2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2026/01707

 

2026 02 06   192/ШШ2026/01707

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, шүүгч Г.Төрболд, Ш.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** тоотод оршин суух О-ийн А /РД:УЗ******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ** хороонд байрлах З ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 72,371,283 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 22 цаг 45 минутын үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мишээл экспо төвийн хойд шинэ замд замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 1.4.1.1-1.15.В тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. 10.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд замд тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас миний унаж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж миний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Дээрх хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЩТ/1355 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт О-ны Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон. О.А миний хөдөлмөрийн чадвараа алдаж ажилгүй байсан хугацааны цалин болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн нэхэмжлэлийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж... гэж зааснаар холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдрөөс хойш хөдөлмөрийн чадвараа алдаж ажил хөдөлмөр эрхлээгүйн улмаас цалин орлогогүй болж цалингийн зээл болон бусад хэрэглээний зээлээ төлөх боломжгүй болсон ба зээлийн ангилал буурч зээлийн дарамтад орж санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалтай байна. Миний бие Э ААТҮГ-д жолооч албан тушаалтай ажилладаг ба сарын дундаж цалин 4.921.029 төгрөг. Тиймээс 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх долоон сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалин, орлого болох 34.447.203 төгрөг мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болох 36.424.080 төгрөг нийт 70.871.283 төгрөг дээр мөн 2024.11.22-нд болсон зам тээврийн осолтой холбоотой эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд өмгөөлөгчийн хөлс гэх 1,500,000 төгрөгөөр тус шүүх хуралд өмгөөлөх оролцсон тул уг мөнгийг нийт 72,371,283 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1,499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тус тус зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024-11-22 нд Э тээвэрт шөнийн ээлжинд гарч байхад өөдөөс эсрэг урсгалаас машин гарч ирээд зүүн шилбэ хугарч, нуруу бэртсэн хүнд гэмтэл учирсан. 2025-06-25 нд лист дуусаад 2025-07-01 ний өдөр ажилдаа орсон. 2025-10 дугаар сар хүртэл ажиллаад айдсаа даван туулж чадахгүй өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. 2024-11-22 ноос 2025-07-01 нийг хүртэлх цалин 7 сарын цалин болох 34,447,203 төгрөгийг нэхэмжилнэ, мөн сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэг гарсныг би дотроо бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба 4 р зэрэг гэж үзээд 36,424,080 төгрөг нэхэмжилж байгаа ба 2 дугаар зэрэг гэж үзвэл хамгийн ихээр нь авмаар байна, мөн би эрүүгийн хэрэгтээ өмгөөлөгч 1,500,000 төгрөгөөр хөлсөлж авсан ба уг нь мөнгө шилжүүлсэн баримт байх ёстой ч гаргаж өгөөгүй байна, би одоо зээл ихтэй хурдан хохиролоо аваад эргэж хэвийн амьдралдаа ормоор байна гэв.

 

2. Хариуцагч З ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг 2025.11.18-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ автомашин нь манай компанийх мөн боловч жолооч нь бол ажлаасаа гараад явчихсан, энэ хүнийг яагаад хариуцагчаар татахгүй байгааг асуумаар байгаа юм. Цалин орлогын тухайд 2024-11 дүгээр сараас 2025-07 дугаар сар хүртэл дундаж цалинг нь сүүлийн 6 сараар бодохоор нэг сарын цалин 2,470,000 төгрөг байх ба үүн дээр сэтгэл санаа нь 2 дугаар зэрэг гэж гарсан учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээр тооцохыг хүлээн зөвшөөрч болно, өмгөөлөгчийн хөлс эрүүгийн хэрэгт төлөгдсөн байх гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.20-ны өдрийн 2025/ШЦТ/1355 дугаартай шийтгэх тогтоол, Хан-Уул дүүргийн 10-р хорооны засаг даргын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2025.05.05-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөрийн баримтууд, Хан-Уул дүүргийн Э ААТҮГ-ын захирлын 2025.11.17-ны өдрийн Б/221 дугаартай тушаал, 2025.01.25-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр О.А-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулж нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдрөөс хойш хөдөлмөрийн чадвараа алдаж ажил хөдөлмөр эрхлээгүйн улмаас цалин орлогогүй болсон...сарын дундаж цалин 4.921.029 төгрөг буюу нийт 7 сарын 34.447.203 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болох 36.424.080 төгрөг, хууль зүйн туслалцаа авахтай холбоотой зардал 1,500,000 төгрөг, нийт 72,371,283 төгрөгийг ажил олгогч байгууллагаас нь нэхэмжилж байна... гэв.

 

3. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...гэм хор учруулсан хүн нь ажлаасаа гарсан...цалингийн тухайд нэг сарын дундаж цалин нь 2,470,000 төгрөг байна...сэтгэл санааны хохирол 2 дугаар зэрэг байна...өмгөөлөгчийн хөлсийг эрүүгийн хэрэгт нь шүүгдэгч нь төлчихсөн ... гэдэг.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Мишээл экспо төвийн хойд шинэ замд З ОНӨААТҮГ-н эзэмшлийн **** УБЧ улсын дугаартай Hiamen маркын автомашиныг О.Г жолоодон явахдаа Замын хөдөлгөөний заалтыг зөрчсөний улмаас Э ААТҮГ-н эзэмшлийн *** УАХ улсын дугаартай Hyundai маркын автомашиныг жолоодон явсан нэхэмжлэгч О.А-дыг гэмтээж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1355 дугаартай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдоно.

Улмаар тус шийтгэх тогтоолын 7 дах хэсэгт Хохирогч О.А нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай гэжээ.

Нэхэмжлэгч О.Ад нь Э ААТҮГ-д жолоочоор ажилладаг болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол болон шинэчлэн байгуулсан гэх 2025-01-25- ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Тус лавлагаагаар О.А нь 2024 оны 12 дугаар сар, 2025 оны 1-6 дугаар саруудад ажлаа эрхлээгүй болох нь даатгуулагчийн цалинг 660,000 төгрөгөөр/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ/ тооцсон байхаас харагдахаас гадна амбулаториор эмчлүүлэгчдийн картан дээрх бичилтүүдээр ажил хөдөлмөр тус хугацаанд эрхлэх боломжгүй, эрүүл мэндийн байгууллагаас чөлөө олгож байжээ. Тодруулбал тус карт нь 2024-11-25 ний өдрөөс эхлэн эмчийн үзлэгт хамрагдсан тэмдэглэлээр эхэлж байх ба хамгийн сүүлд 2025-06-25-ний өдөр үзлэгийн тэмдэглэлд ..BKK шийдвэр 1610 гээд ...өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 5/29 нөөс 5/29 нийг хүртэл 28 хоногоор сунгах саналтай байна... гээд комиссын дарга , гишүүд гарын үсэг зурж, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн тамга дарагджээ.

Хэрэгт шүүгчийн захирамжийн дагуу Шүүх шинжилгээний Ерөнхий газар 2025-11-10-ны өдрийн ЕГ0825/355/ дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргаж ирүүлсэн ба тус дүгнэлтэд ...сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нь гэмт хэрэг гарсан үеэс 7 сарын хугцаанд ажил хөдөлмөр эрхлээгүй учир олох ёстой байсан орлого болох цалин, мөн сэтгэцэд учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт төлсөн өмгөөлөгчийн хөлсийн хамт шаарддаг бол хариуцагч нь гэмтэл учруулсан жолооч нь ажлаасаа гарсан...мөн дундаж цалин хөлс нь 4 сая биш 2 сая төгрөг, сэтгэцэд учирсан хохирол нь хоёрдугаар зэрэгт байгаа, мөн өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгч О.Г төлсөн... гэх үндэслэлээр маргана.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй маргахгүй, харин тооцсон аргачлал, хэмжээний тухайд хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд хуульд заасан хэмжээгээр төлбөр гаргуулахад татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

5.1 О.Г нь хариуцагч байгууллагад автобусны жолоочоор ажиллаж байхдаа, тухайн байгууллагынхаа эзэмшлийн автобусыг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, шүүхээс гэм буруутай болохыг нь тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.4 дэх хэсэгт зааснаар дээр дурдсан үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо гэм буруутай этгээд болон түүнийг ажиллуулж байсан ажил олгогчоос шаардах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.А-ын сэтгэцэд учирсан хор, уршгийн зэрэглэлийг тогтоолгохооор Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн ЕГ0825/355/ дугаар дүгнэлтээр энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.А-ын сэтгэцэд учирсан хор уршиг 2 дугаар зэрэглэлд хамаарна гэж дүгнэжээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ний өдрийн хуралдааны 25 дугаартай Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай тогтоолд 2 дугаар зэрэглэлд хамаарах тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550,000 төгрөг болгосон байна.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заасан байна.

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол нөхөн төлбөрийн хэмжээг Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулсан тул нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 12,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээ болох 10,288,080 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгчид учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл байх бөгөөд тэрээр тус ослоос шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх сэтгэлзүйн байдал тогтворгүй шалтгаанаар ажлаасаа өөрийн хүсэлтээр 2025-11-17-ний өдөр чөлөөлөгдсөн байх тул шүүх бүрэлдэхүүн нөхөн олговрын хамгийн дээд хэмжээг баримтлах нь зохистой гэж үзсэн болно.

 

5.2 Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого....зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар хуульчлан зохицуулсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Ажилтны дундаж цалин, хөлс тодорхойлох журам-ын 2.3-т тус тус заасныг баримтлан сүүлийн 3 сарын цалин, хөлсний дунджаар тооцох бөгөөд О.А-ын 2024 оны 9 дүгээр сарын цалин 5,066,145 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын цалин 5,482,422 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын цалин 4,214,522 төгрөг байна. Улмаар нэг сарын дундаж цалин хөлс 4,921,029 төгрөг байх тул 7 сарын цалин буюу нэхэмжлэгчийн ажил хөдөлмөрөө хэвийн гүйцэтгэж байсан бол 34,447,207 төгрөгийн орлого олох байжээ.

Дээрх тооцооллыг үндэслэн З ОНӨААТҮГ-т ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж явсан О.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч О.А-д учирсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байсан байгууллага нөхөн төлөх үүрэгтэй ба тээврийн хэрэгслийг ашиглах явцад учирсан гэм хор гэдэг агуулгаар ***3 УБЧ улсын дугаартай Hiamen маркын автомашиныг эзэмшигчийн хувьд мөн нөхөн төлөх үүрэгтэй байна.

5.3 Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож, тус хэргийг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч О.А нь М.С өмгөөлөгчийг хөлслөн авсан гэх ба шийтгэх тогтоолд түүний нэр байна. Мөн хэрэгт 2025-05-05-нд М.С өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсныг нэхэмжлэгч гарган өгсөн байх ба өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөгийг бодитойгоор өмгөөлөгчдөө шилжүүлэн өгсөн эсэх талаарх баримт байхгүй байна. Түүнчлэн эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын Хохиролтой холбоотой хэсэгт: О.А-дын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан 2,635,945 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, түүнийг шүүгдэгч О.Г төлсөн гэж бичжээ. Уг үнийн дүнд өмгөөллийн хөлс орсон эсэх нь ойлгомжгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзсан, үгүйсгэсэн үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

Иймд дээрхийг нэгтгээд З ОНӨААТҮГ-аас 44,735,287 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.А-д олгож, үлдэх 37,498,104 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх ямар нэг шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч үндэслэн З ОНӨААТҮГ -аас 381,626 төгрөг гаргуулан улсын орлогод оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч үндэслэн З ОНӨААТҮГ -аас 44,735,287 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37,498,104 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч үндэслэн З ОНӨААТҮГ-аас 381,626 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ

ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР

Г.ТӨРБОЛД