Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1253

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

          улсын яллагч Ч.Батбаяр,

          шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Б холбогдох эрүүгийн 1806 0355 81373 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Б.Б

          Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Б.Бнь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Туулын 88 тоотод амарч байсан хохирогч Д.Даваачулууны “Худалдаа Хөгжлийн банк”-ны 405064075 дугаартай картыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч бэлэн мөнгөний /АТМ/ машинаас 2 удаагийн үйлдлээр нийт 400.000 төгрөг хууль бусаар уншуулан авсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ: Хэргийн талаар ярихгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Б: …Би ирэхэд Ганчулуун, Даваачулуун хүчр нилээн согтчихсон байдалтай хэвтэж байсан. Ингээд харсан чинь орны урд талд Даваачулууны цэнхэр өнгийн карт байхаар нь авчихсан юм. 17-ны орой гэртээ очиж хоноод маргааш өглөө нь ажилдаа явсан. Ажил дээрээ очиж цэвэрлэгээ үйлчилгээ хийж байгаад гэр рүүгээ өдөр явсан. Би гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй бөгөөд үйлчлэгч хийдэг учир мөнгө хүрэлцдэггүй юм. Манай том хүү Сүхбат 15 настай, дунд хүү Ганбүргэд 13 настай, бага охин Байгалмаа 10 настай бөгөөд тэд нар хоолгүй байсан учир хоол хүнс авахаар шийдээд  “Сансар” худалдааны төвийн “хаан” банкны АТМ орж хүнээр 200.000 төгрөг авахуулсан. Түүний дараа “Жанжин” худалдааны төв орж хүнс цуглуулж байгаад нэг мөсөн авчихъя гэж бодоод дахин 200.000 төгрөгийг Даваачулууны цэнхэр өнгийн картнаас авсан. Би авсан мөнгөөрөө гэртээ хоол хүнс цуглуулаад үлдсэн мөнгөөр нь хүүхдүүддээ хувцас аваад өгчихсөн юм....гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Даваачулууны: ...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөгийн тэр хавьд найз Ганчулууны гэрт очоод хамт архи уусан. Тэгээд нилээн согтоод сүүлдээ архиндаа согтоод Худалдаа Хөгжлийн виза картаараа нилээн хэдэн удаа уншуулж архи дарс авч ууцгаасан. Тэгээд 18-ны орой гэртээ харьсан. Тухайн үед согтуудаа картаа хаячихсан гэж бодож байтал 18-ны өдөр утсанд картнаас 200.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийгдсэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-н 17-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Ганчулууны: ... 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 88 тоот манай гэрт найз Даваачулуун ирээд Б бид 3 хамт архи дарс ууцгаасан. Тэгээд 04 дүгээр сарын 18-ны өдөр Даваачулуун бид 2 гэрт хэвтэж байхад Даваачулууны утсанд нь картнаас нь 200.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийгдсэн мессеж ирсэн. Тэгээд бид 2 цагдаад дуудлага өгч бүртгүүлсэн...гэх мэдүүлэг /хх-н 21 дүгээр тал/,

- Хохирогч Д.Даваачулууны дансны хуулга /хх-н 36-37 дугаар тал/,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си-Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэлээс : Тухайн 2 этгээд урдаа зогсож байсан эмэгтэйд картаа өгч эхний удаад 1 ширхэг харилцах картыг АТМ-д хийлгэсэн үйлдэл бичлэгт харагдах ба уг этгээд хохирогчийн мэдүүлсэн Б гэгч мөн байсныг тэмдэглэв. Мөн хоёр дахь бичлэг болох 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 55 минут 00 секунд гэсэн бичлэгийг эхлүүлэхэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо “Жанжин” зах-ын АТМ-ын бичлэгт мөн адил хохирогчийн мэдүүлсэн Б гэгч нь бэлэн мөнгө авч гарч явсан нь бичигдсэн байв. Хохирогч уг этгээдийг таньж, шууд зааж байгаа тул бусад хяналтын камерт үзлэг хийхээс татгалзаж үзлэгийг дуусгаж оролцогч нарт танилцуулан ямар нэгэн санал, хүсэлт байхгүй засвар оруулах шаардлагагүй гэснээр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн ажиллагааг 10 цаг 10 минутанд дуусгав. /хх-н 12-13 дугаар тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 14 дүгээр тал/,

- Шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32, 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Хэрэгт цугларсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, “Худалдаа Хөгжлийн банк”-ны дансны хуулга зэргээс дүгнэхэд Б.Бнь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Даваачулууны “Худалдаа Хөгжлийн банк”-ны 405064075 дугаартай картыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч бэлэн мөнгөний /АТМ/ машинаас 2 удаагийн үйлдлээр нийт 400.000 төгрөг хууль бусаар уншуулан авсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Б.Бнь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д. Даваачулууны “Худалдаа Хөгжлийн банк”-ны 405064075 дугаартай картыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч бэлэн мөнгөний /АТМ/ машинаас 2 удаагийн үйлдлээр нийт 400.000 төгрөг хууль бусаар уншуулан авсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Болормааг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Баянзүрх дүүргийн Прокуророос Б.Б гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Бнь бусдын өмчлөх эрхэнд халдаж, хохирогчид бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Прокуророос шүүгдэгч Б.Б гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Болормаа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шүүгдэгч Б.Бнь хохирогч Д.Даваачулуунд учруулсан 400.000 төгрөгийн хохирлоо төлөөгүй байх тул хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: …энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Болормаагийн үйлдсэн гэмт хэрэг  нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт  хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Бнь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.       

Шүүгдэгч Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Боржигон овогт Б.Б бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Б оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Б тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б /РД:ЧЛ78071705/ 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дамдингийн Даваачулуунд /РД:ХА66062717/ олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Бнь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛТАНЦЭЦЭГ