Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 105/2018/1224/Э |
Дугаар | 1276 |
Огноо | 2018-09-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 1276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч Б.Чимгээ,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харъяад овогт Б.Т холбогдох эрүүгийн 1806 0561 41383 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Т
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Б.Т нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Амар” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үйлчлүүлэгч А.Мягмарбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: Би 2018 оны 6 дугаар сарын 26-27-ныг шилжих шөнө би “Амар” гэх бааранд ажлаа хийж байсан. Мягмарбаяр нарын 4-5 залуу их хэмжээний согтолттой орж ирсэн. Тухайн үед би гадаа сууж байсан. Тэд эндэхийн хамгаалагч нарыг зодно гээд бүдүүлэг загнаж байсан. Тэднийг ороход би гадаа сууж байсан ба дотор байсан хамгаалагч намайг дуудаад “дотор асуудал гараад байна. Сая орсон залуучууд асуудал үүсгээд бүжгийн талбайд байна гээд дуудсан. Ороход хоёр пиво захиалаад асуудал үүсгэлгүй тайван сууж байсан болохоор би гарсан. 15 минутын дараа “зодоон үүсгэлээ, агсам тавиад хөргөгч болон ширээ сандал руу өшиглөөд байна гэсэн. Намайг ороход тэд тооцоо хийгээд үүдээр зөрж таарсан. Тэд шатан дээр баар руу орж явсан 3-4 залуустай маргалдаад хоорондоо муудалцаад гадаа гарсан. Би ч мөн хамт гарсан. Тэд хоорондоо заамдалцаад байхаар нь би салгаад баар руу орох гэж байсан залууст хандан “та нар орж бай” гэж хэлсэн. Хохирогч залуу чи намайг зодсон гээд хүмүүс рүү дайрч байгаад сүүлдээ над руу дайрсан. Түүнээс болоод бага зэргийн маргаан болсон. Тухайн үед над руу дайрч давшлаад байхаар нь би бариад түлхсэн. Зодсон асуудал байхгүй. Бааранд байсан залуучуудтай шатан дээр таарсан гэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Мягмарбаярын: ...2018.06.26-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах хуучнаар “Скай” одоо “Амар” гэх нэртэй бааранд найзууд болох Баадай, Одко, Гануу, Тэмүүлэн нарын хамт орсон. Ороод хүний 2 пиво аваад сууж байгаад 40 орчим минут болоод гарсан. Би өдөр нь уучихсан байсан учир нэг пиво уугаад бие эвгүйрхээд сууж байсан сандалын тэнд бөөлжөөд авсан пивонуудаа аваад гараад иртэл үүдэнд сууж байсан гурван хамгаалагч бололтой хар хослол өмссөн залуусын нэг нь та нар энд томрох болоогүй шүү алаад өгнө өө гэхэд нэг нь машины багажинд хийчих, ууланд аваачаад булъя гэж хэлсэн. Тэгтэл тэр бүдүүн хамгаалагч залуу намайг барьж аваад өвдөглөөд нүүрээр гадаа шатаар уруудаад цементэн зам дээр чирсэн. Тэгтэл манай эхнэрийн дүү Тэмүүлэн хүрч ирээд намайг салгасан. Тэгтэл захирал нь гэх эмэгтэй гарч ирэхээр нь танай энэ хамгаалагч намайг зодоод нүүр ийм болгочихлоо гэхэд шалбарсны төлөө юун сүртэй юм, шүлсээ түрхээд харь, зайл гэсэн. Яалаа гэж намайг чи зодож байгаа юм гэхэд намайг зодсон хамгаалагч, захирал эмэгтэй хоёр чамайг бааранд бөөлжлөө гэж зодож байгаа юм гэхээр нь манай найз цагдаад дуудлага өгч наашаа ирсэн. 1 бүдүүн хамгаалагч зодсон, өөр хүн зодоогүй. Барьж аваад цээж рүү өвдөглөөд, газар нүүрээр цементэн зам дээр чирсэн...
...Би Анар бааранд найзуудтайгаа ороод 6-8 пиво аваад сууж байтал дотор эвгүйрхээд би харья гэж хэлээд би түрүүлээд гартал хамгаалагч олуулаа зогсож байгаад бидний барьсан шилтэй шар айргийг булааж уугаад та нарыг одоо ална, машины багажинд хийгээд авч яваад ууланд аваачиж булна гэхэд нь бид цагдаа дуудлаа гэхэд цагдаа нар ирээд үйлчлэхгүй бөгсөндөө чих гээд орилсон...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 10-11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Тэмүүлэнгийн: ...Тэр үед манай ах бөөлжих гээд байна гээд 00-ын өрөө рүү ороод буцаж ирээд надад ах нь согтох гээд байна, би хүүхэд дээрээ очъё гэсэн. Тэгээд тэр бүгд гарахаар болоод ууж байсан шилтэй пиво Баадай ах аваад гарсан. Би араас нь ах Мягмарбаяр аваад гарах гэтэл тус баарны хамгаалагч нар манай ах нарын араас нь гарч байсан. Гадаа гарахад их олуулаа зогсож байсан. Би хамгаалагч ахаас юу болсон талаар асуухад та нар муу хөдөөний хүүхдүүд ирчихээд манай бааранд саагах болоогүй шүү, хөдөө гаргаад булчихна шүү гээд манай ах Мягмарбаярын хувцасны мөрнөөс барьж байгаад өвдөглөөд татаад газар нүүрээр нь унагаагаад чирчихсэн. Тэгээд би очоод салгатал Баадай ах цагдаа дуудаад асуудлаа шийдье гэтэл та нар тэр цагдаагаа бөгсөндөө чих гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8119 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. А.Мягмарбаярын биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Тгийн: ...Тэр залуучууд хоорондоо муудаад, бүжгийн талбайд гараад янз бүр болоод байсан гэж дотор ажиллаж байсан хүн надад дотор түрүүний залуучууд асуудал гаргаад байна гэж хэлсэн. Тэгээд би дотогш ороход тэр залуучууд зөрөөд гарч байсан. Баарнаас өөр бусад үйлчлүүлэгчид бас гарч байсан. Тэгээд гадаа гараад тэр залуучууд бааранд байж байгаад гарсан залуучуудтай маргалдаад би та нар цагдаа дууд гээд хэлтэл нэг залуу над руу дайраад байсан. Би тэрний хөдөлгөөнийг зогсоох гээд татаад унагаасан. Би тухайн үед эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.Тгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-49 дүгээр тал/,
- Хохирлын баримт /хх-ийн 20 -р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Б.Т нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Амар” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үйлчлүүлэгч А.Мягмарбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Б.Т нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Амар” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үйлчлүүлэгч А.Мягмарбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Б.Тгийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Т нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Амар” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үйлчлүүлэгч А.Мягмарбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Прокуророос Б.Тгийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Т нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 40 дүгээр тал/
Хохирогч А.Мягмарбаяр хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гэм хорын холбогдох бичгийн нотлох баримтыг бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.
Харин Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвд хандаж шинжээчийн дүгнэлт гаргуулахаар төлсөн 8000 төгрөгийн төлбөрийн баримтыг ирүүлсэн тул түүнийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 20 дугаар тал/
Шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Харъяад овогт Б.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Тг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Тгээс /РД:ЙФ8505151813/ 8000 /найман мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч А. Мягмарбаярт /РД:УЗ90022090/ олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ