Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/1291 

 

 

 

 

   2025            11            13                                        2025/ДШМ/1291        

 

 Ч.Г-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

шүүгдэгч Ч.Г-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

хохирогч “Н- Эло” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр,  Л.Намнансүрэн,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1942 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Г-гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Г-д холбогдох эрүүгийн 1809026820580  дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Ч- Г-, ......, урьд ял шийтгэлгүй, /РД: УХ......../;

Шүүгдэгч Ч.Г- нь “Н- Эло” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд “Н- Эло” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулан өгсөн “М-” брэндийн сандлын борлуулалтын орлогоос 32.946.875 төгрөгийг завшсан буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгий17н хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ч.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ч.Г-д 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгч Ч.Г- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Г-гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэл болон хуулийн хэрэглээнээс үзэхэд, миний үйлчлүүлэгч Ц.Г-гийн үйлдэлд завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж үгүйсгэгдэж түүний үйлдлийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.

Миний үйлчлүүлэгч Ч.Г- “Н--Эло” ХХК-ийн “М-” брэндийн борлуулалтыг хариуцсан менежер ажлыг хийж байсан байна. “М-” брэнд нь маш үнэтэй борлуулдаг бараа, хэрэглэгчид энэ төрлийн барааг өдөр тутамдаа худалдан авахгүй, тодорхой гөрлийн бизнес эрхлэгчид худалдаж авдаг нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогддог. Миний үйлчлүүлэгчийн хувьд өөрийн хариуцсан брэндийг худалдан борлуулснаар компанид тодорхой хэмжээний ашиг оруулахаас гадна өөрийн цалин, хөлс, урамшуулал авах хэмжээг өсгөх зорилготой байсан үйл баримт тогтоогдож байна. Энэ нь хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд захиалсан барааг зарахад оролцсон, оруулсан херөнгө, ашигаа гаргаж авах санаатай зорилготой байсан нь хэргийн үйл баримтаас харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авсан, захиран зарцуулсан гэх энэ гэмт хэргийн обьектив талын шинж тогтоогдохгүй байх бөгөөд үүнээс дүгнэхэд хохирогчийн болон түүний өмгөөлөгч нарын дүгнэлтүүд няцаагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн товч агуулгын талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй...” гэж хуульчилан заажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн гэрч М- мэдүүлэгт 12 хх 226 дах талд “...Г- тэр сандлыг авч явж зараад мөнгийг нь хувьдаа ашигласан гэж сонсож байсан. Гэхдээ би үүнийг хэнээс сонссоноо мэдэхгүй байна гэх эргэлзээтэй мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлэг нь нотлох баримт болохуйц байдлыг хангадаггүй. Гэрчүүд ерөнхий байдлаар өөрийн бодол эсхүл сонссон гэх байдлаар мэдүүлсэн нь мэдүүлэг хэрэгт ач холбогдол бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үзэх үндэслэлгэй. Хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд нь “хөрөнгө оруулалтын гэрээг мэдэхгүй байна”, “Нэг ийм бичиг ирсэн”, “Б- захиралын гарын үсэгтэй байсан”, “Тэрний дагуу тооцоолол хийсэн. Хөрөнгө оруулалт хийсэн гэж үзээд ашиг гаргасан” зэрэг эргэлзээ бүхий мэдүүлэгт давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй шийдвэр нь хэргийн бодит байдалтай тохироогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжилсэн болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг задлан шинжилж нэгтгэн дүгнэвэл миний үйлчүүлэгч Ч.Г- нь “Н- Эло” ХХК-ийн “М-” брэндийн борлуулалтыг хариуцсан брэнд менежерийн ажилтай. Түүний хувьд өөрийн хариуцсан брэндийг худалдан борлуулснаар компанид тодорхой хэмжээний ашиг оруулахаас гадна өөрийн цалин хөлс, урамшуулал авах хэмжээг өсгөх зорилготой хөрөнгө оруулалт хийсэн, захиалсан барааг зарахад идэвхийлэн оролцсон оруулсан хөрөнгөө, ашгаа гаргаж авах санаа зорилгтой болон энэ байгууллагад ажилд ороход тухайн үеийн удирдлагууд нь хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн. Г- өөрөө 100% эрсдлийг даахаар болж өөрийн нөхрөөс урьдчилгаа мөнгийг авч энэ бизнест хөрөнгө оруулсан” үйл баримт тогтоогдож анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршдог. Хэргийн бүхий л үйл баримтаас үзэхэд дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон давж заалдах шатны шүүхийн магадлалд үндэслэл болгосон баримтууд нь хоорондоо эргэлзээ бүхий байдалд дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтай шийдвэрлэх буюу “in dubio pro rео” зарчмыг баримтлана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” буюу “in dubio pro rео” зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга явагдах зорилгыг хангахын тулд гэм буруугүйд тооцох зарчимтай зэрэгцэн үйлчилдэг хуульт ёсны шууд тусгал болж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн эрхийн хамгаалалтыг илэрхийлнэ" гэж тайлбарласан Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбар болон шударга ёсны зарчмын илэрхийлэл нь миний үйлчүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг 9 жилийн туршид шалгаж, шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн хэрэгжих үндэслэл хангалттай бий болсон нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Н- Эло” ХХК-ийн “ “М-” брэнд рүү буюу “Сингапур” улс руу төлбөр шилжүүлэх гэхэд дансанд нь мөнгө байхгүй, мөнгө нь хүрэлцэхгүй байсан. Анх захиалах гэж байсан сандлынх нь тоо 20 байсан, дараа нь 10 болоод, сүүлдээ 5 сандал болсон. Тэгээд 5 сандлыг бусад бараа бүтээгдэхүүнтэй хамт авахаар болсон. Үнэндээ 5 сандлын төлбөрийн мөнгийг шилжүүлэх гэхэд байгууллагын мөнгө хүрэлцэхгүй байсан. Тэр үед С.Б- захирал Э.С- захирлын хамт намайг дуудаж уулзаад “Г- чи “М-” брэндээ сайн мэддэг. Танд санал тавих гэсэн юм. Чи “М-” брэндийн сандалд хөрөнгө оруулалт хийгээд борлуулалтынхаа нийт ашгаас 50% авах уу?” гэж асууж байсан. Бид гурвын уулзалт “Н- трейд” ХХК-ийн оффист болсон. Би тэр уулзалтаар С.Б- захирлын саналыг хүлээн зөвшөөрч, нөхөртэйгөө зөвлөлдөж байгаад нөхрийнхөө хадгаламж болон байр авах гэж хуримтлуулж байсан данснаасаа хөрөнгө оруулахаар болоод мөнгийг нь шилжүүлж байсан. Төлбөр шилжүүлж байх хугацаанд Э.С- захирал байсан. Э.С- захирал төлбөрийн дараалал, задаргаа гэх бүх зүйлүүдийг мэдэж байгаа. Мөн тухайн үед нягтлан байсан Ч.Р-* хандаж Э.С- захирал “С.Б- захирал бид хоёрыг дуудаж уулзсан. Ийм учиртай төлбөр тооцоо байгаа, татварыг нь ингэж тооцно” гэх байдлаар хэлсэн байдаг. Энэ талаар баримт нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөн өмнө шүүх хуралдааны явцад энэ хэрэгт шалгагдаж байгаа 10 жилийнхээ хугацаанд тогтвортойгоор “намайг санхүүгийн асуудлаар буруутгаж байгаа юм бол хэргийн материалд яагаад санхүүгийн талаар баримтууд дутуу авагдсан байгаа юм, баримтуудаа бүрэн бүрдүүлээгүй” гэсэн мэдүүлэг нь шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна.

Гэрч Э.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Н- Эло” компани “М-” брэнд дээр захиалга хийгээд зарагдахгүй удаан хугацаанд барааны үлдэгдэлтэй байсан. С.Б- захирал надад хандаж чамайг “М-” брэндийн барааны маркетинг сурталчилгаа хийгээд зарж чадвал 10 хувийн урамшуулал өгье. Чи 10 хувь дотроо хямдрал хийх эрхтэй байж болно. ... Тухайн үед “М-” брэндийг хариуцдаг байсан хүн нь Ч.Г- байсан. Би удирдаж, ... “М-” брэндийн гол сайн загварууд нь зарагдаад дуусгаж, Ч.Г- бид хоёр урамшууллаа авсан. ... ямартай ч “М-” брэндийг дахин захиалахад захиалгынх нь мөнгийг Ч.Г- өөрөөсөө гаргасан. Тэгээд “бараа ирэхээр авъя” гэж захиалга өгсөн хүмүүст нь бараагаа зараад барааны ашигаасаа 50%-ийг нь Ч.Г- өөрөө авч, талыг нь “Н- Эло” компани авах тохиролцоотой захиалга хийсэн байдаг. Тухайн үед ямар ч байсан бараагаа захиалсан. Барааг захиалахад урьдчилсан мөнгө өгдөг” гэсэн мэдүүлэгээр нотлогдож байдаг. Анхан шатны шүүх Одсүрэнгийн уг мэдүүлгийг няцаах нотлох баримтаа хангалттай заагаагүй. Түүнчлэн:

- Төлбөрийг хүлээж авсныг баталгаажуулж “Н--Эло” ХХК-ийн санхүүгийн баримт болох 2015.01.01-2018.06.30-ны “Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ” болох баримт,

- Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ тайлбарын “кредит” талд тусгагдсан дүн. Энэ нь Г-гийн хөрөнгө оруулсан мөнгө болон “дебет” талд бүртгэсэн хэсэг нь сандалны борлуулалтаас орж ирсэн хөрөнгө оруулалтын буцаан төлөлт. Тус баримтад 2017.10.01-ний өдрийн байдлаар 2 талын хоорондын авлага, өглөгийг хааж өр төлбөргүй болохыг харуулсан баримт,

- Санхүүжилтийн эх үүсвэр болох Хадгаламжийн дансны дэвтэрийн хуулбар болон хадгаламжийн дансны хуулгын задаргаа,

- Тооцоо нийлсэн баримт /эх хувиас нотариатаар баталгаажуулсан хуулбар/ буюу 4 сандалны борлуулалтын задаргаа,

- Гаалийн мэдүүлгийн баримт,

- “Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ” буюу борлуулалтаас Г-д буцаан өгсөн санхүүгийн бүртгэл,

- 2015.01.01-2018.06.30-ны хугацааны “Хариуцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ” буюу борлуулалтаас Г-д буцааж өгсөн санхүүгийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар үйлчлүүлэгчийн гэм буруугүй болох нь тогтоогдож байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 2025/ШЦТ/1942 дугаар шийтгэх тогтоол гаргасан анхан шатны шүүх нь эрүүгийн хуулийн зарчим, хэм хэмжээг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн байх тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Г-г цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байгаа. ...” гэв.

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 26 дугаар хуудсанд авагдсан сайтаас иш татсан мэдээллийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлэлцэгдээгүй, хэрэгт авагдаагүй баримтыг хэлэлцсэн тухай ярьж байна. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тодруулж асуусан. Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ, хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа, хэдэн ажилтантай талаар асуухад асуултад бүрэн дүүрэн хариулсан буюу шийдвэрт тусгасан тодорхойлолтыг илэрхийлдэг. Тухайн асуудал хэлэлцэгдээгүй асуудал биш, хэлэлцэгдсэн асуудал байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад нийтэд илэрхий ил тод, нээлттэй баримт мэдээллийг шинжлэн судлахгүйгээр үнэлж, дүгнэж болно гэж заасан. Аливаа асуудлыг шийдэхдээ би шүүх рүү шилжээгүй байгаа хэрэг дээр “Оpen Data” руу орж, байгууллагын мэдээллийг хардаг. Үүнтэй адил ажиллагаа. Үүнийг үгүйсгэх үндэслэл байхгүй. Гэрч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн зүйл байхгүй гэсэн. Тухайн хэрэг дээр өмнө нь цагаатгах тогтоол гарч, давж заалдах шатны шүүхээс магадлал гарч байсан. Улсын яллагч миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо яллах үндэслэл болгосон баримтууд нь н.Р, н.Алтанзулын н.Ж, С.Б-, н.Б-. н.Б-, н.М- мэдүүлэг, түүнчлэн санхүүгийн баримт бичгүүд байдаг. Тухайн хэрэгт авагдсан нийтдээ 10 нотлох баримтаас 8 нотлох баримт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх нотлох баримтууд байдаг. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс 2 нотлох баримт буюу шүүгдэгчийн нөхөр, хамаарал бүхий этгээд, шүүгдэгчийг ажилд авч байсан тухайн үеийн захирал байсан хүн, Э.С-ын мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэсэнгүй гэж яриад байна. Өөр бусад байдлаар цугларсан бусад санхүүгийн анхан шатны баримтууд зэрэг нь яллах нотлох баримт болж байгаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх нөхцөл байдлыг тогтоож байгаа гэдгийг харгалзаж үзэхгүй дээрх дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдох юм болбол сэжигтэй яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэх зарчмыг өмгөөлөгч ярьж байна. Тухайн агуулгаар Улсын дээд шүүхийн тайлбар гарсан. Үүнийг ярих нь илүүц байх. Өмгөөлөгчийн ярьж буй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн тохиолдолд Улсын Дээд шүүхийн тайлбарыг өөрөөр хэрэглэж шийдвэрлэсэн нөхцөл байдалд хүрнэ. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1942 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү. Эцэст нь хэлэхэд, шүүгдэгч гэм буруутайд тооцсоны дараагаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдаг. Түүнчлэн шүүгдэгч нь “...миний буруу, надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх байр суурийг илэрхийлсэн үүнийг харгалзан үзнэ үү. ...” гэв.

Хохирогч “Н- Эло” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-ын өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж, дараах байдлаар тайлбар гаргаж байна. Шүүгдэгч Ч.Г-д холбогдох хэргийн тухайд Ч.Г-гийн үргэлжилсэн үйлдэл яригддаг. 1 дүгээр үйлдэл нь сандлыг хайрцагт под хийж нууж тавьсан нь тооллогоор тодорхой болсон төдийгүй гэрч нарын мэдүүлэг болон Ч.Г- өрөө хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Хөөн хэлэлцэх хугацаагаар өмнө нь хэрэгсэхгүй болж байсан. Үүнтэй Ч.Г- болон түүний өмгөөлөгч огт маргадаггүй, үгүйсгэж няцаадаггүй. Эхний үйлдэл хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсоны дараа сүүлийн сандалуудтай холбоотой үйлдэл гарсан. Иймд прокурорт өмнөх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдэгдсэн үндэслэлээр үргэлжилсэн үйлдлээр буюу өмнөх хэргийг сэргээж, хамт шалгагдсан. Нэг сандлын хэрэг нь эргэлзээгүй тогтоогдсон. 2 дахь үйлдэл дээр саналын урьдчилгаа гэж гэрч н.Ж- 3.600.000 төгрөгийг авсан. Тухайн мөнгийг н.Ж- намар өгсөн гэж мэдүүлдэг. Ч.Г-гийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дансанд 3.400.000 төгрөг “Эрхэс Сор цалин” гэдэг байдлаар, өөрөөр хэлбэл бэлнээр авсан урьдчилгаа мөнгийг өөрийн данс руу хийхдээ “Эрхэс Сор” гэх компанийн нэрээр урьдчилгаа болгож харагдуулж хийдэг үйлдэл удаа дараа хэргийн баримтаар тогтоогдсон. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1.950.000 төгрөг, 1.700.000, нийт 3.650.000 төгрөгийг дээрх байдлаар данс руу хийсэн. /4 дүгээр хавтаст хэргийн 178 дугаар тал/. Мөн Хаан банкны данс руу 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 4.000.000 төгрөг “сандлын захиалагч Батбаяр массаж” утгаар хийснийг Хаан банкны данснаасаа бэлнээр авч, Худалдаа хөгжлийн банкны данс руу 2015 оны 01 дүгээр сарын сарын 15-ны өдөр “Эрхэс Сор” гэх утгатай шилжүүлдэг. /4 дүгээр хавтаст хэргийн 178 дугаар тал/. Гэтэл бодит байдалд “Эрхэс Сор” гэх компани нь өөрийнх нь хувьцаа эзэмшдэг компани, үйл ажиллагаа явуулдаггүй компани байгаа. “Эрхэс Сор” ХХК-иас цалин авдаг хүн огт байхгүй. Энэ урьдчилгаа авсан цаг хугацаанууд дээр ийм байдлаар мөнгийг шилжүүлсэн байдаг. Эдгээр орсон мөнгөнүүдийн зарлагын гүйлгээг харвал хавтас хэрэгт авагдсан баримтаар дандаа хувийн хэрэгцээндээ зарцуулж дууссан байсан. Сандал захиалах нөхцөл байдал үүсэхэд өөрийн нөхөр болох н.Хүрэлбаатарт хөрөнгө оруулалт хийх гэж байгаа юм, ашиг авна гэдэг байдлаар хадгаламжаасаа мөнгө авч шилжүүлсэн үйл баримт байгаа. Иймд н.Хүрэлбаатар гэх хүн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг утгаар гэрчээр оролцдог. Ч.Г-гийн үйлдэл нь дээрх нотлох баримтаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь тогтоогдсон. Урьдчилгаа төлбөрүүдийг бэлнээр авч байсан гэдгийг Э.С-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд, үнэ хямдрал, хөрөнгө оруулалт гэж баримтууд үйлдэхээс өмнө хэрэглэгч нараас авсан 15.000.000 төгрөгийн урьдчилгаа Ч.Г-д байгаа. Үүн дээр нэмж сандлыг захиалах гэдэг цохолт хийсэн Э.С-ын гарын үсэг байдаг. Өмнөх шүүх хуралдаан дээр Э.С-аас асуухад цахимаар оролцож байхдаа “миний гарын үсэг” мөн гэдэг гэж мэдүүлдэг. Сүүлд 12.000.000 төгрөгийн сандлыг “үнэ хямдрал” гэдэг нэрийн доор бүх сандал зарагдсаны дараа, захиалга авсны дараа, урьдчилгаа өгөгдсөний дараа, сандал ороод ирсний дараа, борлуулагдсаны дараа “үнэ хямдрал” гэдэг асуудал гарч ирээд байгаа юм бэ гэх нөхцөл байдал, мөн урьдчилгааг үрсний дараа хөрөнгө оруулагч нэрээр сандлын урьдчилгааг нөхрөөсөө авч төлж буй уг үйл баримтуудаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэж буй арга хэрэгсэл тодорхойлогдож байгаа. Үүний нэг хэсэг нь хөрөнгө оруулж ашиг бүртгэж байгаа мэтээр ойлголт төрүүлж тушаасан нөхцөл байдал байгаа. Дан ганц уг хэсгийг нь авч, гэмт хэргийн шинжгүй, субьектив санаа байхгүй гэж тодорхойлох боломжгүй. Ч.Г- яллагдагч тул өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй. Ч.Г- гааль дээрээс саналуудыг аваад, компанид бүртгүүлэхгүйгээр, бүртгэлд оруулахгүйгээр шууд урьдчилгаа авсан хэрэглэгч нар руу аваачиж өгч, мөнгийг авсан. Ч.Г- хэн, хэнд аваачиж өгсөн талаараа огт хэлдэггүй. Хэлэх нууж байгаа асуудал нь дансны хуулга, холбогдох баримтуудаараа тогтоогддог. Үнэ хямдрал, хөрөнгө оруулалт гэсэн ойлголт бий болгоод байгаа асуудал нь гэмт хэргийн шинжтэй үйлдлээ нуух, дарагдуулах арга хэрэгслийн нэг юм. С.Б- “...хөрөнгө оруулалтын тухай яриагүй, би юу гэж ажилтантайгаа ийм тохироо хийх вэ...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Уг баримтыг үгүйсгэсэн баримт байхгүй. Түүнчлэн 2 дугаар хавтаст хэргийн 30, 32 дугаар хуудасны ар талд “Н- Эло” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга авагдсан. Сандал захиалах өдрийн өмнөх өдрийн дансны байдал буюу 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт 3 данс нь дээр 800.000.000 төгрөгийн үлдэгдэл байсан. Компани мөнгөгүй байсан, хөрөнгө оруулалт хийх хамтран ажиллах санал тавьсан гэдэг нь бүхэлдээ үндэслэлгүй. Гэмт хэргийн субъектив талын шинж нь анхны сандлыг под хийж завшсан үйлдлээс гэмт хэргийн субъектив талын шинж бүрэн хэрэгжсэн.

Иймд хэргийн бодит байдалд үнэн зөв үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч “Н- Эло” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-ын өмгөөлөгч Ө.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...5 сандал захиалсан. Түүний 4 сандлыг Ч.Г- худалдан борлуулсан гэдэг дээр маргадаггүй. Нэг сандлыг нь сүүлд “Н- Эло” ХХК өөрсдөө худалдан борлуулсан байгаа. 4 сандлын мөнгө болох 48.000.000 төгрөгийн талаар ярих нь зүйтэй. Урьдчилгаа төлбөрийг 2014 оны намраас хойш бүрдүүлж, захиалга өгдөг өдөр дансанд нь мөнгө байхгүй байсан тул нөхрөөсөө бүрдүүлж өгсөн гэдэг. 15.000.000 төгрөгийг 48.000.000 төгрөгөөс хасаж, хэрэглэгч нарын урьдчилгаа гэдгээр явж байгаа. Энэхүү хэрэглэгч нарыг урьдчилгаа төлсөн гэдгийг тухайн үед Э.С- мэдэж байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 188 дугаар талд авагдсан гадаад шилжүүлгийн даалгавар хийгдэх 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн өмнөх цохолт дээр Э.С- нь хэрэглэгч нараас цуглуулсан мөнгийг Ч.Г- дансанд хийнэ гэсэн байдлаар бичсэн байдаг. Эхний сандал 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаалиар орж ирсэн. /1 дүгээр хавтаст хэргийн 189 дүгээр тал “гаалийн барааны мэдүүлэг”/, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр эхний сандлыг н.Ж- гэдэг хүнд хүлээлгэж өгсөн байгаа. н.Ж- нэг сандлын урьдчилгаа мөнгийг өгсөн. 12.000.000 төгрөгөөс 3.600.000 төгрөг хасахаар 8.400.000 төгрөг үлдэж байгаа. Урьдчилгаа төлбөрийг төлсөн тул 8.400.000 төгрөгийг төлнө гэх өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансны дугаар тэмдэглэсэн нэхэмжлэхийг н.Ж-д өгсөн байдаг. Гэвч н.Ж- “...хувь хүний дансанд хийхгүй, компанийн дансанд хийнэ...” гээд өөрийн “Дорнод гурил” ХХК-ийн данснаас “Н- Эло” ХХК данс руу 8.400.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн байдаг. 3.6000.000 төгрөгийг урьдчилгаа төлбөр гэж нэмж төлөөгүй учраас 8.400.000 төгрөг төлөөд болсон. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр сандлынх нь оронд хайрцаг хийгээд дээрээс нь хучаад, өөрөөр хэлбэл, сандал байгаа юм шиг харагдуулсан. Тухайн мөнгийг бэлнээр авч, таксинд бууж мартсан гэдэг агуулгаар мөнгийг компанид төлөөгүй байдаг. 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 2 сандлын мөнгийг хүргэж өгсөн. Тухайн мөнгөнөөс компанид 6.954.375 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлсөн. Энэ талаар н.Ренчинмядаг “...2 сандал борлуулсан атал борлуулалтын мөнгийг тушаагаагүй байна гэж хэлж Ч.Г-гаас авсан...” гэж мэдүүлсэн. 2 сандлын мөнгө 16.800.000 төгрөг төлөх ёстой байтал 6.954.375 төгрөг төлсөн. 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 508.000 төгрөг төлсөн байгаа. Нийт 17.136.875 төгрөгийн борлуулалтын орлогыг төлөөгүй, нуусан, өөртөө завшсан үйлдэл байгаа. Энэ тухай шүүхийн шийдвэрт тусгагдсан байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Мөнгө, хөрөнгөгүй байсан гэдэг нь худлаа. Дансанд дээр дурдсан шиг их хэмжээний мөнгө хангалттай байсан буюу өмнөх өмгөөлөгчийн хэлдгээр 800 гаруй сая төгрөг тухайн өдөр Худалдаа хөгжлийн банкны 3 дансанд нь хуваагдсан байдлаар бэлэн байж байсан үйл баримтууд байгаа. С.Б- захирлын гарын үсэг дээр шинжээч томилох гэхэд хуулбар баримт дээр гарын үсгийн шинжилгээ хийх боломжгүй гэж татгалзсан. С.Б- гэх захирлын мэдүүлгийг нягтлан бодогч н.Р-, ажилтан н.А- нар баталдаг. Түүнчлэн Э.С-ын өөрийнх нь цохолт, бичиг баримт дээрээс нь харагддаг боловч Э.С- ашиг сонирхлын зөрчилтэй байсан тул сүүлд мэдүүлгээ өөрчилж мэдүүлсэн байна гэж миний зүгээс хардаг. Шүүх н.Ре-, С.Б-, н.Ж-, н.Б-, н.А-, н.Б- нарын мэдүүлгийг баримталж, шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна гэв. ...” гэв.

Хохирогч “Н- Эло” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ч.Г-гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ч.Г- нь “Н- Эло” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд “Н- Эло” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулан өгсөн “М-” брэндийн сандлын борлуулалтын орлогоос 32.946.875 төгрөгийг завшсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 2/,

“Н- Эло” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №02/13 дугаартай Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол /1 хх 3-5/,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /1 хх 6/,

Ч.Г-гийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжпэл /1 хх 7-8/,

“Н- Эло” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкин дахь ************ тоот депозит дансны хуулга /1 хх 19/,

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч Б.Анарын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл /1 хх 51/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-гийн /2 хх 223-224, 225/, хохирогчийн “Н- Эло” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М- /1 хх 149-150, 222-223/, гэрч Ж.М-/1 хх 45-46/, Ц.Р- /1 хх 47-48/, Д.Алтанзолын /1 хх 53-54/, Ч.Б-ийн /1 хх 60-61/, С.Б-ийн /1 хх 100-101/, Э.С-ын /1 хх 147-148, 219-220, 3 хх 226-227/, Ч.Х- /1 хх 210-213, 3 хх 230-231/, О.М-/2 хх 226/ нарын мэдүүлгүүд,

Ч.Г-гийн Хаан банк дахь ********* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 67-69/,

Ч.Г-гийн Худалдаа Хөгжлийн банк дахь ******* тоот депозит дансны хуулга /4 хх 173-188/,

Ч.Г-гаас “Н- Эло” ХХК-д гаргасан амлалтын бичиг /1 хх 137-138/,

Ч.Хүрэлбаатарын Худалдаа Хөгжпийн банк дахь ******тоот депозит дансны хуулга /4 хх 192-194/,

“Н- трейд” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар албан бичиг /1 хх 139/,

“Н- Эло” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №11 дугаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан тайлбар, хавсралт /1 хх 140-141/,

“Н- Эло” ХХК-ийн Э.С-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /1 хх 144-146/,

“Н- Эло” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Кассын няравын тайлан /1 хх 230, 238, 2 хх 26, 27/,

“М- International LTD”-ийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн нэхэмжлэх баримт /2 хх 192/,

2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1374496 дугаартай Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /2 хх 244/,

“Н- Эло” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Тооцоо бодсон тухай акт /З хх 23-25/,

 “Н- Эло” ХХК-ийн зарлагын баримт /З хх 76/,

“*********" ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 23/08800 дугаартай аудитын дүгнэлт /4 хх 153-155/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Г-г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ч.Г-гийн “Н- Эло” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан “М-” брэндийн сандлын борлуулалтын орлогоос 32.946.875 төгрөгийг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “ Хөрөнгө завших” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ч.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Г-гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс “...анхан шатны шүүх нь эрүүгийн хуулийн зарчим, хэм хэмжээг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн байх тул тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Г-г цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах, хөрөнгө завших гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдгаараа өөр хоорондоо ижил төсөөтэй байдаг боловч объектив талын шинж болох гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан арга, мөн тухайн эд юмс, түүний эрхийг гэмт этгээд ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, эдгээр нь хэний эзэмшил, өмчлөлд байсан зэргээрээ ялгагддаг.

Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг.

Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэнд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогддог.

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.

Шүүгдэгч Ч.Г- нь “Н- Эло” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа тус компанийн “М-” брэндийн сандлын борлуулалтын орлогоос удирдлага, хариуцсан хүмүүст мэдэгдэхгүйгээр, зөвшөөрөлгүйгээр авч хувьдаа зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн болно.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг “Хөрөнгө завших” гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

Шүүгдэгчийн хувьд завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн нь хэрэгт цугларсан “Н- Эло” ХХК-ийн захирал Э.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1хх 168-171/, ажилд томилсон тушаал /1хх 11/-аар нотлогдож байх бөгөөд ажилд томилсон тушаал, түүний үндсэн дээр гүйцэтгэж байсан чиг үүрэг болон бусдын эд хөрөнгө болон бэлэн хүлээн авч, хариуцах болсон үндэслэл зэргээс үзэхэд эдгээр нь албан тушаалын байдалтай нягт холбоотой байна.

Тодруулбал, Ч.Г- нь “Н- Эло” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх, үүргийн дагуу итгэмжлэн хариуцаж авсан эд хөрөнгийг худалдан борлуулж мөнгийг хууль бусаар хувьдаа авсан, өөрт олгогдсон эрхийг урвуулан байгууллагын мөнгийг ашигласан түүний үйлдлүүд нь өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор энэ хүрээнд хэрэгжсэн нөхцөл байдал нотлогдсон тул завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй ба анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах талаар гаргасан шүүгдэгч Ч.Г-гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх Ч.Г-д торгох ял оногдуулахдаа “учруулсан хохирлоос нь бага дүнгээр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Учир нь Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүндрүүлэх, хүмүүжүүлэх, нийгмийн аюултай үйлдэлд зохих хариуцлага хүлээлгэдэг болохоос материаллаг хохирлыг яг тэнцүүгээр төлүүлэх гэж заагаагүй.

Тиймээс торгох ялын хэмжээ нь хохирлын хэмжээнээс бага байна гэдэг нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэсэн нь хууль зүйн хувьд буруу юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Г-гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1942 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Г-гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧ                                              Л.ОДОНЧИМЭГ

                      ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР