Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/00521

 

                                               Н.Шаравжамцын  нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/1624 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 522 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Н.Шаравжамц,

Хариуцагч : Юу Би Эйч проперти ХХК

Нэхэмжлэлийн шаардлага :  8.723.200 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Шаравжамц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир,  нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014.4.15-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 73 дугаар байрны 13 давхарт 145 тоот 56.64 м.кв 2 өрөө орон сууцыг 106 сая төгрөгөөр худалдаж авсан. Захиалга өгөхөд 16 давхар байшингийн карказ боссон, дотор засал хийгдэж байсан. 2016 оны 8 дугаар сард орон сууцаа худалдахаар болж, худалдан авагч талбайн хэмжилт хийлгэх саналын дагуу хэмжилт хийлгэхэд 52 кв.м буюу 4.64 м.кв дутуу байсан. Гэрээгээр 56.64 кв.м 2 өрөө орон сууц захиалгаар кв.м-г нь 1.880.000 төгрөгөөр тооцож  106.483.200 төгрөг төлсөн ч 4,64 кв.м дутуу байх тул илүү төлсөн 8.723.200 төгрөг  гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  2013.4.12-ны өдөр 2013/04-12 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 77, 72, 73 тоот барилгыг Өндөрбуянт холдинг ХХК-иас 70 хувийн гүйцэтгэлтэйгээр худалдан авсан. Уг барилгыг 2014.11.19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч, нэхэмжлэгчид байрны түлхүүрийг 2014.11.04-ний өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд энэ үед хэмжих боломжтой байсан. Тухайн 3 барилгыг улсын комисст өгснөөс хойш 2014.11.25-ны өдөр байрнуудын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Хэдий орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ боловч зохигчдын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлагыг 6 сарын хугацаанд гаргаагүй. Уг барилга 2008 оноос баригдсан гэтэл 2009 онд батлагдан хэрэгжиж эхэлсэн стандартаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/1624 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Шаравжамцын нэхэмжлэлтэй, Юу Би Эйч проперти ХХК-д холбогдох, 8.723.200 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154 521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажлын хөлс 172.227 төгрөгийг төлөхийг Юу Би Эйч Проперти ХХК-д үүрэг болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 522 дугаартай магадлал гаргаж,Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/1624 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Юу Би Эйч проперти ХХК-иас  8.723.200 төгрөг гаргуулж Н.Шаравжамцад олгож, 2 дахь заалтын “...үлдээсүгэй..”  гэснийг “...үлдээж, Юу Би Эйч Проперти ХХК-иас 154.521 төгрөг гаргуулж,  Н.Шаравжамцад олгосугай..” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр  үндэслэл бүхий юм. Талууд гэрээг  “орон сууц захиалгаар бариулах гэрээ” гэж нэрлэсэн  боловч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Юу Би Эйч Проперти ХХК нь Өндөр буянт холдинг ХХК-тай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ" байгуулж, 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг худалдаж авсан. Нэхэмжлэгчтэй 2014.4.15-ны өдөр "Орон сууц захиалгаар бариулах ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж, Хаппи тауны 73 дугаар 145 тоот 2 өрөө орон сууцыг худалдсан. Гэрээний 3.1-т уг гэрээг 2014 оны 2-р улиралд ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцсон. Энэ нь уг орон сууц бүрэн баригдаж дууссан байсныг илэрхийлж байна. Манайх орон сууцыг 2014.11.04-ны өдөр 145-н тоотын түлхүүрийг Н.Шаравжамцад хүлээлгэн өгсөн. Түүнээс  хойш шүүхэд нэхэмжлэл гаргах  хүртэл нэхэмжлэгч   шаардлага гаргаагүй. Иймд Иргэний хуулийн 254.6-т заасан шаардлага гаргах эрхээ алдсан. Гэвч давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 343.1, 352.2.3-г   баримтлан  хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хэдийгээр талууд “захиалан бариулах” нэртэй гэрээ байгуулсан  боловч гэрээ нь агуулгын хувьд худалдах, худалдан авах гэрээ юм. Гол үндэслэлээ тодорхойлохдоо МNS6058:2009 стандартаар байрны талбайн хэмжээг тодорхойлсон байдаг. Гэвч уг стандарт нь 2009.12.24-ний батлагдсан 2010.02.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан стандарт юм. Өөрөөр хэлбэл, 2008 онд уг барилгын ажил эхлэхэд уг стандарт батлагдаагүй байсан бөгөөд нэгэнт барьж эхэлсэн барилгын ажил эхэлсний дараа батлагдаж, мөрдөгдсөн стандарт тул түүнийг хэрэглэх, хэрэглээгүй нь хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

       ХЯНАВАЛ :

Н.Шаравжамц нь Юу Би Эйч проперти ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж,  Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 73 дугаар байрны 13 давхарын 145 тоот  2 өрөө орон сууцны хэмжээг 56.64 кв.м байхаар тохиролцсон байхад 52 кв.м байгаа тул зөрүү 8.723.200 төгрөг гаргуулахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ. 

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ, зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдан авагч доголдлын талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж Юу Би Эйч проперти ХХК-д холбогдох  Н.Шаравжамцын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. 

Давж заалдах  шатны шүүх шийдвэр өөрчлөлт оруулахдаа, зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүрэн хангажээ.

Хариуцагч хяналтын гомдол гаргахдаа “...худалдах, худалдан авах гэрээ байгуулсан... нэхэмжлэгч гомдол  гаргах  хугацааг хэтрүүлсэн... давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн... барилгын ажил эхэлсний дараа батлагдаж, мөрдөгдсөн стандартыг... хэрэглээгүй...” гэсэн үндэслэл заасан байна.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан, орон сууцыг барьж ашиглалтад оруулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, орон сууцыг Н.Шаравжамцын өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Н.Шаравжамц  нь хариуцагчтай  2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” байгуулж, “Юу би эйч проперти” ХХК нь Баянзүрх дүүрэг,  5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ХД 73 дугаар байрны 13 давхарт 56,64 кв.м талбайтай 2 өрөө орон сууцны төлбөрт 106.483.200 төгрөг өгөхөөр харилцан тохиролцжээ./хх- 5-6/

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709  дугаар актаас үзвэл /хх 18-19/ орон сууц нь батлагдсан зураг төслийн дагуу 2008 оны 5 дугаар сараас баригдаж зохигчид гэрээ байгуулснаас хойш 6 сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  дууссан болох нь тогтоогдож байна.

“Юу Би Эйч проперти” ХХК  ХД-71, ХД-72, ХД-73-р байрны  барилгыг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээгээр “Өндөр буянт холдинг” ХХК-иас худалдан авсан ба “...гэрээ байгуулах үед барилгууд нь 70 хувийн гүйцэтгэлтэй... байсан...” талаарх  хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй байна.

Нэхэмжлэгч өөрийн байрыг сонгож, гэрээ байгуулан төлбөр төлөхөөр хариуцагчтай тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул Н.Шаравжамц болон “Юу би эйч проперти” ХХК нарын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны хэмжээ нь гэрээний гол нөхцөл байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 522 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/1624 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 154.524 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай. 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ