Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 951

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* нарыг оролцуулан Ц.Э*******ны нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөөгүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар хүртлэх хугацаанд Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11-р хороодын хүн амын шилжилт хөдөлгөөний талаарх нарийвчилсан мэдээллийг улирлаар гаргаж өгөх буюу хороодод оршин суух нийт иргэдийн тоо, түүний дотор сонгогчдын тоог улирал тутмаар, иргэдийн шилжилт хөдөлгөөний тоог гаргаж хариу өгөхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэлийн шаардлага бол 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн дүнд сэтгэл хангалуун бус байгаа. Үүнээс улбаалан иргэний бүртгэлийн мэдээллийн төвөөс иргэдийн бүртгэлийг гаргаж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан. Тухайлбал 7,9,10,11,12 дугаар хороодод нийт хэдэн иргэн оршин суудаг ба түүнээс хэдэн сонгогчид байгаа, шилжин явсан ба ирсэн иргэдийн тоог гаргуулах гэсэн нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд хоёр тал нотлох баримтаа гаргаж өгсөн. Хариуцагч тал идэвхтэй оролцсон. Дүгнэж үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын тал хувь нь биелэгдсэн гэж үзэж байгаа. Иргэний бүртгэл мэдээллийн алба 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар бүртгэлтэй байсан сонгогчдын тоо мэдээллийг дүүргээр нь гаргаж өгсөн. Энэ байдлаар нэхэмжлэлийн шаардлага 50 хувьтай хангагдсан гэж үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзсан. Шилжилт хөдөлгөөн хийсэн иргэдийн тоо мэдээг дахин нарийвчилж 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 01, 2015 оны 10 дугаар сарын 01 өдөр гэсэн нийт сонгогчдын тоог гаргаж өгнө үү гэдэг асуудлаар уулзсан. Гэтэл хариуцагч талаас техникийн байдлаас боломжгүй гэдэг хариуг өгсөн. Хариуцагч тайлбарлаж хэлсэн бидний шаардсанаар нарийвчилж гаргаж өгөх боломжгүй гэдгийг ойлгосон. Шүүх бидний нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувьтай биелэгдсэн гэдгийг баталж өгвөл бидний хувьд гомдол, санал байхгүй.

Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад эвлэрсэн гэх дүгнэлт гаргамааргүй байна. Учир нь хариуцагч тал боломжтой байдлаараа нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн. Үүнээс илүү биелэгдэх нарийн тоо баримт гаргаж өгөх программын хувьд боломжгүй байгаа юм байна. Нэхэмжлэлийн шаардлага тал хувиар биелсэн гэдгийг шүүхээс баталж өгвөл гомдол байхгүй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтдээ холбогдуулж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бид 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд сонгогчийн нэрсийн жагсаалтыг үйлдэх явцад идэвхтэй ажилласан. Нэхэмжлэгчийн хүсэж байгаа шилжилт бүртгэлийн тоо баримтыг зохих хэмжээндээ гаргаж өгсөн. Үүнийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Миний зүгээс тодруулах гэж байгаа зүйл бол 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан гомдлын дагуу хүмүүс ажиллагаа хийсэн. Тухайн үед гомдол гаргагчийн хүсэлтийн дагуу үүргээ биелүүлж ажиллагаа хийгдэж хангалттай тоо баримтуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэлдээ манай байгууллагыг хангалттай хариу өгөөгүй гэж байсан. Бид хангалттай үйл ажиллагааг хийсэн. Тухайн гомдолдоо сонгогчдын шилжилт хөдөлгөөний тоо мэдээллийг гаргаж өгнө үү гэсэн байвал бид тодорхой хэмжээнд гаргаж өгөх боломж байсан. Харин бид гомдлын хүрээнд л хариуг гаргаж өгсөн. Миний зүгээс өргөдөл гомдолд нь үндэслэл бүхий хариу өгөөгүй хууль бус эс үйлдэхүй байхгүй тул манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэх талтай зүйл болох вий гэх эргэлзээ байна. Бид бол хангалттай ажлаа хийж гүйцэтгэсэн.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э*******наас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөөгүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар хүртлэх хугацаанд Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11-р хороодын хүн амын шилжилт хөдөлгөөний талаарх нарийвчилсан мэдээллийг улирлаар гаргаж өгөх буюу хороодод оршин суух нийт иргэдийн тоо, түүний дотор сонгогчдын тоог улирал тутмаар, иргэдийн шилжилт хөдөлгөөний тоог гаргаж хариу өгөхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Э*******наас 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэлээр  Ц.Ш*******ид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...хариуцагч тал боломжтой байдлаараа нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн. Үүнээс илүү биелэгдэх нарийн тоо баримт гаргаж өгөх программын хувьд боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага тал хувиар биелсэн гэдгийг шүүхээс баталж өгвөл гомдол байхгүй. Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” хэмээн нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүх хуралдаан дээр илэрхийлж, түүнээс гарах үр дагаврыг танилцуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ц.Э*******н нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөөгүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар хүртлэх хугацаанд Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11-р хороодын хүн амын шилжилт хөдөлгөөний талаарх нарийвчилсан мэдээллийг улирлаар гаргаж өгөх буюу хороодод оршин суух нийт иргэдийн тоо, түүний дотор сонгогчдын тоог улирал тутмаар, иргэдийн шилжилт хөдөлгөөний тоог гаргаж хариу өгөхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА