| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/11950/И |
| Дугаар | 192/ШШ2026/00940 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2026/00940
2026 01 20 192/ШШ2026/00940
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** тоотод оршин суух Э-ийн Т /РД:ШД******4/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** тоотод оршин суух А-ийн П /РД:ИЦ****1/-д холбогдох,
142,469,424 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т,
Хариуцагч А.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч тал нь БНСУлсад 2017 оноос эхлэн ажиллаж, амьдарч эхэлсэн бөгөөд А.П-той БНСУлсад 2019 оноос эхлэн хамтран амьдрах болсон. 2019 оноос эхлэн А.П-од удаа дараа вон/Солонгос Улсын мөнгө тэмдэгт/ зээлсээр ирсэн байдаг. Анх А.П мөнгө зээлж эхлэх үедээ Монголд орон сууц, хашаа байшин авах зорилгоор Э.Т-аас зээлж эхэлсэн түүхтэй. Тэдний хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй бөгөөд зээлээ төлөлгүй үргэлжлүүлэн хариуцагч тал зээл авсаар байсан. Тухайн үед А.П-ын хэлсэн үгэнд итгэснээс орон сууц захиалгын гэрээ, худалдан авсан хашаа байшин зэргийг харж байгаагүй бөгөөд зээлсэн воноо юунд зарцуулдгаа нэхэмжлэгч талд хэлдэггүй буцаагаад өгнөө гэдэг үгнээс өөр зүйл хэлдэггүй нэгэнт хамт амьдарч байгаагаас өгөх байх хэмээн итгэж нэхэмжлэгч тал зээлдэг байсан. Нэхэмжлэгч тал нь БНСУлсын Хана банкны өөрийн данснаас А.П-ын Хана банкны данс руу 2019 оноос эхлэн 2024 оны 2 сар хүртэлх хугацаанд нийт 179 удаагийн воны шилжүүлэг хийсэн бөгөөд 6 жилийн турш хариуцагч талд зээлсэн вон нийт дүн 57,914,400 сая вон болж байгаа. Үүнийг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны нийтэд зарласан валютын ханшаар тооцож үзэхэд 57,914,400*2.46=142,469.424 төгрөгийг А.П-оос гаргуулж Э.Т-рт олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025-10-11 ний өдөр 142,469,424 төгрөг гаргуулах шаардлага шүүхэд гаргасан. 2019 оноос хамт амьдраад 2019 оны 09 дүгээр сард хүү нь төрсөн, 2019-01 дүгээр сараас воноор мөнгө зээлж эхэлсэн байдаг. 10 дугаар хороололд Хаппи таунд байр захиалсан гээд зээлж эхэлсэн ба хэдүүлээ сайхан амьдарна гэж бодож байсан. Талууд тохиролцоо байсан, тэр нь нэхэмжлэгч тал хүүхдийн зардлыг хариуцахаар ингээд Т нь 2019,2020 онуудын зардлыг хариуцаж байсан нь баримтаар ч харагдана. 2019 оноос П орон сууц авах гээд байна төлбөр төлнө гээд мөнгө хүрэхгүй байна гэхээр нь хөрөнгө оруулалт гэдэг агуулгаар шилжүүлж байсан. Гэтэл өөр хамтран амьдрагчтай болж хүүхдээ ч нөхрөө ч орхисон. 2022 онд хүүг Монголруу өөрийнхөө ээжрүү явуулсан ингээд тус тусдаа амьдарч байсан ч хариуцагчид мөнгө өгсөөр л байсан. Хариуцагч 2023 онд, нэхэмжлэгч 2024 онд албадан нутаг буцаагдсан.Ингээд 2019-01 дүгээр сараас 2024-03 дугаар сар хүртэлх хугацаанд зээлдүүлсэн 57 сая вон буюу 142,469,424 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч А.П нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Т-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Миний бие бусдын адилаар 2015 онд БНСУ-д очиж тэндээ ажиллаж, амьдрах болсон. 2018 оны 9 сард Т-тай танилцаж, 2019 оноос эхлэн бид хамтын амьдралаа эхлүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүү Т-ын Т-г БНСУ-д төрүүлж, 2023 оныг хүртэл Солонгост хамт амьдарсан. Би 2023 оны 6 сард , Э.Т 2024 оны 2 сард Солонгос улсаас баригдаж ирсэн бөгөөд бид 2025 оныг хүртэл Монголд хамт амьдарсан. Бид анх танилцан улмаар дотносох үед би бага насны 2 хүүтэй, хүний нутагт хууль бусаар амьдардаг, Монголд өндөр настай ээж, эмээ, хүүхдүүд байдаг тул тэдгээрийг харж хандах үүрэгтэй тул хүүхэд төрүүлэхгүй гэдгээ эхнээсээ Э.Т-т хэлдэг байсан. Тухайн үед Э.Т нь би хүүхэдтэй болмоор байна, хүүхэд өсгөх зардал мөнгө, байрны түрээс хоол ундны зардлыг би хариуцна, чи хүүхдээ гаргаад ажлаа хийж болно, олсон мөнгөө чи өөрөө мэдэж, өөртөө зарцуул гэхэд нь түүнд итгэж, итгэлцлийн үндсэн дээр түүний хүссэнээр хүү Т.Т-нг төрүүлсэн. Э.Тр нь Солонгос улсад хамт амьдарч байхдаа л намайг харддаг байсан. Нутагтаа ирээд ч бидний дунд байнгын хэрүүл маргаантай, хүү Т.Т-г аутизимын эмгэгтэй төрүүлсэн нь чиний буруу гэж намайг буруутгадаг байдал, хамтарч хөрөнгө мөнгө оруулж худалдан авсан орон сууцны өмчлөгчөөр (хүүгээ өмчлөгчөөр оруулна гэсэн) хүүгээ оруулахгүй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг эгчийнхээ нэр дээр авсан зэрэг болон хүүхдээ ханддаг хандлага, ааш зангаас болж хамтран амьдрах боломжгүй болсон. Солонгост улсад хоёулаа хараар буюу хууль бусаар амьдардаг хэдий ч би /харын/ даатгалд даатгуулсан тул даатгалтай гэдгээр хүүхдээ эмнэлэгт үзүүлэх, яслид асруулах болон бусад янз бүрийн үйлчилгээг миний даатгалаар авдаг, авсан үйлчилгээний төлбөр миний нэрээр төлөгддөг байсан шалтгаан байрны түрээс хоол хүнс, хүүхдийн сүү, живх, утасны төлбөр бусад хэрэглээний мөнгийг Э.Т миний данс руу шилжүүлдэг, би буцаагаад дээрх төлбөр, зардалд зарцуулсан мөнгө юм. Өөрөөр Э.Т-ын зээлдүүлсэн гэж нэхэмжилсэн 142,469,424 төгрөгийг, Э.Т, хүү бид 3 Солонгос улсад хамт амьдарч байхдаа, хамтдаа зарцуулж, хамтдаа хэрэглэсэн мөнгө байхад надад зээлдүүлсэн мэтээр нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм. Э.Т-ын нэхэмжилсэн 142,469,424 төгрөгийг Солонгос улсад хамт амьдарсан 4 жил 5 сарын хугацаанд хуваан тооцоход жилд 35 сая орчим төгрөгийг, нэг сард 3 сая орчим төгрөгийг зарцуулсан байх бөгөөд хүний нутагт нялх хүүхэдтэй, хууль бусаар амьдардаг зэргээс өртөг, зардал ихтэй байсан бөгөөд сарын хэрэглээнд 3-4 сая төгрөг хүрэхгүй хүнээс мөнгө зээлээд буцаан төлдөг байсан. Мөн хүү Т.Т хэд хэдэн удаа өвдөж эмнэлгээс тусламж авсан бөгөөд Солонгосд эмнэлгийн төлбөр үйлчилгээ өндөр тул дээрх мөнгөнөөс нилээд мөнгийг хүүгийнхээ эмчилгээнд зарцуулсан. Э.Т-ын мөнгө шилжүүлсэн дансны хуулгад зээл, зээлдүүлсэн мөнгө гэсэн утгатай нэг ч гүйлгээ байхгүй харин төлбөр" гэж бичсэн байгаа нь хамтын амьдралтай байхдаа дээр дурдсан зардалд зарцуулсан мөнгө болохыг нотолж байгаа болно. Түүнчлэн Э.Т бодитоор надад мөнгө зээлдүүлсэн бол гэрээ хэлцэл байгуулахгүйгээр зээлдүүлэхгүй юм. Э.Т-ыг баригдаж ирсний дараа Хан-Уул дүүргийн ** тоотын 2 өрөө орон сууцыг худалдан авахад миний бие 30.000.000 төгрөгийг оруулсан бөгөөд бид хамтран амьдрах боломжгүй болж дээрх 30.000.000 төгрөгийг Э.Т-аас нэхэмжилж шүүхэд хандсаны дараа уг мөнгийг өгөхгүй гэсэн санаа зорилгоор Солонгос улсад хамтран амьдарч байхдаа хэрэглэж зарцуулсан мөнгөө надад зээлдүүлсэн мэтээр ярьж нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул Э.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч А.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөвшөөрөх сэдэв ч байна, зарим нь ч худлаа байна. Мэдээж хамт амьдрах гээд миний хоёрдох амьдрал шүү дээ, ярилцан тохиролцоод хүүхэд гаргахаар болсон. Нэхэмжлэгч өөрөө 40 нас хүрлээ хүүхэдтэй болмоор байна зардлыг хариуцна гэхээр нь итгээд тэгээд хүүхдээ төрүүлсэн. Мөнгөн гуйвуулга өөр өөр байгааг харж байгаа байх, бид 3 н хэрэглээний зардалд л зарцуулагдаж байсан, авсан мөнгөө орон сууцны түрээс, амьдрах зардал, хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн сүү живх, даатгалгүй учраас вакцин тариулахаас авахуулаад маш их зардалтай, энэнтэй дүүтэй нь амьдарч байсан биш ах нь өөрөө энийгээ мэдэж л байна лээ, би шүүхэд ийм юм гаргачихаад гэсэн чинь шүүх тэгээд шийдэх л байлгүй гээд хариу бичсэн байна лээ, би ямар гарсан зардлаа баримтжуулаад явах биш утгагүй биздээ. Надад гаргаж өгөх цуглуулсан тийм баримт ч байхгүй, зээлж авч байгаагүй тэр орон сууц авах энэ тэр худлаа тийм юм байхгүй, бид 2 даруйхан жирэмслээд хүүхдээ өсгөе гэж л байсан. Ер нь бол 2018-07 сард танилцаад 2018-09 сарын сүүлээр түрээсийн байранд ороод 2018-12 сарын сүүлээр бие давхар болоод төрөх хүртэл энэ байрандаа , 2019-09 дүгээр сард төрлөө, мөнгөөр төрнө шүү дээ. Тэгээд ковид боллоо, үйлдвэр зогслоо хүүхдээ 30 хоногтойд цэцэрлэгт өгөөд би ажил хийгээд ялгаагүй л зардлаа төлөлцөөд амьдраад явсан. 2 ой гараад хүүгээ өөрийн ээжрүү явуулсан, дунд нь эд хөрөнгийн маргаанаас болоод салж нийлсэн үе байгаа ч 02 сар орчим тусдаа амьдарч байсан. 2025-12 дугаар сараас л бүүр салсан, 10,000 вон энэ тэр гээд шилжүүлсэн нь жишээ нь хүүхэд өвдлөө гэхэд таксидаарай ч гэх юмуу тэгдэг байсан. Ер нь тэгээд шилжүүлэхдээ зээл гэж бичээгүй байгааг шүүх анхаардаг байх, зээл юм бол зээл гэж бичих байлгүй дээ, би зөвшөөрөхгүй, шүүхээр ороод хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгосон байгаа... гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.10.28-ны өдрийн 192/ШЗ2025/45131 дугаартай захирамж, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Вон/Солонгос Улсын мөнгө тэмдэгт/-оор шилжүүлсэн баримт орчуулгын хамт шүүхэд ирүүлсэн.
4. Хариуцагчаас хариу тайлбар, Т.Т-ийн төрсний гэрчилгээний хуулбар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн үзлэгийн баримт, Хан-Уул дүүргийн 10-р хорооны засаг даргын тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, үндсэний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... Нэхэмжлэгч тал А.П-той БНСУлсад 2019 оноос эхлэн хамтран амьдрах болсон. 2019 оноос эхлэн А.П-д удаа дараа вон/Солонгос Улсын мөнгө тэмдэгт/ зээлсээр ирсэн байдаг. Нэхэмжлэгч тал нь БНСУлсын Хана банкны өөрийн данснаас А.П-ын Хана банкны данс руу 2019 оноос эхлэн 2024 оны 2 сар хүртэлх хугацаанд нийт 179 удаагийн воны шилжүүлэг хийсэн бөгөөд 142,469.424 төгрөгийг гаргуулах...гэв.
3. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...Э.Т-ын зээлдүүлсэн гэж нэхэмжилсэн 142,469,424 төгрөгийг, Э.Т, хүү бид 3 Солонгос улсад хамт амьдарч байхдаа, хамтдаа зарцуулж, хамтдаа хэрэглэсэн мөнгө байхад надад зээлдүүлсэн мэтээр нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм... гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгт нэхэмжлэгч талаас 2018-01-01-ний өдрөөс 2024-12-31-ний өдрийг хүртэлх хугацааны БНСУ-н Хана банкинд өөрийн эзэмшдэг дансны хуулгыг, орчуулгын хамт гаргаж өгсөн байна. Тухайн баримтаар нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч А.П-ын мөн банкны данс руу 2019-01-01 ний өдрөөс эхлэн 2024-01-03 нийг хүртэлх хугацаанд нийт 179 удаагийн гүйлгээгээр 57,914,400 сая вон шилжүүлсэн байх ба 2025-11-10 ний өдрийн байдлаар нэг вон нэг төгрөгтэй харьцах Монгол банкны ханш 2,46 байна.
Зохигчид 2018 онд танилцаж, 2019 оноос БНСУ-д хамтран амьдарсан байх ба тэдний дундаас 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Т.Т хүү мэндэлсэн болох нь талуудын нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдоно. Т.Т хүү 2025-11-28 ний өдрийн эмчийн үзлэгээр F84.0 буюу хүүхдийн аутизм гэх оноштой, тэмдэглэл хэсэгт : ...хэлд ороогүй...нэрээр нь дуудахаар харахгүй...ар гэрийн хараа хяналт тусламж дэмжлэг шаардлагатай... гэжээ.
5. Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч А.П-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 142,469,424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.П нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Э.Т-аас огт мөнгө зээлж байгаагүй учир төлбөр төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч А.П-од түүний Солонгосын Хана банкин дахь данс руу бүгд 57,914,400 вон шилжүүлсэн дансны хуулгыг нотлох баримтаар гарган, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг үндэслэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлана.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан байна.
Хуулийн дээрх заалтыг дүгнэвэл зээлдэгч мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг хүлээн авсан байх нь гэрээ байгуулагдсан гэж үзэх гол үндэслэл болох боловч, зохигчид гэр бүлийн харилцаатай буюу 2019 оноос 2023 оныг хүртэл БНСУ-д хамтран амьдарч байсан, улмаар талуудын дундаас 2019-09-29 ний өдөр хүү Т.Т нар төрсөн байдал, нэхэмжлэгч хариуцагчийн данс руу шилжүүлэхдээ ...төлбөр ... гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлснийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр А.П-од зээлдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэх бөгөөд, тэрхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, дансны хуулга зэргийг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэлээ. Э.Т , А.П нар нь хэдийгээр гэрлэлтээ бүртгүүлээгүй байх боловч тэдний дундаас 2019 онд хүүхэд төрсөн ба, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26.2 -т Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.1. хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; 26.2.2. хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; 26.2.3. хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; 26.2.4. хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах гэжээ. Тодруулбал зохигчид хүүхдийн эцэг, эх болохынхоо хувьд хүүхдийг асран хамгаалж тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч А.П нь ...Мөнгөн гуйвуулга өөр өөр байгааг харж байгаа байх, бид гурвын хэрэглээний зардалд л зарцуулагдаж байсан, авсан мөнгөө орон сууцны түрээс, амьдрах зардал, хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн сүү живх, даатгалгүй учраас вакцин тариулахаас авахуулаад маш их зардалтай...зээл байсан бол над руу 10000,20000 воноор мөнгө шилжүүлээд байхгүй шүү дээ... гэх тайлбар үндэслэл бүхий байна. Хамтран амьдарч байх хугацаандаа хүүхдийн эцэг, эх болохын хувьд нэгэндээ дансаар мөнгө олон удаагийн гүйлгээгээр, удаан хугацааны туршид шилжүүлж байсан үйл баримтыг зээлийн харилцаа байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр А.П-оос зээлийн гэрээний үүрэгт 142,469,424 төгрөг гаргуулах тухай Э.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 881,880 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.П-оос зээлийн гэрээний үүрэгт 142,469,424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 881,880 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ