Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/1235

 

 

 

 

     2025            10            29                                            2025/ДШМ/1235

 

М.Н- холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч А.Ж-,

шүүгдэгч М.Н-, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, С.Батнасан,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2049 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Н-, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, С.Батнасан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Н- холбогдох эрүүгийн 2409031482266 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн М- Н-, ......., .... тоотод оршин суух, /РД: СМ........./,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ялыг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 85 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Шүүгдэгч М.Н- нь 2024 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” зочид буудлын гадна талбайд хохирогч А.Ж-ай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, газарт унагаасны улмаас биед нь “суман заадаснаас урагш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, эрүү, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, хоёр сарвуунд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н- оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.Н- нь хохирогчид 9.283.000 төгрөгийг төлсөн, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч А.Ж- нь ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, эмчилгээ хийлгэсэн бусад зардал, цаашид эмчилгээ хийлгэх зардал, АНУ-руу эмчилгээнд явсан зардал зэргээ шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч М.Н- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх М.Н- эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч М.Н-ын хувьд 2024 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө найз А.Ж-гийн хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ойлголцлын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлдээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид учруулсан хохиролоо хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх...”-ээр буюу эрүүгийн хариуцлагыг сонгож оногдуулахаар хуульчилсан ба шүүгдэгчийн хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял шийтгэл оногдуулах боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно...” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч М.Н- нь 0-5 насны 2 хүүхэд болон эхнэрийн хамт амьдардаг бөгөөд том хүү Н.М-нь төрөлхийн зүүн бөөрний уйланхайтай төрсөн, одоо хүртэл дээрх оношоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн бөөрний эмчийн хяналтанд байдаг. Мөн 2024 оны 10 дугаар сард анх нүдний торлог бүрхэвчийн эмгэгтэй гэсэн онош тогтоогдсон ба баруун нүд 30 хувь, зүүн нүд 60 хувийн харах чадвартай гэж эмч нар оношлосон тул 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр унтуулгатай лазер хагалгаанд орсон. Хагалгаанд орсны дараа 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотод байх нүдний хамгийн сайн гэх эмнэлэгт очиж эмчлүүлсэн боловч үр дүн гараагүй.

Цаашид хүү Н.М-эмч нарын зүгээс дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа ба хүүхдийн насны онцлог болон бусад нөхцөл байдлыг харгалзан 2026 онд хагалгааг хийхээр хэлэлцсэн байдаг. М.Н-ын бага охин Н.Ү- нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, одоо 6 сартай, эхнэр Ч.О- нь 2 хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхэлдэггүй. М.Н- нь ажил хөдөлмөр эрхэлж эхнэр, хүүхдүүдээ тэжээн тэтгэж, амьжиргааны хоол, хүнс болон хүүхдийнхээ эмчилгээ сувилгаанд шаардлагатай бүхий зүйлийг ганцаараа хариуцан бэлтгэдэг зэргээс үзэхэд түүний ар гэрт буюу бага насны хүүхдийн эрүүл мэндэд үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч М.Н-ын хувьд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоосон. Цаашид хохирогчийн энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндтэй холбоотой хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар хөнгөрүүлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2049 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч С.Батнасан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д.Энхцэцэг өмгөөлөгчийн хамтаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхийн шатнаас оролцож байна. Өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл байхгүй. Зөвхөн түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага дээр шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзсэн. Анхан шатны шүүхээс уг гэмт хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ зөв хийсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй. Хохирогчийг цохиж, гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Сайн дураараа буюу шүүхээс хохирлыг тогтоосон хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлж анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарахад тодорхой хэмжээний хугацаа аваад даруй хохирогчид нөхөн төлсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн хувьд шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дэлгэрэнгүй тайлбар хэллээ. Шүүгдэгчийн эхнэрийн хувьд 2025 онд сургууль төгссөн. Мөн 2025 онд бага хүүхдээ төрүүлсэн. М.Н-ын 5 настай хүүгийн тухайд эмчийн байнгын хяналтад байдаг. Мөн сургууль цэцэрлэгт хүргэж өгөх боломжгүй болсон учраас цэцэрлэгээс гаргасан нөхцөл байдалтай байна. Монгол улсын нэгдэн орсон хүүхдийн эрхийн тухай конвенц байдаг. Үүнд оролцогч улсууд аливаа төрийн шийдвэр гаргахдаа нэн тэргүүнд хүүхдийн эрхийг хүндэтгэнэ хэмээн заасан. Энэ бүхнийг харгалзан үзэж мөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, ар гэрийн байдал зэргийн харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Н- миний бие 2024 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө найз А.Ж-гийн хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ойлголцлын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлдээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид учруулсан хохирлоо хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүрэн төлж барагдуулсан.

Миний бие 0-5 насны 2 хүүхэд болон эхнэрийн хамт амьдардаг бөгөөд том хүү Н.М-нь төрлөхийн зүүн бөөрний уйланхайтай төрсөн, одоо хүртэл дээрх оншоор “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн бөөрний эмчийн хяналтад байдаг. Мөн 2024 оны 10 дугаар сард анх нүдний торлог бүрхэвчийн эмгэгтэй гэсэн онош тогтоогдсон ба баруун нүд 30 хувь, зүүн нүд 60 хувийн харах чадвартай гэж эмч нар оношлосон тул 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр унтуулгатай лазер хагалгаанд орсон. Хагалгаанд орсны дараа 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотод байх нүдний хамгийн сайн гэх эмнэлэгт очиж эмчлүүлсэн боловч үр дүн гараагүй.

Цаашид хүү Н.М-эмч нарын зүгээс дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа ба хүүхдийн насны онцлог болон бусад нөхцөл байдлыг харгалзан 2026 онд хагалгааг хийхээр хэлэлцсэн. Миний бага охин Н.Ү- нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, одоо 6 сартай, эхнэр Ч.О- нь “Анагаахын шинжлэх ухааны харьяа Ач дээд сургуулийн” Уламжлалтын эх эмчээр 2025 оны 05 дугаар сард төгссөн, одоогоор бага охиноо хараад гэрт байдаг.

Миний бие ажил хөдөлмөр эрхэлж, эхнэр хүүхдээ тэжээн тэтгэж, амьжиргааны хоол, хүнс болон хүүхдийнхээ эмчилгээ сувилгаанд шаардлагатай бүхий зүйлийг ганцаараа хариуцан бэлтгэдэг зэргээс үзэхэд түүний ар гэрт буюу бага насны хүүхдийн эрүүл мэндэд үүсгээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэх үндэслэлтэй байна.

Миний хувьд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоосон. Цаашид хохирогчийн энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндтэй хохирол төлбөрийг төлж барагдуулахдаа илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар хөнгөрүүлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2049 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч А.Ж- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлийн талаар ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тусгасан байдаг. Үүнд хуулийн нэг бүлэгт заасан гэмт хэргийн хоёр болон түүнээс дээш удаа үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл гэж үздэг. М.Н-ын хувьд өмнө нь мөн адил надтай ижил төрийн албан хаагчийг хүнд гэмтээж торгуулийн ял авч байсан. Өмнө нь торгуулийн ял эдэлсэн хэдий ч засраагүй байна. Үүнийгээ давтан үйлдэж байгаа байдал нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад гэм буруугаа хүлээж, хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй бол гэж заасан. 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрт сэтгэл санааны хохирлыг хамгийн багаар тогтоож, тодорхой хугацаа олгосны дагуу шүүгдэгчийн зүгээс зөвхөн сэтгэл санааны хохирлыг барагдуулсан. Өөр эмчилгээний зардал, эм тарианы зардлыг бүрэн барагдуулаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу иргэний журмаар нэхэмжилсэн боловч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхэд шийдвэр нь батлагдсан ба давж заалдах шатны шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй байхад шүүхээс гарсан баримт бичиг хууль, түүнтэй адилтган баримт бичгийн адил үйлчилнэ гэж миний зүгээс маргасан боловч амжилт олоогүй. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатанд хэрэг шилжсэн учраас хэрэг шийдвэрлэгдээгүй хэмээн үзнэ гэж хэлсэн. Үүнээс харахад шүүгдэгч М.Н- би мөнгөө төлсөн учраас дахин мөнгө төлөхгүй гэх байр суурийг илэрхийлдэг. Шүүгдэгч М.Н- өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөх үүрэг хүлээсэн боловч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй. Хохирлоо барагдуулаагүй хэмээн үзэж байна. Шүүгдэгч М.Н-ын хувьд өмнөх гэмт хэргийг үйлдэж байхад хүүхэдтэй байсан. Хүүхэд мөн адил гэмтэлтэй байсан. Гэвч М.Н- гэмт үйлдлийг давтан үйлдэж байгаагаас үзэхэд гэр бүлээ хайрлах, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх гэсэн зорилго харагддаггүй. Мөн М.Н- ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээр албан тушаал батлагддаг. Гэтэл М.Н- өөрийн амаараа би Чингэлтэй дүүргийн залуучуудын холбооны ерөнхийлөгч хэмээн тайлбарладаг боловч үүнтэй холбоотой нийгмийн даатгалын төлөлт байдаггүй. Тиймээс үүнийг батлах боломжгүй хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөр эрхэлдэг тогтвортой албан тушаалтан гэж хэлэх боломжгүй. Ажил хөдөлмөр хийснээр хүүхдийн эрх ашиг баталгаажихгүй. Учир нь шүүгдэгчийн хувьд өмнө нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Тиймээс энэ асуудлыг хүндрүүлэх журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч М.Н- нь 2024 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Ворлд” зочид буудлын гадна талбайд хохирогч А.Ж-ай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, газарт унагаасны улмаас биед нь “суман заадаснаас урагш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, эрүү, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, хоёр сарвуунд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хх 14/,

хохирогч А.Ж-гийн “...2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр буюу пүрэв гариг байсан. Тухайн өдөр би ажил дээрээ байж байхад М.Н- над руу залгаж “уулзъя, Г.Ү- бид нар байна” гээд 18:30 цагийн орчим манай ажил дээр М.Н- машинтайгаа Г.Ү хамтаар ирсэн. М.Н-ын машины дугаарыг би мэдэхгүй байна. Тэгээд тэндээсээ бид гурав хамт нэг тээврийн хэрэгслээр явсаар Сүхбаатар дүүргийн дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороололд Г.Ү-ий гэрт нь очсон. Тэгээд Г.Ү- хувцсаа солиод гарцгаасан. Тэгээд бид Г.Ү-гийнхээс гараад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон дээр очиж Н-ын найз нь гэх М- нарын 3 эмэгтэйг авсан бөгөөд тэгээд тэндээсээ Нью Ворлд зочид буудлын караоке бааранд орсон юм. Тухайн караоке бааранд ороход хэн нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл орсон бөгөөд би шар пальто, костюм, цагаан цамцтай байсан. М.Н- цэнхэр өнгийн срочкин цамцтай, хар өнгийн брюкэн өмдтэй, гадуураа хар өнгийн цувтай байсан. Г.Ү- нь цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн хүрэмтэй байсан. М.Н-ын найз охидуудын нэр, утасны дугаар холбогдох фэйсбүүк хаяг зэргийг би мэдэхгүй байна. Тухайн өдөр л танилцсан эмэгтэй хүмүүс байгаа юм. М.Н-, Г.Ү- нартай миний хувьд ямар нэгэн өс хонзон, өглөг авлага байхгүй. Тэгээд караоке бааранд М.Н-, Г.Ү- бид гурав, М.Н-ын таван найз эмэгтэй нь хамтаар нийт наймуулаа суусан ба тэгээд л архи, пиво ууцгааж нилээд удаан суусан. Тэгээд тэр караоке бааранд бид 4-5 цаг хүртэл сууцгаасан. Энэ хооронд манай гэр ойролцоо байсан тул би гэртээ орж өмд, цамцаа сольж хөх өнгийн жинсэн өмд өмсөж сольсон байсан. Караоке бааранд сууж байхдаа бид нар дундаа архины шил эргүүлж таарсан хүн бодит үнэнээ хэлж, эсрэг талынхан асуулт асууж тоглож байсан. Тэгээд л яг юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд гэртээ сэрсэн ба ажлаасаа хоцорсон байсан тул босох гэтэл толгой эргэж хүзүү өвдсөн. Тэгээд эмнэлэг дуудаж гэмтлийн эмнэлэгт 2024 оны 09 дүгээр сарын 21-наас 23-ны өдрийн хооронд эмчилгээ хийлгэж гарсан. Тэгээд би энэ хооронд Г.Ү-ээс болсон явдлын талаар өөрийнхөө утсаар залгаж асуухад Г.Ү- нь “өчигдөр Н- та хоёр муудалцсан, чи тэгээд цохиулаад уначих юм. Нүүрээ шалбалчих юм, гайгүй юу, тооцоог нь битгий төлөөрэй, чамайг цохисон юм чинь, чи тэгээд гайгүй биз дээ” гэх зэргийн зүйлүүдийг яриад л тасалсан. Мөн М.Н- над руу утсаараа залгаж чи миний уруулыг сэт цохисон байна лээ яаж байгаа юм бэ гэсэн. Тэгээд би юу ч санахгүй байна, толгой тархи өвдөж байна, миний нүүр ам шалбарсан байна гэхэд чи над руу дайраад байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд тооцооны мөнгөө шилжүүлэх үү гэхээр нь би цалин орж ирэхээр нь тооцоогоо хийнэ гэж хэлээд тооцоо 750,000 төгрөг болсон хүндээ хуваагаад 250,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд эмнэлэгт хэвтсэний дараа дахин залгаж “хоол унд авах уу” гэхээр нь би гэрээс хүн ирсэн шаардлагагүй гэдгээ хэлсэн ба тэгээд дахин холбогдоогүй л байна. Миний хувьд М.Н-ын цохиж зодсон талаараа болон ямар учраас маргалдсан талаараа санахгүй байна. ...” /1 хх 38-43/,

гэрч Г.Ү-гийн “....Тухайн өдөр энэ оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байсан. Тухайн өдөр бид гурав уулзаж ярилцахаар ярьж байсан. Тэгээд би М.Н-ай Хан-Уул дүүрэгт уулзаад тэндээсээ хамт тээврийн хэрэгслээр явсаар А.Ж-г Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны орчимд уулзаж авсан. Тэгээд тэндээсээ бид А.Ж-гийн гэрийн зүг явж байгаад “Н” гэх нэртэй зочид буудлын доод талд нь байх караоке бааранд М.Н-ын найз нь гэх нэрийг нь санахгүй 4-5 эмэгтэйгийн хамтаар орсон. Тухайн үед 19:00-20:00 цагийн орчим байсан. Тэгээд тэр караоке бааранд нийт 7-8 уулаа ороод дуу дуулангаа архи, пиво уусан. Хэдэн шил архи уусан, хэдэн пиво уусан талаар би мэдэхгүй байна. Нилээд ууцгаасан байхаа. 4-5 шил архи ч уусан байх. Тэгээд 01:00 цагийн орчим бид нар караоке баарнаас гарсан ба гарах гэж байхад зөөгч эрэгтэй тооцоо дутуу гэж хэлэхээр нь би тооцоо хийх гээд үлдсэн. Тэгэхэд надтай хамт байсан хүмүүс бүгдээрээ гарцгааж би ганцаараа үлдсэн бөгөөд тухайн караоке бааранд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй шиг санаж байна. Тэгээд би тооцоогоо хийгээд гадаа гартал М.Н-, А.Ж- нар хоорондоо маргалдаад бие биенийгээ барьж зуурчихсан байлдалтай байхаар нь би болиулах гээд очоод больцгоо гээд салгасан. Больцгоо гэснээр шууд болиогүй, хэсэг л салж нийлээд зууралдаад л байсан ба би болиулах гээд нөгөө хоёр салж нийлээд л байсан ба би их согтсон унаж босоод л явж байсан. Бид нар гурвуулаа л газар унаж босоод л байсан, гэхдээ хэн, хэрхэн яаж унасан талаар санахгүй байна. Тэгээд л би яаж ийж байгаад л салгаж А.Ж-г би гэрийнх нь гадаа хүргэж өгөөд чи гэртээ орж чадах уу гэтэл чадна гээд үлдэж би гэр лүүгээ харьсан. А.Ж-г хүргэж өгөөд буцаад явж байхад М.Н- харагдаагүй. А.Ж-, М.Н- нар юунаас болж маргалдсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Маргааш нь би А.Ж-, М.Н- нартай холбогдсон, утсаар холбогдоход А.Ж- эмнэлгээр явж байна гэж байсан. М.Н- “өрөөсөн гутлаа олохгүй байна юу, болсон юм бэ” гэж яриад байсан. А.Ж-, М.Н- нар хоорондоо гайгүй л байдаг. Хоорондоо өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан талаар би мэдэхгүй, хоорондоо мөнгөний өглөг авлага байхгүй байхаа би мэдэхгүй, нэг эмэгтэй 2 ууланд нь таалагдсан зүйл ажиглагдаагүй, би бол архи уусан, орон гаран юмаа санаад байна. Зууралдаж байхад хэн нь ч хэнийгээ цохисон эсэх талаар би мэдэхгүй байна. Зууралдаад би салгах гээд л бөөн зууралдаан болсон. Тухайн газраас А.Ж-гийн гэрийн гадаа очиход хэн нэгэнтэй таарсан эсэх талаар би санахгүй байна. ...” /1 хх 45/,

гэрч А.М “...хэнтэйгээ зодолдсон талаар хараагүй, мэдэхгүй байна. Харин маргааш нь Б-, О- нартай уулзахад тэд бие биенийгээ цохиод байхаар нь гэр рүүгээ харьчихсан гэж ярьж байсан. Хэн нь хэнийгээ цохисон гэж нэр усаар нь бол хэлээгүй. М.Н- хар өнгийн костюмтай байсан гадуурхыг нь санахгүй байна. А.Ж- эхэндээ костюмтай байсан, гэр рүүгээ явж хувцсаа солиод ирэхдээ энгийн хувцас өмссөн байсан. Яг ямар хувцас гэдгийг нь санахгүй байна. Г.Ү-ий хувьд энгийн л хувцастай байсан. ...” /1 хх 48/,

гэрч Б.Бу “...Тэгээд бид тавуулаа ороод байж байхад мөн манай М араас ирж бид нар эхнийхээ архийг авч ууж эхэлсэн. Тухайн үед 20:00-21:00 цаг орчим болж байсан. Тэгээд араас нь О-, М.Н- нар ирж бид наймуулаа болж караоке бааранд дуулж, архи согтууруулах ундаа ууж бөөндөө архины шил эргүүлж тоглоом тоглосон. Тэгээд М, А нар гэртээ харихаар гарсан бөгөөд бид нар ч гэсэн тарцгаахаар гадаа гартал тухайн үед шаргал пальто өмссөн зүүн гараа гэмтээсэн бололтой боосон залуу газар унасан байдалтай байсан бөгөөд би муудалцаад байна даа гэж бодоод очоод харахад газар унасан байсан залуугийн дэргэд М.Н- зогсож байсан. Харин газар унасан залууг яг ямар байдалтай унасан, ямар байдалтай байсныг би одоо санахгүй байна. Тэгээд л би М.Н-ыг салгаж таксинд суулгаад өгье гэж хэлээд М.Н-ыг зам руу авч явах гэтэл явахгүй байхаар нь би М-, О-, нарын хамтаар явсан. ...” /1 хх 51/,

гэрч Б.А “...Тэгээд М- бид хоёр тэдний гэр рүү яваад гэрийн гадаа очоод түлхүүр нь байхгүйг мэдээд Бу түлхүүрийг нь авах гээд очсон ба намайг очиход тэд нар бүгдээрээ гараад ирчихсэн манай гурван найз болох М-, Б-, О- нар урд нь араас нь зодоон хийсэн хоёр нь алхаад явж байсан. Тэгээд бид нарыг явж байхад Бу найз залуу нь хүлээж байгаа гээд М-ын гэр рүү гүйгээд явцгаасан, эргэж бол очоогүй. Би М гэрт орж хоносон. Б-, М-, О- нар хамт Булган-Эрдэнийн найз залуугийн машинтай явцгаасан. Нэлээн ууцгаасан, манай найзуудаас М-, О- бид гурав гайгүй байсан. М, Бу нар нилээн согтсон байсан. Н-, Ж-, Ү- нар нилээн согтолттой байсан. М- бид хоёр яваад би эргэжтүлхүүр авахаар очиход Бу надад Ж-, Н- нар зодолдсон гэж хэлсэн, өөр юм хэлээгүй. ...” /1 хх 54/,

гэрч Л.М-гийн “...М-, А-, Б- гурав уулзсан байна гээд намайг Б- нь М-ын гэрт байна гэж дуудсан. Хэсэг хугацааны дараа М-ын гэр рүү дөхөөд явж байхдаа залгахад тэр хэд караокед байна гээд хаягаа зааж өгсөн. Яваад ороход М-, А-, Б-, М-ын таньдаг залуугийн найзууд гээд хоёр залуу сууж байсан. Тэгээд миний араас М-ын таньдаг залуу ирсэн. Бид нар тэр караокед 2-3 цаг дуулаад, хүний 3-4 шил пиво уугаад дуусаад гарахаар болоход М-, А- 2 түрүүлээд гарсан байсан, араас нь М-ын таньдаг залуу нь 2 найзтайгаа гарсан араас нь О-, Б- бид 3 нойл орчихоод гарсан. О-, Б- бид гурвыг гадаа гарахад тэр гурван залуу цаана буланд байж байсан, О-, Б- бид гурав гараад үүдэнд зогсож байхад Б- ганцаараа гүйгээд очсон О- бид хоёр араас нь очиход ямартай ч хоёр нь муудалцаад байх шиг байсан. Тэгээд таксинд сууцгаая гэж байснаа тэр хоёр муудалцаад байна гэж бид гурав ярилцаж байгаад тэр гурван залууг үлдээгээд Б-, О- бид гурав цаашаа явсан. Эргэж тэр гурван залуутай уулзах гэж очоогүй. Сүүлд Б- над руу М-ын найз залуу нь нэг залуутай нь муудалцсан гэнэ гэсэн утгатай чат бичсэн байсан. Тэрнээс хойш дахиж тэр хүмүүстэй уулзалдаагүй. ...” /1 хх 55/,

гэрч М.О-ийн “...Би тэр өдөр ажил дээрээ байхад манай М- утсаар “караокед байна” гэж дуудахаар нь би оройхондоо хаана байдаг караокег нь мэдэхгүй байна, дуудсан газар нь очиход манай найзууд Б-, М-, М-, А- нар нөгөө Ж-, Ү- гэх 2 эрэгтэй хүнтэй цуг байсан. Араас нь Н- нь ганцаараа ирсэн. Тэр караокед дуулаад, ууцгаасан яг хэдэн шил архи, пиво ууснаа санахгүй байна. Тэгээд ууж байхад М- эхлээд явсан. Араас нь караокеноос үлдсэн хэд нь гарцгаасан. Тэгээд Б-, М- бид гурав буцаж орчихоод эргээд гараад ирсэн чинь Ж- газар хэвтчихсэн дэргэд Н-, Ү- нар зогсож байхаар нь “юу болоод байгаа юм” гэхэд тэд нар “зүгээрээ, зүгээр” гээд байхаар нь Б-, М- бид гурав түрүүлээд явчихсан. Нөгөө гурав тэр газартаа үлдсэн. Тэрнээс хойш дахиж уулзалдаагүй. Одоо тэд нартай холбоотой байдаггүй. Караокеноос гарч ирээд буцаж орчихоод гараад ирэхэд Ж- нь газар хэвтчихсэн, нөгөө 2 эрэгтэй нь дэргэд нь зогсож байсан. Эхлээд бол мэдээгүй, дараа нь цагдаагаас дуудахаар нь М-аас асуусан чинь “Ж-г Н- зодохоор нь цагдаад өгсөн” гэж надад хэлж байсан. Бид нар хэдэн шил архи, пиво уусан талаар мэдэхгүй байна. Би өөрөө бол 50 хувийн согтолттой байсан. Өөрийн хийж байгаа үйлдлээ удирдах чадвартай байсан. Нөгөө хэд бол аймар согтсон юм байгаагүй, өөрийгөө хянах чадвартай байсан. Эрэгтэйчүүд нь л жаахан согтолттой байсан. Караокены өрөөнд байхад маргалдаж муудалцаагүй. Уг нь бол зүгээр байсан юм дотроос гараад ирсэн чинь гэнэт зодоон болчихсон юм шиг байсан. Ж- нь газар хэвтчихсэн, нөгөө нь хоёр дэргэд нь зогсож байсан. Н- нь бос гээд байх шиг байсан. Тэд нарын яриаг нь одоо санахгүй байна. ...” /1 хх 58/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12705 дугаар шинжээчийн “...А.Ж-гийн биед суман заадаснаас урагш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, эрүү, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, хоёр сарвуунд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын ХҮНД зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. ...” /1 хх 62/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1412 дугаар “...Амарбаяр овогтой Ж- /РД: ЧР.........../-ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. ... хоёрдугаар зэрэгт хамаарна. ...” /1 хх 228-230/ гэсэн дүгнэлтүүд,

Шинжээч Б.Баяртогтохын “....2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр А.Ж- гэх 38 настай, эрэгтэй хүний биед үзлэг хийж, 12705 дугаартай дүгнэлтийг гаргасан. Тухайн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмаар хохирлын хүнд зэрэгт хамаарсан. Мөн хэрэг болсон гэх 09 дүгээр сарын 20-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэж дүгнэсэн. Шугаман хугарал гэмтлийг авсан тохиолдолд тухайн хүн нь идэвхтэй үйл хөдөлгөөн хийж болно. Гэхдээ толгой өвдөх, шугаман хугаралтай хэсэгтээ өвдөлттэй зовирууд илэрнэ. Шугаман хугарал гэмтэлтэй газарт цохих, хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохигдох, хязгаарлагдмал гадаргуутай зүйл дээр унах хүч аль ч үед үүсэх боломжтой гэмтэл. ...” /1 хх 72/ гэсэн мэдүүлэг,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 23-30/,

М.Н-ын эзэмшлийн “Айфоне” маркийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 91/,

Компьютер томографын шинжилгээ /1 хх 12/,

2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өвчний түүх нээсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хохирогч А.Ж-гийн өвчний түүхийн хуулбар /1 хх 83-90/,

хохирлын баримтууд /1 хх 243-249/, нэхэмжлэлийг хянах маягт /1 хх 220/, А.Ж-гаас гаргаж өгсөн нэг ширхэг сиди /1 хх 219/,

ГССҮТ-ийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02/91 дүгээр албан тоот /1 хх 218/,

А.Ж-гийн амбулаториор эмчлүүлсэн карт /1 хх 200-211/, А.Ж-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 хх 193-197/,

А.Ж-гийн эрүүл мэндтэй холбоотой баримт /1 хх 67, 78, 79, 183-190/,

А.Ж-гийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж, үйлчилгээний мэдээлэл /1 хх 76-77/, А.Ж-гийн “Перпефт” хүзүү толгой, нөхөн сэргээх мэс заслын эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 197/24 дүгээр тодорхойлолт /1 хх 139-143/, “Итгэлт эстимэйт үнэлгээ”-ийн хөрөнгийн үнэлгээ /2 хх 68-81/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Н-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Н-ын хохирогч А.Ж-гийн эрүүл мэндэд “...суман заадаснаас урагш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, эрүү, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, хоёр сарвуунд зулгаралт, зулайд зөөлөн эдийн няцрал. ...” бүхий гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч М.Н-, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, С.Батнасан нараас “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, мөн ар гэрийн нөхцөл байдал зэргийн харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай.

Эрүүгийн эрх зүйд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэж ангилдаг ба шууд санаатай нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг хэлдэг бол шууд бус санаатай нь гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлгодог.

Тодруулбал, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргээс гэм буруугийн хэлбэрээр ялгаатай ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний субъектив санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа зэргийг харгалзан үздэг.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч М.Н- нь хохирогч А.Ж-г баруун гараараа зүүн шанаа, чамархай орчим хүчтэй цохиж унагааж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12705 дугаар дүгнэлт /1 хх 35-38/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч М.Н- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэхгүй.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Н-ын ар гэр, ахуй амьдралд тохируулж ял оногдуулдаггүй болно.

Хэдийгээр шүүгдэгч М.Н- нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” хэдий ч хохирогч А.Ж-гийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хор уршиг учируулсан мөн урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байх ба тэрээр өмнөх үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  М.Н-, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, С.Батнасан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч М.Н-ын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 58 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2049 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Н-, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, С.Батнасан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ын цагдан хоригдсон 58 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                               ДАРГАЛАГЧ,

                                       ШҮҮГЧ                                                  Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                       ШҮҮГЧ                                                  Л.ОДОНЧИМЭГ

 

                           ШҮҮГЧ                                                  Т.ШИНЭБАЯР