Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 118

 

П.А, Ц.Н нарын

 нэхэмжлэлтэй,

Улсын бүртгэлийн ерөнхий газарт

 холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ    

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220107406 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг “Х...”-ны өмчлөлд бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Х...” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн 000504295 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0626 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 663 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч П.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.О, Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Д.Б нарыг оролцуулж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0626 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.2-т, 11.5.4-т, 11.5.5, Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль/2003/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н, П.А нараас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220107406 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг “Х...”-ны өмчлөлд бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Х...” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн 000504295 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 663 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0626 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ”...давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.Н, П.А нар нь өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007406 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2-58 байрны 33 тоот 1 өрөө, Ү-2201011098 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол 4 байрны 47 тоот 4 өрөө орон сууцуудыг Хас банкны барьцаанд хуульд заасан журмын дагуу барьцаалсан, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Хас банкны гаргасан 105,052,616 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамж, албадан гүйцэтгэлийн ажиллагаа явуулах тухай шүүгчийн захирамжийн үндсэн дээр Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байдаг.

4. Нэгэнт талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх асуудлаар маргаагүй, нэхэмжлэгчээс энэ асуудлаар шүүхэд өргөдөл, нэхэмжлэлийг гаргаж байгаагүй байхад давж заалдах шатны шүүх талуудын маргаагүй асуудалд дүгнэлт хийж, улсын бүртгэгчийн хийсэн бүртгэлийг буруутгаж байгаа нь учир дутагдалтай байна.

5. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад “нэхэмжлэгч Ц.Н, П.А нар нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 2-58 дугаар байрны 33 тоот орон сууцны гэрчилгээг “Х...” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрч байна" гэж баримтыг өөрөө үйлдсэн ба уг баримтаас харахад заавал уг орон сууцыг дуудлага худалдаанд оруулахгүйгээр барьцаалагчийн өмчлөлд шилжүүлэхийг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эрх олгогдсон гэж үзэхээр байна. Иймд шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өмчлөгчийн гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр уг байрны гэрчилгээг “Х...” ХХК-д шилжүүлэн өгөхийг Улсын бүртгэлийн байгууллагад 2016 оны 10 сарын 3-ны өдрийн 1/31030 дугаартай албан тоотоор мэдэгдэж улмаар улсын бүртгэгч Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага буюу эрх бүхий байгууллагын шийдвэрээр “Х...” ХХК-ны өмчлөлд шилжүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.2, 11.5.4, 11.5.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4-т заасантай нийцсэн байдаг.

6. Гэтэл анхан шатны шүүхийг энэ талаар дүгнэхдээ зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй, харин ч анхан шатны шүүхийн дүгнэлт талуудын маргаагүй асуудлын үүднээс дүгнэсэн алдааг давж заалдах шатны шүүх гаргаж, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

7. Давж заалдах шатны шүүх “өмнө нь маргаангүйгээр хүлээлгэн өгсөн 4 өрөө орон сууцаар 105 сая төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн болох нь тогтоогдвол 1 өрөө байрыг “Х...” ХХК-д бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн байгууллагад хандах нь үндэслэлгүй болох нь тогтоогдохоор байна” гэсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, нэг талын эрх ашгийг хамгаалсан гэж үзэхэд хүргэж байна. Учир нь нэхэмжлэгч Ц.Н, П.А нар нь анхнаасаа уг орон сууцыг бусдын зээлийн төлбөрт хуульд заасан журмын дагуу барьцаалсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай шүүгчийн захирамж гарснаар уг орон сууцны гэрчилгээг барьцаалагчид шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн тул эрсдэлээ өөрөө хүлээх эсхүл хохирлоо бусдаас нэхэмжлэх эрх нь хуулиар нээлттэй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч шиг хэт нэг талыг барьсан байдлаар асуудалд хандаж, улсын бүртгэгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн, хуульд журамд нийцүүлэн хийсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

8. Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0626 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн Магадлалд “Анхан шатны шүүхээс үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн эсэх, мөн эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн эсэх, хуулийн аль заалтын дагуу бүртгэл хийгдсэн талаар нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох ёстой бөгөөд …шүүхээс энэ талаар дүгнэхдээ зарим тохиолдолд хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжиж буй мэт, эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр өмчлөх эрх шилжиж буй мэт, шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгч өөрчлөгдсөн мэт тун ойлгомжгүй дүгнэлт хийжээ” гэжээ.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор “Х...” ХХК-иас эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлгийг гаргахдаа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Х...” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тухай албан бичиг, итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр авагчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгох тухай албан бичиг, шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01595 дугаар захирамж, Ц.Н, П.А нарын тухайн үл хөдлөх хөрөнгийг Хас банкны өмчлөлд шилжүүлэхийг хүссэн хүсэлтүүдийг хавсарган өгсөн бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасан улсын бүртгэгчийн эрх хэмжээнд нийцсэн бүртгэл болжээ гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, “шүүгчийн захирамж, түүнийг биелүүлэхтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан арга хэмжээний үр дүнд тус хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн гэж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүхээс хэлцлийн үндсэн дээр шилжсэн мэт ойлгомжгүй дүгнэлт хийсэн” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

11. Мөн магадлалд “Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 57/244 дугаартай хамтарсан захирамж, тушаалын 3-т “Үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай албан бичгийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт ирүүлэхдээ үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа газар, холбогдох шүүхийн шийдвэр, үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн, хураасан, бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай актын хувийг хавсаргаж байх”-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан. Гэтэл хавсаргаж ирүүлсэн баримт дутуу буюу 1 өрөө орон сууцыг “Х...” ХХК-д шилжүүлж өгсөн тухай акт байх шаардлагатай атал энэ талаарх нотлох баримтыг шүүх цуглуулаагүй байна гэжээ.

12. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2001 оны 57/244 дугаартай захирамж, тушаалаар “бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай актын хувийг хавсаргаж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан” ба улсын бүртгэлийн байгууллагад даалгасан, үүрэг болгосон зохицуулалт биш болно. Түүнчлэн бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай актын хувийг ийнхүү хавсаргаагүй тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй болно. Энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэхдээ “шүүгчийн захирамжийн үндсэн дээр хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай маргаагүй хэрнээ улсын бүртгэгч нь мэдүүлэг хүлээн авахаас татгалзах талаарх хуулийн аль зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэж байгаагаа нэрлэн заагаагүй атлаа илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн болно.

13. Магадлалд “Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд өмчлөгч нарын өмнөөс мэдүүлэг гаргаад өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж маргасныг анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг баримтлан өмчлөгч гаргаагүй, өмчлөх эрх олж авч буй этгээд гаргаж байгаа нь зөв гэсэн дүгнэлтийг хийсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 24-ний 102/ШШ2016/01595 дугаартай захирамжид “үүргийн гүйцэтгэлийг 4 өрөө болон 1 өрөө орон сууцын албадан дуудлага худалдаагаар борлуулах замаар хангуулах”-аар заасан байдаг болохоос “Х...” ХХК-ийн өмчлөлд 4 болон 1 өрөө орон сууцыг шууд шилжүүлэхийг даалгаж захирамжилсан заалт байдаггүй тул шүүхийн шийдвэрээр бүртгэсэн гэх үндэслэлгүй гэсэн үндэслэлд тайлбар няцаалт хийх шаардлагатай” гэжээ.

14. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “Шүүгчийн 01595 тоот захирамжид тус үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлээгүй” гэж тайлбарлан маргаж байгаа боловч Хан-Уул, Соигинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01595 тоот захирамжид “маргаан бүхий орон сууцны Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж" гэж шийдвэрлэсэн байх тул уг захирамж нь улсын бүртгэлийг өөрчлөх үндэслэл болох шүүхийн шийдвэр юм. Тус захирамжийг үндэслэж шийдвэр албадан гүйцэтгүүлэх захирамж гарч, гүйцэтгэх хуудас олгогдсон, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай албан бичиг хүргүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгчийг өөрчилж бүртгэсэн гэсэн тайлбар зөв байна" гэж дүгнэсэн байхад энэ талаар тайлбар хийгээгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

15. Түүнчлэн магадлалд “Х...” ХХК-аас гаргасан мэдүүлэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ бичигдээгүйгээс төлбөр төлөгч нь төлбөр авагчид төлөх ёстой 105,052,616 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн 4 өрөө орон сууцыг зарж борлуулан төлөх боломжтой тухайд: Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.5.1-д заасны дагуу өмчлөх эрхтэйг нотолсон баримтыг хавсаргасан эсэхийг нягтлан шалгах үүргээ биелүүлсэн эсэх, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Х...” ХХК-ийн ажилтан Г нь өөр этгээд болох Ц.Н гэх нэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлэг гаргасныг хүлээн авахаас татгалзах ёстой байсан эсэх, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17.1.6 дахь заалтыг улсын бүртгэгч зөрчсөн гэсэн үндэслэлийн талаар: “Х...” ХХК 1 өрөө орон сууцыг хэдэн төгрөгийн төлбөрт тооцон авч байгаа болох талаар нотлох баримт цуглуулах шаардлагатай байсан” гэжээ.

16. Нотлох баримтаар авагдсан баримтуудад анхан шатны шүүхээс дүгнэлт хийн улсын бүртгэгч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд бүртгэлийг хийсэн гэж дүгнэсэн болно. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17.1.6-д “өмчлөх эрх шилжих болсон хэлцэл, бусад баримт бичигт тусгагдсан үнэ” гэж заасан боловч “Х...” төлбөртөө тооцон авсан тухайн хөрөнгийн хувьд үнэ тогтоох боломжгүй, мөн хуулийн 17.1.3-т заасан өмчлөх эрхийг бүртгүүлэх болсон үндэслэл нь мэдүүлэгт хавсаргагдсан баримтууд болон хувийн хэрэгт тусгагдсан болно. Иймд мэдүүлэг бүртгүүлэхдээ үнийг бөглөөгүй гэж байгаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй байх тул 17.1.6 дахь заалтыг улсын бүртгэгч зөрчсөн гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс үүнд “мэдүүлэгт үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бичээгүй нь улсын бүртгэлийг хийхээс татгалзах, мөн улсын бүртгэгчээс барьцаа хөрөнгө нь төлбөр авагчийн төлбөрийг төлж барагдуулахад хүрэлцэх, эсхүл хүрэлцэхгүй болохыг тодорхойлж эрх зүйн дүгнэлт хийх үндэслэл болохгүй гэж дүгнэлт хийсэн байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

17. Мөн магадлалд “Хэрвээ өмнө нь маргаангүйгээр хүлээлгэн өгсөн 4 өрөө орон сууцаар 105 сая төгрөгийн төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь тогтоогдвол 1 өрөө байрыг “Х...” ХХК-д бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн байгууллагад хандах үндэслэлгүй болох нь тогтоогдохоор байна” гэжээ.

18. Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01595 тоот захирамж, шийдвэр албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичиг зэрэгт үндэслэн маргаан бүхий тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх 2016 оны 10 сарын 13-ны өдөр “Х...” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, гэрчилгээ гарсан байдаг. “Х...” ХХК уг хөрөнгийг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад дахин хандсан нөхцөл байдал байхгүй. Энэ бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч талаас анх нэхэмжлэл гаргасны үндсэн дээр тус хэрэг маргаан шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байгаа болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “Х...” ХХК улсын бүртгэлийн байгууллагад хандах үндэслэлгүй гэж ойлгомжгүй, логик хамааралгүй зүйл дурдсан байна. Мөн улсын бүртгэлийн байгууллага нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд мэдүүлгийг хүлээх авах, татгалзах үүрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хуульд заасан татгалзах үндэслэл байгаагүй гэдэг нь тогтоогдож байгаа ба үүнд анхан шатны шүүхээс мөн дүгнэлт хийсэн байх атал үнийн дүн нь хүрсэн тохиолдолд маргаан бүхий хөрөнгийг “Х...” ХХК-д шилжүүлэх шаардлагагүй гэх агуулга бүхий дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тус маргааныг Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс аль хэдийн шийдсэн, тус захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгч талаас огт маргаагүй, зөвхөн шийдвэрийг гүйцэтгэхтэй холбоотойгоор хийгдсэн бүртгэлийг илт хууль бус гэж тогтоох маргааны хувьд давж заалдах шатны шүүхээс тухайн хэрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

19. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

21. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2-58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах 18 мкв, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг “Х...” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн, нэхэмжлэгч нараас “... өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг Хас банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг гаргаагүй,  шүүгчийн захирамжид маргаан бүхий орон сууцны өмчлөгчийг өөрчлөх талаар тусгаагүй, түүнчлэн талуудын хооронд хийгдсэн аливаа хэлцэл байхгүй,  Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эвлэрээгүй, дуудлага худалдаа явагдаагүй байхад улсын бүртгэгч нь орон сууцны өмчлөгчийг өөрчилж бүртгэсэн нь илт хууль бус” гэж, хариуцагчаас “... “Х...” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгэлийн мэдүүлгийг гаргахдаа тус банкны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ... Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2-58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах 18 мкв орон сууцыг Хас банкны өмчлөлд шилжүүлэн, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай 3г/5797 тоот албан бичиг, тусгай активын хэлтсийн мэргэжилтэн Б.Г-д олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/31030 тоот албан бичиг, 00299 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01595 дугаар захирамж, төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай 129/03 тоот тогтоол, Ц.Нээс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “... 33 тоот байрны гэрчилгээг “Х...”-нд шилжүүлэх ... -ийг зөвшөөрч байна”, П.А-гаас мөн өдөр гаргасан “... 33 тоот орон сууцыг “Х...”-нд өгөхийг зөвшөөрч байна” гэсэн хүсэлтүүдийг тус тус хавсарган ирүүлсэн, ... бүртгэлийг хийхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байсан тул уг бүртгэл нь улсын бүртгэгчийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд нийцсэн, ... илт хууль бус бүртгэл гэж үзэхгүй, ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, эрх бүхий этгээдийн шийдвэрээр өмчлөх эрх шилжсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль тогтоомжид нийцэж явагдсан эсэхэд улсын бүртгэгч дүгнэлт өгөх эрх хэмжээгүй” гэж тус тус маргажээ.

22. Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай (2003) хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”, эсхүл “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэсэн 2 тохиолдолд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар заасан, ингэхдээ “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байх”-ыг уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т тусгайлан шаардсан, түүнчлэн, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргах”-аар, 24.4-т “шүүх...-ийн  шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргах”-аар тус тус заажээ.

23. Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай (2003) хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан нөхцөл нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тухай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн байхыг ойлгоно, энэ үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийг өөрчлөхийн өмнө энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар улсын бүртгэлийн байгууллага өөрөө ийнхүү бүртгэл өөрчлөгдсөний улмаас “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох” иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэх, тэдгээрийн зөвшөөрлийг авсан байх үүрэгтэй гэж үзэхээр байна.

24. Хэрэв анхан шатны шүүх “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд өмчлөгч өөрчлөгдсөн” гэж дүгнэж буй тохиолдолд, үүнтэй холбоотой баримтууд, тухайлбал, уг 1 өрөө орон сууцыг “Х...” ХХК-д шилжүүлж өгсөн тухай акт зэргийг нотлох баримтаар гаргуулж, дүгнэлт хийх байсан, түүнчлэн, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөн бүртгэсэн хариуцагчийн үйл ажиллагааг дүгнэхдээ хуулиар тогтоосон дээрх шаардлагууд тухайн тохиолдолд хэрхэн хангагдсан, “... нэхэмжлэгч Ц.Н, П.А нар уг 1 өрөө орон сууцаа Хас банкинд өгөхийг өөрсдөө зөвшөөрсөн” гэх бичгийн баримт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тухай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдөх үндэслэлд хэрхэн холбогдож байгаа эсэхэд дүгнэлт хийх ёстой, энэ үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдэл зөв байна.

25. Иймд, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  “...давж заалдах шатны шүүх талуудын маргаагүй асуудалд дүгнэлт хийсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй, нэг талын эрх ашгийг хамгаалсан, ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 663 дугаар магадлалыг хэвээр үлдээж хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,  гуравдагч этгээд “Х...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Х...” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА