Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 207/МА2019/00021

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/01279 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Орон сууцанд амьдарсан хөлс 11.750.000 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7-7-2 тоот хаягтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 18ы өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК нь Барнийгийн Золзаяатай 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах 068 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр ******* нь компанийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 7 хороолол 7 байрны 02 тоот хаягт байрлах орон сууцны гэрээгээр тохирсон үнэ 65.000.000 төгрөгийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, компани нь дээрх хаягт байрлах орон сууцыг худалдан авагч *******д хүлээлгэн өгөх, *******г төлбөрөө төлсний дараа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бэлэн болгож хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэл дээрээ орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр *******д хүлээлгэн өгсөн гэж андуурч бичсэн байсан. Харин 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг *******д хүлээлгэн өгсөн. ******* нь гэрээгээр тохиролцсон ёсоор орон сууцны үнийг 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдөрт багтаан хуваарийн дагуу төлж дуусгах байсан. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж хавсралтад заасан хуваарийг зөрчсөөр байсан. Компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй юм. Иймд *******д 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэн. ******* нь орон сууцыг хүлээн авсан өдрөөс хойш өдийг хүртэл компанийн орон сууцанд амьдарсаар байна. ******* нь орон сууцны үнэ 65.000.000 төгрөг төлөх байснаас 5.000.000 төгрөгийг төлсөн байна. Энэхүү 5.000.000 төгрөгийг гэрээний 4.5-д харилцан тохиролцсон ёсоор орон сууцанд амьдарсан нийт хугацаагаар тооцон суутган авсан. Харин компанийн байранд амьдарсан хугацааны төлбөрийн зөрүү 11.750.000 төгрөг болж байгаа болно. Иймд *******гаас орон сууцанд амьдарсан хугацааны төлбөр болох 11.750.000 төгрөгийг гаргуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 хороолол 7 байрны 1 дүгээр орцны 1 давхарын 2 өрөө бүхий 2 тоот хаягт байрлалтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д.Золзаяа миний бие "******* ХХК-ийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт байрлах 7 дугаар хорооллын 7 дугаар байрны 02 тоот 45 м2 талбайтай 2 өрөө орон сууцанд 5.000.000 төгрөгийг урьдчилж төлөөд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын 068 тоот гэрээ байгуулсан. Манайх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус байранд нүүж орсон. 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу битүүний өдөр гал тогооны өрөөний угаалтуураар бохир ус гүйхгүй болсон. Энэ гэмтэл нь шугам хоолойгоор галын өрөөний бохир гүйхгүйгээс болж гэрт бохир ус буцаж гарсан. Гэрийн хивс норсон. Тухайн үед компанийн 99879537 дугаарын утсанд залгаж, борлуулагч Б.Ууганчимэгт мэдэгдэж, компанийн сантехникийн засварчин янзалж өгсөн. 2017 оны 06 дугаар сард ванны өрөөний хатаагч задарсны улмаас даралттай ус алдсан. Компанийн 99522329 дугаарын утсаар мэдэгдэж, шинэ хатаагч сольж, тавьж өгсөн. Гэрийн хивс, дрож норж, буйдангийн хөлнүүд өмөрч унасан. 2017 оны 09 дүгээр сард *******ы байруудад халаалт ирсэн боловч зөвхөн манайх халахгүй байсан. Зарим үед огт халахгүй болж, заримдаа бүлээхэн ус ирж, 2 сар гаруй хугацаанд халаалт маш их доголдолтой байсан. Миний бие бас л компаний дээрх дугаарт мэдэгдсэн. Тэд өөрсдөө үзсэн. Эрдэнэт ус компанийн сантехникийн хүнийг дагуулж ирээд үзүүлж байсан. 2017 оны 12 дугаар сард шалан доогуур явсан сангийн хоолойноос халуун ус алдаж, гаднаас орж ирэхэд гэр битүү уур болсон байсан. Шалан дээр гишгэхэд ус гарч, гэрийн хивс, дрож ус болсон байсан. Жижиг өрөөнд 30 ширхэг компьютер хураасан байсан бөгөөд дор байсан процессоруудыг өргөхөд дотроос нь ус гарч байсан. Ингээд 11 ширхэг компьютерын процессор ажиллагаагүй болсон. Комьпютерийн процессорын нийт үнэ 5.500.000 төгрөг болно. Эд хөрөнгөнд хохирол учирсан талаар "******* ХХК-ийн захиргаанд мэдэгдсэн бөгөөд менежер Д.Доржпагма үзээд гарсан. Энэ талаар өргөдөл бичиж танилцуулсан боловч шийдэж өгөөгүй. Миний бие "******* ХХК-с 11 ширхэг компьютерын процессорын үнэ 5.500.000 төгрөгийг цаашид нэхэмжилнэ. Мөн тус байрны агааржуулалтын хоолойноос бохирын үнэр байнга үнэртдэг. Бид 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 7 дугаар хорооллын 7 дугаар байрны 02 тоот орон сууцыг "******* ХХК -д хүлээлгэн өгсөн. Бидний амьдарч байсан орон сууц нь маш их доголдолтой байсан. "******* ХХК нь миний урьдчилгаа төлбөрт өгсөн 5.000.000 төгрөгийг байранд суусны төлбөрт суутгасан тул би "******* ХХК- д төлөх төлбөргүй болно. Миний зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/01279 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар хариуцагч *******д холбогдох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 7-р байрны 1 дүгээр орцны 1 давхрын 02 тоотод байрлах 45 м2 талбайтай 2 орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1., 262 дугаар зүйлийн 262.1., 264 дүгээр зүйлийн 264.1., 264.2.-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 6.500.000 /зураан сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 202.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 98.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. *******гаас орон сууцанд амьдарсан хугацааны хөлс 11.750.000 төгрөг нэхэмжилсэн. Компанийн өмчлөлийн орон сууцанд ******* нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 614 хоног амьдарсан. Түүний 614 хоног амьдарсан хугацааны төлбөрийг гэрээний хавсралт 2-д зааж тохиролцсон нэг сарын 500.000 төгрөгөөр тооцвол 10.232.924 төгрөг болох бөгөөд орон сууцанд амьдарсан хугацааны хөлс 10.232.924 төгрөгийг ******* төлөх үүрэгтэй юм. Мөн орон сууц засварын материалын зардал, ажлын хөлс нийт 6.500.000 төгрөгийг төлөх ёстойгоос тэрээр анх орон сууцанд орохдоо төлсөн 5.000.000 төгрөгийг суутган авч зөрүү 1.500.000 төгрөгийг компанид төлөхөөр байсан. Ингээд орон сууцанд амьдарсан хугацааны хөлс 10.232.924 төгрөг орон сууцыг шинэчлэн засварлах материалын үнэ болон ажлын хөлсөнд төлөх 1.500.000 төгрөг нийт 11.732.924 төгрөгийг компани нэхэмжлэх эрхтэй болсон тул 11.750.000 төгрөгийг нэхэмжилсэн. Тооцооллын алдаа гаргаж 17.076 төгрөг илүү нэхэмжилсэн байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт .... хэдийгээр талууд гэрээгээр шинэчлэн засварлах материалын нэг удаа 4.500.000 төгрөг, дотор заслын ажлын хөлс нэг удаа 2.000.000 төгрөг гэж тохиролцсон гэж нэхэмжлэгч тал орон засварлах материалын үнэ, ажлын хөлсөнд 6.500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч .... гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь нэхэмжилж буй үнийн дүнгийн 10.232.924 төгрөг нь орон сууцанд амьдарсан хугацааны хөлс болно. Харин зөрүү 1.500.000 төгрөг нь шинэчлэн засварлах материалын үнэ, ажлын хөлс болно. Гэтэл шүүх нэхэмжлэлийн

шаардлагаас 6.500.000 төгрөгийг материалын үнэ болон ажлын хөлс нэхэмжилсэн гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож буй нь учир дутагдалтай болсон байна. Мөн нөгөө талаас нэхэмжлэлийн шаардлагаас 6.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрээгээр талууд тохиролцсон материалын үнэ, ажлын хөлс зэрэгт хамааруулан үзсэн нь буруу болсон. Учир нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-гээр талуудын тохиролцсон тохиролцоог Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 /Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй/ -д заасныг анхаарч үзээгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1279 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* ХХК нь *******д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-7-2 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, тус байранд амьдарсаны хөлс 11.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар хариуцагч *******д холбогдох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7-р хорооллын 7-р байрны 1 дүгээр орцны 1 давхрын 02 тоотод байрлах 45 м2 талбайтай 2 орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1., 262 дугаар зүйлийн 262.1., 264 дүгээр зүйлийн 264.1., 264.2.-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 6.500.000 /зураан сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******тай 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 068 дугаартай орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ.

Талууд гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7 дугаар хорооллын 7 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхрын 02 тоотод байрлах 45 м2 талбайтай 2 орон сууцны 1 метр квадрат талбайн худалдах үнэ 1.444.445 төгрөг, орон сууцны худалдах нийт үнэ 65.000.000 төгрөг, үүнээс урьдчилгаа төлбөр 19.500.000 төгрөг, үлдэгдэл төлбөр 45.500.000 төгрөг төлөх, мөн гэрээний 2.5-д мөн энэхүү гэрээний 2.2-т заасан үнийг хавсралтад заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд орон сууц ашигласны хөлс болон, засварын зардлыг талууд харилцан тохиролцсоны дагуу гэрээнд хавсаргана, 4.4-т талуудын аль нэг нь гэрээг зөрчсөнөөс нөгөө талд учирсан хохирол /...орон сууц ашигласны зардал, дотор заслын зардал ...бусад зардлууд/-ыг бүрэн хариуцна, 4.5-д хэрвээ захиалагч тал орон сууцны урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа энэхүү гэрээ цуцлагдаж байраа буцаах тохиолдолд орон сууц ашигласны төлбөр болон дахин шинэчлэн засварлах засварын төлбөрийг хавсралт 2-ын төлсөн төлбөрөөс суутган авна гэж, уг гэрээний хавсралт 2-т орон сууц ашигласны төлбөр 500.000 төгрөг 10 сар нийт 5.000.000 төгрөг, шинэчлэн засварлах материалын үнэ нэг удаа 4.500.000 төгрөг, дотор заслын ажлын хөлс нэг удаа 2.000.000 төгрөг нийт 11.500.000 төгрөг байна гэж тохиролцжээ.

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч ******* нь ******* ХХК-д тухайн орон сууцыг хүлээлгэн өгч нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

******* ХХК нь хариуцагч *******д 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгчээ.

Хариуцагч ******* тухайн орон сууцанд /2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал нийт 615 хоног буюу 20 сар оршин суужээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж ...нэг сарын 500.000 төгрөгөөр тооцож нийт 20 сар 10.250.000 төгрөг, үүнээс хариуцагч *******гийн урьдчилгаанд төлсөн 5.000.000 төгрөгийг хасч үлдэх 5.250.000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж нэхэмжлэгчид олгож... нэхэмжлэгч тал орон сууц засварлах материалын үнэ, ажлын хөлсөнд 6.500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, уг орон сууцанд дээрх хэмжээний засварын материал, ажлын хөлс зарцуулж засвар үйлчилгээ хийсэн болохоо нотолж чадаагүй учир 6.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2018/01279 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 118.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР