| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1264/Э |
| Дугаар | 1308 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 1308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Б.О холбогдох эрүүгийн 1806 0637 01427 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.О
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Б.О нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Хос гутал” захын доор байрлах пабад У.Нарантуяаг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Очихуяг мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Нарантуяагийн: ...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Хос гутал” захын доор байрлах бааранд үеэл Оюунтуяа болон найз Тамир, Энхтуяа нарын хамт орсон. Тамир түрүүлээд яваад манай Мөөгий гэх найз ирээд бид суугаад пиво уугаад байж байтал 22 цаг өнгөрч байхад уг бааранд Оюунтуяагийн нөхөр Б.О нэлээн согтуу орж ирсэн. Эхнэр рүүгээ уурлаад чи яах гэж эд нартай нийлдэг юм гээд загнаад байхаар нь би түүнд хандаж чи болиоч яахаараа дандаа ингэж байдаг юм бэ гэж хэлэхэд та нарт ямар хамаатай юм гэж хэлээд миний зүүн шанаа болон дух руу гараараа 2 удаа цохиод авсан. Тэгээд манай найз Мөөгий намайг авч гарсан. Б.О бид хоёрыг зууралдаж байх явцад зүүн шилбэ ширээ, шат, сандал аль нэгэнд нь цохигдсон байх хөхөрсөн байсан. Шилбэ рүү Б.О өшиглөж цохисон зүйл байхгүй. Толгойны өвчин намдаах эм уусан. Эмчилгээ хийлгээгүй. Б.Оийн хувьд хүн муутай хүн биш. Гэр орноо авч явдаг, үр хүүхэддээ халамжтай. Тухайн өдөр архи уусандаа муухай зан гаргасан байх. Гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Энхтуяагийн: ...О халамцуу байна гэж харсан. Орж ирээд Оюунтуяатай маргалдаад байсан. Яг юунаас болж маргаад байгааг нь мэдэхгүй, эхнэр рүүгээ дайрахад нь Нарантуяа болиоч гээд босоод газар бөгсөөрөө унаж байсан, цохисныг нь хараагүй, унахад нь цохичихлоо гэж мэдээд би Очироог салгаад хойш нь татсан. Нарантуяа босч ирээд яагаад намайг цохиж байгаа юм гээд зууралдаад Мөөгий Нарантуяаг авч гараад би Очироог хойш нь татаад салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Оийн: ...Тухайн өдөр эхнэр над руу 16 цагийн орчим залгаад орой би Нарантуяа болон найзуудтайгаа уулзах гэсэн юм гэхээр нь би обой авчихлаа ажилтай шүү дээ гэж хэлэхэд за за би харьж явна гэж хэлээд түүнээс хойш утас нь холбогдоогүй. Тэгээд би Нарантуяа руу залгахад бид хэд нэг газар сууж байна гээд байгаа газраа зааж өгсөн. Би тэр хэд дээр очихдоо найзтайгаа 0,5 граммын архи уугаад очсон. Намайг яваад ороход пабад Нарантуяа манай эхнэр Оюунтуяа, Энхтуяа, Мөнхцэцэг нар байсан. Намайг ороход Мөнхцэцэг надад нэг шил пиво авч өгсөн, уг пивоо уучихаад би эхнэртээ харьяа гэж хэлсэн. Тухайн үед 00 цаг өнгөрч байсан байх тэгтэл эхнэр мөрөн дээрээс татахад Нарантуяа цаанаас ирээд миний хүзүү маажаад би сандал дээр суухад нүүр рүү өшиглөөд хөмсөгний дээр сэтэрч нүд юм харахгүй цус нулимс бүрхсэн. Тэгээд өөдөөс нь босоод нүүрэн тус газар нь 2 алгадахад Мөнхцэцэг намайг татаад авсан. Нарантуяа гараад явсан. Нарантуяагийн өмнө эхнэр гараад явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8992 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. У.Нарантуяагийн биед дух, зүүн шанаа, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр тал/,
- Шүүгдэгч Б.Оийн оршин суугаа газрын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 39, 45, 48-50, 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээс дүгнэхэд Б.О нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Хос гутал” захын доор байрлах пабад У.Нарантуяаг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Б.О нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Хос гутал” захын доор байрлах пабад 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр У.Нарантуяаг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос Б.Оийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.О нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Хос гутал” захын доор байрлах пабад 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр У.Нарантуяаг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Прокуророос Б.Оийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, энэ зүйл хэсгээр Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.О нь урьд нь 2 удаа ял шийтгэл хүлээж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байна. /хх-ийн 45, 48-51 дүгээр тал/
Хохирогч У.Нарантуяа гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг болон хэргийн материалтай танилцахдаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, мөн эмчилгээ хийлгээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 17-19, 53 дугаар тал/
Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигин овогт Б.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оийг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ