Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 312

 

Э.Нд холбогдох эрүүгийн

   хэргийн тухай      

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, О.Батболд, О.Оюунчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 364 дүгээр магадлалтай, Э.Нд холбогдох 1809039461085 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, О.Батболд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Хошууч бэйс овогт Эийн Н нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Нг албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар Э.Нг 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Нгоос 65.395.568 төгрөг гаргуулан хохирогч “Айр Нэтворк” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч “Айр Нэтворк” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Э.Нд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял оногдуулсан бөгөөд хохирогчийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргасан. Өмгөөлөгчийн хувьд тухайн хэргийн материалтай танилцахаас өмнө буюу 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өөрийн үйлчлүүлэгч Нтой уулзахад “давж заалдах гомдол гаргах хүсэлтэй байсан ч хугацаандаа гомдлоо гаргаж амжаагүй бөгөөд тухайн асуудлыг шүүхээс шийдвэрлэхдээ хохирлыг буруу тогтоосон, хэргийг бүрэн дүүрэн шалгаж чадаагүй” талаар тодорхой ярьдаг.

Ийм учраас өмгөөлөгчийн хувьд хэргийн материал болон хохирогчийн давж заалдах гомдолтой танилцаад давж заалдах шатны шүүхэд хэргийг бүхэлд нь хянахдаа анхааран авч үзэх асуудлаар тайлбар гаргасан. Гэвч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс “Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон талаар.

1.Хохирогчийг буруу тогтоосон талаар.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Хохирогч “Айр Нэтворк” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.О нь...” гэж заасан байна. “Айрнэтворк” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 09/134 дугаартай гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан ба гомдлыг цагдаагийн байгууллага 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 4409 дугаарт /хх-3/ гэсэн байна.

Гомдлыг хохирогч хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх захирал Б.Х гаргасан ба хавтаст хэрэгт авагдсан компанийн гэрчилгээнээс харахад Б овогтой Хг гүйцэтгэх захирлаар 2018.06.15-наас бүртгэсэн байна. Ийнхүү хуулийн этгээд нь хохирсон талаараа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байтал “Айрнэтворк” ХХК-ийг хохирогчоор огт тогтоогоогүй. Харин тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оийг хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил юм. Зүй нь хохирсон хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан хуулийн этгээдийг хохирогчоор тогтоож, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэх юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэсний 1.2-д хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасан. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох ёстой итгэмжлэлтэй этгээдийг хохирогчоор тогтоож, улмаар түүнээс хохирогчийн мэдүүлэг авсан ба цагдаагийн байгууллагад гомдол гаргасан хохирогч гэх хуулийн этгээдийг хохирогчоор тогтоогоогүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасныг зөрчжээ. Гэмт хэргийн улмаас иргэн Н.О хохирол хүлээсэн үү, эсхүл “Айрнэтворк” ХХК хохирол хүлээсэн үү гэдэг нь тусдаа асуудлууд байтал шүүхээс ялгаж зааглахгүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хохирогчоор тогтоосон байна. Тухайн хэргийг шалгахдаа анхнаасаа хохирогчийг буруу тодорхойлж хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шууд хохирогчоор тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь дараах баримтуудаас тодорхой харагддаг.

1.2018 он 9 дүгээр сарын 2-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхдээ “...иргэн Н.Оийн бичгээр гаргасан буртгэлийн 4561 дугаартай гомдол” гэж бичсэн /хх-1/. Гэтэл хэрэгт иргэн Н.Оийн бичгээр гаргасан гомдол, өргөдөл, тэр тусмаа 4561 дугаартай өргөдөл, гомдол байхгүй байна.

2.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд “...иргэн Н.Оээс гаргасан гомдол” гэж бичин гомдол мэдээлэл хэмээн бичсэн боловч хэрэгт “Айрнэтворк” ХХК-ийг төлөөлж захирал Б.Х цагдаад гомдол гаргасан байдаг.

3.Мөн “Айрнэтворк” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг 4409 дугаарт бүртгэн авсан боловч Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхдээ “...иргэн Н.Оийн           бичгээр гаргасан бүртгэлийн 4561 дугаартай гомдол” гэж бичсэн байна.

4.Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаагүй, хохирогч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч этгээдээс мөрдөгч “та цагдаагийн байгууллагад хандах болсон асуудлынхаа талаар ярина уу” гэж хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэгт байна. Эндээс харахад эхнээсээ хуулийн этгээд хохирсон уу, иргэн хохирсон уу гэдгээ хольж хутгасан бололтой.

5.Иргэн Н.О нь хохирлын тооцоо /хх-121/ гэх зүйл гаргаж цагдаад өгсөн байдаг. Энэ тооцоог хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, санхүү татварын тайлан гаргадаг компаниас гаргаж өгөөгүй.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьж, гэм буруу, хохирлын асуудлыг нарийн шалгаж тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнд:

1.Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан “Айрнэтворк” ХХК-ийн захирал Б.Хгаас хохирогчийн мэдүүлэг огт аваагүй. Зүй нь компанийн захирлаас ямар хэмжээний хохирол учирсан, нягтлан бодогч болон захирал нь компанийнхаа санхүүд ямар хяналт тавьдаг, ямар санхүүгийн программ ашигладаг, хэдэн ажилтантай, ажилтнуудын ажил үүргийн хуваарь /хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт/, нийгмийн даатгал, татвар, санхүүгийн тайланг хэн, хэрхэн гаргадаг, хөндлөнгийн аудит хийлгэсэн эсэх, санхүүгийн анхан шатны баримтууд ямар албан тушаалтан дээр /нягтлан, захирал/ байдаг, шинжээчид бүхий л баримтаа гаргаж өгсөн эсэх зэрэг олон асуудлыг тодруулах ёстой юм. Хохирогч гэх Н.О нь тухайн компанид ямар ажил эрхэлдэг талаар хэрэгт авагдсан баримтгүй.

2.Мөн цагдаагийн байгууллагад тухайн компани гомдол гаргахад хавсарган өгсөн төлөгдөөгүй билетийн жагсаалт гэх баримтыг үйлдсэн /6-11/ ерөнхий нягтлан бодогч Б.О, М, авлага хариуцсан менежер С.Г нараас огт мэдүүлэг аваагүй. Энэ хэрэгт Д гэх хэрэгт хамааралгүй хүнийг асууснаас өөр нэг ч гэрч асуугаагүй байна.

3.Мөн хэрэгт хүмүүсийн хооронд бичигдсэн чат буюу харилцан яриаг хавсаргасан боловч хэнээс гаргаж өгсөн, хэзээ хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэлгүй байна /хх-20/.

4.Э.Нг албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэх атлаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, эд хөрөнгө хариуцсан ажилтны жагсаалт хэрэгт байхгүй. Мөрдөгчөөс тухайн байгууллагын нийгмийн даатгалын тайланг аваад үзсэн бол хэдэн хүн хөдөлмөрийн гэрээгээр ямар албан тушаал хашдаг, хэдэн хүн хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан... зэрэг асуудлууд тодорхой болох ба тухайн хэрэг болсон гэх үед нягтлан бодогч ажиллаж байсан эсэх зэргийг шалгах нь ач холбогдолтой юм.

5.Эдийн засгийн шинжээч томилох тогтоол /хх-92/ хэрэгт авагдсан боловч шинжээчид хүргүүлсэн шинжилгээний объектыг бичих хэсэгт М.О гэх хүний биеэс авсан 70 гр шээс хүргүүлсэн гэжээ. Энэ нь хэдийгээр техникийн шинжтэй алдаа мэт боловч бодит байдалд мөрдөгч нь ямар санхүүгийн баримтууд дээр дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн нь тус тогтоолоос харагдахгүй болсон байна.

6.Аудитын болон эдийн засгийн шинжээчийн дүгнэлт нь зөвхөн Э.Нгийн 2016.09.01-нээс хойш тооцоог шалгасан байна. Ингээд тухайн хугацаан дахь өр, төлбөрийг Э.Н завшсан гэж дүгнэлт гаргасан нь хэт нэг талыг барьсан шинжтэй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын санхүүгийн баримтуудыг бүхэлд нь хамарсан шалгалтын үйл ажиллагаа явагдаагүй нь тодорхой байна.

7.Э.Н гэрчээр өгсөн мэдүүлэгтээ 18.300.000 төгрөг завшсан гэж мэдүүлсэн ба О компаниас баримтгүй мөнгө гаргадаг байсан гэж мэдүүлсээр байтал энэ талаар шалгалтын ажиллагаа огт хийгээгүй. Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний ундсэн дээр олгогдсон албаны бүх эрх, албан тушаалын байдлаа бусдын хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон ашигласныг ойлгодог. Э.Н ямар албан тушаалтан байсан, хөдөлмөрийн гэрээтэй эсэх, ямар эд хөрөнгө хариуцсан ажилтан байсан эсэх нь тодорхойгүй байна. Тэрээр аялал жуулчлалын мэргэжилтэй хүн юм.

8.Э.Нг 2014.03.28-ны өдөр тус компанид ажилд томилсон захирлын тушаалд /хх-152/ “...ажил үүргийн хуваарь, ажлын байранд мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын дотоод журам, нууцын журмыг мөрдлөг болгоно” гэжээ. Эдгээр баримтууд хэрэгт байхгүй. Тухайн үед О нь захирлаар ажиллаж байсан бололтой.

9.Гэтэл Н.О нь 2018.07.20-ны өдөр Э.Нг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байна. Хэрэгт авагдсан компанийн гэрчилгээнээс харахад 2018.06.15-ны өдөр Б.Хулан захирлаар томилогдсон байтал хууль ёсны захирлын өмнөөс ажилтныг ажлаас чөлөөлж, өөрийгөө захирал хэмээн бичсэн байтал цагдаагийн байгууллагаас тухайн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, дүрэм зэргийг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулан аваагүй байна.

10.Хохирол хүлээсэн гэх компани гомдлоо гаргасан байтал тус хуулийн этгээд хэдэн данстай, тухайн дансны хуулгыг авч хэрэгт хавсаргаагүй. Ийнхүү хохирсон гэх боловч цаанаа өр төлбөрт орсон компанийн дансыг шалгахгүйгээр хэрхэн ажилтныг мөнгө завшсан гэж тогтоогоод байгаа нь ойлгомжгүй байна.

11.Ийнхүү хохирсон гэх хуулийн этгээдийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр огт тогтоогоогүй байтал шүүхээс шийтгэх тогтоолын 5 дахь заалтаар 65.395.568 төгрөгийг “Айрнэтворк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл иргэн Н.О нь өөрийгөө хохирогч гэж үзсэн хэвээр давж заалдах журмаар гомдол гаргажээ. Тийнхүү гомдолдоо “Айрнэтворк” ХХК-ийн нэхэмжлэлтэй эрүүгийн хэрэг хэмээн бичсэн боловч тус компани иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй байна. Иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогдоогүй байгууллагад хохирол төлбөр төлөхөөр шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрхээс дүгнэхэд Компанийн эрх бүхий албан тушаалтан доод тушаалын ажилтнаас компанийн мөнгийг баримтгүй аваад, улмаар өөрөө асуудлаас цэвэрхэн гарсан байх гэмт хэргийн шинжтэй асуудлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар огт шалгаагүй бөгөөд хохирогч гэх боловч хохирол хүлээгээгүй хувь хүний мэдүүлгээр мөрдөн байцаалтын ажиллагааг хайрцаглаж, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзэхээр байна. Тухайн эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” бүрэн шалгагдаж тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт, буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батболд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:

“Э.Н нь 2016.09.01-ний өдрөөс 2018.09.30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Айрнэтворк” ХХК-ийн тасалбар захиалгын ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, компанийн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох тасалбарын мөнгийг тушаахгүй, бичсэн тасалбартаа анхан шатны баримт үйлдэхгүйгээр 65.395.568 төгрөгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Хэрэг бүртгэлт болон мөрдөн шалгах явцад хүний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж, мөрдөн шалгах ажиллагааг дутуу бөгөөд оновчгүй, хэт нэг талыг барьж хийсэн, шалгагдвал зохих санхүүгийн тайлан тооцоо, асуугдвал зохих гэрчийг нэг бүрчлэн тогтоогоогүй зэрэг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл, үйл баримтууд тогтоогдсон байна.

Тодруулбал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн ач холбогдол өгч шалгалтын ажиллагааг өргөн хүрээнд хийгээгүйгээс үнэлэгдвэл зохих нөхцөл байдал хэргийн бодит үнэнд хүрч үнэлэгдэх боломжгүй хязгаарлагдсан гэж үзэж байна.

Э.Нг 2018.09.10-ны өдөр хохирогч гэх Н.Оийн шууд зааснаар, энэ хэрэгт сэжиглэн шалгагдах үндэслэл бүхий үйл баримтад тулгуурлахгүйгээр гэрчийн мэдүүлэг авч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэснийг ноцтой зөрчсөн.

Э.Н шалгагдаж буй хэргийн тухайд огт эдийн засгийн мэдлэг мэргэжил үгүй, ажиллаж байсан ажил мэргэжлээс өөр аялал жуулчлал, газар зүйн багш мэргэжилтэй хүн байсаар байтал өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, түүнчлэн “Нийслэл аудит” ХХК-ийн аудитын шалгалтын явцад хөндлөнгийн хүн буюу хохирогч гомдол гаргагч Н.Оийг өөрийнх нь үзэмжээр байлцуулан аудитор, Н.О нарын дарамт шахалтанд байлгаж, үндэслэлгүй хохирлын баримт бичигт хүчээр гарын үсэг зуруулсан байгаа нь илтэд хууль зөрчсөн шалгалтын ажиллагаа байсан бөгөөд энэ дагуу 65.395.568 төгрөгийн хохирол тогтоогдсон байна.

Урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд түүнийг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй. Хэрэв хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтаас шүүх үнэлэх, эргэлзэх эрхтэй бөгөөд тэдгээрийг дэнсэлж үнэлсний эцэст шийдийг гаргах үүрэгтэй. Яллагдагч, шүүгдэгч нь нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлоо илэрхийлэх тул хэт нэг талыг барьснаар аливаа шийдвэр эргэлзээтэй нэг талын давамгай ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байрь суурь алдагдах ноцтой үр дагавар бий болгож, Э.Нгийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр гаргасан байна. Түүнчлэн хохирогч мөн адил нотлох баримтаар далимдуулан өөрийн ашиг сонирхлоо илэрхийлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан баримт, өгсөн мэдүүлгийг нарийвчлан шалгахгүйгээр явцуу хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгасан, түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

“Айрнэтворк” ХХК, “Наран травел” ХХК-ийн хоорондын санхүүгийн алдагдал, тооцооноос үүдэлтэй шалгалтын ажиллагаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүний хүрээний асуудал гэдэг нь илтэд тодорхой байтал хохирогч, иргэний нэхэмжлэгчийг эргэлзээтэй тогтоосон. Н.О Э.Нгоос бэлэн мөнгө их хэмжээгээр авч хэрэглэдэг байсан бөгөөд Н.О нь анхан шатны баримт болон бэлэн мөнгө, орлоготой өөрийн үзэмжээр харьцаж байсан нь шалгагдвал зохих нөхцөл, үйл баримт мөн байсаар байтал огт шалгалтын ажиллагааг чиглүүлээгүй, өөр зүйл буюу Э.Нд дан ганц чиглүүлсэн нь учир дутагдалтай байна. Энэ талаар хавтаст хэргийн 96-р хуудаст авагдсан шинжээчийн дүгнэлтийн хэсэгт “...2018.01.01-нээс 2018.09.30-ны хооронд Н.О, Э.Н нарын гарын үсэг нь маргаантай байгаа 14.809.800 төгрөгийн билетын мөнгийг хууль хяналтын байгууллагаар шийдүүлэх нь зүйтэй” гэж үзсэн нь Н.О тухайн байгууллагад болон “Наран травел” ХХК-ийн өмнө хүлээсэн үүрэгтээ хэрхэн хандсаныг харуулж байна.

Н.Оийн дээрх үйлдлийг Э.Нгийн зүгээс өөрийн email хаяг болох /E.Nomin 16 @yahoo.com/ нууц үг /Nana nono 1/, /nana Nono 1/, /04 nomin 16/ интернет орчноос дамжуулан батлах зайлшгүй шаардлагатай байна. Энэхүү email хаяг дотор Э.Н ажиллаж байх хугацаандаа бүх тайлан тооцоогоо хөтөлдөг байсан бөгөөд өөрийн ашигласан гэх мөнгө, түүний баримтууд бүртгэгдээгүй буюу бусад бүх баримт бүртгэгдсэн байгаа болно. Үүнээс Э.Нгийн ашигласан мөнгө болон Н.Оийн авч ашигласан мөнгөн дүн, “Наран травел” ХХК-тай тооцоо нийлж байсан жил, жилийн данс бүртгэл, анхан шатны бүртгэлүүд харагдах болно. Тиймээс шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах ажиллагааг хийлгэж, хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоолгох, гэм буруугийн хэмжээ хязгаараа зөвтгүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Дахин шинжээч томилуулж аудит хийлгэх,

2.“Наран травел” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох,

3.“Наран травел” ХХК-ийн эдийн засагч Зоос гэрчийн мэдүүлэг авах” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.О хэлсэн саналдаа: “Хэлэх саналгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх Э.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр олгосон итгэмжлэлээр Э.Нд холбогдох хэрэгт “Айр нэтворк” ХХК-ийг төлөөлж Н.От оролцох эрхийг олгосон байдаг. Н.О нь 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл “Айр нэтворк” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлтэд тэмдэглэгдсэн. Э.Нд холбогдох хэрэгт гаргасан аудитын дүгнэлтэд үндэслэж Эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүх Э.Нд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, О.Батболд нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Нд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Н нь 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Айрнэтворк” ХХК-ийн онгоцны төвд захиалгын ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “Айрнэтворк” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох тийзний мөнгийг тушаахгүй, бичсэн тийзэндээ анхан шатны баримт үйлдэхгүйгээр 65.395.568 төгрөгийг завшиж, тус компанид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Э.Нг албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар Э.Нг 2 жил хорих ял шийтгэсэн нь үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Шүүгдэгч Э.Нгийн бусдад учруулсан 65.395.568 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д зааснаар их хэмжээний хохиролд хамаарна.

Мөн шүүгдэгч Э.Н нь “Айрнэтворк” ХХК-д захиалгын ажилтнаар ажиллаж байхдаа эрхэлж буй ажил, үүргийн дагуу онгоцны тийз борлуулсны төлбөрийг дансаар, эсхүл бэлнээр хүлээн авах боломжийг ашиглан зарим төлбөрийг компанийн данснаас гадуур, эсхүл бэлнээр хүлээж авахдаа анхан шатны баримт үйлдэхгүйгээр мөнгө завшсан нөхцөл байдал нотлогдсон байх тул Э.Нг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, О.Батболд нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийн нотлогдсон байдлыг хянаж үзэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, “Айрнэтворк” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.О нь шүүгдэгч Э.Нг гэмт хэрэгт гүтгэж, худал мэдүүлсэн гэж үзэх, түүнчлэн Э.Нд холбогдох эрүүгийн хэрэгт гомдол, иргэний нэхэмжлэл гаргаагүй “Наран травел” ХХК-ийг холбогдуулан шалгах зайлшгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Э.Нгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас “Айрнэтворк” ХХК-д хохирол учирсан байхад мөрдөгч нь тус компаний захирлаар нь ажиллаж байсан Н.Оийг хохирогчийн төлөөлөгчөөр биш, харин хохирогчоор тогтоосон нь буруу боловч дээрх зөрчил нь шүүгдэгч Э.Нгийн гэм бурууг үгүйсгэх, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж, хэргийг дахин шалгах ноцтой зөрчилд хамаарахгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Учир нь “Айрнэтворк” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 6 дугаар сарын 15-нд томилогдсон Б.Х анх 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч Э.Нгийн талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж /хх-3/, улмаар “Айрнетворк” ХХК-ийн төлөөлөх итгэмжлэлийг Н.От олгосон /хх-5/ байх ба урьд нь тус компанийн захирлаар ажиллаж байсан Н.О болон түүний охин Б.Хулан нарын хооронд ашиг сонирхлын зөрчил байхгүйгээс гадна анхан шатны шүүх Э.Нгоос гаргуулахаар тогтоосон 65.395.568 төгрөгийг хохирогч “Айрнэтворк” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Иймд хэргийг прокурорт буцааж, дахин шалгуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, О.Батболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 364 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, О.Батболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН