Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1270

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48,

хохирогч Д.Энхтөгсийн өмгөөлөгч Г.Энхтүвшин ҮД:06-11 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э6Г холбогдох эрүүгийн 1806060751410 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э6Г

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Э.Г нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 23 дугаар байрны 97 тоот иргэн Ч.Э.Г гэрт хохирогч Д.Энхтөгсийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гэртээ гэр бүлийн хүнтэйгээ сууж байтал Солонгос улсаас хадам эгч утасдаад ах чинь нэг найзтайгаа ирээд 2-3 хоног архи уугаад хүүхдүүд айлгаад гэртээ оруулахгүй хөөгөөд байна гэж хэлсэн. Би эхнэртээ ах миний үгэнд орохгүй хамт явъя гэж хэлээд эхнэртэйгээ хамт очсон. Очиход гэр нь замбараагүй байсан. Тэд эхнэрийн үгэнд орохгүй байсан. Би та нар яв гэж хэлэхэд намайг хөөдөг чи хэн бэ гэж хэлээд үгээр идээд байсан. Гараад учраа олох байх гэж бодоод гарцгаасан.  Гараад хохирогч намайг түлхээд шатны уруу унагаасан. Би босч ирээд нүүр рүү нь цохисон. Дахиад намайг хэд хэд цохихоор нь би биеэ хамгаалаад хоёр цохисон. Хохирогч гэх залуу дахиад зодолдоно гээд намайг өшиглөөд байхаар нь би хоёр удаа цохисон. Удалгүй дотор байсан хүмүүс гарч ирээд биднийг салгасан гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Энхтөгсийн: ...2018 оны 07 дугаар сарын 14-ний өглөө бид хоёр 08 цагийн үед машин дотор нь сэрээд байж байтал Энхбат хоёулаа манай гэрт оръё гэж хэлээд бид хоёр Э.Г гэрт орж сууж байгаад 10 цагийн үед Энхбат хоёулаа ахиад ганц шил юм ууя гэж хэлээд бид хоёр  дэлгүүрээс 750 граммын савалгаатай “Экс” нэртэй архи 1 шил, мөн 3 ширхэг бэлэн гоймон аваад тэдний гэрт орсон. Тэгээд Энхбат бид хоёр  авсан нэг шил архиа хувааж уугаад байж байтал манай багын найз Чинбаа /утас:88831393/ 12 цагийн үед ирээд бид гурав  ууж сууж байгаад авсан архиа дуусгаад Чинбаа түрүүлээд яваад өгсөн. Тэгээд нэг мэдсэн Энхбат тэндээ тасраад унасан байсан. Тэгээд би нэг мэдэхэд цагдаагийн машин дотор нүд ам хөхөрсөн, цагдаа нартай хамт явж байсан. Тэгээд би хөөе намайг буулгачих гэж хэлсэн чинь намайг авч явж байсан цагдаа та гомдол саналтай бол Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж өргөдлөө өгөөрэй гэж хэлээд намайг явуулсан. Тухайн үед би архи уугаад тасарсан байсан учир хэн намайг зодсоныг сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ манай найз Энхбат болон түүний эмэгтэй дүүгийнх нь нөхөр болох Монх гэх нэртэй залуу зодсон гэж хэлсэн...

...Дээрх гэмтлүүдийг 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр миний найзын хүргэн дүү болох Э.Г миний биед учруулсан. Тэгэхдээ тухайн үед би их хэмжээний согтолттой байсан тул Ганбат миний биеийн аль хэсэгт хэдэн удаа цохиж зодсоныг сайн мэдэхгүй байна. Би эрүүл мэндээр хохирсон учир гомдолтой байна. Тэгэхдээ надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-н 5-7, 8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Э.Г: ...Тэгээд манай хүргэн болох Монх нь Энхтөгсийг зодож байхад нь эхнэр нь болох манай дүү Эрдэнэчимэг нөхрөө салгаад нөхөртэйгээ хамт машинд суугаад явахыг харсан. Тэгээд би Энхтөгсийн хамарнаас нь цус гараад байсан учир орж цэвэрлэж өгөх гээд гэртээ орох гэтэл гэрийн хаалга түгжээтэй байсан учир би том хүүхэд болох Тэлмэн рүү утсаар ярьж асуутал бид нар Хайлаастад Батням ахынд байна гэж хэлсэн. Тэгээд би тэр үеэс хойш тасраад юу болсныг сайн санахгүй байна. Мөн Энхтөгсийг хаашаа явсан бас цагдаад хэн дуудлага өгснийг санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-н 9-11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Эрдэнэчимэгийн: ...Тэгээд ойролцоогоор 5 минут орчим байж байгаад манай нөхөр Ганбатыг манай ахын найз Энхтөгс хоёулаа гарчихья гэж хэлээд манай нөхрийг аваад гарсан. Тэгээд би ахынхаа гэрт ах Энхбат мөн ахынхаа хүүхдүүдтэй хамт гэрт үлдсэн. Тэгтэл ойролцоогоор 5 минутын дараа хаалганы гадаа юм дуугараад байхаар нь гараад хартал манай ах болон манай ахын найз Энхтөгс нар хоорондоо шатны хажууд зодолдож байхыг харсан. Тэгээд би болон манай бэр эгчийн дүү болох Бороо мөн манай ахын найз Март бид гурав  тэр хоёрын зодооныг салгаад хоёр тийш авч үлдээд байж байтал манай ахын найз Энхтөгс манай нөхөртэй гадаа гарч зодолдоно гэж хэлээд манай нөхрийг аваад байрны гадаа гарсан. Тэгээд би болон Бороо, манай ахын найз Март бид гурав  араас нь гараад тэр хоёрыг хоорондоо зодолдох гээд байхаар нь хоёр тийш холдуулаад байж байтал Энхбат надад хандан наад хоёр чинь учраа олог, зүгээр орхичих гэж хэлэхээр нь би за та хоёр  учраа ол гэж хэлээд би жаахан зайтай зогсож байтал Энхтөгс ах манай нөхөртэй хамт байрны үүднээс цаашаа юм яриад явж байгаад манай нөхөр болох Ганбатын нүүр хэсэгт нь цохихыг харсан. Тэгтэл манай нөхөр Ганбат зөрүүлээд Энхтөгсийн нүүрэн тус газар цохисон. Тэгээд би болон манай бэр эгчийн дүү Бороо бид хоёр тэр хоёрын зодооныг салгаад би нөхрөө аваад ахынхаа гэрт ирэхдээ унаж ирсэн “Приус-10” маркын 46-52 УНИ улсын дугаарын автомашинд нөхрийгөө суулгаад бид хоёр гэр рүүгээ явсан...гэх мэдүүлэг /хх-н 12-14 дүгээр тал/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8858 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

            1. Д.Энхтөгсийн биед хоёр нүдний зовхи, хамрын нуруу, хоёр хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаа, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/,

            - Хохирлын баримт /хх-ийн 41 дүгээр тал/

            120.000+18.000+75.100=213.100 төгрөг

            - Шүүгдэгч Э.Гын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18, 19 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

    Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Э.Г нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 23 дугаар байрны 97 тоот иргэн Ч.Э.Г гэрт хохирогч Д.Энхтөгсийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

          Шүүгдэгч Э.Г Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 23 дугаар байрны 97 тоот иргэн Ч.Э.Г гэрт 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Д.Энхтөгсийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэргээр тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос Э.Гын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

           Шүүгдэгч Э.Г нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 23 дугаар байрны 97 тоот иргэн Ч.Э.Г гэрт 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Д.Энхтөгсийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

           Иймд Прокуророос Э.Гын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн  хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Э.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

           Шүүгдэгч Э.Г нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 19 дугаар тал/

           Хохирогч Д.Энхтөгс 213.100 төгрөгийн хохирлын нотлох баримтыг ирүүлсэн байна. /хх-ийн 41 дүгээр тал/

           Хохирогч Д.Энхтөгс эрх зүйн туслалцаа авсан зардал 500.000 төгрөгийг нэхэмжилж байна.

           Иргэний хуулийн  227 дугаар зүйлийн 227.3-д ...үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор хуульчилсан байна.

           Хохирогч Д.Энхтөгс нь гэмт үйлдлийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, эрх зүйн туслалцаа авах шаардлага гарч өмгөөлөгч Г.Энхтүвшинтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийж, түүнд 500.000 төгрөгийг төлсөн болох нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ, төлбөр төлсөн тасалбар зэргээр нотлогдож байх тул үйлчлүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах үндэстэй байна. /хх-н 39, 163 дугаар тал/

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

           Шүүгдэгч Э.Г нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол болох 214.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. /хх-ийн 164 дүгээр тал/

Шүүгдэгч Э.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Э.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сартуул овогт Э.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Гад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Г нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.           

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

           6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Гаас /РД:НП85101777/ 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Энхтөгсөд /РД:ЖЬ82091096/ олгосугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Э.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ч.АЛТАНЦЭЦЭГ