Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/1371

 

2025            12            03                                                                           2025/ДШМ/1371

 

А.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Цээрүүгүндүү,

шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2314 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Б-д холбогдох эрүүгийн 2508001930384 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн А-ийн Б-, ............, /РД: А-/,

Шүүгдэгч А.Б- нь 2024 оны 12 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, А- 29 дүгээр гудамжны 508 тоотод хохирогч П.О-

тай галын ширэм авч хаясан гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэгийн шарх, агуулагдахууны гадагшлалт, бүрэн хараагүйдэл, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-гийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч П.О- нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдаж, шүүгдэгч А.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж алдаагаа ухаарч байна. Өөрийн хийсэн хэргийнхээ гэм буруу дээрээ маргахгүй. Би өрх толгойлсон эмэгтэй ба өсвөр насны хоёр хүүтэй. Одоогоор миний хүүхдүүдийг нагац эгч түр харж байгаа. Нагац эгч маань саяхан ходоодны хорт хавдарын хагалгаанд орсон. Миний хоёр хүүхдийг надаас өөр харж хандах хүн байхгүй, цаашид хүүхдүүдийнхээ төлөө маш их санаа зовж байна. Ийм муу муухай зүйлээс хол байж архи, дарс хэрэглэхгүй сайн ээж байхын төлөө ажиллаж, хөдөлмөрлөнө.

Гаргасан алдаа, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж харамсаж байна. Иймд ялыг минь торгууль эсхүл ял шийтгэлийг минь багасгаж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Б-гийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 300,000 төгрөг төлсөн байдаг. Хохирогчийн зүгээс хохирлын баримт гаргаж өгөөгүй ба тодорхой гомдол санал гаргаагүй болно. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж тодорхойлжээ. Шүүгдэгч нь хохирогчтой хамт архидан согтуурсан үедээ “галын ширэм авсан” гэх шалтгаанаар гэнэтийн байдлаар нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогддог.

Дээрх үйл баримтаас үзэхэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал хамаарч байна.

Хэдийгээр хохирогчид учирсан хор уршиг, түүний шинж чанар бүрэн арилах, сэргээгдэх боломжгүй ч цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж харамсаж байгаа болно.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн доод санкц буюу 2 жилээр хорих ялаар тогтоож хөнгөрүүлж өгнө. ...” гэв.

Прокурор Ж.Цээрүүгүндүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Б-гийн хувийн байдлын тухайд тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул түүнд торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хохирогчид учруулсан хохирол, хор уршиг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн хууль ёсны шийдвэр гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн зүгээс гомдолдоо 2 хүүхдийн хамт амьдардаг байсан гэж дурдаж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүүхдүүдтэйгээ амьдардаггүй, хамтран амьдрагчтайгаа амьдардаг байсан болох нь тогтоогддог. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч А.Б- нь 2024 оны 12 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, А- 29 дүгээр гудамжны 508 тоотод хохирогч П.О-тай галын ширэм авч хаясан гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 5-6/,

хохирогч П.О-ын “...Тухайн үед Б- намайг гэрийн зуухны жижиг ширэм аваад явчихлаа гээд над руу дайрч хэл амаар доромжлох үеэр би аваагүй, айлын ширэм авахдаа тулаагүй байгаа шүү гээд гэрийн баганын хажууд сууж тамхи татаад доошоо тонгойж байхад Б- нь орны урд байсан хуванцар цэнхэр өнгийн сандлыг аваад миний зүүн нүд руу нэг удаа цохисон. Тухайн үед миний нүд аймар өвдөж би орилж хашгирах үеэр хажууд байсан Б- сэрээд юу болоод байгаа юм бэ гэхээр нь Б- миний нүдийг сандлаар цохисон гэдгийг хэлж цусаа тэнд байсан цэнхэр алчуураар тогтоож дараад гэртээ харьсан. Гэртээ хариад өглөө болоход миний зүүн нүд хавдаж юм харахгүй болохоор нь түргэн тусламж дуудаж үзүүлэхэд таны зүүн нүдний цөцгий хагарсан байна та яаралтай гуравдугаар эмнэлэгт очиж үзүүл гэсэн тул тус эмнэлэгт үзүүлэхэд яаралтайгаар хагалгаанд орсон. ...” /хх 10-12, 15, 43-45/,

гэрч Б.Э-ын “...Тухайн үед Г- бид хоёр унтаж байсан чинь О- аймар чанга дуугаар орилж хашгирсан тул сэрээд харахад Б- нь цэнхэр өнгийн сандал барьчихсан О-ын зүүн нүднээс их хэмжээний цус гарч байсан тул юу болсон талаар асуухад Б- намайг галын ширэм авч явлаа гэх шалтгаанаар маргаж байгаад сандлаар нүдийг нь цохиж гэмтээсэн гэж хэлсэн тул О-ын нүднээс гарч байгаа цусыг өөрийнх нь хувцас болон алчуураар тогтоосны дараагаар О- гайгүй байх одоо ингээд тогтчих байх гээд гэр лүүгээ яваад өгсөн. Тэрний дараа маргааш өглөө нь О-ын гэрт ороход нүд болохгүй байна гээд эмнэлэг дуудаж үзүүлсэн саяхан О-тай уулзахад зүүн нүдний хагалгаанд орсон гэж ярьсан. ...” /хх 17-18/,

гэрч П.Д-гийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтад байх хүүхдийнхээ гэрт очиж хоносон ба маргааш өглөө нь буюу 2024 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн үед Орбитод байх гэртээ иртэл манай хүү О- гэртээ соггуу нүдээ бариад дотор муухай оргиод байна гэсэн ба гэрт үлдсэн хүүхдүүдээс юу болсон талаар нь асуухад өчигдөр хоол идчихээд гарсан. Тэгээд шөнө ирсэн гэж хэлсэн. Намайг гэртээ ирээд удаагүй байтал Б- гэх эмэгтэй миний дугаар руу залгаад О- ах манай гэрийн ширмийг аваад шидчихсэн гэж хэлсэн ба би О-ыг буруу хараад хэвтчихсэн байхаар нь очоод хартал нүд нь хавдчихсан, цус гарчихсан, нүдний цөцгий нь урсаад байх шиг байхаар нь түргэн тусламж дуудсан. Түргэний эмч ирээд О-ыг үзээд шууд гэмтлийн эмнэлэг рүү явах шаардлагатай гэсэн ба гэмтлийн эмнэлэг рүү явах унаа хүлээж байгаад орой 18 цагийн үед гэмтлийн эмнэлэгт очтол та нар яасан орой ирдэг хүмүүс вэ, манай нүдний эмч байхгүй тул яаралтай 3 дугаар эмнэлэг яв гэж хэлсний дагуу 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шууд 3 дугаар эмнэлэгт хэвтэж хагалгаанд орохоор болсон. ...Тухайн өдрөө надад хэн яаж гэмтэл учруулсан талаар мэдэхгүй, санахгүй байна гэж хэлсэн. Харин өнөөдөр Г-ын гэрт очиж архи уусан. Б- миний нүд рүү цохисон байх гэж бодож байна гэж надад хэлсэн. ...Нүдний хагалгаанд орж зүүн нүдээ авхуулчихсан. Одоо хагас ухаантай байна. Бараг юм ярьж чадахгүй байгаа. ...” /хх 20, 22-23/,

гэрч Э.Г-ын “...Би одоогоор хамтран амьдрагч Б- гэх эмэгтэйн хамт манай гэрт амьдарч байгаа бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй урьд өмнө том автомашины жолооч хийдэг байсан. ...Би тухайн хүмүүсийг таньж мэднэ, Б- нь миний хамтран амьдрагч, гэрлэлтийн баталгаа байхгүй. О- ахыг багаасаа танина, нэг гудамжных, Э-тай сүүлд танилцсан найзууд байгаа юм. Саяхан Э- ахын цалин буусан гээд ээжээсээ 200,000 төгрөг авч манайд архи уусан юм. ...Б- болон Э-, О- бид нар дэлгүүрээс 4 шил 0,75 литрийн хэмжээтэй архийг манайд ууж нэлээн согтож амрахаар болох үеэр би тасраад унтчихсан. Б- бид хоёр орон дээр унтаж байхад Б-, О- хоёр хоорондоо маргаад байх шиг болохоор нь сэрсэн чинь О- ах Б-г өөрийнх нь зүүн нүдийг сандлаар цохисон гээд маргаж байсан тул сэрээд таныг Б- гэрт цохиж барьсан зүйл болоогүй гэхэд хажуунаас Э- босож ирэхэд Б- би О- ахын зүүн нүд рүү сандлаар цохиогүй биз дээ гэхэд Э- цохиогүй гэж хариулж байсан. Удалгүй О- манайхаас явсны дараагаар өглөө нь Э- манайхаас яваад өгсөн. ...Энэ үйл явдал нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, А- 29 дүгээр гудамж 508 тоотод 2024 оны 12 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө архидан согтуурсан. Тухайн үед би хамтран амьдрагч Б-, Э-, О- бид нараас өөр хүн байгаагүй. ...Бид нар тухайн өдөр нийт 0,75 литрийн хэмжээтэй архинаас 4 шилийг уусан, тус архийг 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үеэс 09-нд шилжих шөнө хүртэл уусан. ...Архи ууж байхад тухайн үед Б- нь О-ыг пийшингийн таг болох ширэм хаашаа хаячхав аа гээд маргалдаж байсан. ...” /хх 25-27/,

гэрч Э.Б-ийн “...Г- нь миний төрсөн дүү, Б- манай дүү Г-ын хамтран амьдрагч бөгөөд 2024 оноос манай хашаанд одоог хүртэл амьдарч байгаа. ...Г-, Б- нар нь тус өдрүүдээс өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, А- 29 дүгээр гудамж 508 тоот хашаанд монгол гэрт амьдардаг байсан. ...Би тухайн өдөр гэртээ байгаагүй. Сүүлд цагдаа ирсний дараа манай дүү Г-ын гэрт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, А- 29 дүгээр гудамж 508 тоотод Б- согтуудаа О-ын нүдийг гэмтээсэн талаар мэдсэн. ...” /хх 150-151/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 789 дугаар шинжээчийн “...“1. П.О-ын биед зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэгийн шарх, агуулагдахууны гадагшлалт, бүрэн хараагүйдэл, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 2.21.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыгтогтонги 65% алдагдуулах тул хохирлын хүнд зэрэгт хамаарна. 4. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...” /хх 34-35/ дүгнэлт,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 68-70, 152-154/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Б- нь хохирогч П.О-ын эрүүл мэндэд “зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэгийн шарх, агуулагдахууны гадагшлалт, бүрэн хараагүйдэл, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий гэмтэл урчуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.Б-гаас “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, мөн миний хоёр хүүхдийг надаас өөр харж хандах хүн байхгүй зэргийг харгалзан үзэж ялыг минь торгууль эсхүл багасгаж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшингээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал хамаарч байгаа, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж харамсаж байгаа зэргийг харгалзан үзэж хорих ялыг торгох эсхүл 2 жилээр хорих ялаар тогтоож хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай.

Эрүүгийн эрх зүйд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэж ангилдаг ба шууд санаатай нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг хэлдэг бол шууд бус санаатай нь гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлгодог.

Тодруулбал, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргээс гэм буруугийн хэлбэрээр ялгаатай ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний субъектив санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа зэргийг харгалзан үздэг.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч А.Б- нь хохирогч П.О-ыг нүүрэн тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 789 дүгээр дүгнэлт /хх 34-35/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг ял хүндэдсэн гэж үзэхгүй.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Б-гийн ар гэр, ахуй амьдралд тохируулж ял оногдуулдаггүй болно.

Хэдийгээр шүүгдэгч А.Б- нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цаашид гарах эмчилгээний төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” хэдий ч хохирогч П.О-ын эрүүл мэндэд хүнд хор уршиг учирсаныг дурдах нь зүйтэй.

Харин шүүгдэгч А.Б- нь би өрх толгойлсон эмэгтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг талаар гомдол, тайлбар гаргаж, мөн түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нь энэ талаар гомдол, тайлбартаа шүүхийн хэлэлцүүлгийн явцад дурдсан бөгөөд хавтас хэрэгт А.Б-гийн насанд хүрээгүй хүүхдүүдийн талаар нотлох баримт байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах ажиллагаа хийгдээгүй, шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхдүүдийг, хэн гэдэг, хэний асрамж, хяналтад, хаана оршин суугаа эсэх нь тодорхойгүй байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй” гэж, түүнчлэн хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг Хүүхдийн эрхийн тунхаглалд заасан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг мөрдөгч, прокурор хангах ёстой.

Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар харьяалах дүүргийн Засаг даргаар, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.Б-гийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2314 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “...Шүүгдэгч Б- овгийн А-ийн Б- /РД: А-/-ийн насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар харьяалах дүүргийн Засаг даргаар, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-гийн цагдан хоригдсон 57 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                                                 Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                                 Т.ШИНЭБАЯР