Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/1292

 

2025            11            13                                                                           2025/ДШМ/1292

 

 

                                           Ө.Э-д холбогдох эрүүгийн

                                                              хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганбагана,

шүүгдэгч Ө.Э-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

хохирогч П.Г-, түүний өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Э-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, хохирогч П.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ө.Э-д холбогдох 2407 001130 099 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц- овгийн Ө-ы Э-, ......., /РД: Ө-/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/398 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч Ө.Э- нь 2024 оны 02 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө 02 цагийн орчим “Тоёота Приус 20” загварын .... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүнсний дэлгүүр орохоор явж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай гараа өргөөд зогсож байсан иргэн Н.Г-ыг хүргэж өгөхөөр үйлчилгээний хөлсийг тохиролцон тээврийн хэрэгсэлдээ суулган явж улмаар Н.Г- нь очихоор тохирсон газраас өөр зүгт явж байсныг мэдэж “манай гэр биш байна” гэж хэлэхэд нь түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн П.Г-ыг Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын задгайд тээврийн хэрэгслээсээ хүчээр буулган орхиж явсан болгоомжгүй үйлдлээр түүний эрүүл мэндэд 2, 3 дугаар зэргийн хөлдөлт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багахангай, Налайх дүүргийн прокурорын газар: Ө.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ө.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Ө.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-д Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/398 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр буюу 1.000.000 төгрөгийн торгох ялыг, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгийн торгох ял нийт 1500 нэгжийн торгох ялыг 15 нэгжийг 1 хоногийн хорих ялтай дүйцүүлэн 3 cap 10 хоногийн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 1 жил 3 cap 10 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хорих ял эдэлж дуусгавар болсон үеэс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Э-аас 21.537.737 төгрөгийг гаргуулж хохирогч П.Г-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10.603.672 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.Э-ы өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.Э-ы хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцогдон 1 жил 3 cap 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлсэн. Тус хорих ял шийтгэл оногдуулж байгаа нь хэргийн үйл баримтад дүгнэлт гаргахдаа шүүх буруу дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь хохирогчийн зүй бус үйддэл, хохирогч биеэ авч явах чадваргүй согтолттой байсан зэрэг нөхцөл байдал, шүүгдэгчтэй маргалдсан нөхцөл байдлыг харгалзан хохирохоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжтой байтал шүүх хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэнд үйлчлүүлэгч туйлын гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхдөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийгээгүй бөгөөд тухайн үеийн баримт болох согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн нөхцөл байдлыг л дүгнэсэн байсан төдийгүй шүүгдэгчийн хохирогчид нөхөн төлбөр өгч байгаад, хохирогчийн шүүх хуралдаан дээр болон олон нийтэд илтэд худал мэдээлэл тарааж шүүхэд удаа дараа нөлөөлөх гэж оролдож буй үйддлээс хамаарч үйлчлүүлэгчийн эх зүйн байдал дордсон шийдвэр гарч байгаад харамсалтай байна.

Өмнө тус хэрэг давж заалдах шатны шүүхээр орж зарим процессыг зөвтгөх шаардлагатай улмаас анхан шат руу буцаж шийдвэрлэгдсэн болохоос ял шийтгэлийг нэмэгдүүлж оногдуул гэж шийдвэрлээгүй. Гэтэл өнөөдрийн байдлаар үйлчлүүлэгч маань сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийн бодит үнэнг мэдэхгүй, хэргийн материал танилцаагүй иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын тэнцвэргүй мэдээллүүдээс болж сэтгэл зүй бие мах бодиороо, гэр бүл, хоёр хүүхэд нь эндсэн харамсалтай дүр зурагтай нөхцөл байдалд хүрч хоригдчихоод байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч маань гэм буруу дээрээ маргадаггүй, зөвхөн өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалган тогтоох ажиллагаа дутуу хийгдээд байгаа талаар санал гаргаж мэтгэлцсэн болохоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах нөхцөлийг хангаж байхад шүүх хорих ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөлд огт нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэхгүй байна.

Нотлох баримтын хувьд камерын бичлэгт буулгаж байгаа бичлэг байгаа боловч чухамдаа хохирогчийн зүй бус үйлдлийг таслан зогсоож, буулга гэсэн газарт нь буулгасан байдаг. Гэтэл хохирогч анхнаасаа 4 удаагийн мэдүүлэгтээ цохисон, цохиогүй, жолоочоо 40 орчим настай иргэн байсан гэх мэтээр маш олон удаагийн мэдүүлгээ зөрүүтэйгээр өгчихөөд байхад шүүх шийдвэрлэж байгаа юм. Мөн хохирогч шүүх хуралдаанд оролцож байхдаа Налайх дүүрэгт олон жил амьдарч байгаа гэх боловч хэрэг явдал болсон газрыг мэддэггүй гэж илтэд худал мэдүүлдэг бөгөөд өөрийнх нь амьдарч буй газар тухайн хэрэг явдал болсон гэх газраас даруй 6 жилийн дараа байгуулагдсан газар юм.

Өөрөөр хэлбэл орон нутагт амьдарч буй иргэд хаана ямар хороо байгаагаа илтэд мэдэхүйц нөхцөл байдалд амьдарч байгаа. Мөн Налайх дүүрэг маш жижиг дүүрэг тул мэдэхгүй байх ямар ч нөхцөлгүй байхад тийшээ очиж үзээгүй гэж тайлбарладаг. Энэ бүхнээс үзэхэд хохирогч илтэд шүүхэд анхнаасаа нөлөөлөх гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг зориуд дордуулсан гэж үзэж байна. Мөн шүүх хуралдаан тараад мэдээ өгөхдөө шүүх хуралдаанаар тоггоогдсон зүйлсийг илтэд мушгин гуйвуулж тайлбарлаж байгаа нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дордуулж, шүүх рүү турхирах үйлдлийг удаа дараа үйлдэж хэргээ шийдвэрлүүлсэн гэж үзэж байгаа тул тус хэрэгт бодит дүгнэлт хийж үйлчлүүлэгчид хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эхнэр, 4 хүүхдийн хамт амьдарч байхдаа 2023 онд хүүгээ, 2024 онд охиноо алдсан, одоо эхнэр 2 хүүхдийн хамь амьдардаг. Эхнэр маань одоо 2 сартай жирэмсэн, 5 настай охин, 2 настай хүүгийн хамт байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос болж манай гэр бүлийн эрх зүйн байдал маш их дордож байна. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйл “Иргэний үүргээ биелүүлээгүй гэдэг” ангийг хүлээн зөвшөөрч шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг боломжоороо төлөөд явж байсан. Гэвч хохирогч тал фэйсбүүк, онлайн орчинд илт худал мэдээлэл цацаж олон нийтэд худал мэдээлэл тарааж Багахангай, Налайх дүүргийн шүүхээс онлайнаар цацагдсан мэдээлэлд үндэслэн надад хорих ял оногдуулсан.

Миний бие улсдаа сард 1,000,000 төгрөгийн татвар нийгмийн даатгал төлж ажил хөдөлмөр эрхэлж ар гэр, үр хүүхдээ авч явдаг. Охин маань 1 дүгээр анги, хүү маань цэцэрлэгт орсон, эхнэр маань жирэмсэн ажил хийх боломжгүй гэр бүлийн маань байдал маш их дордож байна. 2023 оноос хойш гэр бүлд маш их уй гашуу тохиолдож эхнэр маань амьдралд бууж өгөх хэмжээний сэтгэл зүйтэй байгаа, хийгээгүй хэргийнхээ төлөө би болон гэр бүл маань амьдралаараа хохирч байна. ...” гэв.

Хохирогч П.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ө.Э- нь миний эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол учруулсан болох нь анхан шатны шүүхээр тогтоогдсон. Энэ хүн 2 жилийн хугацаа өнгөрч байхад надаас ерөөсөө уучлалт гуйгаагүй, зөвхөн өөрийгөө хамгаалсан зүйл хэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүхээс надад төлөх ёстой төлбөрийг төлж барагдуулаагүй.

Хэрэг шалгагдаж байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нар нь дандаа эмэгтэй хүмүүс байдаг. Миний бие БНХАУ-ын Өвөр Монголын төв эмнэлэгт очиж үзүүлэн хоёр хөлөндөө протез хийлгэх нэн яаралтай мөнгө санхүүгийн хүнд байдалд ороод байна.

Ө.Э- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөрийг барагдуулаагүй байхад түүнд 1 жил 3 сар 10 хоногийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь ял хөнгөдсөн байна. Миний хувьд эрүүгийн хариуцлагыг дээгүүр тогтоож өгөөгүйд маш их гомдолтой байна.

Шүүхээс намайг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй, би тийм зүйл хэрэглээгүй. Харин Ө.Э- нь хэрэг болохоос 1 цагийн өмнө эхнэртэй агсам тавьж цагдаагийн байгууллагаар шалгагдаж 100,000 төгрөгөөр торгуульсан байсан. Тэр хүн харин согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Иймд хэргийг дахин хянаж шийдвэрлэнэ үү. ...” гэв.

Хохирогч П.Г-ын өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдолтой санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд шүүгдэгч талаас шүүхээс оногдуулсан хохирол, хор уршгийг арилгах талаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ө.Э-ы хувьд зөвхөн өөрийгөө л боддог. Анхан шатны шүүх хурал дээр ч уучлалт гуйгаагүй. Өнөөдөр ч уучлалт гуйсангүй. Зөвхөн “...би хохирлоо, би үр хүүхдээ алдсан...” гэж яриад байна. Хохирогчид яаж туслах талаас огт боддоггүй. Хохирол төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 4 өөр байдлаар мэдүүлэг өгсөн талаар яриад байна. Тухайн үед хохирогчийн сэтгэл санаа маш тогтворгүй байсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Иймд шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Ө.Э-ы үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршгаа нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан 1 жил 3 capын хугацаатай хорих ял оногдуулсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ө.Э-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, хохирогч П.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад, шүүгдэгч Ө.Э- нь 2024 оны 02 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө 02 цагийн орчим “Тоёота Приус 20” загварын .... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүнсний дэлгүүр орохоор явж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай гараа өргөөд зогсож байсан иргэн Н.Г-ыг хүргэж өгөхөөр үйлчилгээний хөлсийг тохиролцон тээврийн хэрэгсэлдээ суулган явж улмаар Н.Г- нь очихоор тохирсон газраас өөр зүгт явж байсныг мэдэж “манай гэр биш байна” гэж хэлэхэд нь түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн П.Г-ыг Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын задгайд тээврийн хэрэгслээсээ хүчээр буулган орхиж явсан болгоомжгүй үйлдлээр түүний эрүүл мэндэд 2, 3 дугаар зэргийн хөлдөлт бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 10-13, 33-37, 40-43/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 14-16/,

эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 17-32/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас, шинжилгээний хариу, эмчийн үзлэгийн хуудас /2 хх 134-180/,

хохирогч П.Г-ын “....тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул гуйваад унаж босоод яваад байсан болохоор таксины мөнгө ч байна гээд гараа өргөөд такси барихад саарал өнгийн Приүс 20 маркын машин ирээд хаашаа явах вэ суучих гэхэд за гээд суусан. Тэгээд машины жолооч за хаашаа явах вэ гэхэд ....ын 1-5 тоот гэхэд тухайн дэлгүүрээс их хурдтай хөдлөөд явсан. Тэгээд шууд чигээрээ Энгэршанд руу явахад би .... руу явна гэхэд утсаараа хүнтэй ярьж байхдаа намайг дуугүй байгаач пизда минь гээд нүүр рүү гараараа хүчтэй цохиход миний ухаан балартаад нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Би жолоочийн яг хажууд сууж урд суудал дээр явсан. ...” /1 хх 62-76/,

гэрч Ү.З-ийн “...2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өглөө хотоос гэр рүүгээ очиж хувцас сольж өмсөөд буцаад ажил руугаа явах гээд гэр рүүгээ машинтай явж байтал Налайх дүүргийн 014 дүгээр цэргийн ангийн дэргэд байрлах гүний худгийн дэргэд цайвар шаргал өнгийн куртиктэй эмэгтэй хүн сууж байх үед зөрж яваад гэртээ орж хувцсаа сольж өмсөөд эргээд гартал тухайн эмэгтэй нөгөө газраа байсаар байхаар нь дэргэдүүр нь өнгөрөх үедээ хартал зүүн хөлийн гутлаа тайлчихсан цайвар өнгийн оймстой сууж байхаар нь 08 цаг 22 минутад эмнэлэг, цагдаад дуудлага өгчхөөд явсан. ...” /1 хх 83-84/,

гэрч А.О-ын “...2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би манаачийн ажил хийж байгаа гахайн фермд байсан. Би Г- гэх хүнтэй 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хамт архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, би Г-тэй хамт байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 91/,

гэрч Н.Б-ийн “...ээж маань 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 45 минутад гэр болох Б-ын 1-5 тоотоос 00 ороод ирье гэж хэлээд гэрээсээ гарсан. Тэгээд холбоо барихгүй сураггүй байж байгаад 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 09 цаг 45 минутад Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс танай ээж байна, гэрийн хаягаа хэлээд өгөөч ээжийг тань хүргэж өгье гэж хэлсэн. Манай эмээ цагдаагаас ярьсан хүний утсыг аваад ярьсан чинь манай ээжийг эмнэлэг дээр хайрагдсан байна гэж хэлсэн. Бид нар эмнэлэг дээр очоод ээжийгээ харсан чинь хүнд зодуулсан байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...хэрүүл маргаан хийхгүй унтаад өгдөг, янз бүрийн агсам согтуу тавьдаггүй, 2013 оноос аав нь нас бараад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн. ...” /1 хх 94- 95/,

гэрч З.А-ын “...25-ны өдрийн орой манай нөхөр Э- шөнийн 00 цагийн үед хүүхдэдээ памперс авахаар ганцаараа .... УБО улсын дугаартай машинаараа явсан. Ингээд шөнө 01 цаг өнгөрч байхад манай нөхөр гэртээ ирсэн ба 5 ширхэгтэй памперс авчирсан. Надад ямар нэгэн юм яриагүй тэгээд унтсан. ...” /1 хх 106/ гэсэн мэдүүлгүүд,

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Тархины тодосгогч бодисгүй компьютерын томографын шинжилгээ /1 хх 115/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 150 дугаар “...1. П.Г-ын биед баруун, зүүн тавхай, өсгий, шилбэ, баруун сарвууны хоёр, гуравдугаар хуруу, зүүн шуу, баруун зүүн өгзөгт 2, 3-р зэргийн хөлдөлт, баруун талын хоншоорын хөндийн өмнөд болон арын ханын хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Баруун, зүүн тавхай, өсгий, шилбэ, баруун сарвууны хоёр, гуравдугаар хуруу, зүүн шуу, баруун, зүүн өгзөгт учирсан 2, 3-р зэргийн хөлдөлт гэмтлүүд нь хүйтний нөлөөгөөр үүснэ. Бусад баруун талын хоншоорын хөндийн өмнөд болон арын ханын хугарал, хамар яны хугарал гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. 3. Баруун, зүүн, тавхай, өсгий, шилбэ, баруун сарвууны хоёр, гуравдугаар хуруу, зүүн шуу, баруун, зүүн өгзөгтучирсан 2, 3-р зэргийн хөлдөлт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт хамаарна. Бусад баруун талын хоншоорын нөдийн өмнөд болон арын ханын хугарал, хамар ясны хугарал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Төмрөөр цохих үед үүсэх боломжтой. 5. П.Г-ын баруун талын хоншоорын хөндийн өмнөд болон арын ханын хугарал, хамар ясны хугарал гэмтлүүд нь цохих, унах аль алинд нь үүсэх боломжтой. ...” /1 хх 116-117/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1258 дугаар “... 1. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн тээврийн хэрэгслийн үйл хөдлөлийг цаг минутаар тусга, үйл явдлыг тайлбарлах нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй. 3. Шинжилгээнд ирүүлсэн “engershand 4-1” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдэж байгаа тээврийн хэрэгсэл нь “243”, “УНЗ”, “УНЭ”, “УБЗ”, “УБЭ” улсын дугаартай байх боломжтой байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн “engershand 4-1” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдэж байгаа тээврийн хэрэгсэл нь дээд талдаа хөндлүүр төмөртэй, жолоочийн талын арын гэрэл ажпаагүй, тээшний бариул тал хэсэг нь байхгүй /улсын дугаарын гэрэл ойж байгаа/, дотор талдаа том дэлгэцтэй, ерөнхий хэлбэр дүрс, овор хэмжээгээрээ “Toyota” маркийн “Prius” (XW20) (2003-2008 оны)” загварын тээврийн хэрэгсэлтэй төстэй байна. ...” /1 хх 126- 137/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1488 дугаар “...П.Г-ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас дасан зохицохын эмгэгийн шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай..." /2 хх 192-196/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 04 дүгээр  сарын 30-ны өдрийн 01/367 дугаар “...2024 оны 02 дугаар сарын 26-27-нд Налайх дүүрэг орчмоор цас ороогүй, салхи баруун хойноос 3-4 м/с, шөнөдөө -27 градус, өдөртөө -13 градус хүйтэн, тухайн өдрийн цаг уурын хэмжилтээр цасны зузаан 19 см байсан болохыг тус газрын харьяа Улаанбаатар хотын “Тэрэлж” өртөөний бодит ажиглалтын мэдээнд үндэслэн тодорхойлов. ...” /1 хх 229/ гэсэн албан бичиг зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгч Ө.Э-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ө.Э-ыг хохирогч П.Г-ын эрүүл мэндэд “хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чихний дэлбэнд шарх, дух, зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн “баруун, зүүн тавхай, өсгий, шилбэ, баруун сарвууны хоёр, гуравдугаар хуруу, зүүн шуу, баруун зүүн өгзөгт 2, 3-р зэргийн хөлдөлт” бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-д Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/398 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг 15 нэгжийг 1 хоногийн хорих ялтай дүйцүүлэн сольж 3 cap 10 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 1 жил 3 cap 10 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Ө.Э-аас “...хийгээгүй хэргийнхээ төлөө би болон гэр бүл маань амьдралаараа хохирч байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэлээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалган тогтоох ажиллагаа дутуу хийгдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах нөхцөлийг хангаж байхад шүүх хорих ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөлд огт нийцээгүй. Иймд тус хэрэгт бодит дүгнэлт хийж Ө.Э-д хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

          Учир нь, хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч Ө.Э-ы гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, “тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, эрүүл мэндэд учирсан хохирлын шалтгаан”, “гэм буруугийн хэлбэр”-ийн талаарх асуудлаар маргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч, мөн хохирогч, түүний өмгөөлөгч нарын тайлбарт тус тус үндэслэл бүхий няцаалт хийжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

          Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүнд гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд, шүүгдэгч Ө.Э- нь “Тоёота Приус 20” загварын .... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа гараа өргөөд зогсож байсан иргэн Н.Г-ыг хүргэж өгөхөөр үйлчилгээний хөлсийг тохиролцон тээврийн хэрэгсэлдээ суулган очихоор тохирсон газраас өөр зүгт явж хохирогч П.Г-ыг “манай гэр биш байна” гэж хэлэхэд нь нүүрэн тус газарт гараараа цохиж “хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чихний дэлбэнд шарх, дух, зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн гэмтэл”, улмаар тээврийн хэрэгслээсээ хүчээр буулган орхиж явсан болгоомжгүй үйлдлээр “баруун, зүүн тавхай, өсгий, шилбэ, баруун сарвууны хоёр, гуравдугаар хуруу, зүүн шуу, баруун зүүн өгзөгт 2, 3-р зэргийн хөлдөлт гэмтэл тогтоогдлоо.”  гэх шинжээчийн дүгнэлтгийг анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй.

             Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч П.Г-ын эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учирсан нь шүүгдэгч Ө.Э-ы үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Ө.Э-ы гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан заалтын агуулгаас үзэхэд, тухайн зүйл хэсгүүдэд заасан шаардлагыг бүрэн хангасан шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрхийг шүүхэд олгосон.

Дээрх хуулийн заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй, заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм. 

Тодруулбал, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх, биечлэн эдлүүлэх дэглэм зэргийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Ө.Э- нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ба гэмт хэрэгт холбогдсон байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн, тэрээр өмнөх үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгааг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

Харин хохирогч П.Г-аас “...Ө.Э- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөрийг барагдуулаагүй байхад түүнд 1 жил 3 сар 10 хоногийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь ял хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

          Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/398 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул ял шийтгэл хөнгөдсөн талаар гаргасан хохирогчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж заасны дагуу Ө.Э-д оногдуулсан ялыг хүндрүүлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдоогүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Ө.Э-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, хохирогч П.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ө.Э-ы 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 62 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Э-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, хохирогч П.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-ы 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ

 

                              ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА

 

                         ШҮҮГЧ                                Т.ШИНЭБАЯР