Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2026/00076

 

 

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2026/00076

Завхан аймаг

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нэхэмжлэгч Г.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.У,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар З аймгийн А сумын С багт оршин суугч И х овогт Г-ын М-ийн нэхэмжлэлтэй, ..... аймгийн А... сумын С багт байрлах З аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдох З аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан дундын бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тайлбараа: “...Миний бие З аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч нь намайг ямар ч үндэслэлгүйгээр 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халсан. Ажлаас халсан тушаалаа 2 янзаар гаргасан. Өөрөөр хэлбэл тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 гэсэн заалтыг тус тус бичиж 2 өөр тушаал гаргасан. Тухай үед би шүүхэд хандана гэхэд намайг ажилд чинь эргүүлж авна гэж итгэл төрүүлсээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл сая 9 дүгээр сард миний оронд өөр багш ажилд авсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, мэргэжлийн талаар дээд шатны байгууллагаас ямар нэг дүгнэлт гаргаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргаагүй, мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй болно. Миний ажлаас халагдсан тушаалыг хоёр хувь гаргасан байсан. Надад хэлэхдээ айлын хүүхэд маажуулсан дээд байгууллага руу эцэг эх нь ярина гээд байна. Тухайн эцэг эх жоохон тайвширтал түр байж бай гэсэн. Тухайн хоёр тушаалыг сольчхоод хот явж ирээд надтай уулзахдаа чи тушаалаа хүнд үзүүлсэн үү гээд байсан. Тэгээд надад чи тушаалаа хүнд үзүүлсэн байна лээ чи тушаалаа хүнд үзүүлсэн байгаа учраас чамайг буцаагаад авахад хүндрэлтэй, чи яагаад тушаалаа хүнд үзүүлсэн юм бэ гэсэн. Тухайн үед намайг намар хүртэл байж бай гээд байсан. Б.У-тай би зөндөө олон удаа уулзсан. Надтай болохоороо уулзаагүй гээд байгаа, тэгээд намайг эгчдээ ямар нэгэн зүйл аваад өг, хоёулаа ёстой болохоороо болно гэж хэлдэг байсан. Надаас мөнгө төгрөг, чихэр жимс, пүүз, аавын ээжийн бие муу байна гээд ааруул хүртэл өгөөч гээд 100-н тороор дүүрэн ааруул явуулж байсан. Намайг буцаагаад ажилд авна гэж хэлчхээд буцаагаад ажилд авахгүй байгаа, тушаалын хувьд тушаалыг сольсон энэ хүний компьютер дээрээс гаргаад авахгүй шүү дээ. Миний тухайд ажлын байран дээрээ архи дарс уусан зүйл бол байхгүй. Тухайн үед уусан байсан бол цагдаагийн байгууллагаар үлээлгээд баримт нотолгоотой юм ярихгүй намайг гүтгэж байна. Би намар 8 дугаар сарын сүүлээр шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө З аймаг 3 талт хороонд гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Шүүхэд ханд гэж хэлсэн. Иймд З аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай тушаал үндэслэлгүй гарсан тул хүчингүй болгож, урьд эрхэлж байсан дундын бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хууль зүйн дүгнэлтдээ: “...Хөдөлмөрийн маргаан бүхий хэргийг нэгэнт шүүх хүлээж аваад иргэний хэрэг үүсгээд явснаас хойно буюу одоогоос хоёр сарын өмнө хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд дараах дүгнэлтийг гаргаж байна. Ажил олгогчийн гаргасан тушаал буюу өөрөөр хэлбэл 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/3 тоот тушаалыг бол эрх зүйн үндэслэлгүй тушаал гэж дүгнэж байна. Хавтаст хэрэгт 22 дугаар хуудсанд авагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан тушаалын бас нэг гарын үсэгтэй хэсэг байдаг. Мөн хариуцагч тайлбар бичгээр гаргасан тайлбартаа, хууль зүйн зөвлөгөө өгөх газраас зөвлөгөө авч 80.1.2 дахь хэсгээр баримталсан нь буруу 80.1.4 дэх хэсгээр өөрчлөх нь зүйтэй гэсэн зөвлөгөө авсан гэдэг нь бол тодорхой харагдаж байна. Ийм учраас тухайн тушаалыг гаргахдаа эргэлзээ бүхий хоёр нөхцөлөөр гаргасан болох нь тогтоогдож байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг баримталсан болох нь үндэслэлгүй гэж үзэж байгаа, төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой заалтыг баримталсан болох нь буруу гэж дүгнэж байна. Тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.2 дахь хэсэгт ажил олгогч нь сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг оногдуулна гэж тодорхойлчихсон байна. Дотоод журам дээр зөрчил болгон дээр ямар арга хэмжээ авахыг зааж оруулж өгсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан нөхцөлд нь хоёр тэмдэглэл хөтөлсөн байна. Нэг нь нийт ажилчдын хурлын тэмдэглэл, ёс зүйн дэд хорооны хурлын тэмдэглэл зэргийг зөрчил гаргасан тухайн тэмдэглэл дээр ямар арга хэмжээ авах талаар тусгаагүй байна. Хөдөлмөрийн дотоод журамдаа ямар шийтгэл оногдуулах талаар тодорхой оруулчихсан байхад дотоод журамдаа заасан шийтгэлээ эхлээд оногдуулаагүй байна. Багшийн хөдөлмөрийн гэрээнд 2 талын хамтын одоо байгуулсан гэрээнд 3 дугаар зүйлийн 3.2.13 дахь хэсэг багшийн ажлын гүйцэтгэл, хөдөлмөрийн гэрээний биелэлтийг сар, улирал хагас жилээр дүгнээд шагнаж урамшуулах юм уу, эсвэл сахилгын шийтгэл оногдуулах юм уу, гэдгийг ажил олгогч заачихсан байсныг хэрэглээгүй гэж үзэж байна. Ийм учраас энэ бүхнийг шүүх харгалзан үзэж шийдвэрлэж өгөөч, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэжээ.

            Хариуцагч З аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр эрхлэгчийн үүргийг хавсарган гүйцэтгэгчээр томилогдсон. Энэ хугацаанаас Г.м багш ноцтой таван удаагийн зөрчлийг гаргасан. Тухай бүрд нь би багш нартайгаа болон өөртэй нь ганцаарчлан уулзаж, ахмад настнууддаа хүртэл архи уухаа боль гэж удаа дараа хэлж байсан. Г.М-ийг ажилдаа согтуу ирэхэд нь хүртэл гэр рүү нь явуулж байсан удаа байгаа. Тухайн өдрийн өглөө Г.М багшаас архи үнэртээд байна гэхэд эгчээ би өчигдөр найзуудтайгаа архи уугаад би шартаад байна гэж хэлж байсан. Тэгээд удаагүй байж байтал нэг эцэг эх танай дунд бүлгийн багш халамцуу байж хүүхэд аваад байна гэж надад санал хүсэлт гаргасан. Тэгээд би багш нартаа чиг үүрэг өгчхөөд захиргаа явсан. Тэр хойгуур Г.М багш гал тогоо руу ороод пиво ууя гэж хэлэхэд нь тогооч нар “дарга сая цагдаа ирэх гэж байгаа” гэж хэлсэн гэхэд нэхэмжлэгч дарга намайг айлгаж байгаа юм гэж хэлсэн байсан. Хүн үүрэг даалгавар өгчхөөд захиргаа орж сургалтад суучхаад, залгуулаад ажилдаа дээрээ онлайнаар сургалтад суугаад 1.40 минутын орчимд дөнгөж гэртээ ороод байж байтал Б багш над руу залгаад Г.М багш болохоо байлаа гээд утсаа салгасан тэгээд яваад очиход ажлаа хийж чадахгүй болсон. Айлын хүүхдийн тэвэрчихсэн нөгөө хүүхэд нь босох гэхээр унт унт гээд дарчихсан хэвтэж байсан. Тухайн хоёр хүүхдийн эгч нь манай байгууллагад ажилладаг байсан болохоор хоёр хүүхдийг эгчид нь өгчхөөд Г.М багш дээр босооч чи гээд хөнжлийг нь таттал бүсэлхийнээс доодхоо тайлчихсан орно шал ус болчихсон байсан. Тухайн үед яг хүүхдүүд унтаад сэрэх болж байсан. Тэгээд би туслах багш руу нь залгаад чи ийм хүнийг яагаад орхиод гараад явсан юм бэ гэхэд туслах багш цагаан сарын үе болж байсан болохоор банк мөнгө задалж байна гэхээр нь гараад ирсэн байна. Би гараад 20 минут орчим болж байна гэсэн. Тэгээд Г.М багшийг хувцсаа өмс гэхээр бүгдийг нь загнаад байсан. Тэгээд би ажилчдадаа татаад босгоод ирээч гэхэд ойртох хүн байхгүй байсан болохоор туслах багшаа нь бүтээлэг урдуур нь бариулж хаалгаж байгаад өмдийг нь татаж өгсөн. Би машинтай ирсэн нэг багшаа ээж рүү нь явуулаад хүүхэд эцэг эх харахаас өмнө явуулъя гэж хэлээд явуулсан. Мөн согтуу байсан талаар нотлох баримт байхгүй гэж байна. Би энэ хүнийг ингэх байх гэж бодоод хэсгийн төлөөлөгч дээр явж очиход хэсгийн төлөөлөгч ээлжийн амралтаа авсан. Оронд нь Б сумын цагдаа С гэдэг хүн ирсэн байсан. Тухайн цагдаа тухайн дуудлагад явсан байсан болохоор нь жижүүрт цагдааг ирэхээр хэлээрэй гэж захиж явсан. Тэгээд байж байтал цагдаа ирсэн байна гэж жижүүр хэлэхээр нь бүх ажилчдыг үлээлгэсэн. Г.М-ийг ээж нь ирээд аваад явсан байсан. Намайг эрхлэгч болсноос хойш М багш архитай холбоотой 4 дэх асуудал гаргаж байгаа. Эхний өдөр согтуу ирэхэд нь гэр рүү нь явуулсан. Тухайн үед гэр рүү нь явуулахад багш нараас хүртэл гомдол ирж байсан. Мөн нэг удаа анги руугаа ороод гарч ирэхдээ нүүр нь сонин болчхоод гарч ирээд байсан. Тэгээд би туслах багштай нийлээд ангийг нь нэгжээд ууж байсан архийг нь хүртэл олж байсан. Би архи уухаа боль гэж зөндөө хэлдэг байсан. Чи өмнөх даргын үед архи уухаараа ажилдаа ирдэггүй байсан гээд хамт олныхоо дунд хүртэл хэлж байсан. 02 дугаар сарын 26-ны өдөр Г.М хичээл ороогүй мөн залгуулаад 27, 28-ны өдрүүдэд ажил тасалсан. Тухайн үед өөрөө ажил таслаагүй гээд байгаа 27-ны өглөө би М-ийг ирээд хамт олонтойгоо уулзаад уучлал гуйх байх гэж бодсон. Ирэхгүй байсан болохоор нь Г, Б багш нарыг гэр лүү нь явуулаад аваад уулзъя гэхэд ирээгүй. Тэгээд 28-ны өглөө утас руу нь залгахаар өөрөө утсаа авахгүй байсан болохоор ээж рүү нь залгахаар ажилдаа явсан гээд байсан. Тэгээд хамт олныхоо хурлыг хийгээд ерөнхий байдлыг танилцуулсан. Манай байгууллагын хөдөлмөрийн гэрээн дотор ноцтой зөрчлийн талаар тодорхой заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хууль зүйн дүгнэлтдээ: “...Шаардах эрхээ өмнө ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг ярих зайлшгүй шаардлага гарч байна. Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа бол 10 жил байгаа, гэрээний маргаантай холбоотой бол 3 жил, гэм буруу, бусдад гэм хор учруулсан нь бол 5 жил, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 6 жил гэсэн тусгайлсан хугацаатай байгаа. Үүний дотор хөдөлмөрийн харилцаа тусгайлсан журмаар хуулиар зохицуулна гэж заасны дагуу тусгайлсан хууль дотор хөөн хэлэлцэх хугацааг заасан. Хөөн хэлэлцэх хугацаан дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гэсэн зохицуулалт байгаа. Тухайн зохицуулалтаар бол хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөн, зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хоорондын үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан байна. Тус хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, ажилд шилжүүлсэн буюу сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор  гаргана гэж зохицуулсан. Тухайн нэхэмжлэлийг ..... аймгийн ...........сум дахь сум дундын шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан байна. Тухайн ажлаас халагдсан эрх зүйн акт буюу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байдаг. Нэхэмжлэгч болон хариуцагчийн талын маргалдаад байгаа тушаалыг өгсөн, гардаж аваагүй гэдэг асуудал дээр бол ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн тушаалыг 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байгууллагын хурал буюу золголт дээр нэхэмжлэгчид гардуулж өгсөн гэсэн тайлбартай байна. Тухайн өдрөөс хойш гардаж авснаар тоолох боломжтой. Яагаад тоолох боломжтой гэж үзэж байгаа вэ гэхээр нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмжээ хуульд заасан 14 хоногийн дотор оршин суугаа газрын нутаг дэвсгэрийнхээ нийгмийн байгууллагад бүртгүүлж датгуулагч ажилгүйдлийн тэтгэмжээ авах хуулийн зохицуулалтай байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ажилгүйдлийн тэтгэмжийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тушаал болон холбогдох баримтуудаа гаргаж өгсөн байна. Үүний дагуу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажилгүйдлийн тэтгэмжийг үүсгээд 76 хоногийн хугацаандаа нийгмийн даатгалын байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмжээ авсан байна. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасан хүндэтгэн үзэх шалтгаануудыг заасан зохицуулалттай. Нэхэмжлэгчид дээрх шалтгаан байсан бол нэхэмжлэл гаргах хууль бус хүсэлтээ гаргаад хүсэлтийг шүүх шийдээд тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэл гаргах зохицуулалттай байгаа, хариу тайлбарын хамгийн сүүлд бичсэн байгаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна аа гэдэг ийм нөхцөл байдал байгаа. Тухайн асуудал шүүхийн бүрэн эрхийн асуудал байгаа учраас шүүх үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байна. Хүний эрх нь зөрчигдсөн байна гэж үзээд нэхэмжлэл гаргасан байна гэж үзсэн тохиолдолд манай тал тухайн хөдөлмөрийн маргаанд тайлбараа тавина. Тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д заасан ажил олгогчийн санаачилгаар ажилтныг давтан зөрчил гаргасан эсвэл тус хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн байна. Тушаалдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, сахилгын зөрчил гаргасан, ажил тасалсан зэрэг талаар яагаад та бичээгүй вэ гэхэд Б.У эрхлэгч надад тухайн зүйлүүдийг бичихээр дараа нь ажилд орох боломжгүй болчихдог гэсэн болохоор тухайн агуулгыг бичээгүй гэсэн тайлбар тавьсан. Хоёр тушаал гаргасан гэсэн асуудал яригдаж байна. Сая шүүх хуралдаан дээр миний тушаалын ноорог төсөл байсан талаараа хэлсэн. Байгууллагаас гадагш чиглэж байгаа эрх зүйн акт буюу хүнийг ажлаас халж байгаа учраас энэ чинь эрх зүйн харилцаа буюу хөдөлмөр эрх зүйн харилцаа дуусгавар болж байгаа, дуусгавар болоод цуцалсан тохиолдолд харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдолд тэр хүн маань энэ байгууллагаас гараад явж байгаа гэсэн үг. Гарч явж байгаа учраас энэ хүнд эрх зүйн үр дагавар бий болгож байгаа юм. Эрх зүйн үр дагавар бий болгож байгаа тохиолдолд энэ хүнд тушаал нь очсон байх ёстой. Очсон тушаал нь бол эрх зүйн үр дагавар үүсгэсэн байна. Эрх зүйн дагавар үүсгэсэн байна гэдгийг хаанаас харж болох вэ гэхээр нийгмийн даатгалын байгууллага дээр 80.1.4-д заасан тушаал очоод тухайн ажилгүйдлийн тэтгэмжээ авсан байна.Хөдөлмөрийн гэрээнд архидан согтуурсан, хүндэтгэн шалтгаангүйгээр ажлыг хоёр өдөр тасалсан гэдэг нөхцөл байдлыг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан зааж өгсөн байна. Ийм учраас нэхэмжлэлийг шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас хүлээн авах боломжгүй байна...” гэжээ.

Нэхэмжлэгч талаас шүүхэд: .............. аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, ажилд томилсон тухай тушаал, ......аймгийн ............сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай тушаалын хуулбарууд, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний шүүхэд гаргасан өргөдөл, тайлбар, 11-р сарын 2-р хагасын цалингийн мэдээлэл, 1 сарын 2-р хагасын цалингийн мэдээлэл, албан тушаал эрх мэдлээ ашиглан гэртээ эд зүйл авхуулсан гэх сандал, харуулын таваг, салфетканы хайрцгийн зураг, .........аймгийн Б........газрын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/328 дугаартай албан бичиг, .......аймгийн Б-.ын газрын ёс зүйн дэд хорооны 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт, Г.М-ийн ....... банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ..... аймгийн ..............сум дахь сум дундын шүүхэд Ч.Н-ийн өргөдөл, 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

Хариуцагч талаас шүүхэд: Хариу тайлбар, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн иргэний үнэмлэх, ............аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/76 дугаартай тушаал, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ёс зүйн дэд хорооны хурлын тэмдэглэл, 2025 оны 02 дугаар сарын 28, 30-ны өдрийн байгууллагын хурлын тэмдэглэлүүд,  ......... аймгийн ......... сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/07 дугаартай ес зүйн дэд хороо байгуулах тухай тушаал, Г.М-ийн бакалавр дипломын хуулбар, хүүхдийн цэцэрлэгийн дотоод журам, багшийн хөдөлмөрийн гэрээ, Г.М-нийн цаг бүртгэл хуулбар, ...........аймгийн А сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай тушаалын хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ....... аймгийн ...... сумын цэцэрлэгийн цалингийн хүсэлтийн хуулбар, 2025 оны 2 хавтас цаг бүртгэлийн дэвтэр зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч А.Г, М.Д, Б.Д, С.Х нараас мэдүүлэг авч, Хариуцагч талын хүсэлтээр гэрч М.Д С.Х, О.Э, Ч.М нараас мэдүүлэг авч,

Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт хадгалагдаж буй 2025 оны ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай материалд Г.М*д ажилгүйдлийн тэтгэмж олгосон материалд үзлэг хийсэн тэмдэглэл, ажилгүйдлийн тэтгэмж тогтоолтын хуудас, Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдөл, тушаал, ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр, хариуцагчийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, фейсбүүк хаягаас харилцсан захидлуудын хуулбарууд тус тус хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлсэн байна.

Хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

- Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч З.... аймгийн А... сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан “З... аймгийн А.... сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан дундын бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

- Б.У нь ..... аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгчийн албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс томилогдсон болох нь ...... аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/76 дугаартай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

Иймд Б.У нь ..... аймгийн .... сумын хүүхдийн цэцэрлэгийг төлөөлөх эрхтэй байна.

Хариуцагч “...Г.М нь ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэж хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учраас түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажлаас чөлөөлсөн...” гэж маргажээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд:

1. Нэхэмжлэгч Г.М нь З.... аймгийн А... сумын хүүхдийн цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд маргаагүй байх тул шүүх маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Г.М нь “...з аймгийн А..... сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр хавсран гүйцэтгэгч Б.У нь намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2 янзаар гаргасан. Эхлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар тушаал гаргасныг засаад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримталж гаргасан...” гэж тайлбарлаж хавтаст хэрэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг баримталсан 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас халах тухай тушаалын хуулбарыг ирүүлжээ.

Хариуцагч нь “...Би эхлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар тушаалыг төсөл хэлбэрээр гаргасны дараа 70 дугаартай утас руу залгаж хууль зүйн туслалцаа аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримталж тушаалыг гаргасан. Миний төслөөр гаргаж байсан тушаалын хуулбар М-д яаж очсон болохыг мэдэхгүй байна.  М ажлаас халсан авсан тушаалаа Нийгмийн даатгалд өгч ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжээ авсан байгаа...” гэсэн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.М-ийн ......аймгийн нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өгсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримталсан .....аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас халах тухай тушаалын хуулбараар нотлогдож байна гэж шүүх үзлээ. /хх 151/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ” гэж, мөн зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. ...” гэж заажээ.

Нэхэмжлэгч Г.М нь .......аймгийн А........ сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг баримталсан 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас халах тухай тушаалын хуулбарыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч уг тушаалын хуулбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар батлуулаагүй байна. /хх 6, 8/

Иймд нэхэмжлэгч Г.М-ийн ..........аймгийн А....... сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг баримталсан 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас халах тушаалын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

3. .............аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай: “...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 заалт, Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалт, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Дунд бүлгийн багш Г.М-ийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй.

2. Г.М-ийн ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгийг  тооцож олгохыг нягтлан бодогч /Ч.О/-д зөвшөөрсүгэй.

3. Үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Г.М-тэй эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлд байгаа материалыг тоолж хүлээж авахыг нярав М.Д-т үүрэг болгосугай...” гэсэн тушаалаар нэхэмжлэгч Г.М-ийг З........ аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлаас чөлөөлсөн байна. /хх 64/

Уг тушаалыг хариуцагч талаас хэрэгт нотариатаар батлуулж хавсаргасан байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.

4. Нэхэмжлэгч Г.М нь ажлаас чөлөөлсөн .............аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас халах тухай тушаалыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан болох нь гэрч М.Д-ын “...2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр буюу ажлын өдөр ажил цуглаад М-тэй олон жил хамт ажилласан учраас эвгүй санагдаад өгч чадахгүй байж байгаад байгууллагын золголт хийж дуусаад хамт олноор байх үедээ манай ахмад ажилтан жижүүр Т-оор өгүүлсэн. Тухайн үед байгууллагын бүх ажилчид байсан. Тухайн тушаал авах үедээ өөрөө халагдах тушаал гэж мэдээгүй байх. Тушаалыг хальт үзээд намайг ажлаас халсан юм уу гээд сэтгэл санаа тавьгүй болчих шиг болсон...” гэсэн, гэрч С.Х-ын “...2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр буюу цагаан сарын дараа ажил цуглаад золголт хийсний дараа Д бид хоёр Г.М-д тушаалыг нь өгч чадахгүй яаж өгөх талаар ярилцаж байгаад тус байгууллагад олон жил ажилласан Т гэх хүнээр өгүүлсэн. Тушаалыг өгөхөд манай хамт олон бүгд байсан...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч Г.М нь уг тушаалыг гардаж аваад нийгмийн даатгалд ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан болох нь ажилгүйдлийн тэтгэмж тогтоолтын хуудсаар тогтоогдож байна. /хх 149/

Түүнчлэн нэхэмжлэгч Г.М-ийн шүүх хуралдаанд гаргасан “...Ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг өнгөрсөн хавар цагаан сарын амралтын өдрүүд дуусаад ажлын эхний өдөр гардаж авсан. 03 дугаар сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд авсан...” гэсэн,

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...Би 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн оройн 5 цаг өнгөрч байхад хамт олны хурлаа хийгээд шийдвэрээ гаргаад, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тушаалаа гаргаад үүрэг гүйцэтгэгчдээ өгөөрэй гэж хэлээд өөрөө хот явсан. Манай үүрэг гүйцэтгэгч 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардуулж өгсөн гэж надад хэлсэн...” гэсэн тайлбаруудаас үзвэл ....... аймгийн А......... сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас халах тухай тушаалыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан талаар маргаагүй байна.

5. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасан байна.

5.1. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулжээ. Тухайлбал:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй...” гэж,  мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Г.М нь ажлаас чөлөөлсөн ....... аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас халах тухай тушаалыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардаж авснаас хойш эс зөвшөөрсөн тохиолдолд 30 хоногийн дотор Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах буюу гомдол гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.М-ийн “...Намайг буцаагаад ажилд авна гэсэн болохоор нь шүүхэд хандахгүйгээр буцаад ажилдаа орчихно гэж бодсон. Тэгээд сүүлдээ намайг ажилд авахгүй гэхээр намар 8 дугаар сарын сүүлээр гурван талт хороонд гомдол гаргахад 30 хоногийн дотор гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн. Би гомдлоо бичгээр гаргасан. Тухайн үед хөөн хэлэлцэх дууссан болохоор хүлээн авах боломжгүй байна гэсэн бичиг ирсэн байсан. Тэгээд залгаж асуухад шүүхэд нэхэмжлэлээ гарга гэж надад хэлсэн...” гэсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл .......... аймгийн А..... сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас халах тухай тушаалыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардаж авснаас хойш 30 хоногийн дотор Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар З......... аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаагүй байна гэж үзэхээр байна.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт “Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ” гэж, мөн зүйлийн 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж тус тус зааснаас үзвэл хөдөлмөрийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж эс зөвшөөрсөн гомдлоо хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл 30 хоногийн дотор гомдлыг шүүхэд гаргах боломжтой байна.

Иймд нэхэмжлэгч Г.М-ий........ аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан эсэх талаарх баримтгүйгээр шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

5.3. Харин нэхэмжлэгч Г.М нь ............ аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай ажлаас халах тухай тушаалыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардаж авснаас хойш 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч Г.М нь “...Гомдлоо гаргая гэж бодож байсан. Тэгтэл Б.У эрхлэгч намайг байж бай чамайг буцаагаад ажилд чинь авна гэсэн болохоор шүүхэд хандахгүйгээр буцаад ажилдаа орчихно гэж бодсон. Тэгээд сүүлдээ намайг ажилд авахгүй гэхээр гомдол гаргасан. Одоо бодоод байхад тухайн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гээд намайг байж бай гэж хэлсэн байх...” гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч ............ аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг хавсран гүйцэтгэгч Б.У нь түүнийг буцааж ажилд авах талаар амлаж, төөрөгдөлд оруулж гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Харин хариуцагчийн “...Би буцаагаад ажилд нь авна гэж хэлсэн зүйл ерөөсөө байхгүй. Харин над руу ажилд аваач шагнана гэж мессеж бичдэг байсан...” гэсэн тайлбар нь ..........гэх фейсбүүкийн хаягаас 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “...Дүүгээ ажилд авна биз дээ дүү нь ажилд авбал том шагнана шүү...” гэсэн мессенжерээр нотлогдож байна.

Мөн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй байна. 

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх үүснэ.

Иймд нэхэмжлэгч Г.М нь ........аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардаж авснаас хойш 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан 30 хоногийн дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

6. Нэхэмжлэгч Г.М нь З...... аймгийн А...... сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргах 30 хоногийг хэтрүүлсэн учраас шүүх уг тушаалыг үндэслэлтэй эсэх буюу тушаал гаргасан үйл баримтын талаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болно. 

7. Нэхэмжлэгч Г.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т, 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар Г.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .......... аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдох “.......... аймгийн А сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан дундын бүлгийн багшийн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.М*ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ӨЛЗИЙХИШИГ