Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1275

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч Б.Е, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48 нарыг оролцуулан тус шүүхийн  хуралдааны ”А”танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бажиг овогт Б.Е холбогдох эрүүгийн 1806 0525 61368 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Е

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Б.Е нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн автобусны буудлын орчим хохирогч А.Төгөлдөрийн толгойн тус газар тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Е мэдүүлэхдээ:  Мөрдөн шалгах ажиллагааны  явцад өгсөн  мэдүүлэг үнэн тул хэргийн талаар дахин ярихгүй  гэв.

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Төгөлдөрийн: ...2018оны 06 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед найз Тэмүүлэнтэй Амгаланд уулзаад юм яриад гадуур явж байгаад 23 цагийн үед байх Кино үйлдвэрт байрлах нэрийг нь мэдэхгүй шөнийн клубт орсон. Тэр газар бид 2 хүний 2, 2 шил пиво уусан. Тэгээд баарны гадна тамхи татаад зогсож байгаад Завханы гэсэн залуутай танилцсан, нэрийг нь санахгүй байна. Төд удалгүй баарнаас гараад Тэмүүлэн такси бариад явсан, би араас нь такси барих гээд зогсож байсан. Тэгээд би юу ч санахгүй байна. Би хүнтэй маргасан, зодолдсон асуудал байхгүй. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Тархи цөмөрсөн, тархинд титан суулгасан, хагалгаанаас өмнө бүр хараагүй болсон. Одоо их муу харж байна. Юм харахгүй байх магадлалтай. Мэдрэлийн эмнэлэгт хяналтанд байх шаардлагатай гэсэн. Би босож зогсож чадахгүй байна, өөрөө явж чадахгүй байна. Гомдолтой байна. Би залуу хүн хөдөлмөрийн чадвар алдсан байна. Одоогоор 1.380.000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан баримтаар байгаа. Хоол унааны зардал нийт 1.800.000 төгрөг зарцуулаад байна. Энэ мөнгийг яаралтай хохирол учруулсан талаас нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Цолмонбаатарын: ...Харин бааранд Батмөнх, Есөн-Эрдэнэ, Чинзориг, Бат-Эрдэнэ бид тав үлдсэн. Тэгээд бид нар бааранд байж байхад буюу баар хаах үеэр Чинзориг, Бат-Эрдэнэ хоёр түрүүлээд гараад явснаа удалгүй Бат-Эрдэнэ эргэж орж ирээд та нар энд юу хийгээд байгаа юм бэ, гадаа бөөн зодоон болж байна гэхээр нь юу болов гээд гараад очтол 4 залуу цаашаа явж байсан бөгөөд Чинзоригийн хамраас нь цус гарчихсан байж байхаар нь би тэр дөрвөн залуу руу хандаж та нар яахаараа миний найзыг цохидог юм гээд араас нь гүйсэн. Тэр үед энэ залуучууд замын голд явж байсан ба намайг тэд нар руу очиход замын хойд талд гарцгаасан. Би тэр залуучуудын араас явж байхад надтай бааранд танилцсан нутгийн залуу Төгөлдөр араас юу болсон бэ гээд дагаад явж байсан. Тэгээд би замын хойно гараад нөгөө дөрвөн залуугийн хоёртой нь барьцалдаж аваад байж байсан чинь манай найзуудын нэг нь /яг хэн нь орилсныг мэдэхгүй/ хөөе хүн алчихлаа шүү дээ гээд орилохоор нь харсан чинь миний ард явж байсан Төгөлдөр гэх залуу ямар ч ухаангүй болчихсон газар уначихсан толгойных нь ар хэсгээс цус гарчихсан байж байсан ба тэр дөрвөн залуу хэдэн тийшээ тараад зугтаахаар нь би найзууддаа хандан хөөе наад хэдийнхээ нэгийг нь бариад ав гэсэн чинь Есөн-Эрдэнэ гэх найз маань өндөр залууг нь барьж аваад газар унагаагаад дараад байж байсан. Тэгээд би нөгөө залуучуудыг нь хөөсөн чинь гүйцэгдэхгүй хөдөөний халтар банди минь гэж хэлээд зугтаагаад байсан. Тэгээд л ерөнхийдөө эмнэлэг, цагдаа дуудаад нөгөө Төгөлдөр гэх залуугаа эмнэлэг рүү өгч явуулаад харин бид нарыг цагдаа дээр авч ирсэн. Эхлээд бол би баарнаас гарч ирээд тэр дөрвөн залуутай маргалдаж байхад саарал өнгийн өмд цамцтай жижигхэн залуу гартаа улаан хүрэн өнгийн тал тоосго барьчихсан байсан. Тэр залуу л цохичихсон болов уу гэж бодож байна. Намайг эргээд харахад л ямар ч байсан Төгөлдөр сүхдүүлээд унаж байгаа юм шиг л газарт ямар ч ухаангүй унаж байсан. Тэгээд л ерөнхийдөө удаагүй цагдаа, эмнэлэг ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Даваажамцын: ...Бид дөрөв баарны хаалгаар яг гарч байсан чинь үүдэнд байх 2-3 залуу бид нартай хэрүүл өдөж маргалдацгаасан чинь баарны хамгаалагч гарч ирээд бид нарыг салгахаар нь бид дөрөв зам хөндлөн гараад явж байсан чинь бид нартай баарны үүдэнд маргалддаг залуучууд араас гүйж ирээд одоо бид нартай хамт цагдаа дээр ирсэн байгаа саарал цамцтай залуу миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа цохихоор нь би цаашаа түлхчихээд би зугтаасан чинь араас 2-3 залуу гараад ирэхээр нь цаашаа чигээрээ гүйсэн чинь Офицерын уулзвар хүртэл гүйгээд тэр залуучууд буцаад явчихсан. Тэгээд би эргээд гүйгээд очсон чинь тэр хүмүүс манай найз Лхагвадоржийг зодож байхаар нь би наанаас нь очоод манай найзыг та нар аллаа шүү дээ гэсэн чинь чулуу бариад миний араас 2 хүн хөөсөн. Намайг тэд нар руу буцаад очиход Лхагвадоржийн цаад талд бас нэг залуу газарт хэвтэж байхаар нь манай найз Мөнх-Эрдэнэ юм болов уу гэж бодоод та нар олуулаа ингэж болохгүй шүү дээ манай найзыг аллаа шүү дээ гэсэн чинь тэр залуучууд хүрээд ир чамайг ална, та нар харин манай найзыг цохичихлоо шүү дээ гээд намайг 2 залуу нь хөөсөн. Тэгээд би зугтааж байсан чинь замын хойд талд Мөнх-Эрдэнэ зогсож байсан ба цагдаа дуудчихсан гээд байж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Ерөнхийдөө энэ зодооныг одоо бид нарыг дагаж ирсэн залуу эхлүүлсэн бөгөөд энэ залуу л манай найз Лхагвадоржийг очиж зодоод намайг чулуу барьж хөөгөөд байсан...Би бодохдоо бид нартай хамт явж байсан Б.Еийг л тэр залуу руу тоосго шидсэн болов уу гэж байна. Яагаад гэхээр зодоон эхлэх үед Б.Е хүрэн өнгийн тал тоосго барьчихсан явж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Мөнх-Эрдэнийн: ...Бид нар баарнаас гараад зам дээр явж байхад ардаас одоо бодоход хохирогчийн хамт 6-7 залуучууд ирээд бид нарыг цохиод хоорондоо зодолдсон. Намайг хоёр   залуу хөөгөөд барьж чадахааргүй болоод буцаад явсан, би буцаад буудлын наана очиход миний өмнөөс Б.Е гүйж гарч ирээд миний гаранд байсан тоосгыг аваад цаашаа гүйгээд явчихсан, би ардаас нь очиж байтал Б.Е буудлын ард талаас зугтаарай гээд гараад ирсэн. Тэгээд бид 2 зугтаад Амазон паласны хажууд Приус-20 маркын автомашинтай 4-5 залуучууд бууж ирээд саяны цохисон залуу чинь босож ирэхгүй байна шүү дээ гэхээр нь би юун цохисон залуу гэхэд сая наад найз чинь юмаар цохичихсон гэж хэлсэн. Тэр үед цаанаас нөгөө бидэнтэй зодолдож байсан 2 залуу гарч ирээд та нар өөрсдийнхөө найзыг цохичихлоо шүү дээ гэхээр нь бид 2 буцаад автобусны буудал дээр очиход танихгүй хохирогч залуу газар уначихсан ухаангүй байхаар нь би түргэн цагдаа дуудсан. Тэнд байсан залуучууд нөгөө унасан хохирогч залууг өмөөрөөд бидэн рүү дайраад байсан. Б.Е энэ үед зугтаад явчихсан. Би хүлээж байгаад цагдаа ирэхэд би цагдаагийн газар ирсэн. Дараа нь түргэний тэрэг ирж хохирогчийг авч явсан гэсэн. Уг нь бол тэр хохирогч залуу хамт ирсэн залуучуудаа танихгүй, бааранд танилцсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7564 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. А.Төгөлдөрийн биед дагз ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн цус хуралт, няцрал, баруун чихний ар хөхлөг сэртэнгийн цус хуралт, дагзны хуйхны зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 13 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Еийн: ...Бид баар хаатал буюу 04 цаг хүртэл уг бааранд байсан. Бааранд байхад одоо энэ хохирогч Төгөлдөртэй хамт яваад байсан залуу намайг бүжиглэж байхад араас өдөөд цохиж аваад байсан, би юм дуугараагүй. Тэгээд тэр хохирогч Төгөлдөрийн найз нь явчихсан, тэгээд хохирогч Төгөлдөр ганцаараа байж байгаад тэр бааранд баахан залуучуудтай танилцчихсан явж байсан. Бид 4 баарнаас гарах үед үүдэн дээр нэг залуу манай найз Лхагватай маргалдаад зогсож байсан. Бид нар Лхагвааг аваад цаашаа яваад Кино үйлдвэрийн автобусны буудал дээр тамхи татчихаад хойд талын буудлаас такси барья гээд ирэхэд ардаас энэ хохирогч болох Төгөлдөр 5-6 залуучууд дагуулчихсан хүрч ирээд тэр залуучууд нь бид нартай зодолдсон. Лхагва бид хоёрыг нөгөө залуучуудын гурав нь нийлээд цохиод байхаар би салаад цаашаа зугтаахад урдаас Мөнх-Эрдэнэ тоосго бариад ирж байхаар нь би тоосгыг нь аваад автобусны буудал тойрч гарч ирээд тэр хэдийн байгаа зүг рүү тоосгыг шидсэн. Тэр үед тоосго нэг хүнийг оноод газар уначихсан, би цаашаа зугтаачихаад буцаад Мөнх-Эрдэнийн хамт удахгүй ирэхэд Төгөлдөр босохгүй байхаар нь Мөнх-Эрдэнийг цагдаа дууд гээд дуудуулсан. Тэр үед нөгөө залуучууд бид хэдийг бас зодох гээд байхаар нь би зугтаачихсан. Би А.Төгөлдөрийн биед учирсан гэмтлийг тусгасан шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, би уг гэмтлийг А.Төгөлдөрийн биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид 200.000 төгрөг төлсөн, үлдэгдэл мөнгийг өгнө гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар тал/,

600.000+71.017+8.000+35.330+76.194+34.800+30.500+55.370+22.000+23.710+5.500+22.000+4.050+17.000+22.000+73.679+4.700+20.000+99.900/тамгагүй/+85.000+13500/тамгагүй/+17.900+22.000+22.000+17.900=1.404.050 төгрөгийн хохирлын нотлох баримтыг ирүүлсэн байна./хх-ийн 16-26 дугаар тал/

           - Шүүгдэгч Б.Еийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59, 60 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

    Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Б.Е нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн автобусны буудлын орчим хохирогч А.Төгөлдөрийн толгойн тус газар тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

          Шүүгдэгч Б.Е нь согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн автобусны буудлын орчим 2018 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хохирогч А.Төгөлдөрийн толгойн тус газар тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.

           Баянзүрх дүүргийн Прокуророос Б.Еийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

           Шүүгдэгч Б.Е нь согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн автобусны буудлын орчим 2018 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хохирогч А.Төгөлдөрийн толгойн тус газар тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

           Иймд Прокуророос Б.Еийн гэм буруугийн санаатай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн  хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Б.Еөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

           Шүүгдэгч Б.Е нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 60 дугаар тал/

  Шүүгдэгч Б.Е нь хохирогч А.Төгөлдөрийн баримтаар нийт 1.404.050 төгрөг нэхэмжилснийг 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан тул одоогоор баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 16-26, 89-90 дүгээр тал/

           Хохирогч А.Төгөлдөр нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

            Шүүгдэгч Б.Еөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирогчид эмчилгээний зардлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Шүүгдэгч Б.Еөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Бажиг овогт Борын Б.Еийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Еийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Еөд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Е нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

           5. Хохирогч А.Төгөлдөр нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Б.Еөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялын энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Еөд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ч.АЛТАНЦЭЦЭГ