| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 110/2018/0026/З |
| Дугаар | 221/МА2018/0451 |
| Огноо | 2018-08-16 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2018/0451
М.Н-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2018/0050 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мейрамханы давж заалдах гомдлоор, М.Н-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2018/0050 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Н-аас аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад холбогдуулан гаргасан Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч М.Н нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт Зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажпаасаа халадсан байсан. Ажил олгогчийн ажлаас халах тухай шийдвэрийг хууль бус гэж үзэж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0034 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/00470 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 466 дугаар захирамж болон Улсын Дээд Шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 158 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан Зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоогдсон юм.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Б нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс татгалзсан учраас албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан байсан. Тэгтэл хариуцагч нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болж /дүр үзүүлж/ 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжпэгч М.Н-ы г томилсон тухай Б/18 дугаар тушаал гаргаж, үүнийг нэхэмжлэгч М.Н д 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэнээр нэхэмжлэгч М.Н ажлаа хүлээж авахаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очсон боловч түүнд ажлыг нь хүлээлгэж өгөөгүй, мөн ажил хийлгээгүй байдаг. Тэгсээр байгаад 7 хоногийн дараа буюу хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Б нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б/20 дугаар тушаал гаргаж нэхэмжлэгч М.Н-ы г үүрэгт ажлаас нь чөлөөлчихсөн үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжпэгч М.Н уг маргаан бүхий тушаалын үндэслэлийг тухайн үед хариуцагчаас асууж тодруулахад: “чиний орон тоо цомхотголд орсон учраас чамайг чөлөөлж байгаа юм” гэж хариулж, өөр олигтой тайлбар хэлээгүй байна. Хуульд зааснаар ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Мөн хуульд зааснаар захиргааны байгууллага буюу албан тушаалтан захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан процессийг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийг заавал татан оролцуулах зэрэг ажиллагаануудыг хийсэн байхыг хууль шаардаад байгаа. Гэвч хариуцагч эдгээр ажиллагаануудын нэгийг нь ч хийгээгүй байдаг. Ингэснээр хариуцагч холбогдох хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ" гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хэлбэрэлтгүйгээр заавал биелэгдэх учиртай. Гэвч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0034 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/00470 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 466 дугаар захирамж болон Улсын Дээд Шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 158 дугаар тогтоол одоо болтол бүрэн гүйцэт бодитой биелэгдээгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5.-Д “Энэ хуулийн 103.4-т зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй", Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй" гэж тус тус заасан. Дээр дурдсанчлан хэрэв нэхэмжпэгчийн урьд эрхэлж байсан орон тоо цомхтголд орсон бол ажил олгогч нэхэмжлэгчид ажил олж өгөх ёстой.
Ажил олгогчоос маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримталсан байдаг. Хариуцагч дээрх хуулийг баримталсан үндэслэлээ: “...нэхэмжлэгч М.Н-ы ажиллаж байсан Зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэж тайлбарладаг. Түүнчлэн, Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн 26 дугаар зүйлийн 26.1.3.-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4.-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан.
Хэрэв М.Н-ы ажиллаж байсан Зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан гэж үзсэн тохиолдолд ажил олгогч /хариуцагч/ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана” гэж заасны дагуу нэхэмжпэгч М.Н-ы цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох, эсхүл төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшүүлэх сургалтанд хамруулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох ёстой байсан. Гэвч ажил олгогч /хариуцагч/-аас хуульд заасан эдгээр баталгаануудыг эдлүүлэх үүрэгтэй боловч алиныг ч гэсэн эдлүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Ингэснээр хариуцагч хуулийг ноцтой зөрчсөн. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2018/0050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0034 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 470 дугаар магадлалаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, М.Н-ыг тус газрын зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтэний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Бодит байдалд шүүхийн дээрх шийдвэр хэрэгжиж, М.Н тогтоогдсон албан тушаалын ажил үүргээ гүйцэтгээгүй байх явцад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын “Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалт, бүтэц, орон тоог батлах тухай” 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/186 дугаар тушаал гарч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батласнаар нэхэмжлэгч М.Н-ы эрхэлж байсан албан тушаал болох “Орон сууц, нийтийн аж ахуй, зураг төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтэн” гэх орон тоо хасагджээ.
Үүнтэй холбогдуулан хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захиргааны актыг гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх буюу “албан тушаалын орон тоо нь хасагдсан” үндэслэлээр нэхэмжлэгч М.Н-ы г үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгчээс уг тушаалыг эс зөвшөөрч, “...хариуцагч нь шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэт биелүүлээгүй, дүр үзүүлэн ажилд томилсон, захиргааны акт гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан албан тушаалтанд нэг сарын өмнө мэдэгдэх тухай зохицуулалтыг зөрчсөн, мөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй нэхэмжлэгч М.Н-ыг татан оролцуулах ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, ялангуяа Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хурлын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга маргаан бүхий тушаалыг гаргахдаа нэхэмжлэгч М.Н д энэ талаар мэдэгдсэн төдийгүй тухайн хурлын үеэр тус газарт шинээр бий болсон “Барилгын лабораторийн шинжээч”-ийн албан тушаалд томилох саналыг тавьсан боловч нэхэмжлэгч М.Н татгалзжээ.
Үүнээс гадна Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/186 дугаар тушаалын хавсралт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2/1139 дүгээр албан бичгээр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт М.Н-ы г шилжүүлэн ажиллах боломжтой мэргэжил, мэргэшилд нь тохирсон өөр албан тушаалын орон тоо байхгүй болсон нь тогтоогджээ. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр хариуцагчийг буруутгах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
Тодруулбал, эрх бүхий этгээдийн шийдвэрээр байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөж, М.Н-ы ажиллаж байсан мэргэжилтэний орон тоо хасагдсан, тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг орон нутагт байхгүй болж, түүнийг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх буюу төрийн хөрөнгөөр дахин мэргэшүүлэх боломжгүй болсон нөхцөлд хариуцагчаас гаргасан маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Харин хариуцагч албан тушаалтан нь М.Н-ы цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшүүлэх боломжгүй болсон дээрх тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох ёстой.
Хэдийгээр маргаан бүхий актаар тэтгэлэг олгохоор шийдвэрлээгүй ч энэхүү тэтгэлгийг олгохоос татгалзахгүй талаараа шүүх хуралдаанд хариуцагч тайлбарласан, нэхэмжлэгчийн зүгээс ч уг тэтгэлгийг шаардан авах боломжтой тул тэтгэлгийг олгохоор шийдвэрлээгүй нь маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл М.Н 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгтэй холбогдох асуудлаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд тухайн нэхэмжлэлийг гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мейрамханы давж заалдах гомдолд дурдсан “...хариуцагч нь шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэт биелүүлэхгүйгээр дүр үзүүлэн ажилд томилсон, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй” гэх үндэслэл нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаал хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж байгаа энэхүү захиргааны хэрэгт хамааралгүй буюу маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд харин шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, ийнхүү шийдвэрийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан эсэхтэй холбоотой асуудлаа холбогдох байгууллага, шүүхэд хандан шийдвэрлүүлэх М.Н-ы эрх нээлттэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2018/0050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР