2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/01912

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,   оршин суух, Ч овогт Н Э/РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг  өөрийн байранд байрлах, З т н ОНӨААТҮГ /РД:/-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалыг төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Н.Энь хариуцагч З т н ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалыг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 З т н ОНӨААТҮГ-н 2023 оны 01 дугаар сарын 30-ны өдөр б/96 тушаалаар ажилд Автобусны жолоочоор ажилд орсон ба ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй сайн ажилласан З т н ОНӨААТҮГ-н захиргаанаас 2025 оны 4 сарын 8-ны өдөр б/114 тоот тушаалаар хууль бусаар ажлаас халсан тул З т н ОНӨААТҮГ-н б/114 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоолгож өгнө үү. Мөн дундаж цалин 3,997,601 төгрөг болж тогтоогдож байгаа тул шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд нэг сарын цалин 3,997,601 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж нийгмийн даатгалыг төлүүлж өгнө үү. гэжээ.

 

2.Хариуцагч З т н ОНӨААТҮГ хариу тайлбартаа: Н.Энь 2023.01.30-ны өдрийн Б/96 дугаартай тушаалаар ажилд томилогдсон. Нэхэмжлэгч нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа ажлын хариуцлага алдаж 2024.09.05-ны өдөр өөрийн хариуцсан тээврийн хэрэгслээ шугам замд эзгүй орхисон, 2025.09.06-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргаж байгууллагын Сахилгын арга хэмжээ тооцох хурлаар сахилгын шийтгэл ногдуулж байсан.

Мөн нэхэмжлэгч Н.Энь 2025.03.08-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ээлжийн амралттай байсан У.Мыг дуудаж зөвшөөрөлгүй шугам замд гаргасан зөрчил гаргасан камерын бичлэгээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дах хэсэгт зааснаар сахилгын зөрчилтэй тооцогдох хугацаанд дахин сахилгын зөрчил гаргасан тул байгууллагын Сахилгын арга хэмжээ тооцох хурлаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Н.Энь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн
тушаалаа гардаж авсан байдаг. Манай байгууллагын Хөдөлмөр эрхлэлтийн маргаан таслах комисс 2024 оны 08 сарын 28-ны өдрөөс байгуулагдан ажиллаж байгаа ба Н.Этус комисст хандаагүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл, Нэхэмжлэл, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын албан бичиг, Хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын талаарх лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас Итгэмжлэл, Хариу тайлбар, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Дүрэм, З т н ОНӨААТҮХ-ны сахилгын арга хэмжээний хурлаас хариуцлага тооцсон тухай хурлын шийдвэр, Н.Эын тодорхойлолт, Цагийн бүртгэл, Тушаалын төсөлд сөнөл авах хуудас, Н.Эыг ажлаас чөлөөлөх тухай, Хяналтын операторын зөрчлийн мэдээ, Хэсгийн даргын тодорхойлолт, З т н ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, Н.Эыг ажлаас чөлөөлсөн тушаал, Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирлын тушаал, Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Ажлаас чөлөөлөгдсөн тухай мэдэгдсэн бүртгэл, У.Мын тодорхойлолт, З т н ОНӨААТҮГ-ын Сахилгын арга хэмжээ тооцох хурлын тэмдэглэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр У.Мг ажилд авах тухай, У.Мт сахилгын шийтгэл ногдуулах тухай, У.Мтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, 2025 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай захирлын тушаал, 3 дугаар хэсгийн шугамын хуваарь зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Эдараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2023 оны 01 дугаар сарын 30-ны өдөр Автобусны жолоочоор ажилд орсон ба ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй сайн ажилласан, З т н ОНӨААТҮГ-н захиргаанаас 2025 оны 4 сарын 8-ны өдөр Б/114 тоот тушаалаар хууль бусаар ажлаас халсан тул З т н ОНӨААТҮГ-н Б/114 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж нийгмийн даатгалыг төлүүлж өгнө үү. гэжээ.

 

3. Хариуцагч З т н ОНӨААТҮГ нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Н.Энь өөрийн хариуцсан тээврийн хэрэгслээ шугам замд эзгүй орхисон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргаж байгууллагын Сахилгын арга хэмжээ тооцох хурлаар сахилгын шийтгэл ногдуулж байсан. Н.Энь 2025.03.08-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ээлжийн амралттай байсан У.Мыг дуудаж зөвшөөрөлгүй шугам замд гаргасан зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Сахилгын арга хэмжээ тооцох хурлаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа гардаж авсан боловч байгууллагын Хөдөлмөр эрхлэлтийн маргаан таслах комисст хандаагүй, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч Н.Энь З т н ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн 3 дугаар хэсэгт жолоочоор ажиллахаар 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан байх ба талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. /хх93-97/

 

4.2 З т н ОНӨААТҮГ-ын захирлын 2025.04.08-ны өдрийн Б/114 дүгээр Н.Эыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.2.6, 10 дугаар зүйлийн 1.6, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.1.6 дах хэсэгт заасан үндэслэлээр Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн 3 дугаар хэсгийн жолооч Н.Эын хөдөлмөрийн гэрээг 2025.04.08-ны өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримт тогтоогдож байна. /хх-91/

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд  хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй. гэж,

154.2.1. хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор,

 мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлүүлнэ, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгчийн дээрх З т н ОНӨААТҮГ-ын захирлын 2025.04.08-ны өдрийн Б/114 дүгээр тушаалын талаарх гомдлыг шүүх анх 2025.04.16-ны өдөр хүлээн авч, 2025.04.23-ны өдрийн 18590 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд ирж захирамжийг гардаж аваагүй байна. /хх-6/

 

Улмаар захирамжийг нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлсэн хаягт хүргүүлсэн боловч оршин суудаггүй болох нь Монгол шуудан ХК-ийн тодорхойлолтоор тогтоогдсон.

 

Ажил олгогч З т н ОНӨААТҮГ-ын захирлын 2025.04.08-ны өдрийн Б/114 дүгээр тушаалыг нэхэмжлэгч Н.Э2025.04.16-ны өдөр гардан авсан байх ба уг хугацаанаас 30 хоногийн дотор буюу 2025.05.16-ны өдрийн дотор гомдлоо шүүхэд гаргах байжээ. /хх120-121/

 

 Нэхэмжлэгч нь 2025.08.14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6. Түүнчлэн, ажил олгогч тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.2.6, 10 дугаар зүйлийн 1.6, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.1.6 дах хэсэгт заасан тус тус баримталсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Учир нь:

 

Ажил олгогчоос 2025.03.08-ны өдөр 3 дугаар хэсгийн шугамын хөдөлгөөний хуваарийг баталж, улмаар Хотын доторх болон хот орчмын зорчигч тээврийн замын хуудсыг гаргасан байна. Үүнд: М:5 чиглэлийн 158 дугаар граж дугаартай, тээврийн хэрэгсэл нь 7:30-22:04 цаг хүртэл явах графиктай байх бөгөөд тухайн өдөр жолооч Н.Э, н.Б нар хуваариар гарахаар тооцоог ээлжийн инженер Б.Б гаргаж, улмаар нэхэмжлэгч Н.Э танилцаж, гарын үсэг зуржээ. /хх-118, 145/

 

7. 2025.04.03-ны өдрийн З т н ОНӨААТҮГ-ын сахилгын арга хэмжээ тооцох хурлын тэмдэглэлд ...Тус баазын жолооч Н.Э2025.03.08-ны өдөр М:5 чиглэлд явж байхдаа эсмэн ирээгүй гэх шалтгаанаар хариуцсан хэсгийн дарга, ээлжийн инженерт мэдэгдэлгүйгээр ээлжийн амралттай байсан У.Мыг дуудаж өөрийн хариуцсан тээврийн хэрэгслийг шилжүүлсэн...,

Жолооч У.М ...би ээлжийн амралттай байсан, 2025.03.08-ны 12 цагт 1-158-ийн М бие өвдөөд гээд 2 тойроод өгөөч гээд гуйсан. Тэгээд 2-3 тойроод гэртээ харьсан...,

Жолооч Н.Э...2025.03.08-нд эсмэн жолооч ирээгүй, ...ирэхийг нь хүлээж уртаар явсан. Эцсийн буудлын гуанзнаас хоол авч ирээд гэдэс өвдөөд хордлого авсан явж болохооргүй өвдөөд ...жолооч У.Мыг утсаар дуудаад 2-3 рейс явуулсан. Тэгээд эм уугаад орой буултаа хийж оруулсан... гэжээ. /хх150, 151-158,/

 

Н.Эын тодорхойлолтод ...3 дугаар сарын 08-ны өдөр гэдэс өвдөөд явж болохооргүй байсан, жолооч У.Мыг 2-3 рейс явуулсан. ...орой буултаа хийж оруулсан... гэжээ. /хх-149/

 

Гэрч Б.Сн ...Би Автобус 1 дүгээр баазын хэсгийн даргаар ажилладаг. 2025.03 сард Н.Энь ээлжиндээ явж байх хугацаандаа ээлжийн амралттай байсан Мыг гэх жолоочийг дуудаж өөрийн ээлжинд гаргасан. ...Миний тавьсан хуваарийг зөрчөөд байгууллагад мэдэгдэлгүй уртаар явсан. Уг нь ээлжийн жолоочтойгоо яриад, надад хэлээд ээлжийн жолооч ирэхгүй бол би хуваарилалт зохицуулалт хийгээд өөр жолоочоор сэлгээд явуулах боловч өөрөө дур мэдэж уртаар явсан. Нийтийн тээврээс гаргасан графикийн дагуу хуваариараа шугамд явна... гэж мэдүүлсэн. /хх128-129/

 

8. Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.10-т Ажилтныг хуанлийн нэг 7 хоногт 40 цаг буюу байгууллагын ажлын графикийн дагуу өглөөний ээлж 06:20-14:45 минут, өдрийн ээлж 14:45-22:50 минут хүртэл ажиллуулна.

2.2-т Ажлын цагийн хуваарийг нарийн баримтлан ажлын цаг ашиглалт сайтай байж ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах,

2.15-т Өвчтэй бол холбогдох албан тушаалтан удирдлагадаа утсаар урьдчилан мэдэгдэж дараа нь эмнэлгийн хуудас магадалгааг авч ирэхээр заажээ. /хх93-97/

 

9. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл 2025.03.08-ны өдөр нэхэмжлэгч Н.Энь Хотын доторх болон хот орчмын зорчигч тээврийн замын хуудаст заасан 1 дүгээр ээлж буюу 06 цаг 20 минут-14 цаг 45 минут хүртэл хуваарийн дагуу явахдаа ээлжийн амралттай байсан жолооч У.Мыг дуудаж зөвшөөрөлгүй шугам замд гаргасан зөрчил нь хэрэгт авагдсан 2025.03.08-ны өдрийн 3 дугаар хэсгийн шугамын хөдөлгөөний хуваарь, Хотын доторх болон хот орчмын зорчигч тээврийн замын хуудас, 2025.04.03-ны өдрийн З т н ОНӨААТҮГ-ын сахилгын арга хэмжээ тооцох хурлын тэмдэглэл, уг хурлаас хариуцлага тооцсон тухай хурлын шийдвэр, Үзлэгийн тэмдэглэл, жолооч У.Мын тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийн гаргасан тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх130-142, 147, 148, 150, 151-158/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...З т н ОНӨААТҮГ болон У.М нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.8-т Нийтийн тээврийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй, найдвартай хангах үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааны онцлогоос хамаарч амралтын өдрүүдээр болон өдөр шөнийн 24 цагийн хэдийд ч ажил олгогч ажилтныг гэрээс нь дуудан ирүүлж тодорхой үүрэг даалгавар өгч ажиллуулах эрхтэй гэж заасан байгаа. Үүний дагуу Н.Эаас У.Мыг дуудсан, мөн У.М жолоочоор бие засах хоорондоо машин харуулаад кабиндаа суулгаж байсан. Ажлын байрны дарамтаас болж энэ хоёр хувь, хувьдаа өргөдөл бичсэн... гэх тайлбар нь үндэслэлгүй ба хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна дээрх хөдөлмөрийн гэрээний 2.8-д ажил олгогчид эрх олгосон заалт байна. /хх-110/

 

10. Мөн З т н ОНӨААТҮГ захирлын 2024.09.12-ны өдрийн Б/118 дугаар Н.Эад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ...2024.09.05-ны өдөр өөрийн хариуцсан тээврийн хэрэгслээ шугам замд эзэнгүй орхисон, 09 сарын 06-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тул үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг Н.Эад ногдуулжээ. Уг тушаалд ажилтан Н.Э гомдол гаргаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-92/

 

11. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Тухайлбал: сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдхүй байна.

 

Хөдөлмөрийн дотоод журмын 10.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно, 10.1.6-д Удирдах албан тушаалтны үүрэг даалгавар, тушаалыг биелүүлээгүй, даган мөрдөхөөр тогтоосон журам, стандарт баримтлаагүй ...буюу зөрчсөн үйлдэл эс үйлдэл гаргасан.., 7.6.2.6-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /2 ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол 7.6.2-т зааснаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулжээ. /хх48-86/

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1.7-д Удирдах албан тушаалтны үүрэг даалгавар, тушаалыг биелүүлээгүй, даган мөрдөхөөр тогтоосон журам, стандарт баримтлаагүй ...буюу зөрчсөн үйлдэл эс үйлдэл гаргасан..., 5.1.6-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /2 ба түүнээс дээш/ гаргасан... тохиолдолд зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлд хамуулахаар тохиролцсон байна. /хх93-97/

 

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан ба ажилтан Н.Энь мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дах хэсэгт зааснаар сахилгын зөрчилтэй тооцогдох хугацаанд дахин сахилгын зөрчил гаргасан байх тул ажил олгогчоос түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон З т н ОНӨААТҮГ-ын захирлын 2025.04.08-ны өдрийн Б/114 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

13. Иймд хариуцагч З т н ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч З т н ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ