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй насанд хүрээгүй гэрч Б.Номин- Эрдэнийн анхны мэдүүлэг буюу 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, өөрөөр хэлбэл бага насны хүүхэд өөрийн үзэж харсан зүйлийн талаар бодитойгоор хэлэх үндэслэлтэй гэж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосныг зөвшөөрөх боломжгүй юм. Насанд хүрээгүй гэрч Б.Н- 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хууль ёсны төлөөлөгч Б.Бямбажавыг оролцуулан дахин өгсөн “би яг тэр талаар нарийн хараагүй тэр үед том өрөөний буйдан дээр байсан” гэсэн мэдүүлэг нь анхан өгсөн мэдүүлэгт байгаа” ээжийг цохисон нүд нь хөхөрсөн, гараа сарвайлгаж цохисон хөхөрсөн” гэх мэдүүлэгтэй ноцтой зөрүүтэй байхад үнэн зөв гэж үнэлсэн нь Улсын Дээд Шүүхийн 24-р тогтоолд заасан шүүх “гэрчийн мэдүүлгийн худал, тогтворгүй байдал анзаарагдсан эсэх, гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх өөр нотлох баримт байгаа эсэх, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй эсэх, сэтгэцийн өвчтэй, сэтгэцийн хямралтай, сэтгэцийн үйл ажиллагаа тогтворгүй гэрч эсэх болон гэрч сонссоноо ярьсан эсэх зэрэг эргэлзээ үүсгэх бусад эх үүсвэрүүдийг шалгах” гэсэн албан ёсны тайлбарыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн хэргийн үйл баримтыг харсан гэх насанд хүрээгүй Б.Д-ыг тухайн үед “өрөөндөө унтаж байсан”, “гал тогооны өрөөнд байсан” гэх хохирогчийн мэдүүлэг мөн адил зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй.
5. Анхан шатны шүүхээс гэмт хэрэгт завдах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэхдээ дээрх үйл баримтаар шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйг дурдаж байна. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхийг завдах ойлголтын үндсэн шинжид “шүүгдэгчээс гэмт үйлдлээ төгсгөж чадаагүй” хүчин зүйл, нөхцөл байдал хамаарах ба энэ нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтсон байхыг хуулийн хэрэглээний хувьд шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл нь гадны хүчин зүйлийн улмаас таслан зогсоогдсон бол төгсөөгүй завдалт гэж үздэг. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримтын хувьд шүүхээс шүүгдэгч Г.Б-нь хохирогчийг боомилсон гэж дүгнэсэн боловч гэмт хэргийг төгсөөгүй туйлд нь хүргээгүй нь түүний гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилгоо төгсгөж чадаагүй нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй байна.
Түүнчлэн үйлдлийг таслан зогсоосон хүчин зүйл хохирогчийн эсэргүүцэл, ямар нэгэн хүнээс таслан зогсоосон гэх мэт үйл баримт байхгүй байгаа нь төгсөөгүй завдалт гэж дүгнэх хэрэглээний болон хууль зүйн боломжгүй байна. Тухайн гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилго тогтоогдохгүй байгаа нь дээрх үйл баримтаар бүрэн тогтоогдож байна.
6. Гэмт хэрэг үйлдэхээр завдах ойлголтыг гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлаас нь хамаарч төгссөн завдалт буюу тухайн хүний хүссэн хор уршиг учраагүй байхыг хуулийн хэрэглээний хувьд шаарддаг. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд “шүүгдэгч Г.Б-нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд өөрийн ээж, аав түүнчлэн эмнэлгийн түргэн тусламж дуудсан үйл баримт тогтоогдож байгаа нь, мөн гэмт хэргийн субьектив талын шууд болон шууд бус санаатай хэлбэрийг үгүйсгэж байна” гэж үзэх үндэслэлтэй юм.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхээр завдах ойлголтыг зөв хэрэглэхдээ тухайн этгээдээс гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдалд дүгнэлт хийхийг хуульчлан заажээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 35 дугаар зүйлд заасан “өмгөөлөгчийн дүгнэлтийг няцааж байгаа болон үгүйсгэж байгаа нотлох баримтуудыг шүүх шийдвэртээ заана” гэсэн боловч няцааж буй дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй байгаа нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль зүйн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б- өмгөөлөгч Х.Ургаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна.
Шүүх дүгнэлтийг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхойлж тусгаагүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу шалгаж үнэлэх ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэл байгаа болно. Тухайлбал,
Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.ОО- шинжээчээр өгсөн мэдүүлэгт: “Хэргийн газрын үзлэгээр хүзүүний урд 2 хажуу хэсгийг улаан ягаан өнгийн дарагдлын оромтой, уг ором нь хүзүүний баруун хэсэгт эрүүний 6 см байрлалтай хүзүүний зүүн хажуу хэсэгт зүүн хөхлөг сэртэн хүрч төгссөн зүүн чихний омгоос 3 см зайд байрлалтай 0,4-0,8 см өргөн дарагдлын ором байгаа нь дүүжлэлтийн үед үүсдэг дарагдлын ором ба хойноос боох үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. /1 хх 180/ авагдсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж мэдүүлэг авсан бөгөөд энэ байдлыг зөвтгөх нь зүйтэй гэсэн санал дүгнэлтийг хэлэхэд тухайн мэдүүлгийг үнэлээд байгаа юм уу аль эсвэл байцаалт авснаар өөрчлөгдөхгүй гэж шууд дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд нотлох баримтыг шалгаж үнэлэх зохицуулалт орсон бөгөөд 2 дах заалтаараа Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэснийг зөрчиж дүгнэлт хийсэн нь буруу болсон байна.
Мөн шинжээчийг оролцуулах санал хүсэлт гаргаагүй гэж дүгнэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэ нөхцөл байдал тодорхой болсон байдаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх зохицуулалт орсон бөгөөд 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлт гаргасан байж шүүх хуралдаанд оролцуулах шаардлага үүсдэг гэтэл анхан шатны шүүх нь нэгэнт хуулиар боломжгүй нөхцөл үүссэнийг огт шийдвэрлээгүй.
Хавтас хэрэгт насанд хүрээгүй гэрч Б.Н- 2 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтыг үнэлсэн, мөн хохирогчийн /1 хх 156-159/ мэдүүлэгт: “...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хоолой боосон гэх үйлдэл гал тогооны орчим болсон. Энэ үйл явдал болоход манай охин том өрөөний буйдан дээр унтаж байсан. ...” гэх мэдүүлгүүдийг анхан шатны шүүх нь дүгнэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай гэсэн. Шүүхээс өгч буй дүгнэлт нь хэргийн бодит байдал болон нотлох баримтууд нь өөр хоорондоо маш их зөрүүтэй байгааг огт хараагүй, энэ талаар дүгнээгүй бага насны гэрч Б.Н хохирогч унтаж байсан гэх мэдүүлэг өгсөн мөн шүүгдэгч нь гэрчээр удаа дараа мэдүүлэг өгөхдөө унтаж байсныг хэлсэн атал унтаж байсан хүүхэд яаж хэрэг учралыг мэдэх боломжтой бэ гэсэн асуулт гарч ирнэ энэ талаар огт дүгнээгүй.
Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг /16.3, 16.5/-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар гарсан
1.11. Гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягталбал зохино. Түүнчлэн гэрчийн ой тогтоолт, нүдний хараа, сонсгол, хэл яриа, нас, согтуурал, мансуурал зэрэг дотоод шалтгаан, мөн цаг агаар, хугацаа, бусдын дарамт шахалт, айдас гэх мэт гадны нөлөөний улмаас хэргийн байдлыг үнэн зөв тусгах, тогтоох, илэрхийлэхэд саад учруулах нөхцөл байдал байгаа болон хэрэг гарах үед байсан эсэхийг шалган үзнэ.
1.12. Бага насны гэрч, хохирогч хэргийн талаар тусган авсан нөхцөл байдлыг үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх талаар сэтгэцийн шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг үндэслэн урьдчилан гаргуулсан байвал зохино. Бага насны хүүхэд нь санаатайгаар худал ярих чадваргүй боловч үнэн бодит ба зохиомол хоёрын ялгааг ухамсарлахгүйгээс тодорхой мэдрэмж нь бодит байдлаас эсхүл зүүд, төсөөллөөс бий болсныг ялган үзэхгүйгээр хийсвэрлэж ярих магадлалтай тул түүний хууль ёсны төлөөлөгч болон сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн сэтгэл зүйчийг мэдүүлэг авахад заавал оролцуулах, мэдүүлгийг хүүхдийн тусгай өрөөнд авч дуу дүрсний бичлэгээр баталгаажуулах шаардлагатай ба энэ нь мэдүүлгийн нотолгооны ач холбогдлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ гэж тайлбарласан ба бага насны гэрчийг тухай хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд унтаж байсныг шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь мэдүүлгээр хэлдэг атал мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн. Мөн 2 дахь мэдүүлгээр огт хэргийн талаар мэдэхгүй гэдгээ бас хэлсэн атал энэ талаар шүүхээс ямар ч дүгнэлт хийгээгүй. Мөн анх гэрчээр байцаахад хууль ёсны төлөөлөгчөөр хохирогчийн төрсөн эгчийг оролцуулсан бөгөөд сурган хүмүүжүүлэгч хүүхдийн сэтгэл зүйч огт оролцуулаагүй, мөн мэдүүлгийг дуу дүрсний бичлэгээр баталгаажуулаагүй. Бага насны гэрч 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхөд сурган хүмүүжүүлэгчтэй мэдүүлэг өгсөн бөгөөд энэ байдлыг анхан шатны шүүх тал бүрээс үнэлж дүгнээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд нотлох баримтыг шалгаж үнэлэхийг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэсэн заалтыг огт хэрэгжүүлэлгүй хэрэг учрал гарахад унтаж байсан бага насны хүүхдийн мэдүүлгийг үнэлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай огт нийцээгүй дүгнэлт болсон.
Эрүүгийн хуульд хүнийг алах гэмт хэргийн субьектив шинж нь гэмт этгээд нь бусад хүний амь насанд аюултай үйлдлээ ухамсарлаж хохирогчийг үхэлд зайлшгүй хүргэх боломжийг урьдчилан харж түүнийг хүсэж шууд санаатайгаар үйлдэх эсхүл үхэлд зориудаар хүргэх буюу түүнд хайхрамжгүй “шууд бус санаа” хандах ба гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хооронд шууд шалтгаант холбоотой байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байхаар хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлийг таслан зогсоосон ямар нэгэн хүчин зүйл хэргийн үйл баримтад авагдаагүй байгаа нь Хүнийг алах гэмт хэргийн субьектив шинж хангагдаагүй нь үүнээс харагддаг.
Түргэнээр очсон эмч Н.Б- нь хэдий хугацааны дараа мэдүүлэг өгсөн гэдгийг шүүх анхааран үзэх байсан, яагаад гэхээр шүүгдэгчийн өөрийгөө боомилсон гэдгийг хэлж байгаа боловч тухайн байршлыг өөрөөр хэлсэн нь үнэхээр тухайн цаг хугацаанд болсон асуудлыг баттай санаж байсан гэхэд эргэлзээ төрдөг, мөн энэхүү гэрч нь дамжмал гэрч байсан гэдгийг анхан шатны шүүх анхааран дүгнэлт хийгээгүй.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжилж хууль зүйн бодит дүгнэлт хийж чадаагүй, хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэгт ач холбогдол бүхий дүгнэлт хийж чадаагүй эргэлзээтэй нотлох баримтаар түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тухайлбал, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь гэмт хэрэг үйлдэгдсэн арга, гэмт хэрэг үйлдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй, орон зай цаг хугацааны талаар буюу гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар таамагласан шинжтэй нөхцөл байдлыг тусгасан нь үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б-гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийн хохирогч гэгдэх Б.Д- бид хоёр 2016 оноос эхлэн хамтран амьдарч, хамт амьдарч байх хугацаандаа 2017 онд охинтой, 2020 онд хүүтэй болсон. Д-тай хамтран амьдарч байх хугацаандаа бүхэл талаар нь тусалж дэмжиж ажил төрөл, сургууль, сургалт дамжаа гээд сурч боловсрох тал дээр нь болон гэр бүлийнхээ төлөө бүх зүйлээ зориулж байсан. Д- нь түргэн ууртай, ааш зан тогтворгүй уурлаж бухимдсан үедээ гарт тааралдсан болгоноо авч шидэж гэр орныхоо эд хогшлыг эвдэж, хутга шөвөг барьж дайрдаг мөн өөрийнхөө үс гэзгийг зулгааж, хана мөргөж, цонхоор үсрэх гэж оролдож мөн хөдөлгөөнд оролцож байгаа машин тэрэгнээс үсэрч буух гэдэг. Ер нь ширүүн зантай. Д- нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өөрийг нь цохиж зодож байсан мэтээр худал мэдүүлэг өгсөн. Би Д-ыг цохиж зодож байсан удаа байхгүй. Д-ын мэдүүлэг дээр дурдагдаж байгаа хүмүүс болох хүргэн ах нар, өөрийн эгч нар болон бусад хүмүүс нь Д-ыг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, цохиж зодуулж байсныг нь мэдэж байсан бол эдгээр хүмүүс нь мэдсээр байж яагаад цагдаад мэдэгдээгүй. Үнэхээр цохиж зодуулж байсан нь өөрөө байсан бол аав, эгч нар нь хамгийн түрүүнд цагдаад мэдэгдэх хүмүүс. Харин ч эсрэгээрээ намайг зодож нүүр нүд хавдаж хөхөртөл зоддог байсан. Хэрэг болсон 2023 оны 12 дугаар сарын 25-ны орой гэрийн гадаа өөрийн ээжтэй утсаар ярьж байгаад 20 цаг 40 минут орчимд гэртээ ороход Д- охин Н- хамт гэртээ ирсэн оройн хоолоо хийж байсан. Би гэртээ орж өөрийн хувцсаа солиод гурвуулаа хамт сууж оройн хоолоо идэж хэсэг ярилцаж сууж байгаад том өрөөний ор болдог буйданг дэлгэж ороо засаад охиноо унтуулсан. Д- нь ажлаасаа ирэхдээ 1 шил дарс, 1 шил оргилуун дарс авч ирсэн байсан. Тэгээд надад хандаж дарсыг нь хамт ууя гэж хэлэхээр нь би уухгүй өглөө машин барина гэх үед уурлаж хамт уучихад яадаг юм гээд бухимдаад байхаар нь тэгж их уух гээд байгаа юм бол чи өөрөө хундагалчих гэж хэлэхэд намайг хундагалчихад яадаг юм гээд хэрүүл хийж маргалдаад байхаар нь би охиноо тэврээд унтахаар хэвтэхэд Д- нь гал тогооны өрөөнд нөгөө дарснаасаа өөртөө хундагалж ууж байгаад ирж намайг араас нуруу, бөөр рүү өшиглөж, цохиж байгаад буцаж явж жижиг өрөө рүү явж орсон. Хэсэг хугацаанд чимээ гарахгүй болохоор нь араас нь орох гэтэл жижиг өрөөний хаалгыг дотроос нь түгжсэн байсан. Хаалганы бөөрөнхий бариулыг урагш хойш хүчтэй хэд хэдэн удаа мушгин түгжээг эвдэж ороход даацын дам нуруунд тогтоосон ханын турникээс цагаан цэцэгтэй хар цоохор өнгийн бүсээр өөрийгөө боомилсон байсан. Би сандран хажууд нь байсан төгөлдөр хуурын сандал дээр нэг хөлөөрөө гишгэж дээш өргөж байгаад турникээс уяаг мултлан буулгаж ирж хоолойноос уяаг тайлж аваад хиймэл амьсгал хийхэд орой идсэн хоол, уусан дарсаараа бөөлжсөн. Ингээд үүдний хэсэгт байх толины араас үнэртэй ус авчирч үнэртүүлээд жижиг өрөөнөөс тэврэн гарч, том өрөөний хивс нь дээр хэвтүүлж 23 цаг 30 минутын үед түргэн тусламж дуудсан. Гэвч түргэн тусламж ирэхгүй удсанд хэд хэдэн удаа залгаж дуудлага өгөөд өөрийн ээж, аав хоёрыг утсаар Д- өөрийгөө боомилчихлоо гээд дуудсан. Аав, ээж хоёрыг орж ирмэгц удалгүй түргэний эмч орж ирсэн.
Эмч үзлэг хийгээд ГССҮТ эмнэлэг авч явахаар болсон. Тэгээд би өөрөө цагдаад дуудлага өгөөд Д-ыг ГССҮТ эмнэлэг хүргэхээр түргэний машинаар ээж Д-ийн хамтаар эмнэлэг орсон. Гэмтлийн эмнэлэг дээр байх үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэсгээс над руу утасдаж дуудсан. Цагдаагийн хэсэг дээр очиж гэрчээр мэдүүлэг өгч, 50-Х- тоотод очиж үзлэг хийж турникээс авсан байсан цагаан цэцэгтэй хар цоохор бүсийг үзлэг хийж байсан цагдаа буцаан өлгүүлж байгаад зураг авсан, ингээд бүсийг буцаан хураан авсан.
Д-ыг эмнэлэгт хэвтэж байх үед нь сахих гэтэл эгч Ариунжаргал, Баяржаргал нар нь сахиулахгүй өөрсдөө сахина гээд Д-тай уулзуулахгүй байсан. Ингээд эмчлэгч эмчээс нь биеийн байдлыг нь асууж лавлаж байсан. Эмч нь биеийн байдал нь тогтвортой хэвийн байгаа гэсэн. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Д- нь эмнэлгээс гарч өөрийн хоёр эгч, аавыгаа дагаж явсан. Би эмнэлгээс буцаж аавындаа очсон. Тэр өдрийн орой Д- нь аавынхаа хамтаар ирж хоёр хүүхдийг аваад 50-Х- тоотод очин өөрийн хувцас хэрэглэл болон хоёр хүүхдийн хувцас зэргийг авч явсан. Мөн Д- нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой хувцсаа авч явахад нь өөрийг нь энэ уяагаар боосон гэж хэлээд ягаан өнгийн халатны бүсийг өөрт нь өгсөн гэж худал мэдүүлэг өгч мөрдөн байцаагчид ягаан халатны бүс өгсөн байсан. Би Д-д ямар ч ягаан өнгийн халатны бүс уяа өгөөгүй. Охин Н- мэдүүлэгт Д-ыг алгадаж унагаагаад ягаан өнгийн халатны бүсээр араас нь хоолойг боосон гэж мэдүүлсэн нь худал бөгөөд хэрэг болсон орой охин маань унтаж байсан. Бид хоёрыг маргалдаж байх хугацаанд охин маань сэрээгүй. Хэрэг болоход охин маань 6 настай байсан. Д-ыг өглөө ажилдаа явахад нь 6 цагт босож ээжтэйгээ хамт явдаг. Хэрэг болсноос хойш хоёр хүүхэд маань ээж дээрээ байгаа. Д- нь охинд маань миний эсрэг үг зааж өгч мэдүүлэг өгүүлж байна.
Түргэний эмчийн мэдүүлэгт ариун цэврийн өрөөнд орж боомилсон гэж мэдүүлээд ариун цэврийн өрөөний урьд шал нь дээр хэвтэж байсан гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Түргэний эмч орж ирээд үзлэг хийхдээ барьж орж ирсэн эмнэлгийн хэрэгслээ охины унтаж байсан буйдангийн булан дээр тавьж байгаад үзлэг хийсэн. Эмнэлэг явах замдаа үзлэг хийгээгүй Д-ын хажууд миний ээж Д- бид хоёр сууж явсан. Охин Н- ангийн багш Баяр-Өлзий багш руу охиндоо чөлөө авах гэсэн юм ээж нь гэмтчихлээ гэж зурвас бичсэн нь үнэн. Учир нь Д-ыг өөрийгөө боомилчихлоо гэж хэлэлтэй нь биш гэж бодоод тэгж бичсэн. Хатанчимэг, Энхмөнх гэх хүмүүст эмнэлгээс гарсан эгч нар нь дагуулж гадуур гарсан гэж хэлээгүй. Д- нь өмнө нь бас амиа хорлох үйлдэл гаргаж судсаа ханаж байсан гэж өөрөө ярьчихаад мөрдөн байцаагч болон шүүх хуралдаанд оюутны дотуур байрны цонхны шил хагарч зүссэн гэж худал мэдүүлсэн. Д- нь өөрийгөө боомилчихоод намайг алгадаж унагаад араас нь ягаан өнгийн халатны бүсээр боосон гэж худал мэдүүлэг өгч намайг гүтгэж байна. Намайг гүтгэхийн тулд ах, эгч нараасаа хөхөрсөн зураг хайж интернэтээс зураг татаж авъя гэх зэргээр чатаар харилцаж байсан. Д-ын худал мэдүүлэг, гүтгэлгийн улмаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн тойргийн анхан шатны шүүх хуралдаанаар надад 13 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэнд маш их гомдолтой байна.
Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж намайг цагаатгаж шийдвэрлэж өгнө үү.. ...” гэв.
Хохирогч Б.Д-ын өмгөөлөгч Б.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шинжээч эмчээс авсан тайлбар мэдүүлэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэлбэрийн бүрэлдэхүүнийг зөрчсөн учраас шүүх шинжээчийг оролцуулах асуудлаар гаргасан гомдол саналыг хүлээж аваагүй нь буруу гэж маргаж байна. Шинжээч эмчээс тодруулах шаардлагатай зүйлүүд байсан бол урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан байх хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10 дахь заалтад заасан оролцогчийн хүсэлтийг гаргах боломжтой байсан. Гэтэл шинжээч эмчийг оролцуулж дараах байдлыг тодруулъя гэх ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Насанд хүрээгүй гэрч н.Номин-Эрдэнийг зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мөн насанд хүрээгүй гэрчид хууль ёсны төлөөлөгч тогтоохдоо ашиг сонирхлыг зөрчилтэй хүнийг томилсон гэх агуулгаар мөн маргаж байна. Бага насны хүүхдээс гадна насанд хүрсэн хүн хүртэл тодорхой хугацааны дараа мэдүүлэг өгөхөд үг, үсэг, өгүүлбэр дарааллаар орж ирдэггүй. Тухайн нөхцөл байдалд асууж байгаа мөрдөгчийн асуулт болон бусад нөхцөл байдлын улмаас агуулгын хувьд зөрчилгүй, нөхцөл байдал, өгүүлбэрийн зөрүүтэй зүйл гарсан. Агуулга зөрсөн эсэх, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг хамгийн түрүүн анхаарах хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих ёстой этгээд байхгүй юм уу ашиг сонирхлын зөрчилтэй бол өөр этгээдийг томилж болохоор хуулийн зохицуулалт бий. Гэхдээ заавал өөр этгээдийг томилох тухай үүрэгжүүлсэн зохицуулалт биш. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогчийн төрсөн эгч гэх утгаар ашиг сонирхлын зөрчил байна гэж үзсэн бол нотлох баримттай үндэслэл бүхий хүсэлт гаргаж болох байсан. Хэрэв тийм хүсэлт гаргаж анхан шатны шүүх уг хүсэлтийг нь шийдээгүй байсан бол асуудал үүсэх байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ашиг сонирхлын зөрчилтэй учраас өөр этгээд томилж өгөх тухай хүсэлт хавтас хэрэгт байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан төгссөн завдалт гэж шийдсэн нь буруу хэмээн шүүгдэгч талаас давж заалдах гомдол гаргасан байна гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгосон. Шүүгдэгчийн тухайд хохирогчийг боож, ухаан алдуулах үйлдлийг бүрэн хийсэн. Хохирогч хариу үйлдэл үзүүлэх чадваргүй байхад нь доошоо буулгасан. Эмнэлгийн тусламж авснаас 3 хоногийн дараа хохирогч ухаан орсон. Энэ нөхцөл байдлуудаас нэг зүйлийг би онцолж хэлмээр байна. Боосон үйлдэл нь тухайн өдрийн 22 цагийн орчимд болсон. Гэтэл эмнэлгийн дуудлагыг 23 цаг 37 минутад өгсөн. 1 цаг 40 минутын турш шүүгдэгч юу хийж байсан юм бэ. Яагаад даруй эмнэлгийн тусламж үзүүлээгүй юм бэ. Эмнэлгийн тусламж ирэхээс өмнө шүүгдэгчийн ээж, аав хоёр орж ирсэн байсан. Мөн тухайн өдөр цагдаагийн байгууллагад 01 цаг 19 минутад өгсөн. Үүнээс харахад эмнэлгийн тусламж үзүүлсэн цаг хугацаа болон цагдаагийн байгууллагад мэдээллэсэн цаг хугацаа нь маш оройтсон байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд хохирогч амь тэнссэн нөхцөл байдалд орсон байна гэж үзсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журамд гэмтлийн хүнд зэрэгт хамааруулах нөхцөл байдлыг урьдчилан тооцож өгсөн байдаг. Хүнд гэмтэл нь амь тэнссэн нөхцөл байдлаас эмнэлгийн тусламж аваад тухайн этгээд амьд үлдэж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл, хохирогч үхсэн байх боломжтой байсан гэх агуулгаар гэмтлийн зэрэг хүнд байна гэж гарсан. Тэгэхээр шүүх эмнэлгийн тусламж аваагүй байсан бол үхэх, үхэх нь тодорхой байсан байна зэргээр үндэслэлгүй дүгнэж байгаа зүйл биш. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй. Амь тэнссэн нөхцөл байдал гэдэг нь тухайн хүний азыг үзэж байгаа хэрэг. Амьд гарах эсэх нь эргэлзээтэй гэсэн үг. Тийм учраас шинжээчийн дүгнэлт болон бусад хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Д-ын өмгөөлөгч Х.Наранзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Өлзийбаярын тайлбарыг дэмжиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа цагаатгаж өгнө үү гэх гомдлыг гаргаж байсан. Энэ хэрэгт гэрчийн мэдүүлгүүдээр шүүгдэгчийн аав, ээж, төрсөн охин, шинжээчийн дүгнэлт гарсантай холбоотой тайлбар зэрэг байдаг. Хөндлөнгийн гэрч ганц бий. Тэр нь түргэний эмч н.Бат-Уул юм. Уг этгээдийн гэрчийн мэдүүлгээр хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Хохирогч Б.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд шүүгдэгч Г.Б-тэй 7 жилийн хугацаанд хамт амьдарсан. Муудалцах, зодуулах, доромжлуулах зэрэг маш их дарамт байсан учраас гурван удаа тусдаа амьдарч байсан. Хоёр хүүхэдтэй учраас хэцүү байдлуудыг уучилж байсан. Хамгийн сүүлд миний амь насыг санаатай хохироох гэсэн үйлдлийг хэзээ ч уучлахгүй. Энэ бол хүнд асуудал. Хоёр хүүхэд минь өнчрөөд үлдэх аюултай. Шүүгдэгч Г.Б-ийм үйлдэл гаргачхаад намайг өөрийгөө боомилж, өөрийг нь гүтгэж байгаа мэтээр тайлбарлаж байгаад гомдолтой байна. Тухайн цаг үеийн талаар баримт нотолгоо байгаа. Шүүгдэгчийн ээж болох н.Д- анхан шатны шүүх хуралдааны дараа буюу шүүхийн тогтоол гарсны дараа миний хажуугаар гарахдаа “тухайн үед энэ нэг юмыг нэг мөсөн үхүүлдэг байж” гэж хэлсэн, энэ бол заналхийлэл. Хавтас хэрэгт манай талын хангалттай баримт байгаа гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Б-гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийг анх 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1329 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 815 дугаар магадлалаар 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1329 дүгээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй байна, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2057 дугаар шийтгэх тогтоолоор Г.Б-гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алахыг завдах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж үзээд 13 жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс ингэж шийдвэрлэснийг хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дурдаж хэлье. Б.Д- мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны шатанд Г.Б-монитагийн баяр болоход дуу хөгжмийн багш н.Энхмөнхийг сонгосон гэж хэлэхэд баруун талын хацарт нь алгадаж, газар унасан байхад араас нь нарийн гуяараа боомилж ухаан алдуулсан, 3 хоногийн дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаан орсон гэх тогтвортой мэдүүлгийг өгдөг. Мөн хохирогч Б.Д-ын хацрыг алгадсан, араас боомилсон талаар насанд хүрээгүй төрсөн хүүхэд нь гэрчийн мэдүүлэг өгсөн. Эдгээр мэдүүлэгтэй холбоотой чих, хамар хоолойн эмнэлгийн идээт үрэвсэлтэй байна гэх онош гарсан. Эдгээрээс харахад, гэмт хэрэг үйлдсэн шалтгаант холбоо байдаг. Шүүгдэгч Г.Б- зүгээс эдгээрийг хүлээн зөвшөөрөхүй үгүйсгэж байгаа. Өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа цагаатгах байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон. Мэргэжлийн шинжээч дүгнэлтээ гаргах ёстой байтал анхан шатны шүүхээс амьд үлдэх магадлалтай хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй хэмээн шүүгдэгчийн өмгөөлөгч нар тайлбарлаж байна. Дээд хэсэгт “Г.Б-болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн хувьд маргаж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд Б.Д-ыг боомилоогүй, Б.Д- өөр өөрийгөө турникээс дүүжилсэн байсныг салгаж авсан гэснийг шүүх дараах байдлаар няцаалт хийв” гэсэн байгаа. “Г.Б- хэлж байгаачлан Б.Д- өөрийгөө турникээс боомилж дүүжилсэн тохиолдолд амьд үлдэх магадлал багатай, нөгөөтээгүүр шүүгдэгч Г.Б-Б.Д-ын дүүжлүүрийн уяаг турник хэсгээс тайлж авсан гэхэд итгэл үнэмшилгүй, шүүгдэгчийн мэдүүлэг тайлбараас өөр баримт хавтас хэрэгт авагдаагүйгээс гадна мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч н.Н- мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй байна” гэж дүгнэсэн. 196 дугаартай шинжээчийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх ямар шинжээч эмч мэдүүлэг өгсөн, зэрэг, дэв, цол тодорхойгүй байна гэсэн. 196 дугаартай дүгнэлттэй нь холбогдуулан н.Оюун-Эрдэнэ гэх эмчээс мэдүүлэг авсан. Өмгөөлөгч Х.Ургаа энэ талаар тайлбар хэлж байна. Шинжээч эмчээс дүгнэлттэй нь холбогдуулан мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн юм бол анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулах талаар хүсэлт гаргах боломжтой байсан. Гэвч оролцогч талуудаас хүсэлт огт гаргаагүй. Завдалттай холбоотой анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс тодорхой дүгнэж тусгасан. Гэмт үйлдэл төгсөөгүй, ухаан алдаж унасан бөгөөд эмнэлгийн байгууллага хохирогчийн амь насыг аварсан. Алах зорилго нь бүтээгүй учраас завдалтаар прокурор зүйлчилсэн. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Х.Ургаа, Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Б-нь 2023 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 50 дугаар байрны Х- тоотод эхнэр Б.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоолойг араас нь уяагаар боож биед нь “...механик амьсгал бүтэлт, хүзүүнд дарагдлын ором, 2 нүдний салст, уруулын дотор салстын цус харвалт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, цээж, зүүн шуу, баруун шилбэ, баруун өвдөгний цус хуралт...” бүхий гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан болох нь:
Хохирогч Б.Д-ын “...Би 2023 оны 09 дүгээр сард “Жаргалан” дунд сургуульд багшаар ажилд орсон бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай сургуулийн багш нарын дунд монита зохион байгуулж улмаар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр монита задалж том бэлгээ өгсөн. Намайг Энхмөнх гэх дуу хөгжмийн багш сугалсан байсан бөгөөд надад дарс, гар нүүрийн алчуур зэргийг өгсөн. Би тэр бэлгээ бариад охин Н- хамтаар 19 цагийн орчимд гэртээ ирсэн. 20 цагийн орчимд Б-гэртээ ирсэн бөгөөд ирээд усанд орчихоод гарч ирэхээр нь өөрөө хийсэн цуйвангаа аягалж өгсөн. Улмаар охин бид гурав хоолоо идээд гал тогооны ширээнд сууж байтал монитагийн бэлгийг харчихаад “энэ юун бэлэг юм” гэж асуусан. Тэгэхээр нь “манай монита өгсөн” гэж тайлбарлатал намайг ойлгохгүй шууд зүүн гараараа алгадаад авсан. Би 2-3 удаа өнхөрч газарт унасан. Унаад ухаан манараад байж байтал гэнэт Бат- Эрдэнэ миний хоолойгоор уяа оруулж хойш татаж хоолой боосон. Тэгээд би ухаангүй болж 3 хоногийн дараа эмнэлэгт сэрсэн. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар бол манай төрсөн эгч Ариунжаргал, Баяржаргал, хүргэн ах Батбаяр, Ууганбаяр, ахын найз Бямбадорж, Гандөл багшийн эхнэр Туяа, эгч Алимантуяа, эмнэлгийн сувилагч эгч Нямбаяр, Хажидмаа болон Хажидмаагийн аав, ээж гэсэн хүмүүс мэдэж байгаа. Гэхдээ цагдаа, эмнэлэгт хандаж байгаагүй. Хүчирхийлэлд өртөж байхдаа эвдлүүлсэн цэнэглэгчийн зураг байгаа. Өөр баримт байхгүй. Найз нөхдөдөө хэлж байсан зүйл байхгүй. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сургууль дээрээ архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй бөгөөд манай охин Н- хичээл 17 цаг 30 минутад тардаг юм. Би охиноо авчихаад монитагийн бэлгээ менежерийн өрөөнөөс аваад шууд гэр рүүгээ явсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Энэ талаар охины ангийн багш Баяр-Өлзий, монита өгсөн багш Энхмөнх, намайг эмнэлэгт байхад эргэж байсан Хатанчимэг багш тус тус мэдэж байгаа. 2012 онд 02 дугаар курсийн оюутан байхад оюутны байрны хагархай цонх унаад гараа зүсэж байсан. Би өөрөө амиа хорлох үйлдэл хийж байгаагүй. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хоолой боосон гэх үйлдэл гал тогооны өрөөний орчим болсон. Энэ үйл явдал болоход манай охин том өрөөний буйдан дээр унтаж байсан. ...” /1 хх 156-160/,
насанд хүрээгүй гэрч Б.Н- “...би одоо 7 настай, 1 дүгээр ангид сурдаг. Би аав, ээж, дүүтэйгээ хамт амьдардаг байсан боловч аав, ээж 2 маань байнга муудалцаж, аав, ээжийг өвтгөөд байдаг болохоор аав, ээж 2 салаад би ээж, дүүтэйгээ хамт Сэлэнгэд ирээд амьдарч байгаа. Аав маань хотод байгаа. Аав, ээж 2 маань байнга муудалцдаг. Хамгийн сүүлд өвөл муудалцсан. Тэр өдөр манай бага дүү хотын өвөөгийнд байсан. Би тэр өдөр ээжтэйгээ хамт ээжийнхээ ажил дээрээс гараад гэртээ харьтал аав маань гэртээ байсан. Би тэр үед ээжийнхээ ажилладаг сургуулийн өөр ангид сурдаг байсан болохоор байнга ээжтэйгээ хамт гэр рүүгээ явдаг юм. Ээж маань тэр өдөр ажлынхаа хүнээс монитагийн бэлэг гээд дарс, гоо сайхны тос аваад очсон болохоор аав маань “чи яахаараа эрэгтэй хүн сугалдаг юм” гэж уурлаад ээжийг алгадаад зодоод байсан. Тэгээд аав, ээж 2 шөнө муудалцаад аав, ээжийг нүүр рүү нь гараа сарвайлгаж байгаад 1 удаа цохиод бас алгадаад нүд нь хөхөрсөн. Тэгээд бас ээжийн гар руу нь цохиж гар нь хөхөрсөн. Бас ээжийн өмсдөг ягаан өнгийн халаадны бүсээр ээжийн хоолойг боосон. Ээж, аав 2 маань хоёулаа эрүүл байсан. Манай аав архи уудаггүй, тамхи татдаггүй. Аав, ээж 2 хамт байхаараа хэрэлдэж аав маань ээжийг байнга өвтгөдөг байсан. Тэгээд ээж, дүү бид гурав Сэлэнгэд ирж амьдарч байгаа. ... 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ээжийг аав хаана байхад нь боож унагаасан талаар би яг тэр талаар нарийн хараагүй. Ямартай ч ээж том өрөөний үүд хэсэгт ухаангүй байсан. Харин би том өрөөний буйдан дээр байсан. Яг ямар уяагаар боосон талаар сайн санахгүй байна. ...” /1 хх 164-165, 167/,
гэрч Н.Б-ын “...нөхрөөр нь гэрийн хаягийг нь заалгахад 50 дугаартай өндөр орон сууцны Х- тоот руу нь орсон. Намайг ороход өөрийгөө боосон гэх эмэгтэй ариун цэврийн өрөөнийхөө урд шалан дээр гар хөл нь чангарсан, татганасан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би өвчтөнийг эхлээд сэрээх оролдлого хийхэд хариу үйлдэл үзүүлэхгүй байсан тул амин үзүүлэлтүүдийг хэмжээд орчиндоо харьцаагүй, хариу үйлдэл үзүүлэхгүй, ухаангүй байсан тул ГССҮТөв рүү хүргүүлэхээр шийдвэрлээд насилк аваад ир гэхэд нөхөр нь гэх залуу “би өөрөө өргөөд гарчихъя” гэж хэлээд тэврээд машин руу явсан. Машинд суусны дараа ГССҮТөв рүү явах замдаа ухаангүй байдалтай байсан эмэгтэйг дахин шалгахад ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Гэхдээ биеийн байдал нь тогтвортой байсан. Тэгээд ГССҮТөвд ирээд амилахуйн өрөөнд оруулж эмчид хүлээлгэж өгсөн. Өвчтөн Д- гэх эмэгтэй ариун цэврийн өрөөний урд хэсэгт шалан дээр ухаангүй байдалтай сэрээх оролдлого хийхэд хариу үйлдэл үзүүлэхгүй байсан тул хүүхэн харааг нь шалгахад гэрлийн урвал сул, эвэрлэгийн реплэкс эерэг, нүд цус хурж улайсан байсан ба амин үзүүлэлтүүдийг хэмжихэд орчиндоо харьцаагүй, хариу үйлдэл үзүүлэхгүй, ухаангүй байсан. Нөхөр нь гэх Б-гээд залуу дэргэд нь зогсчихсон бага зэрэг сандарсан байдалтай, харин нөхрийнх нь ээж гэх эмэгтэй хүн байсан. Намайг очиход тухайн залуу бага зэрэг сандарсан байдалтай байсан. Би юу болсон бэ гэж асуухад Б-гэх залуу “эхнэр бид 2 маргалдаад эхнэр Д- ариун цэврийн өрөө рүү ороод хаалгаа дотроос нь түгжчихээд тайлахгүй болохоор нь хаалгыг нь эвдээд ортол өөрийгөө боомилчихсон байсан” гэж надад хэлж байсан. ГССҮТөвд хүлээлгэн өгөхөд ухаан ороогүй. Намайг анх очиход ямар байдалтай байсан тэр хэвээрээ л байсан. Д-ын хүзүү нь урд хэсэгтээ улаан хүрэн өнгийн боолтын мөртэй байсан. Өөр зүйл анзаарч хараагүй. ...” /1 хх 37/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 196 дугаар шинжээчийн “...Б.Д-ын биед механик амьсгал бүтэлт, хүзүүнд дарагдлын ором, 2 нүдний салст, уруулын дотор салстын цус харвалт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, цээж, зүүн шуу, баруун шилбэ, баруун өвдөгний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх механик амьсгал бүтэлт, хүзүүнд дарагдлын ором, 2 нүдний салст, уруулын дотор салстын цус харвалт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.7-д зааснаар амь тэнссэн байдал үүссэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цээж, зүүн шуу, баруун шилбэ, баруун өвдөгний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” /1 хх 94-96/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 316 дугаар шинжээчийн “...даавуу уяа материалд шинжээч эмч шинжилгээ хийхгүй. Б.Д-ын биед тогтоогдсон механик амьсгал бүтэлт, хүзүүнд дарагдлын ором, 2 нүдний салст, уруулын дотор салстын цус харвалт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр гэмтлүүд нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас үүснэ. ...” /1 хх 100-102/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 392 дугаар шинжээчийн “...Б.Д-ын биед тогтоогдсон механик амьсгал бүтэлт, хүзүүнд дарагдлын ором, 2 нүдний салст, уруулын дотор салстын цус харвалт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр гэмтлүүд нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас үүссэн байх ба ирүүлсэн даавуу уяагаар үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. ...” /1 хх 108-110/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 420 дугаар шинжээчийн “...Б.Д-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Дээрх шинжүүдийн түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх, цаашид хохирогчид хэрхэн нөлөөлөх, үргэлжлэх цаг хугацаа зэрэг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчноос хамаарна. ...” /1 хх 132-134/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Б-хүнийг алахыг завдсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-хохирогч Б.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоолойг араас нь уяагаар боож биед нь “...механик амьсгал бүтэлт, хүзүүнд дарагдлын ором, 2 нүдний салст, уруулын дотор салстын цус харвалт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, цээж, зүүн шуу, баруун шилбэ, баруун өвдөгний цус хуралт...” бүхий гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.Б-эс “...Б.Д- нь өөрийгөө боомилчихоод намайг алгадаж унагаад араас нь ягаан өнгийн халаадны бүсээр боосон гэж худал мэдүүлэг өг гүтгэж байна. Иймд надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Х.Ургаагаас “...хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаж хууль зүйн бодит дүгнэлт хийж чадаагүй, хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэгт ач холбогдол бүхий дүгнэлт хийж чадалгүй эргэлзээ бүхий баримтаар гэм буруутай тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс “...хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийн аль нь үнэн зөв эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож байна, ... насанд хүрээгүй гэрч болох Б.Н- нь хэрэг болсон гэх үеэс хохирогч Б.Д-ын төрсөн эгчийнд түүнтэй хамт амьдарч байсан нь насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт нөлөөлсөн, ... хохирогчийн өндөр, жин, хүзүүнд гарсан ором, механик гэмтлийн шинж чанарыг “амьд үлдэх боломж багатай” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, ... шүүгч шинжээчийн тусгай мэдлэгийг орлон дүгнэх боломжгүй бөгөөд үүнийг дахин шинжээч томилох замаар тогтоох, ... гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл нь гадны хүчин зүйлийн улмаас таслан зогсоогдсон бол төгсөөгүй завдалт гэж үздэг. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримтын хувьд шүүхээс шүүгдэгч Г.Б-нь хохирогчийг боомилсон гэж дүгнэсэн боловч гэмт хэргийг төгсөөгүй туйлд нь хүргээгүй нь түүний гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилгоо төгсгөж чадаагүй нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, өмгөөлөгчийн дүгнэлтийг няцааж байгаа болон үгүйсгэж байгаа нотлох баримтуудыг шүүх шийдвэртээ заана” гэсэн боловч няцааж буй дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй байгаа нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль зүйн шаардлагыг хангаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь, 2023 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 50 дугаар байрны Х- тоотод эхнэр Б.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоолойг араас нь уяагаар боож алахыг завдсан үйл баримт болсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.
Хэргийн бүх үйл ажиллагааг хянаж үзвэл гэмт хэрэг үйлдэгдсэн орой хохирогч Б.Д-ын ажлаасаа авчирсан монитагийн бэлгийг шүүгдэгч Г.Б-харсаны улмаас хардаж хохирогчийг зүүн гараараа нэг удаа алгадаж унгаасан болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Н- мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ. ...” гэж заажээ.
Гэмт хэрэгт завдах гэж субъект гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдлийг санаатай эхэлсэн боловч субъектээс үл хамаарах шалтгааны улмаас үйлдэл бүрэн төгсөөгүй байхыг завдалт гэнэ.
Төгссөн завдалт гэдэг нь субъект гэмт хэргийг туйлд нь хүргэхэд чиглэсэн бүх үйлдлийг хийж, гэмт үр дүнд хүрсэн гэж итгэсэн боловч бодит байдал дээр түүний итгэсэн, хүссэн үр дүн гараагүй, энэ талаар өөрөө мэдээгүй байхыг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд хүнийг алахад чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байх шинжийг агуулдаг. Хүний амьд явах эрхэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй хийсэн боловч хохирогч нас бараагүй, эсхүл довтолгоон хийх явцад халдагч этгээдийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас үйлдэл нь таслан зогсоогдсон мөн гэмт хэргийг туйлд нь хүргэхэд чиглэсэн бүх үйлдлийг хийж, үр дүнд хүрсэн гэж итгэсэн боловч бодит байдал дээр түүний итгэсэн, хүссэн үр дүн гараагүй, энэ талаар өөрөө мэдээгүй тохиолдолд хүнийг алахыг завдсан гэж үзнэ.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Г.Б-нь хохирогч Б.Д-ыг хардалтын улмаас зүүн гараараа нэг удаа алгадаж унгаан араас нь хоолойг боосон талаар хохирогч Б.Д-ын өгсөн “...миний нүүрний зүүн хэсэгт чанга алгадсан. Би тэр үед ертөнцийн зүгээр баруун тийш гал тогооны өрөөний шалан дээр 2-3 удаа шал мөргөж шалан дээр унасан. Нүдээ нээх боломжгүй, нүдэнд шар оч манарч орчноо харж чадахгүй болсон. Ингээд төд удалгүй Г.Б-миний араас боосон. Би эсэргүүцэл үзүүлж чадалгүй манарсан байдалтай байсан. Би сэрэхдээ цагаан орчинд буюу Гэмтлийн эмнэлгийн орон дээр манай эгч намайг сахисан байдалтайгаар сэрсэн. ...” мэдүүлэг, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “...Б-нь миний хоолойгоор уяа оруулж хойш татаж хоолой боосон. Тэгээд би ухаангүй болж 3 хоногийн дараа эмнэлэг дээр сэрсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 156-159/,
мөн насанд хүрээгүй гэрч Б.Н- “...Ээж маань тэр өдөр ажлынхаа хүнээс монитагийн бэлэг гээд 2 дарс, гоо сайхны тос аваад очсон болохоор аав маань “чи яахаараа эрэгтэй хүн сугалдаг юм” гэж уурлаад ээжийг алгадаад зодоод байсан. Тэгээд аав, ээж 2 шөнө муудалцаад аав, ээжийг нүүр рүү нь гараа сарвайлгаж байгаад 1 удаа цохиод бас алгадаад нүд нь хөхөрсөн. Тэгээд бас ээжийн гар руу нь цохиж гар нь хөхөрсөн. Бас ээжийн өмсдөг ягаан өнгийн халаадны бүсээр ээжийн хоолойг боосон. ... ээжийг аав хаана байхад нь боож унагаасан талаар би яг тэр талаар нарийн хараагүй. Ямартай ч ээж том өрөөний үүд хэсэгт ухаангүй байсан. Харин би том өрөөний буйдан дээр байсан. Яг ямар уяагаар боосон талаар сайн санахгүй байна. ...” /1 хх 163-167/ боосон талаар давхар мэдүүлсэн мэдүүлгүүдээс үзэхэд, шүүгдэгч Г.Б-нь хохирогч Б.Д-ын амь насыг хохироох санаа сэтгэлээ гүйцэлдүүлсэн гэж баттай итгэж, бодит байдал дээр түүний итгэсэн, хүссэн үр дүн гараагүй, энэ талаар өөрөө мэдээгүй байгаа үйл баримт нь төгссөн завдалт буюу хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх аливаа хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэлдүүлэгч үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэрчээр мэдүүлэг авч болохгүй хүний талаар тусгайлан зохицуулсан ба насанд хүрээгүй гэрчийн хувьд дээрх хуульд заасан этгээдэд хамаарахгүйн дээр насанд хүрээгүй гэрч Б.Н-эс мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгчөөр нагац эгч Б.Баяржаргалыг оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн төдийгүй, хууль ёсны төлөөлөгч Б.Баяржаргалыг насанд хүрээгүй гэрч Б.Номин-Эрдэнийг мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн, ятгасан гэх үйл баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нөгөөтэйгүүүр, анхан шатны шүүх “...Шүүгдэгч Г.Б- хэлж байгаачлан Б.Д- өөрийгөө турникнээс боймолж дүүжилсэн тохиолдолд амьд үлдэх магадлал багатай, нөгөөтээгүүр шүүгдэгч Г.Б-Б.Д-ын дүүжлүүрийн уяаг турник дэх хэсгээс тайлж авсан гэхэд итгэл үнэмшилгүй, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбараас өөр баримт хэрэгт авагдаагүйгээс гадна мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч Б.Н- мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй байна. ...” гэж шийтгэх тогтоолдоо үндэслэлтэй дүгнэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс тус дүгнэлийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, насанд хүрээгүй гэрч Б.Н-эс мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 03 дугаар сарын 25, 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлэг авахын өмнө мөрдөгч түүнд гэрчийн эрх, үүргийг танилцуулж, үнэн зөв мэдүүлэг өгөхийн чухлыг тайлбарлаж мэдүүлэг авсан нь /1 хх 162-163, 164, 167/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.
Мөн энэ хэрэгт гурав удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 196 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн дүгнэж, үүнтэй холбоотой бусад баримт сэлттэй харьцуулан хянан үзсэний үндсэн дээр үнэлж, нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүйгээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээчид өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба эдгээр дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ял нь төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ялгаатай байхаар заажээ.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-д төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээгээр буюу 13 жилийн хорих ял оногдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялын хэмжээг 8 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болох эрх хэмжээ болно.
Мөн анхан шатны шүүх хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн мөн сэтгэцэд учирсан хор уршгийг зохих хуулийн дагуу Г.Б-эс гаргуулж хохирогч Б.Д-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Х.Ургаа, Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.Б- 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 62 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2057 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтыг “...Шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Х.Ургаа, Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР