| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1233/Э |
| Дугаар | 1287 |
| Огноо | 2018-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 1287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч И.Ариунсанаа,
хохирогч, шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал ҮД:25-98, П.Учралгэрэл ҮД:26-01,
хохирогч, шүүгдэгч Б.О, Э.Э, тэдгээрийн өмгөөлөгч А.Энхбуйр ҮД: 09-70,
шинжээч Ц.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.А, Б.О, Э.Э нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0022 01099 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Ц.А
2. Монгол улсын иргэн, Б.О
3. Монгол улсын иргэн, Э.Э
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Ц.А нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” зах дотор Э.Э лангуунаас нь хууль бусаар эд зүйлийг нь авсны улмаас түүнтэй маргалдах явцдаа Б.О, Э.Э нарыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Б.О, Э.Э нар бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” зах дотор Э.Э нь бусдын лангуунаас эд зүйл хууль бусаар авснаас үүдэн Ц.Атай маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа Ц.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийнхээ талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярихгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр зах дээр явж байсан ба тухайн үед охин жирэмсэн байсан. Бүлэглэсэн гэх асуудал ярьж байна. Гэтэл бүлэглэж зодоогүй. Намайг хулгай хийлээ гээд намайг зодоход биднийг манай охин салгасан. Мөн намайг чирсэн асуудал байхгүй. Би өөрөө лангуу руу явж очсон. Өөр ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Эын:…2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Нарантуул” зах дээр юм цуглуулж яваад 18 цагийн үед жижиглэн бараа зардаг лангууны тэр хавиар явж байгаад хүүхдийн наалддаг шивээс буюу наалддаг зургийг нэг ширхэгийг 500 төгрөгөөр худалдан авсан. Нэг хүүгээс худалдан авсан. Энэ боодлоороо хэдэн төгрөг юм бэ гэхэд надад хариулахгүй байсан. Би жижигхэн төө хэрээтэй боодолтой наалтыг аваад цүнхнийхээ ард хийгээд цааш алхтал нэг хүүхэн араас ирээд хөөе гэж дуудсан. Би эргээд харахад тэр эмэгтэй намайг цохиод авсан. Миний барьж явсан наалттай шивээснүүд задарч газар унасан. Тэр эмэгтэй үсдэж аваад толгой тархи руу цохисон. Тэр эмэгтэйн цамцнаас татах гэж байгаад энгэрийг маажсан. Гинж тасарсан. Намайг гинж хулгай хийлээ гээд чарлаад байсан. Эгч нь аваагүй шүү дээ гэж хэлэхэд цаанаас нэг хүү энэ байна гээд бариад ирсэн. Тэгээд лангуу руу явъя гээд намайг чирч гулдраад байсан. Тэр эмэгтэй тавихгүй байсан, намайг чирсээр байгаад лангуун дээрээ очсон. Тэр хүүхэн цагдаа дууд гээд орилоод байсан. Тэр хүүхэнтэй хэрэлдэж байгаад тайвшраад больсон. Удалгүй цагдаа ирээд цагдааг дагаад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Оын: ...2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ээж Энхжаргалтай хамт “Нарантуул” зах руу 16 цагийн үед очсон. Хөдөө явах гэж байсан учир авч явах бараануудаа цуглуулж явсан. Юм үзэж явж байх үед буюу 18 цагийн үед нэг эмэгтэй барилцаж аваад хоорондоо үсдэлцээд зогсож байхаар нь би очиж тухайн эмэгтэйг ээжээсээ салгах гэж зүүн гарыг хөшөөд татсан. Зууралдаж байх явцад миний маажсан хойшоо төмрөнд цохигдсон. Тэгээд тухайн лангуу руу явсан тэр хоёрыг салгах гэж нилээн юм болсон. Тэгээд цагдаа дуудсан, ээж тухайн эмэгтэй зарж байсан наадаг шивээсэн наалтнаас авчихсан юм шиг байна лээ. Миний гуян дээр гуталны мөр гарсан байсан. Дарахаар хөндүүртэй байна. Нүүрэндээ маажуулсан шархтай болсон байна. Нуруу юманд цохигдоод өвдөөд байна. Би сартай жирэмсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Аын: ...2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Нарантуул” зах дээрээ наймаагаа хийж байхад 18 цаг өнгөрч байхад наймаа хийгээд эргээд харахад наадаг хоёр боодол шивээс нэг эмэгтэй цүнхнийхээ араар хийгээд цаашаа эргээд явсан. Хөөе тавь гээд эхлээд дуудахад хамт явсан охин над руу харсан. Нөгөө эмэгтэй сонсоогүй юм шиг цаашаагаа явсан. Тэгээд хойноос гүйгээд гурван лангуунаас барьж аваад нөгөө эмэгтэйн баруун гарнаас татахад өөрөө үнээ хэлэхгүй байсан биз дээ гээд шивээсийг минь буцааж өгсөн. Үнэ хэлээгүйн төлөө авдаг юм уу гээд энгэрээс зулгаасан. Тэр эмэгтэй надаас зөрүүлж зулгаагаад хүзүүнд байсан гинж тасдаад хүзүү цээжинд маажсан. Тэр эмэгтэй явах гэхээр нь хүний юм хулгай хийчихээд ингэж явдаггүй юм гээд тэр эмэгтэйг лангуу руугаа чирсэн. Тэр эмэгтэй эсэргүүцээд явахгүй байсан. Бид хоёр барилцаж аваад бие биенээ цохисон. Араас нь хамт явсан охин нь гэх эмэгтэй үснээс татаад урдаас нөгөө хулгай хийсэн эмэгтэй татаад цамцны цахилгаан эвдсэн. Нөгөө охиныг бариад авахад би нөгөө эмэгтэй миний охин жирэмсэн гэхээр нь нөгөө охиныг тавиад нөгөө хулгай хийсэн эмэгтэйг бариад явсан. Цагдаа дуудаадах гэж би орилсон. Мөөгий гэдэг наймаа хийдэг эгч цагдаа дуудах гээд явсан. Би тэр эмэгтэйг цамцнаас татсаар байгаад лангуун дээрээ авч ирсэн. Тэр эмэгтэй явах гээд байсан охин нь миний зүүн гарыг тавиулах гэж дараад эрхий хуруу гэмтээсэн. Тэр эмэгтэйг тавьсан хулгай хийсэн эмэгтэй алга болчихсон. Охин гэх жирэмсэн эмэгтэй үлдсэн. Цагдаа ирсэн нөгөө хулгай хийсэн эмэгтэй бас ирсэн. Тухайн наалтыг бөөнөөр 300 төгрөгөөр нэг ширхэгийг нь зардаг. Ширхэгээр бол нэг ширхэг 500 төгрөг. Тухайн эмэгтэй 300 ширхэгийг авсан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Уртнасангийн: ...Би Ариунзулынхаас бараа авч зардаг бөгөөд тэр өдөр үдээс хойш болж байхад Ариунзулаас бараа авах гээд ирсэн чинь Ариунзул 1 эмэгтэйтэй барьцалдчихсан 1 охин хажуунаас нь салгах гээд байгаа бололтой ноцолдоод байсан. Ариунзултай зууралдсан байсан эмэгтэй намхандуу тарган эмэгтэй байсан. Харин охин нь жирэмсэн бололтой хүүхэн байсан бөгөөд би тэр хүмүүсийг танихгүй. Намайг очиход Ариунзулын гадуураа өмссөн байсан цамц нь урагдчихсан үс нь арзайчихсан, ээмэг гинж нь мултараад газар уначихсан байсан. Харин нөгөө эмэгтэй нь гайгүй байх шиг байсан бөгөөд намайг ирээд удаагүй байхад цагдаа ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 8834 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Од нүүрэнд зулгаралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Ганболд гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8838 дугаартай дүгнэлтэнд:
1. Ц.Аын биед дагзны хуйх, зүүн гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар тал/,
-Хохирлын баримт 120.000+18.000+150.000=288.000 төгрөг /хх-н 61-65 дугаар тал/,
- Шүүгдэгч Ц.Аын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 91, 94, 104 дүгээр тал/,
- Шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 92, 95, 74 дүгээр тал/,
- Шүүгдэгч Э.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 93, 96, 71 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээс дүгнэхэд Ц.А нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” зах дотор Э.Э лангуунаас нь хууль бусаар эд зүйлийг нь авсны улмаас түүнтэй маргалдах явцдаа Б.О, Э.Э нарыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Б.О, Э.Э нар бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” зах дотор Э.Э нь бусдын лангуунаас эд зүйл хууль бусаар авснаас үүдэн Ц.Атай маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа Ц.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон байна.
Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” зах дотор Э.Э лангуунаас нь хууль бусаар эд зүйлийг нь авсны улмаас түүнтэй маргалдах явцдаа Б.О, Э.Э нарыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.О, Э.Э нар бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” зах дотор Э.Э нь бусдын лангуунаас эд зүйл хууль бусаар авснаас үүдэн Ц.Атай маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа Ц.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хохирогч нар болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирлын үнэлгээ болон эмчилгээний баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Ц.А, Б.О, Э.Э нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.Аын 2 хүний эрх чөлөөнд халдаж, Б.О, Э.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл, шүүгдэгч Б.О, Э.Э нарын бүлэглэн Ц.Аын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт буруугийн санаатай үйлдэл нь тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Прокуророос шүүгдэгч нарын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Гэвч уг гэмт хэрэг 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.
Хохирогч Ц.А нь өөрт учирсан эд хөрөнгийн болон эрүүл мэндийн талаарх хохирлын 288.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.О, Э.Э нар нь уг хохирлыг төлөөгүй байх тул тэдгээрээс гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна. /хх-н 61-65 дугаар тал/
Шүүгдэгч Ц.А, Б.О, Э.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ц.А, Б.О, Э.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.О, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ц.А, Б6О, Э.Э нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.О /РД:УИ00271828/-с 144.000 /нэг зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийг, Э.Э /РД:УЮ63062500/-с 144.000 /нэг зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Ц.А /РД:УЖ86052808/-д олгосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.А, Б.О, Э.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.А, Б.О, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.А, Б.О, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ