Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/1372

 

2025           12           03                                                                           2025/ДШМ/1372

 

Я.Э-, “Э-” ХХК нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ариунтөр,

шүүгдэгч Я.Э-,

шүүгдэгч “Э-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.М-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Борхүү,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2073 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Я.Э-, “Э-” ХХК нарт холбогдох эрүүгийн 2402008260169 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т- овгийн Я-гийн Э-, ......., ял шийтгэлгүй, /РД: Я-/,

2. “Э-” ХХК, 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үүсгэн байгуулагдсан, улсын бүртгэлийн Я- дугаартай, үнэт металл эрдэнийн чулуугаар эдлэл хийх, худалдааны зуучлалын чиглэлээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Я- тоотод үйл ажиллагаа явуулдаг, /РД:Я-/.

Шүүгдэгч “Э-” ХХК нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Я- тоотод үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байх үедээ 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюулгүй бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 27 дугаарт багтсан кали, төмрийн цианид 0.4 литр, 114 дүгээр багтсан азотыи хүчил /HN03/, 2 литр 395 дугаарт багтсан калийн сульфид /K2S/, 250 гр, 408 дугаарт багтсан хүхрийн хүчил /H2S04/ 0.9 литр, 451 дүгээрт багтсан натрийн метабисульфит /NA2S205/ 0.4 литр, 494 дүгээрт багтсан натрийн гипохлорит /NAOCI/ 0.5 литр, 506 дугаарт багтсан калийн гидроксид /КОН/ 400 грамм, 514 дүгээр багтсан хромын ангидрид 0,1 литр, 515 дугаарт багтсан калийн дихромат /K2CR207/ 118 грамм, 579 дүгээрт багтсан цайрын исэл 0,9 литр, 707 дугаарт багтсан бензол /С6Н6/ 0,4 литр, 1226 дугаарт багтсан шоргоолжны хүчил /НСООН/ 1.8 литр зэрэг бодисуудыг бусдаас хууль бусаар худалдаж авсан, үйл ажиллагаандаа ашигласан, хадгалсан,

шүүгдэгч Я.Э- нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Я- тоотод байрлах хаягтай, “Э-” ХХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа тус хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюулгүй бодисын эигилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 27 дугаарт багтсан калм, 'төмрийн цианид 0.4 литр, 114 дүгээр багтсан азотын хүчил /HN03/, 2 литр 395 дугаарт багтсан калийн сульфид /K2S/, 250 гр, 408 дугаарт багтсан хүхрийн хүчил /H2S04/ 0.9 литр, 451 дүгээрт багтсан натрийн метабисульфит /NA2S205/ 0.4 литр, 494 дугээрт багтсан натрийн гипохлорит /NAOCI/ 0.5 литр, 506 дугаарт багтсан калийн гидроксид /КОН/ 400 грамм, 514 дүгээр багтсан хромын ангидрид 0,1 литр, 515 дугаарт багтсан калийн дихромат /K2CR207/118 грамм, 579 дүгээрт багтсан цайрын исэл 0,9 литр, 707 дугаарт багтсан бензол /С6Н6/ 0,4 литр, 1226 дугаарт багтсан шоргсолжны хүчил /НСООН/ 1.8 литр зэрэг бодисуудыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, бусдаас худалдан авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. 

Нийслэлийн прокурорын газраас: “Э-” ХХК”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Я.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Я.Э-ыг “үргэлжилсэн үйлдлээр химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, худалдан авсан, хадгалсан”, шүүгдэгч “Э-” ХХК-ийг “үргэлжилсэн үйлдлээр химийн хорт аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, худалдан авсан, хадгалсан” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Я.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч “Э-” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оёдлын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Э-, “Э-” ХХК нарт оногдуулсан торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Э-” ХХК-д оногдуулсан оёдлын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Я.Э-, “Э-” ХХК нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Э-” ХХК нь 2001 оноос хойш Үнэт металл болон үнэт чулуугаар үйлдвэрлэх болон худалдаалах мөн бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлж байна. Манай байгууллага 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн “Химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл” авч үйл ажиллагаагаа явуулаагүйн улмаас 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хурлаар Я.Э- болон “Э-” ХХК-д тогтоосон торгуулийн арга хэмжээ болон үйл ажиллагаа хязгаарласан тогтоолууд нь Я.Э- болон “Э-” ХХК-ийн үйл ажиллагаанд хүндээр тусч байгаа болно.

Ажилчдын цалин хөлс болон бараа материалын үнийн огцом өсөлттэй холбоотой үйл ажиллагаанаас олж буй ашиг орлого бага байгаагаас үүдэн манай байгууллага татварын байгууллага болон нийгмийн даатгалын санд төлбөл зохих их хэмжээний өртэй байгаа. Иймд энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгуулийн ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч “Э-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 онд хууль батлагдаж, 2020 оноос компаниуд бодисын зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн зүйл гарсан. Үүнээс өмнө хуульд тийм заалт байгаагүй учраас бүх компани бодис авч хэрэглэж байсан. Манай компани бодисын зөвшөөрөл авах гээд хөөцөлдөж байхад шалгалт орсон. Ял шийтгэлийн тухайд энэрэнгүй хандаж өгнө үү. Я.Э-аас олон хүн цалинжиж аж амьдралаа залгуулдаг учраас компанийн үйл ажиллагаа зогсвол бид нар ажилгүй болно. Хоёрдугаарт, манай үйлдвэрт 15-20 жилийн хугацаанд даргыг дагалдаж сурсан чадварлаг ажилчид байгаа бөгөөд компанийн үйл ажиллагаа зогсвол эдгээр хүмүүсээ өөр компанид зүгээр өгч байна гэсэн үг юм. 1 жилийн дараа хүмүүсээ буцаагаад авах боломжгүй. Тиймээс хүмүүсээ алдах боломжийг бидэнд битгий олгооч гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Я.Э-, “Э-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.М- нарын өмгөөлөгч Б.Борхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах шатны шүүхийн шатнаас Я.Э-, “Э-” ХХК нарын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгаар гаргасан гомдолтой танилцсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруутай эсэх асуудалд дүгнэлт хийсэн хэсэгт маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я.Э- болон “Э-” ХХК-ийн зүгээс гэм буруу дээрээ маргаагүй. Өмгөөлөгчийн зүгээс химийн тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан асуудлыг зөвтгөх ямар нэгэн боломжгүй, үүнийг зөвтгөж байгаа зүйл биш, харин ял шийтгэл оногдуулахтай холбоотой асуудлын тухайд “Э-” ХХК болон Я.Э-ын хувийн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөг харгалзан үзэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн химийн бодисыг ашигласны улмаас нийгэмд болон гуравдагч этгээдэд хор, хохирол учруулсан хэр хэмжээг ял шийтгэлийн асуудалд харгалзан үзэх ёстой. Хоёрдугаарт, хувийн байдлыг харгалзан үзэх ёстой. Гэмт хэргийн зүйлчлэлийн тухайд Я.Э-ын хувьд хөнгөн гэмт хэрэг гэдэг утгаараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн асуудал байхгүй учраас тэнсэн харгалзах ялаар шийтгэх боломжтой. Хуулийн этгээдийн тухайд химийн зөвшөөрөл авах гээд хөөцөлдөж байгаа, агуулах савны асуудал, санхүү, цаг хугацаа гээд энэ нь тухайн компанид тулгарч байгаа бодит нөхцөл байдал боловч зөвтгөх үндэслэл болохгүй. Гэхдээ бодит нөхцөл байдлыг харгалзан хуулийн этгээдэд оногдуулсан торгох ялын хэмжээг 20,000,000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдлын хүрээнд тайлбар гаргаж байна. Тухайн компани нь 17 ажилтантай, эдгээр ажилчдын цаана гэр бүл байгаа. Хэдийгээр 20 жил үйл ажиллагаа явуул байгаа боловч улсад тодорхой хэмжээний татвар төлсөн. Одоо жилийн эцсийн байдлаар тодорхой хэмжээний өр төлбөртэй бөгөөд үүнийгээ төлөх асуудал байгаа. Компанийн санхүүгийн тайлангаас харахад эрхэлж байгаа үйл ажиллагааных нь онцлогтой холбоотойгоор татварын өр гарсан. Өөрөөр хэлбэл, хүнд металлаар бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулалтын орлого шууд компани руу ордог. Харин зарлага буюу бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай бараа, материалыг худалдаж авсан зарлага нь тусгагддаггүй буюу аж ахуйн нэгж болон хувь хүнээс металл худалдан авч үйл ажиллагаа явуулдаг. Зарлага байхгүй учраас орлогоороо тайлагнаж татвар төлдөг онцлогтой салбар байгаа. Тиймээс үйл ажиллагааны орлого, зарлагын тэнцэл нь бодит нөхцөл байдалд ийм учраас Я.Э-ын тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй хүлээн зөвшөөрч, энэ төрлийн үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулах арга хэмжээнүүдийг авч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тэнсэж, тэнсэх боломжгүй гэвэл торгох ялын доод хэмжээгээр мөн “Э-” ХХК-д торгох ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэгт хуулийн этгээдийг татан оролцуулахаар зохицуулсан. Үүнийг үгүйсгэж байгаа зүйл биш, хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ. Гэхдээ бодит нөхцөл байдалд эцсийн өмчлөгч Я.Э-т 2 ял шийтгэлийн асуудал тулгарч байгаа зэргийг харгалзан үзнэ үү гэсэн агуулгаар гомдол гаргасан. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд зөрүүтэй бичигдсэн асуудлын тухайд анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “оёдлын үйл ажиллагаа явуулах эрхийг хассан” харин шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “үнэт металл эрдэнийн чулуугаар үнэт эдлэл хийх, үйлдвэр эрхлэх” гэж тодотгосон. Тэгэхээр шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсанаар шийдвэрлэж өгнө үү. Өөрөөр хэлбэл, тухайн компани оёдлын үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрдэнийн чулуу зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа. Хуульд тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасна гэж зохицуулсан. ...” гэв.

Прокурор Б.Ариунтөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Я.Э-т 15,000,000 төгрөгөөр, “Э-” ХХК-д 30,000,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, оёдлын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэх үйл ажиллагааг 01 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, шүүхийн шийтгэх тогтоолыг хууль үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн гаргасан тайлбартай холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно”, 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан. Тиймээс хуулийн этгээд болон хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох шүүгдэгч Я.Э- нарын үйлдлийг хуульд заасан холбогдох зүйлчлэлээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг авч үзвэл “Э-” ХХК 12 төрлийн химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, үйл ажиллагаандаа ашигласан гээд дээрх гэмт хэргийн хэд хэдэн шинжийг хангасан нөхцөл байдал харагддаг. Нөгөөтээгүүр, хавтаст хэрэгт авагдсан баримтаар жишээлбэл, Монгол Улсын өндөр албан тушаалтан гадаад улсад айлчлал хийхэд бэлэг дурсгалын зүйлийг “Э-” ХХК хийдэг мөн Хаан болон Төрийн банкны дансны хуулгануудаар тодорхой хэмжээгээр байнга мөнгө ордог буюу 24 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан компани байгаа. Анхан шатны шүүхээс хуульд заасан торгох ялын хэмжээг багаар оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс 60,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах ялын санал гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Я.Э-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Я.Э-, “Я-” ХХК нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдлоо.

Анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, 2025/ШЦТ/2073 дугаар шийтгэх тогтоол гарган, уг шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг буюу шүүх хуралдаан даргалагчаас шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж сонсгосон байдлаас үзвэл “...шүүгдэгч Я.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч “Э-” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оёдлын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Э-” ХХК-д оногдуулсан оёдлын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж...” гэж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэл /2 хх 33-39/ болон шийтгэх тогтоол /2 хх 40-53/-ыг бичгээр үйлдэхдээ тогтоох  хэсгийн 5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Э-” ХХК-д оногдуулсан оёдлын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж...” гэж гарган хавтас хэрэгт хавсаргаж, прокурорт гардуулсан атлаа 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч Я.Э-, шүүгдэгч “Э-” ХХК-д нарт шийтгэх тогтоолыг бичгээр гардуулсан хувийн ТОГТООХ хэсгийн 5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Э-” ХХК-д оногдуулсан үнэт металл, эрдэнийн чулуугаар үнэт эдлэл хийх, үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаа эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай...” гэж бичиж гардуулжээ.

Дээрх байдал нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэгт тусгагдсанаас зөрүүтэй буюу шүүгдэгч “Э-” ХХК-ийн оёдлын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хассан шийдвэрийг уншиж сонгосон атлаа гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “үнэт металл, эрдэнийн чулуугаар үнэт эдлэл хийх, үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаа эрх”-ийг хасаж гэж бичиж гардуулагдсан байна.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд, түүнчлэн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол”, мөн хэсгийн 1.9 дэх заалтад “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” тус тус хуулийн зөрчилд тооцохоор хуульчилсан.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2073 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Я.Э-ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2073 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.        

2. Шүүгдэгч Я.Э-, “Э-” ХХК нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                                       Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                           Т.ШИНЭБАЯР