Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 1223

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Номин,

          улсын яллагч Г.Эрдэнэ /томилолтоор/,

          шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Т.Б яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0028 20708 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Т.Б

            Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

            Т.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн зүүн талын авто зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Ариунчимэгийн Тоёота маркын Приус-10 загварын 91-62 УНБ улсын дугаартай автомашинаас түрийвч 2 ширхэг, “Эл Жи” загварын Ка-10, К-200 загварын гар утас 2 ширхэг, бэлэн 30.000 төгрөг, 40 ам.доллар, 10.000 вон, “Худалдаа хөгжлийн банк”-ны карт 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, “Хаан банк”-ны карт зэрэг зүйлс хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 711.020 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                      

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: Би харин хохирлын мөнгөө олох гээд ажил аваад явчихсан юм. Би гэхдээ одоогоор хохирлоо төлж чадаагүй байгаа. Одоо болтол миний ажлын хөлсийг төлөөгүй байна. Би ажлынхаа хүний машинтай явж байгаад цагдаад баригдсан гэв.

           Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн шалгах  ажиллагаанд  хохирогч Б.Ариунчимэгийн: ...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” худалдааны төвийн зүүн талын зогсоол дээр нөхөр Эрдэнэбилэгийн хамт 91-62 УНБ улсын дугаартай “Приус-10” маркийн машины урд тосол хийж байх үед машины жолоочийн эсрэг талын суудал тавьсан байсан. Миний улаан өнгийн лакан цүнх алга болсон байсан. Тэгээд цагдаад хандан дуудлага өгч өргөдөл гаргасан. Гар цүнх 2017 оны 4 сард 90.000 төгрөгөөр авч байсан. “Эл Жи К-200” загварын гар утсыг 2017 оны 6 сард 200.000 төгрөгөөр авч байсан. “Эл Жи К-10” загварын гар утсыг 2017 оны 07 сард 180.000 төгрөгөөр авч байсан. 40 америк доллар буюу 97.000 төгрөг, 10.000 вон буюу 23.000 төгрөг, бэлэн 30.000 төгрөг, бичиг баримт захиалах мөнгө хэдэн төгрөг болохыг сайн мэдэхгүй байна. Одоогийн байдлаар нийт хохирол 620.000 төгрөг болсон байна...

            Би өмнө нь шалгаж байсан байцаагч нартай уулзаж байгаагүй. Манай нөхөр холбогдож уулзаж байсан. Тэгж байгаад бичиг баримт нь олдохгүй байна гэж хэлж байсан тул бичиг баримтаа дахин захиалаад авсан. Тэгтэл нөхрийн болон миний бичиг баримтууд бүгд олдсон тул түүнийгээ өчигдөр хүлээж авсан байгаа. Одоо олдоогүй байгаа зүйл нь Эл Жи загварын гар утас 2 ширхэг, мөнгө нийт 30.000 төгрөг, 40 доллар, 10.000 вон зэрэг эд зүйл нь олдоогүй байна. Нэг утас зарагдсан гэсэн, нөгөө утсыг нь ломбарданд тавьсан гэсэн. Утсаа олоод авчихмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 34-35 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Энхбаатарын: 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Нарантуул” захын хуучин цахилгаан барааны урд тэрэг дээрээс бараагаа зараад байж байсан чинь Баярцогт гэж зүс таних залуу зүүн талаас улаан цүнх барьж ирж миний хажууд зогсоод улаан цүнхийг ухаж дотроос нь юмнуудыг нь аваад хажуу талын лангуун дээр тавиад эргээд ярина шүү гэж хэлээд яваад өгөхөөр нь би тэр цүнхийг авч өөрийн бараа хийдэг цүнхэн дотроо хийгээд байж байсан чинь удалгүй цагдаа ирээд миний цүнхийг онгойлгуулж үзээд уг цүнхийг хурааж аваад намайг цагдаагийн хэсэг дээр авч ирсэн. Утасны дугаарыг нь мэдэхгүй, дандаа миний утсыг гуйж хүн рүү ярьдаг, цагдаа дээр орж ирсэн байхад 80141073 гэсэн утасны дугаараас над руу залгаад хаана байна гэхээр нь би цагдаа дээр байна, хүрээд ир, камерын бичлэгт орсон байна гэхэд надад ямар ч хамаа байхгүй гээд утсаа салгасан...гэх мэдүүлэг /хх-н 37-38 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Анхмаагийн: ... Туяабаатар овогтой Баярцогт нь  79032271 регистрийн дугаартай иргэн “Эл- Жи” маркийн гар утас 70.000 төгрөгөөр тавьсан байна. Би олон хүнд үйлчилдэг болохоор санахгүй байна. Одоо тэр хүн ямар хүн байсан талаар санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-н 43-44 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Т.Бын: ...Тэр цүнхийг авчихаад явж байгаад захын урд хаалган дээр Болор-Эрдэнэтэй таарсан. Би тэгэхдээ Болор-Эрдэнэд тэр цүнхний талаар огт тайлбарлаж хулгайн зүйл гэдгийг хэлээгүй. Би хохирлынхоо мөнгийг олчих санаатай Сүхбаатар аймаг руу явсан юм. Ингээд тэнд зуд болоод шүлхий гараад зам хаагдаад ингээд ирэлгүй яваад байсан юм аа...

            ...Би ажил хийж байж олж өгнө. Яг надад одоо бол гэр орон байхгүй, тусалж дэмжих ах, дүү ч байхгүй байна. Миний өмчлөлд байдаг хөрөнгө ч байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-42, 56-59 дүгээр тал/,

            - Шүүгдэгч Т.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51, 52 дугаар тал/,

            - Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 46-48 дугаар тал/,

- Шүүгдэгч Т.Быг эрэн сурвалжилсан талаарх баримт /хх-ийн 101-102, 104 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн зүүн талын авто зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Ариунчимэгийн Тоёота маркын Приус-10 загварын 91-62 УНБ улсын дугаартай автомашинаас түрийвч 2 ширхэг, “Эл Жи” загварын Ка-10, К-200 загварын гар утас 2 ширхэг, бэлэн 30.000 төгрөг, 40 ам.доллар, 10.000 вон, “Худалдаа хөгжлийн банк”-ны карт 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, “Хаан банк”-ны карт зэрэг зүйлс хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 681.020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт    заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Т.Бод холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх  үндэстэй байна.

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн зүүн талын авто зогсоол дээр байрлуулсан иргэн Б.Ариунчимэгийн Тоёота маркын Приус-10 загварын 91-62 УНБ улсын дугаартай автомашинаас түрийвч 2 ширхэг, “Эл Жи” загварын Ка-10, К-200 загварын гар утас 2 ширхэг, бэлэн 30.000 төгрөг, 40 ам.доллар, 10.000 вон, “Худалдаа хөгжлийн банк”-ны карт 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, “Хаан банк”-ны карт зэрэг зүйлс хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 681.020 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрөө хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч Т.Б нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх хүсэлт гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг завсарлуулж, шүүхэд хүрэлцэн ирээгүй оргон зайлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа хийхээр 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №1308 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг түдгэлзүүлсэн байх ба Т.Б нь эрэн сурвалжлагдаж 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр баригдаж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.

           Шүүгдэгч Т.Б нь хохирогчийн 1 ширхэг гар утас, гар цүнх зэргийг буцаан олгосон ба бусад хохирлыг төлөөгүй байх тул түүнээс 411.020 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ариунчимэгт олгох нь зүйтэй байна. /хх-н 26, 28 дугаар тал/

            Шүүгдэгч Т.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Боржигон овогт Т.Б бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Бод оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Бын цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Боос 411.020 /дөрвөн зуун арван нэгэн мянга хорин/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ариунчимэгт /РД:ШЕ75110560/ олгосугай.

           7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шүүхийн шийтгэх тогтоолыг  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛТАНЦЭЦЭГ