| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 204100053 0426 |
| Дугаар | 2025/ДШМ/1149 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1149
Н.Д-, Ө.М-, Ө.Б-,
М.Б-, Д.О-, Х.Б-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,
шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,
шүүгдэгч Ө.М-, түүний өмгөөлөгч Н.Гомбодорж,
шүүгдэгч Ө.Б-, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,
шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч О.Баяржаргал,
шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч Г.Ганбат,
шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1778 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 84 дүгээр эсэргүүцлээр Н.Д-, Ө.М-, Ө.Б-, М.Б-, Д.О-, Х.Б- нарт холбогдох 204100053 0426 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Д- овгийн Н-гийн Д-, ......., /РД:Н-/;
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 671 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,
2. Д- овгийн Ө-гийн М-, .........., /РД:Ө-/;
3. А- овгийн Д-ын О-, ......, /РД:Д-/;
4. Б- овгийн Х-ын Б-, ........, /РД:Х-/;
5. Н- овгийн М-ын Б-, .........., /РД:М-/;
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг шийтгүүлж, ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
6. Х- овгийн Ө-ы Б-, ........., /РД:Ө-/;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Д- нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Х.Б-, Ө.Б-, Ө.М-, Д.О-, М.Б- нартай санаатай нэгдэн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 202 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ө- хотхоны 2 дугаар байрны 39 тоотод “Ө-", “Ө-.site” гэх нэртэй домэйн хаягуудыг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон,
Шүүгдэгч Ө.М- нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Н.Д-, Д.О-, М.Б- нартай санаатай нэгдэн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ө- хотхоны 2 дугаар байрны 39 тоотод “Ө-", “Ө-.site” гэх нэртэй домэйн хаягуудыг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Д.О- нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Н.Д-, Ө.М-, М.Б- нартай санаатай нэгдэн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ө- хотхоны 2 дугаар байрны 39 тоотод “Ө-", “Ө-.site” гэх нэртэй домэйн хаягуудыг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч М.Б- нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Н.Д-, Д.О-, Ө.М- нартай санаатай нэгдэн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ө- хотхоны 2 дугаар байрны 39 тоотод “Ө-", “Ө-.site” гэх нэртэй домэйн хаягуудыг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Х.Б- нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Ө.Б-тай санаатай нэгдэн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар багийн Ө- тоотод “Ө-.cash”, “Ө-”, “Ө-.mn” гэх нэртэй домэйн хаягуудыг ашиглан зохион байгуулсан гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон,
Мөн Н.Д-, Ө.Б- нартай санаатай нэгдэж, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ө- хотхоны 2 дугаар байрны 39 тоотод “Ө-", “Ө-.site” гэх нэртэй домэйн хаягуудыг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд ашиглах домэйн хаягийг олж өгөхөөр урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,
Шүүгдэгч Ө.Б- нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Х.Б-, Н.Д- нартай санаатай нэгдэн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар багийн Ө- тоот болон Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Ө- хотхоны 2 дугаар байрны 39 тоотод “Ө-", “Ө-.site”, “Ө-.mn” гэх нэртэй домэйн хаягуудыг ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг үйлдэхэд домэйн хаягуудыг шинээр зохиож өгөхөөр урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Н.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ө.М-, Д.О-, М.Б- нарын үйлдлийг 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Х.Б-ын үйлдлийг 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ө.Б-гийн үйлдлийг 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.Д-, Х.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдан төлөвлөсөн, хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд,
Шүүгдэгч Ө.М-, Д.О-, М.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,
Шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-, Х.Б- нарыг таван мянга дөрвөн зуун /5400/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр, шүүгдэгч Ө.Б-г хоёр мянга хоёр зуун /2200/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,200,000 төгрөгөөр, шүүгдэгч Ө.М-, Д.О-, М.Б- нарыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Д-, Х.Б- нарт оногдуулсан торгох ялыг зургаа (6) сарын хугацаанд, шүүгдэгч Ө.Б-, Ө.М-, Д.О-, М.Б- нарт оногдуулсан торгох ялыг гурав /3/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-, Х.Б-, Ө.Б-, Ө.М-, Д.О-, М.Б- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-оос 284,205,496 төгрөгийг, Х.Б-аас 284,205,496 төгрөгийг, Ө.М-ээс 600,000 төгрөгийг, Д.О-ээс 5,000,000 төгрөгийг, М.Б-оос 3,100,000 төгрөгийг, Ө.Б-гаас 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу 8 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тус тус тусгахаар хуульчилсан. Гэвч шүүхээс Х.Б-ыг “Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдан төлөвлөсөн, хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон.” гэм буруутайд тооцож, харин шүүгдэгчийн “...цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд, “Ө-", “Ө-.site” гэх нэртэй домэйн хаягууд болон нэр бүхий 7 иргэний “Хаан банк”-ны дансыг ашиглан зохион байгуулсан.” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон үйлдлийг шийтгэх тогтоолд дүгнэлгүй, орхигдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож, шүүгдэгч нарт торгуулийн ял хэмжээг ялгамжтай оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.” гэсэн дүгнэлтийг хийжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч тус бүрийн хувийн байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл, оролцоо, олсон хууль бус орлогын хэмжээ, төлөгдөөгүй байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа, үргэлжилсэн байдал, энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан, шүүгдэгч Н.Д-, Ө.М-, Д.О-, М.Б-, Х.Б-, Ө.Б- нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл болон шүүгдэгч Ө.М-, М.Б-, Д.О- нараас мөн “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хүрээнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал, тайлбарыг гаргасан.
Гэтэл шүүхээс оролцогчийн санал, тайлбар, дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж, няцаасан болох, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын орлогод буцаан төвлөрүүлсэн эсэх, шүүхээс сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ, хэсэгчлэн төлөх хугацааг хэрхэн тогтоосон талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, шүүгдэгч Ө.М-, Д.О-, М.Б- нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Б-д 2.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,200,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Д-, Х.Б- нарт 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг чиглэсэн, цахим хэрэгсэл ашиглан нэгэн зэрэг олон мянган хүнийг сэтгэхүйн хувьд донтуулж, эдийн засгийн хүндрэлтэй байдалд хүргэх, цаашлаад хүний амь насанд аюул учруулж болохуйц нийгмийн аюулын хэр хэмжээ өндөртэй гэмт хэрэгт хамаарна. Мөн нэр бүхий 6 шүүгдэгч тус бүр хамтран оролцогчийн зохион байгуулагч, хамжигч, гүйцэтгэгчийн үүрэг оролцоотойгоор 5 өөр домэйн хаяг болон 7 иргэний дансыг ашиглан, олон удаагийн давтамжтай, үргэлжилсэн үйлдлээр, 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулсан, уг гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогын хэмжээ ялгамжтай, хувийн байдлын хувьд зарим шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүй, мөн зохион байгуулагчаар хамтран оролцсон Н.Д-, гүйцэтгэгчээр хамтран оролцсон М.Б- нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь хэрэгт авагдсан баримт, холбогдох лавлагаа зэргээр нотлогдсон болно.
Иймд шүүгдэгч Н.Д-, Ө.М-, Д.О-, М.Б-, Х.Б-, Ө.Б- нарт торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, шударга ёсны зарчимд тохироогүй, бөгөөд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэхээр байна. Түүнчлэн шүүхээс “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг хянан хэлэлцсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. Дээрх үндэслэлээр, шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.
Шүүгдэгч Н.Д-ийн өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагч эсэргүүцэл бичихдээ ерөнхий байдлаар бичсэн байсан. Өөрөөр хэлбэл, аль үндэслэлээр нь хүчингүй болгох талаар тодорхой дурдаагүй. Ганц зүйл заалтыг дурдсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан заалтыг дурдсан. Бусад Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх талаар хавтаст хэргийн дугаар, тодорхой баримтуудыг дурдахгүйгээр ерөнхий байдлаар дүгнэсэн. Өмгөөлөгчийн зүгээс эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 36.8-д заасан бүхий л заалтуудыг тогтоох хэсэг болгон тодорхойлох хэсэгтээ заасан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол авах арга хэмжээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулж, түүнийг нөхөн төлөх цаг хугацааг тодорхой дурдсан. Орлогыг хувааж төлөх, хэн яг хэдэн төгрөг төлөхийг яллах дүгнэлтэд дурдсан. Прокурор техникийн шинжтэй алдааг шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд дурдсан. Гэтэл хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд шүүхийн шийдвэрийг залруулах заалтыг дурдаж өгсөн. Техникийн шинжтэй алдааг шүүх өөрөө залруулж болно гэх заалт байх тул түүнийг ноцтой зөрчилд тооцохгүй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 20.7 гэж бичсэн боловч агуулга дээр шүүх мөрийтэй тоглоомын агуулгыг бичсэн. Үүнийг техникийн алдаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр ялыг ялгамжтай бүгдэд нь оногдуулсан. Тухайн төрлийн гэмт хэрэг сонгох санкцтай. Түүнээс зөвхөн хорих ялтай байхад торгуулийн ял оногдуулаагүй. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ялыг оногдуулсан талаар тодорхой дурдсан. Ялангуяа миний үйлчлүүлэгчийн хувьд баримтуудын гаргаж өгсөн. Үүнд өндөр настай ээжийнхээ асран хамгаалагчаар тогтоогдсон эрүүл мэндийн бичиг, бага насны хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, засварын газрын баримт болон өөрийн орлогыг нотолсон баримтуудыг гаргаж өгсөн. Үүнийг шүүх үндэслэн торгуулийн ял оногдуулсан. Нөгөөтэйгүүр прокурор хохирлыг төлөөгүй байхад гээд байна. Тухайн гэмт хэргийн улмаас олсон орлого, гэмт хэргийн хохирол 2 өөр. Гэмт хэргийн улмаас олсон орлогыг шүүх хичнээн төгрөг гэж тогтоогоогүй байхад тухайн орлогыг хувааж төлөх буюу урьдчилан төлөх боломжгүй. Энэ төрлийн гэмт хэрэгт гэмт хэргийн улмаас олсон орлого гэдэг утгаар шийдэгддэг. Хохирлыг төлөхөө илэрхийлсэн баримтыг гаргаж өгсөн байгаа. Ахынхаа нэр дээр байгаа газрыг барьцаанд өгье. Тухайн хохирлыг төлтөл барьцаалж, энэ талаар шүүхийн шийдвэрт дурдаж өгөөч гэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан. Эцэст нь хэлэхэд, Эсэргүүцэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6, 36.7-гийн аль нь гэдгийг тодорхой дурдаагүй, түүнийгээ нотолсон баримтуудыг мөн дурдаагүй байх учир прокурорын гаргасан эсэргүүцлийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү. Шүүгдэгч Н.Д-ид холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ө.Б-н өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль шаардлага хангаагүй гэх үндэслэлээр эсэргүүцэл гаргасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийг 20.7 гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаанд орно. Залруулах бүрэн эрх нь шүүхэд олгогдсон. Хэдий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 гэж бичигдсэн боловч 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн агуулгыг бичсэн байдаг. Энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой зөрчилд орохгүй. Миний үйлчлүүлэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,200,000 төгрөгөөр торгох, гэмт хэрэг үйлдэж олсон 10.000.000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй шүүгдэгч маргаагүй. Хүлээн зөвшөөрсөн, гомдол гаргаагүй. Учир нь, манай үйлчлүүлэгч анх цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөс эхлэн бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруу дээрээ маргадаггүй. Манай үйлчлүүлэгчийн мэдүүлэг дээр үндэслэн дараагийн үйл ажиллагааг шалган тогтоосон. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэж хэлж болно. Шүүх хуралдаан хэд, хэдэн удаа хойшилсон. Энэ хугацаанд бид прокурорын яллах дүгнэлтэд дурдсан 10.000.000 төгрөгийг улсын орлого болгуулах саналыг хүрээнд урьдчилан төлөхөөр шүүхийн дансыг удаа дараа туслахаас асууж байсан. Нэг удаа шүүх хуралдаан хойшлоход шүүгчээс хүртэл асууж байсан. Харамсалтай нь ямар дансанд хийх нь тодорхой байсан.
Хохирлын тухайд, гэмт хэргийн замаар олсон орлого учраас хэн нэгэнд учирсан хохирол гэж шүүх дүгнээгүй. Прокурор ч гэсэн яллах дүгнэлтэд ийнхүү дүгнэсэн. Прокурор анхан шатны шүүх хуралдаан дээр манай үйлчлүүлэгчид 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял санал болгосон. Өмгөөлөгчийн хувьд торгох ялыг оногдуулж өгөөч гэх байр суурьтай оролцсон. Торгох ялын хэмжээг дурдаагүй. Шүүгдэгч Ө.Б-гийн хувийн байдлын хувьд эхнэр нь ажилгүй, бага насны хүүхэдтэй. Ө.Б- ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Гэм буруу дээр анхнаасаа маргаагүй. Эдгээр нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж, торгох ялыг оногдуулж өгнө үү гэх саналыг гаргасан. Улмаар шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан 2.200.000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч О.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын зүгээс хоёр үндэслэлээр эсэргүүцэл бичигдсэн байна. Нэгдүгээрт, өмгөөлөгч нар техникийн шинжтэй алдаа гарсан гэж тайлбарлаж байна. Өмгөөлөгч миний зүгээс ч мөн адил техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэж байгаа. Тухайн шийтгэх тогтоолын агуулгад ямар нэгэн байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх агуулга бүхий дүгнэлтийг хийгээгүй. Үүнийг шүүх техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэж, залруулах бүрэн боломжтой. Энэ нь өөрөө тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
Миний үйлчлүүлэгч М.Б-ын тухайд эрүүгийн хариуцлага хөнгөдсөн, торгох ял буюу 450.000 төгрөгөөр торгосон нь хөнгөдсөн гэх үндэслэлийг прокурор эсэргүүцлээр тайлбарлаж байна. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо торгох ял оногдуулж өгнө үү гэх байр суурьтай оролцсон. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан. Шүүгдэгч М.Б-ын хувийн байдлын хувьд аавтайгаа хоёулхнаа амьдардаг. Ажил эрхлэлтийн хувьд том оврын тээврийн хэрэгсэл жолооддог. “Цагаан хад” гэх газарт ажилладаг талаараа анхан шатны шүүх хуралдааны үеэр мэдүүлсэн. Хэрэв зорчих эрх хязгаарлах ял оногдуулбал Монгол улсын хэмжээнд хязгаарыг тогтоож өгвөл би ажил хөдөлмөр эрхлэх боломжтой гэх байдлаар тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж буцаах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.” гэв.
Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Г.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэлд өмнөх хоёр өмгөөлөгчтэй байр суурь ижил байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17-г 20.7 гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа буюу үүнийг залруулах боломжтой гэж үзэж байна. Шүүх шүүгдэгч Д.О-т 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд прокурорыг эсэргүүцэл үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч О.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэлтэй танилцсан. Прокурорын эсэргүүцэлд Х.Б-ыг 2 үйлдлээр буруутгасан. Зохион байгуулагчаар оролцсон үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгээд, хамжигчаар оролцсон үйлдэлд нь анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна талаар ярьж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ ялангуяа Х.Б-ын үйлдлийн хувьд зохион байгуулагчаар хамтран оролцсон, хамжигчаар оролцсон үйлдлийн тухайд эрх зүйн дүгнэлтийг хийсэн. Харин шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт зөвхөн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэдэг дээр эрүүгийн хариуцлага хүлээлгээд, хамжигчаар оролцсонтой холбоотой асуудлыг дурдахгүй орхисон байна. Тухайн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх залруулах бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй.
Тогтоох хэсгийн 1 дэх заалтад байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл гэж бичсэнтэй холбоотой бусад өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна. Энэ нь техникийн шинжтэй алдаа байна. Хэдий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 гэж баримталсан ч гэсэн агуулгын хувьд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн агуулгаар дүгнэлт хийсэн. Иймд техникийн шинжтэй алдааг мөн Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн залруулах бүрэн боломжтой байна.
Торгуулийн ял оногдуулахдаа ялгамжтай байдлаар оногдуулсан. Өөрөөр хэлбэл, зорчих эрх хязгаарлах ял санал болгосон байхад шүүх торгуулийн ял оногдуулсан нь үндэслэлгүй байх тул хэргийг буцааж өгнө үү гэх агуулгаар эсэргүүцэл бичсэн байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугийн асуудлаар маргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруутай холбоотой асуудал дээр бид маргаж оролцоогүй. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой асуудлуудыг тайлбарлаж, прокурорын санал болгосон зорчих эрх хязгаарлах ялаас өөр төрлийн буюу торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргасан. Энэ хүрээнд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүгдэгч Ө.М-ийн өмгөөлөгч Н.Гомбодорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бусад өмгөөлөгч нартай санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд техникийн шинжтэй алдаа гаргасан. Мөн шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хариуцлагын талаар дүгнээд, тус бүрт нь торгуулийн ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч Х.Б-ын үйлдэлд О.Мягмарсүрэн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Н.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна. Эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй.” гэв.
Шүүгдэгч Ө.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Шүүгдэгч Ө.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.
Шүүгдэгч М.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч Х.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Шүүгдэгч Д.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Н.Д-, Ө.М-, Ө.Б-, М.Б-, Д.О-, Х.Б- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад шүүгдэгч Н.Д-, Ө.М-, Ө.Б-, М.Б-, Д.О-, Х.Б- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Шийтгэх тогтоолын 14 дэх хуудаст шүүхээс Х.Б-ыг “Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдан төлөвлөсөн, хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон.” гэм буруутайд тооцож, харин шүүгдэгчийн “...цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд, “Ө-", “Ө-.site” гэх нэртэй домэйн хаягууд болон нэр бүхий 7 иргэний “Хаан банк”-ны дансыг ашиглан зохион байгуулсан.” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон үйлдлийг шийтгэх тогтоолд дүгнэлгүй, орхигдуулж шийдвэрлэсэн.
Мөн шийтгэх тогтоолын 7-8 дахь хуудаст шүүгдэгч Ө.Б- нь амар хялбар аргаар ашиг олох зорилгоор Х.Б-тай санаатай нэгдэн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” нэршилтэй цахим мөрийтэй тоглоомыг 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар багийн Ө- тоотод “Ө-.cash”, “Ө-”, “Ө-.mn” гэх нэртэй домэйн хаягуудыг ашиглан зохион байгуулсан гэмт хэрэгт домэйн хаягуудыг шинээр зохиож өгөхөөр урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон үйлдлийг шийтгэх тогтоолд дүгнэлгүй, орхигдуулж шийдвэрлэсэн байна.
Дээрх байдлууд нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Түүнчлэн, прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд уг гэмт хэрэгт нь гэм буруутай талаар дүгнэлт хийсэн атлаа тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.
Иймд, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1778 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Шүүгдэгч Н.Д-, Ө.М-, Ө.Б-, М.Б-, Д.О-, Х.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА