| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/07703/И |
| Дугаар | 192/ШШ2026/02261 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2026/02261
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:******* тоот хаягт байрлах “А” ХХК /рд: *********/,
Хариуцагч:*********** өөрийн байранд байрлах М У-/рд: ***********/,
Нэхэмжлэлийн шаардлага: Эзэмших эрх бүхий газраа ашиглахад саад учруулахгүй, нэвтрэх гарц гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А ХХК нь М У-д холбогдуулан эзэмших эрх бүхий газраа ашиглахад саад учруулахгүй, нэвтрэх гарц гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Манай компани нь 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Н.Ө-тай худалдах худалдан авах гэрээг байгуулж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Төмөр замын баруун -1, 3 тоот хаягт байрлах, нэгж талбарын ************дугаар бүхий, 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Э-************дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан болно.Дээрх газрыг худалдан авахдаа цахим газрын мэдээллийн санд /www.egazar.gov.mn/ орсон эсэх, зөрчилтэй эсэх, газрын төлбөрөө бүрэн төлсөн эсэх зэргээр шалгаж, тухайн газар дээр нь очиж үзсэний үндсэн дээр төлбөр тооцоог бүрэн дуусгаж худалдан авч, газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт гаргаж, татвараа төлж шилжүүлэн авсан.Тухайн газар нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Амгалан вагон өртөөний баруун хойд талд байршдаг бөгөөд өртөөний авто машин нэвтрэх хэсгээр орох, гарах боломжтой юм.Өөрийн эзэмшил газраа ашиглах гээд орох гэхэд Амгалан вагон өртөөний холбогдох ажиллагсад нэвтрүүлэхгүй төв байгууллагад ханд гэсэн тул У-ХНН-ийн дарга Х.Хэрлэнд 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хандаж, Төмөр замын хамгаалалтын бүсэд манай эзэмшил газрын кадастрын зураг орсон эсэх талаарх лавлагааг гаргаж өгөхийг хүссэн. У-ХНН-ийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10/3491 тоот албан бичгээр “...1949 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрүүдэд ...төмөр замын бүх шугамын дагуу 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ, ...Албан тоотод дурдсан, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах ************нэгж талбар газар нь дээрх хэлэлцээрүүдэд заасан төмөр замын зурвас газартай давхцаж байна” гэсэн хариуг өгсөн.Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хандаж дээрх нэгж талбарын ************дугаар бүхий, эрхийн улсын бүртгэлийн Э-************дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг У-ХНН-ийн төмөр замын хамгаалалтын бүсэд эзэмшил газрын кадастрын зураг орсон эсэх талаарх лавлагааг гаргаж өгөхийг хүссэн.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 3/2418 тоот албан бичгээр “...төмөр замын хамгаалалтын зурвастай давхцалгүй байна” гэсэн хариуг өгсөн. У-ХНН нь А ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Төмөр замын баруун-1, 3 тоот хаягт байрлах эзэмших эрх бүхий газартаа нэвтрэх эрхийг хааж, зориулалтын дагуу ашиглах эрхийг хууль бусаар хязгаарлан Иргэний хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна.Иймд А ХХК-ийн газар эзэмших эрхийн ************дугаар гэрчилгээтэй газрыг зориулалтын дагуу ашиглах гэхэд Амгалан өртөөний нийтийн эзэмшлийн замаар дамжин өнгөрүүлэхгүй, улмаар үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж байгаа тул эзэмших эрх бүхий газраа ашиглахад саад учруулахгүй, нэвтрэх гарц гаргаж өгөхийг У-ХНН-т даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч хариу тайлбартаа: А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа. Тухайн үед нэхэмжлэгч нь өөрийн эзэмших эрх бүхий газрынхаа орц, гарцыг Амгалан өртөөний нийтийн эзэмшлийн авто зам талаас хийнэ гэсэн шаардлага тавьсан тул эс зөвшөөрсөн. Ямар үндэслэлээр гэхээр нэгдүгээрт У-нийгэмлэг нь өөрөө Монгол болон Оросын Холбооны улсын хэлэлцээрийн үр дүнд байгуулагдсан, 2 талын оруулсан хөрөнгө оруулалт маань энэ газартай холбоотойгоор тодорхойлогддог. Тийм учраас би нотлох баримтаар хэлэлцээрийг гаргаж өгсөн байгаа. Төмөр замын объект, түүний бүс гэдэг нь өөрөө онцгой объект байдаг. Нийтэд үйлчилдэг, үйлчилгээний зориулалт бүхий газар боловч бид тухайн газрын байршилтай ойрхон байрлаж байгаа Амгалан өртөөний хашаалсан хэсэг буюу авто зогсоолоор дамжин өнгөрөх гэж байгаа. Энэ нь өртөөгөөр үйлчлүүлж байгаа иргэд болон зорчигчдыг хүлээн авах, угтах зориулалт бүхий зогсоол бөгөөд Төмөр замын тээврийн тухай хуульд зааснаар үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газар юм. Хэдийгээр төмөр замын зориулалтын зурвас газарт багтаагүй, давхцаагүй талаар явцын дунд мэдээллийг авсан. Гэхдээ Төмөр замын тээврийн тухай хуульд зурвас газраас гадна төмөр замын онцгой дэглэмтэй холбоотой аюултай, аюулгүй бүс гэж байдаг. Тэгэхээр энэ аюултай болон аюулгүй бүсийн дэглэм, нөгөөтээгүүр төмөр замын зурвас газрын стандарт гэсэн эдгээр нөхцөлүүдэд хамааруулан үзэхэд орц, гарцыг Амгалан өртөөний авто зогсоолоор хийх нь байж болохгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-3/, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх 5-7/, /итгэмжлэл /хх 8/, Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг /хх 9-12/, А ХХК-ийн Б/16 тоот Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт гаргасан хүсэлт /хх 13/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 3/2418 тоот албан бичиг, хавсралт /хх 14-15/, А ХХК-ийн Б/17 тоот У-ХНН-ийн дарга Х.Хэрлэн танаа хүсэлт /хх 16/, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын 10/3491 албан бичиг /хх 17/, Барилгын угсралтын гэрээ /хх 18-19/, Амины орон сууцны хотхон ажлын зураг /хх 20-37/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 56-57/
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.Үүнд:Итгэмжлэл /хх 40, 190/, Хариу тайлбар гаргах нь /хх 49-50/, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 07-14/245 тоот албан бичиг /хх 64-65/, А ХХК-ийн 01/003 тоот Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд гаргасан хүсэлт /хх 66/, Амгалан өртөөний давхарын байрны урд талд байрлаж буй дохиолол холбооны кабелийн трасс /хх 67/, Улаанбаатар Төмөр замын дохиолол холбооны 2-р ангийн физик кабель болон шилэн кабелийн сүлжээний хамгаалалтын зурвас /хх 68-69/, План зураг /хх 70/, Газрын зураг /хх 71-72/, Зураг /хх 73-79/, Итгэмжлэлээс хэсэгчлэн татгалзах тухай /хх 104/, Улаанбаатараас Замын үүдийн орчим байгаа Монгол-Хятадын хил хүртэл төмөр замын шугамыг байгуулах ба ашиглах тухай Бүгд Найрамдах Монгол Ард улсын засгийн газар ба Зөвлөлийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсын засгийн газрын хоорондын хэлэлцээр /хх 191-193/, Монгол улсын стандарт Төмөр замын зурвас газарт тавих шаардлага /хх 194-205/, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар тогтоолын хавсралт Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм /хх 206-209/, Улаанбаатар Төмөр замын дохиолол холбооны 2-р ангийн физик кабель болон шилэн кабелийн сүлжээний хамгаалалтын зурвасын зураг /хх 210/,
5. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн.Үүнд: Шүүхийн санаачлагаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 07-14/330 тоот албан бичиг, хавсралт /хх 88-89/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2/716 тоот албан бичиг, хавсралт /хх 90-92/,
Хариуцагчийн хүсэлтээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /хх 167-174/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өөрийн эзэмшил газарт орох гэхэд Амгалан өртөөний ажилчид нэвтрүүлэхгүй манай байгууллагын газраа ашиглах эрхийг хааж, холбогдох хуулийг зөрчиж байх тул эзэмших эрх бүхий газраа ашиглахад саад учруулахгүй байх, нэвтрэх гарц гаргаж өгөхийг М У-д даалгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан. Үүнд: Амгалан өртөөний хашаа нь тухайн өртөөгөөр үйлчлүүлж байгаа иргэдийг угтан авах, үдэн гаргагчийн тээврийн хэрэгслийн зогсоол ба уг газарт хойд талаасаа төв замтай холбогдох 3 гарцтай байхад өртөөний авто машин нэвтрэх хэсгээр орох, гарах боломжтой гэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын-1 гудамж, 3 тоотод байрлах, ************дугаар бүхий нэгж талбарын 3496 м.кв газрыг 4 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-************дугаарт бүртгэж А ХХК-д ************тоот газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн ерөнхий газраас А ХХК-д 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн албан бичигт “... Тус газар нь М У-аас 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн төмөр замын хамгаалалтын зурвасын тоон мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн болно. Газрын кадастрын мэдээллийн сангийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн мэдээллээс нэгж талбарын ************дугаараар хайлт хийж дээр дурдсан мэдээлэлтэй давхцуулан үзэхэд уг нэгж талбар нь тус газарт хадгалагдаж байгаа төмөр замын хамгаалалтын зурвастай давхцалгүй” гэжээ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/46 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Амгалан өртөөний хашаа 79.3 м урттай, модон хашаа 80.5 м урттай, тоосгон хашаа 209.1 м, 46.3 м урттай, төмөр зам 101 м, 270 м урттай, байшин 9.3 м,кв талбайтай, цеметен талбай 18 м.кв талбайтай байна. Энэхүү хэмжилтийг А ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, нэгж талбарын ************дугаартай, 3496 м.кв талбайтай газартай давхцуулахад тухайн газар нь зүүн урд, урд болон баруун хэсгээрээ төмөр замаар, хойд талаараа модон болон тоосгон хашаагаар, зүүн талаараа Амгалан өртөөний барилга болон бусад барилгаар тус тус хүрээлэгдэн тухайн хэсгүүдээр орж, гарах боломжгүй байна. Харин Амгалан өртөө рүү орох зориулалттай хойд талын хэсгээр тухайн нэгж талбар бүхий газар руу орж, гарах боломжтой байна. Улаанбаатар төмөр замын хамгаалалтын зурвас газарт Амгалан өртөө хамаарагдаж байгаа бөгөөд тухайн зурвас газрыг нэгж талбарын ************дугаартай, 3496 м.кв талбайтай газартай давхцуулахад хоорондоо давхцалгүй байна” гэжээ.
4.2. Зохигчид нь хөрш залгаа өөрсдийн эзэмшил газрын хэмжээ болон давхцалын талаар маргаагүй, зөвхөн А ХХК нь өөрийнхөө эзэмшил газарт нэвтрэхэд М У-ын Амгалан өртөөний авто зогсоол руу орох зориулалттай газрын хэсгээр нэвтрэх эсэхэд маргаж байна.
4.3. Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-т Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй гэжээ.
Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй.”, 48.3-т “Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах бусдын эрх хадгалагдана” гэжээ.
Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 07-14/330 тоот албан бичгээр ***** дүүргийн ******** дугаар хорооны ********** байршилтай, нэгж талбарын ************дугаартай А ХХК-ийн эзэмшиж буй газрын орц, гарцын тойм зургийг ирүүлсэн байна.
А ХХК нь өөрийн эзэмшлийн газар руу М У-ын Амгалан өртөө рүү орох зориулалттай хойд талын хэсгээр орж, гарахаас өөр боломжгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хойд талаасаа төв замтай холбогдох 3 гарцтай гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй.
Дээрх хуульд заасан үндэслэлээр А ХХК-ийг өөрийн эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор М У-ын эзэмшил газраар нь дамжин өнгөрөх эрхтэй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хариуцагчийг дээрх үйлдэлд саад учруулахгүй байх, улмаар А ХХК-д өөрийн эзэмшил газартаа нэвтрэх гарц гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийг ***** дүүргийн ******** дугаар хорооны ********** тоотод байрлах газраа ашиглахад саад учруулахгүй, нэвтрэх гарц гаргаж өгөхийг М У-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН