Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/1381

 

2025          12           04                                                                          2025/ДШМ/1381

 

 

Ц.Б-, С.Д-,                                                                                             А.Г- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

яллагдагч Ц.Б-, түүний өмгөөлөгч Ч.Болд, Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/5967 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101 дүгээр эсэргүүцлээр  Ц.Б-, С.Д-, А.Г- нарт холбогдох 2302004890301 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. З- овгийн Ц-гийн Б-, ........, /РД:Ц-/;

2. О- овгийн С-ийн Д-, ......., /РД:О-/;

3. Б- овгийн А-ын Г-, ......., /РД:А-/;

Октябрын районы ардын шүүхийн 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 360 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жил хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 256 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 8 сар хорих ял оногдуулж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан;

Ц.Б- нь Нийслэлийн ерөнхий боловсролын А- сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байхдаа буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах..."; 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”; 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан сонирхлыг хувийн болон тусгай ашиг үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлоос илүүд үзнэ”,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”,

Төсвийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.5 дахь хэсэгт заасан "Хариуцлагатай байх”, 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 5.1.3-д заасан санхүү, төсвийн зохистой удирдлагын хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”, 6.4.1 дэх хэсэгт заасан “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 16.5 дугаар зүйлийн 16.5.2 дахь хэсэгт заасан "Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирах, зарцуулалтад нь хяналт тавих", 16.5.3 дахь хэсэгт заасан “Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгуулалтын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох," 16.5.5 дахь хэсэгт заасан "Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг тус тус зөрчин тус сургуулийн манаач А.Г-той үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,

албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори А- сургуулийн Спорт заал болон сургуулийн зогсоолын түрээсийн төлбөрийг өөрсдийн дансаар шилжүүлэн авах хууль бус чиглэлийг өгч хийх ёсгүй үйлдлийг хийн, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хувь хүн болон албан байгууллагуудтай түрээслэх нэрээр гэрээ байгуулалгүй, орлого зарлагын тайлангүй, А.Г-ийн эзэмшлийн Хаан банкин дахь А-, А- дугаартай, Хас банкин дахь А- дугаартай данснуудаар заалны болон зогсоолын түрээс болох 121,567,528 төгрөг авснаас 600,000 төгрөгийг өөртөө бэлнээр авч, А.Г-т 120,967,528 төгрөгийг захиран зарцуулах давуу байдал бий болгосон,

үргэлжилсэн үйлдлээр тус сургуулийн спорт цогцолборын арга зүйч, менежер дотоод хяналт хариуцсан ажилтан С.Д-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори А- сургуулийн Спорт заал болон сургуулийн зогсоолын түрээсийн төлбөрийг өөрсдийн дансаар шилжүүлэн авах хууль бус чиглэлийг өгч хийх ёсгүй үйлдлийг хийн, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хувь хүн болон албан байгууллагуудтай түрээслэх нэрээр гэрээ байгуулалгүй, орлого зарлагын тайлангүй, С.Д-ийн Худалдаа хөгжлийн банк дахь А- дугаартай, Хас банк дахь А- дугаартай данснуудаар заалны түрээс болох 1,906,500 төгрөгийг авч, С.Д-т захиран зарцуулах давуу байдал бий болгосон,

мөн өөрийн Хаан банкны А- дугаартай дансаар 240,000 төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө эдийн давуу байдал бий болгон, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори А- сургуульд их хэмжээний буюу 123,714,028, төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, үргэлжилсэн үйлдлээр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Албан тушаалын тодорхойлолтын 4.2-т заасан “байгууллагын төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах” гэснийг зөрчиж,

Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, Спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Орон тооны жишиг норматив батлах” тухай А/024/11 дугаартай тушаалд “мэдээлэл технологийн ажилтан, тооцооны нягтлан бодогч” гэх албан тушаалд тусгагдаагүй байхад 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/110 дугаартай тушаалаар “Д.Насантогтохыг тооцооны нягтлан бодогч”-оор томилж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Д.Н-од 18,229,120.07 төгрөгийн цалинг олгосон,

Мөн 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай “Бүтэц зохион байгуулалт, орон тоо, ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаал гарган, “мэдээллийн технологийн ажилтан, тооцооны нягтлан бодогч” гэх албан тушаалыг тус бүр 1 орон тоотой байхаар баталж,

Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А/5 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал гарган, тушаалын 2 дахь заалтад “мэдээллийн технологийн ажилтны үндсэн цалинг хавсралтад зааснаар олгох” олгохыг зөвшөөрөн, 2023 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын хооронд тухайн ажлыг хавсран гүйцэтгэгч гэж тус сургуулийн нарийн бичиг Ж.Э-д “мэдээллийн технологийн ажилтны” цалингийн 15 хувь буюу нийт 827,295.33 төгрөгийг, тооцооны нягтлан бодогч Д.Н-од “мэдээллийн технологийн ажилтны” цалингийн 15 хувь буюу нийт 1,036,818.15 төгрөгийг, мэдээлэл зүйн багш Т.О-т “мэдээллийн технологийн ажилтны” цалингийн 30 хувь буюу нийт 1,590,474.90 төгрөгийг, мэдээлэл зүйн багш Г.М-д “мэдээллийн технологийн ажилтны” цалингийн 20 хувь буюу нийт 1,060,316.60 төгрөгийг, мэдээлэл зүйн Б.Д-д “мэдээллийн технологийн ажилтны” цалингийн 20 хувь буюу нийт 790,348.76 төгрөгийн цалинг тус тус олгон хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад эдийн давуу байдал бий болгон, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори А- сургуульд 23,534,373.81 төгрөгийн хохирол учруулсан буюу албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаар урвуулан ашигласны улмаас Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори А- сургуульд 147,768,515.81 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

С.Д- нь Нийслэлийн ерөнхий боловсролын А- сургуулийн спорт цогцолборын арга зүйч, менежер дотоод хяналт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,

Ц.Б-аас өгсөн хууль бус чиглэлийн дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори А- сургуулийн Спорт заалыг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хувь хүн болон албан байгууллагуудад түрээслэх нэрээр гэрээ байгуулалгүй, орлого зарлагын тайлангүй, өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь А- дугаартай, Хас банк дахь А- дугаартай данснуудаар заалны түрээс болох 1,906,500 төгрөгийг хүлээн авч, өөртөө давуу байдал бий болгон, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори А- сургуульд 1,906,500 төгрөгийн хохирол учруулсан буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

А.Г- нь Нийслэлийн ерөнхий боловсролын А- сургуулийн манаачаар (жижүүрээр) ажиллаж байхдаа тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,

Ц.Б-аас өгсөн хууль бус чиглэлийн дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори А- сургуулийн Спорт заал болон сургуулийн зогсоолыг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хувь хүн болон албан байгууллагуудад түрээслэх нэрээр гэрээ байгуулалгүй, орлого зарлагын тайлангүй, өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь А-, А- дугаартай, Хас банкин дахь А- дугаартай данснуудаар заалны болон зогсоолын түрээс болох 121,567,528 төгрөгийг хүлээн авснаас 600,000 төгрөгийг Ц.Б-т бэлнээр өгч, 120,967,528 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулан өөртөө давуу байдал бий болгон, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори А- сургуульд их хэмжээний 121,567,528 төгрөгийн хохирол учруулсан буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

С.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

А.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...”, 2 дахь хэсэгт мөрдөгч, прокурор "...хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно..." гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 /нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн/, 6.14 / хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан талаар:

Яллагдагчийн өмгөөлөгч Х.Мягмарцэрэнгээс Нийслэлийн прокурорын газарт 2024 оны 4 сарын 19-ний өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаж /5хх-н 176-177/ 2024 оны 4 сарын 26-ны өдрийн 73 дугаар прокурорын тогтоолоор өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шийдвэрлэсэн боловч ямар ч ажиллагаа хийгээгүй байна. Мөн өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй байгааг дурдах нь зүйтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуульд заасан эрхийг хангалттай, бүрэн эдлүүлээгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь „ хэсгийн 6.15 мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тогтоох,

1. Хэрэгт яллагдагч Ц.Б-ыг Нийслэлийн Ерөнхий боловсролын А- сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, спорт заал болон сургуулийн зогсоолын түрээсийн төлбөрийг А.Г-, С.Д- нарыг өөрсдийн дансаар шилжүүлэн авах хууль бус чиглэл өгч хийх ёсгүй үйлдлийг хийж, Нийслэлийн Ерөнхий боловсролын А- сургуульд нийт 123,714,028 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн ба хийх ёсгүй үйлдлийг хийж олсон 123,714,028 төгрөгийн орлогыг тус сургуульд учруулсан хохирол гэж үзэх үндэслэлтэй эсэхийг нарийвчлан тогтоох,

2. Яллагдагч А.Г-ийн арилжааны банкнууд дахь хаан банкны А-, А- дугаарын данс, Хас банкны А- дугаарын данснуудаас 30,000 төгрөгөөс дээш дүнтэй зарлагын гүйлгээнүүдэд үзлэг хийж, нийт хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох,

3. Яллагдагч Ц.Б-ыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан тушаалын тодорхойлолтын 4.2-т заасан “байгууллагын төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах” гэснийг зөрчиж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Д.Н-ыг тооцооны нягтлан бодогчоор томилж 18,229,120.70 төгрөгийн цалин олгосон,

Бүтэц зохион байгуулалт, орон тоо ажил албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал гаргаж, мэдээллийн технологийн ажилтан, тооцооны нягтлан  бодогч гэх албан тушаалыг тус бүр 1 орон тоотой байхаар баталж, тус сургуулийн нарийн бичиг Ж.Э-д 15% буюу 827,295.33 төгрөг, тооцооны нягтлан бодогч Д.Н-од 15 % буюу 1,036,818.15 төгрөг, мэдээлэл зүйн багш Т.О-т 30 % буюу 1,590,474.90 төгрөг, мэдээлэл зүйн багш Г.М-д 20 % буюу 1,060,316.60 төгрөгийн, мэдээлэл зүйн багш Б.Д-д 20% буюу 790,348.76 төгрөгийн цалинг тус тус олгон эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад эдийн давуу байдал бий болгож, хохирогч Нийслэлийн Ерөнхий боловсролын А- сургуульд 23,534,373.81 төгрөгийн хохирол учруулсан гэх ба ажил олгогчоос эдгээр багш нарт нийт хэдэн төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос хэдэн төгрөгийг байгууллагын төсвөөс нийгмийн даатгалын шимтгэлд төлснийг ялган тогтоох,

4. Хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон нарийн бичиг Ж.Э-, тооцооны нягтлан бодогч Д.Н-, мэдээлэл зүйн багш Т.О-, мэдээлэл зүйн багш Г.М-, мэдээлэл зүйн багш Б.Д- нар нь байгууллагын төсөвт хэдэн төгрөг төлөхийг нарийвчлан тогтоох нь нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхэд ач холбогдолтой гэж үзлээ.

5. Яллагдагч Ц.Б- нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн Ерөнхий боловсролын А- сургуульд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, тохижилт, бусад хийсэн ажлын талаар мэргэжлийн шинжээч томилж, үнэлгээг хийлгүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үнэлэхэд ач холбогдолтой байна.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1- д хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана....” гэж заасан тул яллагдагчийн өмгөөлөгчөөс “...ажлын хэсэгт ажиллаж байсан Ч- гэдэг хүнийг энэ хэрэгт гэрчээр асуух, хуучин захирал Н.Б-ыг дансаараа мөнгө авсныг тогтоолгох хүсэлтүүдийг хангахгүй орхиж, бусад хүсэлтүүдийг хангав.

Мөн яллагдагчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад зааснаар Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 115 а дугаартай яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах талаар:

1. Яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт яллагдагч Ц.Б-ын овгийг буруу бичсэн,

2. Яллах дүгнэлтийн 17 дугаар хуудсанд 147,248,401 төгрөг гэж байгаа бол яллах дүгнэлтийн хавсралтад 147,768,515 төгрөг гэж бичсэн,

3. Яллах дүгнэлтийн 16 дугаар хуудсанд Ц.Б-тай холбоотой ХААН банкны данс гэж байгаа боловч хүн эзэмшдэггүй эзэнгүй дансны дугаар бичсэн,

4. Яллах дүгнэлтэд иргэний хариуцагчийн төлөх үнийн дүнг зөрүүтэй бичигдсэн зэрэг алдаанууд байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй болно.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Иймд Ц.Б-, С.Д-, А.Г- нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ө.Мөнхнавч бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “Яллагдагч Ц.Б-ын өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлан хуралдуулсан” гэж шүүх хэлэлцүүлэг явуулах үндэслэлээ тодорхойлжээ.  Гэвч прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1  дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 10 цаг 32 минутад 01 дугаартай “Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай” хүсэлтийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн цахим хаягаар, 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр эх хувь буюу цаасан хэлбэрээр хүргүүлснийг шүүх хүлээн авсан байна. Анхан шатны шүүхээс прокуророос гаргасан хүсэлтийг хүлээн авсан эсэх, хэлэлцүүлэг явуулах үндэслэл болсон эсэх, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар захирамждаа огт дурдаагүй, шийдвэрлээгүй орхигдуулсан, өөрөөр хэлбэл прокуророос гаргасан хүсэлтийг хэлэлцүүлгээр хэлэлцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэсэн заалтыг зөрчсөн.

2. Шүүгчийн захирамжид “...өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч ямар ч ажиллагаа хийгээгүй байна. Мөн өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй байгааг дурдах нь зүйтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөв дүгээр зүйлийн 1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хувьд хуульд заасан эрхийг хангалттай, бүрэн эдлүүлээгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна." гэжээ.

Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгээс гаргасан хүсэлтийн дагуу Ерөнхий боловсролын А- сургуулийн үйл ажиллагаанд зарцуулж, анги танхим тохижуулсан гэх асуудалд шинжээч томилохын тулд 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ерөнхий боловсролын А- сургуулийн санхүүгийн баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл 5 дугаар хавтаст хэргийн 193-194 хуудаст, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б- ХХК-ний төсөвчин Д.Ж-аас авсан гэрчийн мэдүүлэг 11 дүгээр хавтаст хэргийн 50 хуудаст, 2025 оны 3 дугаар сарын 09-ний өдөр яллагдагч Ц.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл 9 дүгээр хавтаст хэргийн 80-109 хуудаст тус тус авагдсан байна. Дээрх мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар сургуулийн гадуурх орлого буюу спорт заал, сургуулийн зогсоолын төлбөрөөс сургуульд хийсэн гэх ажлын санхүүгийн баримтууд олдоогүй тул төсөвчнөөр төсөв гаргуулах чиглэлээр шинжээч томилох боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн дээрх ажиллагаа, нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж “өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч ямар ч ажиллагаа хийгээгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүх хэргийн материалд авагдсан баримтуудтай бүрэн гүйцэт танилцалгүй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

3. Шүүгчийн захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох” хийх ёсгүй үйлдлийг хийж олсон 123,714,028 төгрөгийн орлогыг тус сургуульд учруулсан хохирол гэж үзэх үндэслэлтэй эсэхийг нарийвчлан тогтоох” гэж заажээ. 

Хэрэгт авагдсан хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч О.У-ийг “...Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд нь спорт заал болон бусад олсон орлогыг тухайн жилийн төсвийн төсөлдөө санал өгч өөрийн үндсэн данс болох төрийн сангийн дансанд төвлөрүүлэх ёстой. Энэ төвлөрүүлсэн мөнгөө сургуулийн бараа үйлчилгээний зардал, хэвийн үйл ажиллагаанд зарцуулдаг. Төвлөрсөн мөнгийг төсвийн шууд захирагч буюу сургуулийн захирлын шийдвэрээр зарцуулдаг” гэсэн мэдүүлэг (8хх-ийн 154-155 хуудас) болон Боловсрол соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаагийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/333 дугаартай “Биеийн тамир спорт заалыг ашиглах тухай” тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн тухайд спорт заал болон бусад орлогыг хэрхэн төвлөрүүлэх, сургуулийн үйл ажиллагаанд хэрхэн зарцуулах асуудлыг тодорхой зохицуулсан байдаг нь тогтоогдсон.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар учирсан хохирлыг 123,714,028 төгрөг тодорхойлсныг шүүхээс ямар үндэслэлээр буруу тогтоосон эсхүл зөрүүтэй тогтоосон гэж үзэж “үндэслэлтэй эсэхийг нарийвчлан тогтоох” шаардлагатай гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй, цаашлаад хохирлыг тогтоохын тулд ямар ажиллагаа хийлгэх нь захирамждаа бичээгүй, мөн захирамжид “яллагдагч А.Г-ийн арилжааны банкнууд дахь Хаан банкны А-, А- дугаарын данс, Хас банкны А- дугаарын данснуудаас 30,000 төгрөгөөс дээш дүнтэй зарлагын гүйлгээнүүдийг үзлэг хийж, нийт хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох” гэжээ. Яллагдагч А.Г-ийн данснуудын зарлагын гүйлгээнээс 30,000 төгрөгөөс дээш дүнтэй зарлагад үзлэг хийснээр хохирлын хэмжээ хэрхэн өөрчлөгдөх, ямар үндэслэл байгааг шүүх тодорхойлоогүй, мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүх үнэлэх боломжгүй байгаа юм уу, эсхүл үнэлэхгүй гэдгээ тодорхойлж бичээгүйгээс гадна, уг ажиллагааг хийснээр хэрэгт ач холбогдолтой ямар нөхцөл байдал үүсэхийг шүүх дүгнээгүй нь тус тус шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн байна.

4. Шүүгчийн захирамжид “....эдгээр багш нарт нийт хэдэн төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос хэдэн төгрөгийг байгууллагын төсвөөс нийгмийн даатгалд төлснийг ялган тогтоох” гэжээ. Хавтаст хэрэгт мөрдөгчийн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаартай магадалгаа (4-р хх-ийн 88-152 хуудас), 2024 оны 3 дугаар сарын 11 -ний өдрийн 4 дугаартай магадалгаа (4-р хх-ийн 198-250, 5-р хх-ийн 1-64 хуудас), Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 02/1719 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Н-, Т.О-, Ж.Э-, Б.Д-, Г.М- нарын нийгмийн даатгал төлсөн лавлагаа (Зхх-ийн 200-215 хуудас), Мэдээллийн технологийн ажилтанд тооцсон цалингийн жагсаалт, цалингийн карт (Зхх-ийн 134-139 хуудас) мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэлээр бэхжүүлсэн нэр бүхий багш нарын цалингийн карт (2хх-ийн 53- 59 дүгээр хуудас) зэрэг баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, эдгээр баримтуудын хүрээнд ажил олгогчоос нийгмийн даатгалд төлсөн мөнгөний хэмжээг тодорхойлж болохоор байтал “ажил олгогчоос хэдэн төгрөгийг байгууллагын төсвөөс нийгмийн даатгалд төлснийг ялган тогтоох" гэж бичсэн нь шүүхээс хэргийн материалд авагдсан баримтуудтай бүрэн гүйцэт танилцалгүй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн "...байгууллагын төсөвт хэдэн төгрөгийг төлөхийг нарийвчлан тогтоох нь нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхэд ач холбогдолтой” гэжээ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн дээр дурдсан нотлох баримтуудад үндэслэн мөрдөгчөөс Т.О-, Ж.Э-, Д.Н-, Г.М-, Б.Д- нарыг иргэний хариуцагчаар тогтоосон, мөрдөгчийн магадалгаа, цалингийн карт болон бусад баримтуудыг прокуророос үнэлэн, иргэний хариуцагч нараас гаргуулах хохирлын хэмжээг шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судалсны үндсэн дээр тодорхойлох боломжтой байтал шүүхээс “нарийвчлан тогтоох” гэдэг агуулгаар ямар ажиллагаагаар, хэрхэн яаж тогтоох асуудлыг тодорхойлоогүй байгаа нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн байна.

5. Шүүгчийн захирамжид “Яллагдагч Ц.Б- нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн ерөнхий боловсролын А- сургуульд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, тохижилт, бусад хийсэн ажлын талаар мэргэжлийн шинжээч томилж, үнэлгээг хийлгүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4-т заасан Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үнэлэхэд ач холбогдолтой байна...” гэжээ.

Шинжээч томилж, дүгнэлт гаргуулах процесс ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулиар тодорхойлсон байдаг. Шүүх шинжилгээний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Эдийн засгийн шинжилгээний объект нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангасан баримт бичиг байна” гэж заасан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Ж- “...Монголын төсөвчдийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын гишүүнээр 2013 оноос хойш ажиллаж байгаа... Барилгын засвар үйлчилгээний төсвийг гаргахад захиалагч нь зураг төслийн компаниар ажлын зураг хийлгэсэн байх шаардлагатай. Мөн ажлын даалгавар боловсруулсан байх ёстой. Зураг төслийн компани нь ажлын даалгаврын дагуу хэмжилт хийж зургийг боловсруулдаг. Уг ажлын зургийн дагуу төсөвчин нийт төсөвт өртгийг тооцно. Улсын хөрөнгөөр хийгдсэн ажил бол заавал Барилгын хөгжлийн төвийн магадлалаар орж баталгаажуулсан байдаг. Тэгэхээр барилга болон засварын ажил нь их хэмжээний өртөгтэй бол заавал зураг шаардлагатай. Харин жижиг засварын ажил бол зураг шаардахгүй... Барилгын засвар болон шинээр хийж гүйцэтгэсэн барилгын ажлын санхүүгийн анхан шатны баримт байхгүй тохиолдолд хийж гүйцэтгэсэн ажлын төсвийг тогтоох боломжгүй...” гэж (11х-ийн 50 хуудас) мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс ямар баримтыг үндэслэн шинжээч томилж, үнэлгээг хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн нь ойлгомжгүй буюу шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөн байна.

            6. Шүүгчийн захирамжид “Мөн яллагдагчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад зааснаар Прокурорын 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 115а дугаартай яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах талаар ... алдаанууд байгааг дурдах нь зүйтэй...” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт, гомдлыг шүүх хэрхэн яаж шийдвэрлэсэн, хангах эсхүл хангаагүй талаараа захирамжид үндэслэлээ тайлбарлан тусгах ёстой. Гэтэл дээрх хүсэлтийг яаж шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй “алдаанууд байгааг дурдах нь зүйтэй” гэж бичсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар яллах дүгнэлтэд гарсан дээрх “үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа”-г зөвтгөн засаж болох хуулийн хэм хэмжээ зохицуулалт байгааг яагаад хэрэглээгүй талаараа шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаар, шүүх хуралдаанд оролцогчийн эдлэх эрх, үүрэг, талуудын мэтгэлцэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулсан тул хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

Яллагдагч Ц.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж мөн хуулийн 1.1. “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх; 1.2.хэргийг прокурорт буцаах; 1.3.хэргийг түдгэлзүүлэх; 1.4.хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж, мөн хуулийн 6.15 дугаар зүйлд” мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт” гэж тус тус заасны дагуу дараах хүсэлт гаргаж байна. Тухайн хэрэг 3 дахь жилээ шалгагдаж байна. Энэ хугацаанд хувийн баталгаа гаргах, албан тушаал түдгэлзүүлэх, хилээр гаргах зэрэг 3 төрлийн хоригийг тавьсан. Эхнэр, хүүхдүүд болон эхийн хамт амьдардаг байсан боловч эх маань 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. Эхнэр багшаар ажилладаг, цалин бага, зээлтэй учраас амьдралын байдал хүнд байна. Мөн эхнэр н.Б- хөхний хавдар болон бамбай булчирхайн томролтой болсон учраас таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлүүлэх хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж” байна хүлээн авна уу, прокурорын газраас намайг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно” гэж заасны дагуу дээрх хүсэлтийг гаргаж байна. 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 115 дугаартай яллах дүгнэлт танилцуулсан. Дээрх дүгнэлтийг хүлээж авахаас татгалзсан. Энэ талаар шат шатны прокурорын газарт гомдол гаргасан. Улсын ерөнхий прокуророос 115 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгосон. 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 40 дугаартай тогтоол гарч 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр надад хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн. Хариу мэдэгдэх хуудсанд “прокурорын яллах дүгнэлт хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгох талаар дурдсан” байсан. Энэ үйл баримтаас хойш прокурор, мөрдөгч ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Прокурорт удаа дараа гомдол гаргасан боловч “татгалзсан” хариу өгч байсан. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яригдаж байна. “Тунгалга гэх нярваас гэрчийн мэдүүлэг авсан эсэх асуудлыг шүүгч прокуророос асууж” байна. Мөн н.Ч- нараас мэдүүлэг авах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. хавтаст хэрэгтэй энэ талаар авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Яллагдагч Ц.Б-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ямар үндэслэлээр шинжээч томилохгүй байгаа нь тодорхойгүй, гэрч н.Ж- “Хийж гүйцэтгэсэн ажил бодитой байгаа тохиолдолд төсвийг тогтоох боломжтой, гүйцэтгэх ажиллагааны баримт шаардлагатай боловч хийсэн ажил бодит байгаа нөхцөлд зарцуулалт, төсвийг тогтоох боломжтой” талаар мэдүүлсэн. 11 дүгээр хавтаст хэргийн 49, 50 дугаар талд авагдсан. Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгчийг 123,000,000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулна ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж буруутгаж ялласан. Шүүгчийн захирамжийн гол үндэслэл хохирол тодорхойгүй, ямар байгууллагад хохирол учруулсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад олж тогтоогоогүй талаар дурдсан. Прокурорт 2024 оноос хойш бодитой ажил хийсэн талаарх төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг тодорхой болгох талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй, гэм буруугийн асуудлыг нотлох үүргээ хангалтгүй биелүүлсэн. Анхан шатны шүүхээс эргэлзээтэй баримтуудыг тогтоолгохоор шүүгчийн захирамж гаргаж хэргийг прокурорт буцаасан хууль зүйн үндэслэлтэй. “А- сургуулийн анхан шатны санхүүгийн баримт байхгүй учраас шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй” талаар прокурор тайлбартаа дурдаж байна. Яллагдагчаар татаж гэм буруугийн шүүх хурлаар ямар нотлох баримтад үндэслэж шүүхэд хэргийг шилжүүлсэн тодорхойгүй...” гэв.

Яллагдагч Ц.Б-ын өмгөөлөгч Ц.Болд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Прокуророос овог, нэр, мөнгөн дүнтэй холбоотой асуудлыг дурдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.13 дугаар зүйлд зааснаар шүүгч захирамждаа тодорхой дурдсан. Шинжээчийг хөндлөнгийн байгууллагаас томилуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Шүүгдэгч С.Д-тэй холбоотой 6,000,000 төгрөг, мөн 1,900,000 төгрөгтэй холбоотой асуудалтай холбоотой шинжээч тогтоох шаардлагатай. Шүүгдэгч А.Г-ийн нэг дансанд 2 өөр шинжээчийн дүгнэлт гарсан. Ц.Б- төсөв ерөнхийлөн захиран зарцуулагчийн учраас ажлаа хийсэн. Анхан шатны шүүхийн захирамж үндэслэлтэй гарсан...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд: 

1. Тус хэргийн бодит байдлыг мөрдөн шалгах нэмэлт ажиллагааны хүрээнд нэг мөр, эргэлзээгүй, бодит байдлаар тогтоолгох зайлшгүй шаардлага үүссэн байна.   

1.1. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг үндэслэл бүхий байдлаар бүрэн тогтоогоогүй буюу зарим хохирлын хувьд давхардал, ноцтой зөрүү үүссэн байж болохыг үгүйсгэх үндэслэлгүй байх тул тусгай мэдлэгийн хүрээнд хамаарах асуудлыг таамаглан шийдвэрлэх боломжгүй.  

Нотлох баримт: Шинжээчийн дүгнэлт /8хх-193-200/    

2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Ерөнхий боловсролын А- сургуулийн спорт заалны түрээсийн орлого:    

С.Д-ийн Хас банкны А- дансаар 600,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны А- дансаар 7.445.000 төгрөг, А.Г-т Хаан банк дахь Ч- дансаар 34.349.000 төгрөг орсон.  

Мөн нэмэлт шинжилгээнд ирүүлсэн гэх баримтаар 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Ерөнхий боловсролын А- сургуулийн спорт заалны түрээсийн орлого: 

 А.Г-т Хас банкны А- дансаар 1.920.000 төгрөг, Хаан банкны Ч- дансаар  85.126.582 төгрөг, Хаан банкны А- дансаар 172.000 төгрөг тус тус орсон гэжээ.

Тодруулбал, Хаан банк дахь А.Г-ийн эзэмшлийн Ч- дугаартай тухайн нэг дансанд “2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд”, түүнчлэн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд орсон гэх спорт заалны түрээсийн орлогууд давхацсан эсэх үндэслэл, баримт, хамаарах бусад асуудлыг эргэлзээгүй тогтоох нь зайлшгүй асуудал юм.   

1.2. Холбогдох зарим гэмт хэрэгт хамтран оролцогч нарын төрөл, хэлбэрийг оновчтой нотолж тогтоох хүрээнд тус бүр хохирлыг хэрхэн завшсан эсэх буюу хариуцах хохирлыг ялгаа заагтай, эргэлзээгүй байдлаар нотлох, дүгнэх  

Тухайлбал, С.Д-, А.Г-, Ц.Б- нарын гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн бүх мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтуудыг харьцуулан шалгах, зөрүүтэй байдал болон холбогдох этгээдийг гэрчээр байцаах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай.  

Тухайлбал, тухайн А- сургуулийн спорт заалны болон зогсоолын түрээсийн орлогын зарцуулалтын талаар: А.Г- “...автомашины түрээсийн орлогоос сар бүр 300.000 төгрөгийг Б-т бэлнээр өгдөг, Д-т бэлнээр өгдөг байсан...Заалны түрээсийн орлогыг оройн цагаар болон амралтын өдрүүдээр заалыг хариуцдаг байсан ба орлогыг ажлын өдөр бол маргааш нь, мөн амралтын өдөр бол ажлын өдрийн өглөө нь Б-т бэлнээр өгдөг байсан...Мөн Нярав Т-, НасанЖ- нарт өгч байсан.../8хх-173-174, 9хх-69/ гэх мэдүүлсэн байх тул “хувьдаа авсан болон давуу байдал бий болгосон эсэхэд хамаарах хохирол”-ыг ялгаатай тогтоох, дүгнэх асуудал үүссэн гэж үзэхээр байна.   

1.3. Яллагдагч Ц.Б-аас гаргасан “тухайн ерөнхий боловсролын А- сургуулийн 2020-2023 онд хэрэгжүүлсэн ажлууд гэх 54 хуудас баримт”-ыг хэрэгт хүлээн авсан, газар дээр шалгасан /8хх-234-250, 9хх-1-39, 80-109/ байх тул энэ хүрээнд холбогдох зарим оролцогч, тэдний өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт, гомдол бүхий асуудлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг нэмэлтээр хийх үндэслэл, шаардлага үүссэн болохыг үгүйсгэх боломжгүй.

Учир нь, энэ хүрээнд оролцогч, түүний өмгөөлөгч нараас гаргасан зарим хүсэлтийг хангасан /5хх-177/ байх боловч нотолбол зохих зарим асуудлыг тодорхойгүй орхигдуулах нь хэргийн байдал, учирсан хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэх боломжгүйд хүргэхээр байна.

1.3.1. Тухайн хийсэн гэх ажлуудын аль хэсгүүд нь яллах дүгнэлтэд дурдсанаар буюу хэрэг үйлдэгдсэн гэх 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны дотор хийгдсэн эсэхийг тухайн сургуулийн өмнөх болон тухайн үеийн удирдлага, хариуцсан этгээдийг байцаах, холбогдох баримтын хүрээнд ялгаа заагтай тодорхойлох  

1.3.2. Хэрэв 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны дотор хийгдсэн гэх ажлууд байсан бол тэдгээр ажлыг хийлгэсэн зардал, төлбөрийг гагцхүү тухайн  сургуулийн спорт заалны болон зогсоолын түрээсийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны дотор олсон гэх орлогоос буюу тухайн орлогыг хариуцаж байсан гэх А.Г-, Ц.Б-, С.Д- нараас бодитой төлсөн эсэхэд хамаарах нотлох баримтыг бэхжүүлэх, холбогдох этгээдээс гаргасан баримтын эх сурвалжийг шалгах

Харин төрийн сангийн үндсэн санхүүжилтээс болон усан спорт, цайны газрын зэрэг орлогоос төлөгдсөн ялгаа заагтай тодорхойлох, дүгнэх шаардлагатайг анхаарах нь зүйтэй.

1.3.3. 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны дотор хийгдсэн гэх ажлуудыг ямар хувь хүн, хуулийн этгээдээр хэзээ хийлгүүлсэн эсэх, холбогдох гэрээ, төлбөр өгсөн гэх дансны хуулбар байгаа эсэхийг А.Г-, Ц.Б-, С.Д- нараас тодруулах, холбогдох эх сурвалжийг шалгах

1.3.4. 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны дотор хийгдсэн гэх ажлууд байсан бол тэдгээр нь ямар төрөл, тоо ширхэг бүхий ажлууд, эд зүйлс бодитой хийгдсэн эсэхийг тогтоох улмаар тэдгээрийн үнэлгээг зохих мэргэжилтнээр хийлгүүлэх үндэслэл, үйл баримтыг тодорхойлж, шийдвэрлэх    

1.3.5. А.Г-, Ц.Б-, С.Д- тухайн сургуулийн төрийн сангийн орлогын дансанд дээрх дурдсан хугацааны дотор спорт заалны болон зогсоолын түрээсийн орлогоос тушаасан гэх эх сурвалжтай эсэхээс тус сургуулийн санхүүгийн анхан шатны баримтыг тус хэргийн хүрээнд хэрхэн шалгах эсэхийг анхаарч, нягтлах

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэргийн бодит байдлыг нотлохын тулд яллах, цагаатгах байдлыг эргэлзээгүй тогтоох, түүнчлэн яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч баримт байж болохгүй.

Тийм учраас, хэргийн талаар нотолбол зохих дээр дурдсан асуудлууд нь урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцааснаар буюу мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлснээр шийдвэрлэгдэх үндэслэлтэй, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаас зарим ажиллагааг нэмж явуулахыг прокурорт даалгах үндэслэл, журам”-д хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад нэг мөр  шалгаж тогтоовол зохих зарим зөрүүтэй, эргэлзээтэй байдал үүсэж болохыг үгүйсгэхгүй болно.

3. Иймд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/5967 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Харин шүүгчийн захирамж дахь А.Г-ийн данснуудаас 30.000 төгрөгөөс дээш дүнтэй зарлагын гүйлгээнүүдэд үзлэг хийх гэсэн нь үндэслэл хангалтгүй, ойлгомжгүй байх тул хохирлын нарийвчлан тогтооход зарлагын гүйлгээнд мөнгөн дүнгийн хязгаарлалт тогтоохгүйгээр шалгах шаардлагатай болохыг тэмдэглэж байна.

4. Анхан шатны шүүгчийн захирамжийг хууль ёсны ба үндэслэл бүхий гэж шийдвэрлэсэн тул яллагдагч Ц.Б-т урьд авсан албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, мөн яллагдагч С.Д-, А.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус өөрчлөх боломжгүй болно.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :    

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/5967 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.         

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Н.БАТСАЙХАН

 

    ШҮҮГЧ                                                   Л.ОДОНЧИМЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР