| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2408020391336 |
| Дугаар | 2025/ДШМ/1277 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/1277
Х.Д-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Анхбаяр,
шүүгдэгч Х.Д-, түүний өмгөөлөгч Ч.Амарбаяр,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2078 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Д-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2408020391336 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овогт Х-ын Д-, ........., урьд ял шийтгэлгүй, /РД:Х-/
Шүүгдэгч Х.Д- нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр, “Болжхын зүрхийн ар” гэх газраас зөвшөөрөлгүй ойд 38.83 м3 мод бэлтгэж экологи эдийн засагт шууд 30,145,682,149 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т- овогт Х-ын Д-ийг Эрүүгийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох “Завхан аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ид зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Д-оос байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт нийт 90.437.046 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны хашаанд хадгалагдаж байгаа 38.83 м3 модыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Д- давж заалдах гомдолдоо: “...1. Эрүүгийн 2408020391336 тоот хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан бөгөөд гэм буруугийн тал дээр маргаагүй, шүүхээс тогтоогдсон гэм буруутай байдлыг хүлээн зөвшөөрсөн тул гэм буруутай холбоотой үндэслэлээр гомдлыг гаргахгүй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулсан шүүхийн дүгнэлтэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ийн зорчих эрхийг 6 сарын хугацаагаар эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлэхээс бусад тохиолдолд Завхан аймгийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулсан. Мөн №2022/ШЦТ/431 тоот шийтгэх тогтоолд заасны дагуу байгаль экологид учруулсан хор хохирол, нөхөн төлбөрт 90 437 046 /ерэн сая дөрвөн зуун гучин долоон мянга дөчин зургаа/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлөхөөр шийдвэрлэсэн. 2. Шүүгдэгч Х.Д- нь гэм буруугийн асуудал дээр маргаагүй боловч мод бэлтгэхдээ учруулсан хохирлын хэмжээг зөв тогтоолгох талаар шүүх дээр тайлбар гаргасан. Шүүхээс болон мөрдөн байцаах байгууллагаас тогтоосон байдал ба хэргийн нотлох баримт, хэргийн газрын үзлэгээр шүүгдэгч нь нийт 7 м3 мод бэлтгэсэн. Харин тээвэрлэсэн 38,83 м3 модыг өөрийн хууль бусаар бэлтгэсэн 7 м3 мод дээрээ нэмж өөр хүнээс авч ачин явуулсан байдаг. Хэргийн бодит байдлыг тогтоохдоо нийт 38.83 куб.м модыг хууль бусаар бэлтгэсэн гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, эргэлзээтэй байдлыг бий болгоод байгаа юм. Хэдийгээр эрүүгийн хариуцлага нь заавал биелэгдэх болон албадлагын шинжтэй боловч бодит байдалд нийцэж байж хэрэгжих боломжтой. Түүнчлэн хохирлыг төлөхөд учруулсан бодит хохиролд нийцсэн байх шаардлагатай тул Эрүүгийн хуулийн гэм буруугийн зарчим үйлчлэх учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бэлтгэх, тээвэрлэх, худалдсан, худалдан авсан” зэрэг үйлдлийг тогтоосноор гэмт хэргийн шинж бүрэлдэх ёстой. Уг эрүүгийн хэрэгт зөвхөн 7 м3 мод бэлтгэснийг тогтоосон боловч бусад үйлдэл үйл баримтыг тогтоолгүй 38.83 м3 модыг хууль бусаар бэлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. 3. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарласан бүсчлэл нь зөвхөн Завхан аймгийн бүсчлэл байгаа тул хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад хүндрэлтэй байдлыг бий болгоод байна. Учир нь шүүгдэгчийн одоогийн ажиллаж байгаа Тосонцэнгэл сумын мод бэлтгэлийн газраас Увс аймгийн нутаг дэвсгэрт орших аж ахуйн нэгж, иргэдэд мод нийлүүлдэг бөгөөд шүгдэгчийн зорчих эрх хязгаарласан ялын бүслэлээс гадна оршиж байгаа юм. Үүний зэрэгцээ Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэх мөнгөн төлбөрийг шүүгдэгч буцаан төлөх үүрэгтэй байгаа тул шүүгдэгч нь одоогоор тээврийн хэрэгсэл жолоодон Увс аймагт материал хүргэж өгч төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа болно. Ингэснээр шүүгдэгчийн зорчих эрх хязгаарласан эрүүгийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд бусад эрхийг хязгаарласан нөхцөл байгаа тул шүүхээс зорчих эрхийн хүрээ хязгаарыг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2078 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Завхан аймгийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг болон Х.Д-ийн учруулсан хор хохиролтой холбоотой нөхцлийг хянан үзэн хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Х.Д- шүүх хуралдаанд: “...Би 7 м3 модны гарал үүслийн бичгийг үйлдэж явуулсан. Тухайн модыг Хөвсгөл аймгийн Хатгал сумаас ачсан. Би хууль бус модтой холбоогүй, миний өөрийн эзэмшлийн мод байхгүй. Хөвсгөл аймгийн Алгаа гэх хүнд гарал үүслийн бичиг хийж өгсөн, Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас нэмж мод ачсан байсан... ” гэв.
шүүгдэгч Х.Д-ийн өмгөөлөгч Ч.Амарбаяр шүүх хуралдаан: “...Хэрэгт авагдсан баримтаар 45 м3 модтой холбоотой асуудал яригддаг. Хэргийн газрын үзлэгээр 7 м3 модыг татсан. Шүүгдэгчийн хэлж байгаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байсан. Шүүгдэгч Х.Д-ид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэх мөнгөн төлбөрийг шүүгдэгч буцаан төлөх үүрэгтэй байгаа тул шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон Увс аймагт материал хүргэж өгөх ажил хийж төлбөрийг барагдуулах боломжтой байгаа...” гэв.
Прокурор Н.Анхбаяр дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн. Шүүгдэгч Х.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ өнөөдрийн шүүх хуралдаанд өөрчилж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй агуулгатай тайлбар өгч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд модыг зөвшөөрөлтэй газраас бус зөвшөөрөлгүй өөр газраас бэлтгэсэн болохыг хэргийн газрын үзлэгээр тогтоосон. Гэрч М- “Х.Д-оос мод ачсан, тухайн 7 м3 модод засвар оруулж 47 м3 болгож өөрчилсөн баримт бичгийг надад өгсөн” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тогтоож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, экологи эдийн засгийн үнэлгээгээр 90 гаруй сая төгрөгийн хохирол тогтоогдсон. Давж заалдах шатны шүүхэд Алгаа гэх хүний тухай дурдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А- гэх хүн мэдүүлэг өгөөгүй, үндэслэлгүй тайлбар өгч байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч дурдсан. “Увс аймаг руу ачаа ачдаг” талаараа илэрхийлж байна. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас өөрчлөлт оруулах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр 6 зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
-Шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх 65-69/
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оргилын: “...Ойн тухай хуулийн зааснаар ...” гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үздэг. Тийм болохоор мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгэхдээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн бэлтгэсэн, тусгаарласан талбайн гаднаас мод бэлтгэсэн, огтлолтын төрөл зөрчиж мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж үзнэ. Хэдийгээр үйлдвэрлэлийн огтлолтоор мод бэлтгэхээр талбай тусгаарлуулж мод бэлтгэхдээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн бэлтгэсэн бол хэтрүүлсэн модыг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэнд хамааруулан ойлгоно...” /хх 194-196/,
-Гэрч Д.М-ын “... Би энэ оны 05 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Д- гэдэг хүнээс мод ачаад Улаанбаатар хот руу ирсэн юм. Завхан аймгийн Улиастай сум руу АПУ компанийн ачааг хүргэж өгөхөөр Улаанбаатар хотоос энэ оны 05 дугаар сарын 14-ний өдөр явсан юм. Тэгээд Улиастайд ачаагаа буулгачхаад Улаанбаатар хот руу ачих ачаа хайж хэд хоносон юм. Манай найз Б- /Б-/ гэдэг найз надад Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу хүн мод ачуулах гэж байна. Тэгээд надад Б- Д- гэх хүний дугаарыг өгсөн юм. Би Д-тай 05 дугаар сарын 21-ний өдрийн орой 17 цагийн үед өөрөө утсаар “мод ачуулах хүн мөн үү? Би Улиастайд байна. Маргааш яваад очъё. Модны бичиг баримт бүрэн үү?” гэж яриад 22-ны өдрийн үдэш хойш Тосонцэнгэл суманд очсон. Тэгээд Д-тай ирчихлээ гэж холбогдсон. Д- намайг тухайн өдрийн 17 цагийн үед цайны газар хоол идээд байж байхад дуудаад Тосонцэнгэл сумын урд тал байх айлын хашаанаас 2 хэсэг 2 метр гаран урттай нэг жигд хэмжээтэй төмөр замын дэр мод ачуулсан. Дараа нь Д- өөрийнхөө аж ахуйн хашаанаас үлдэгдэл модыг ачуулсан. Модоо шөнө хүртэл ачаад маргааш нь бүх нийтийн амралтын өдөр таарсан тул Тосонцэнгэл өнжсөн юм. Тэгээд 24-ний өдөр Д- надад хэд хэдэн бичиг өгсөн. Тухайн бичгийг уншиж үзэхэд мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ гэсэн бичигтэй байсан. Д-гийн өгсөн бичиг баримтыг аваад 24-ний 12 цагийн үед Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хот руу ганцаараа явсан. Маргааш нь буюу 25-ны өглөө 06 цагийн үед Улаанбаатар хотын “Эмээлт”-ийн пост дээр цагдаа зогсоон юм. Би цагдаад модны бичиг баримтаа үзүүлэхэд шалгах зүйл байна та машиндаа хүлээж байгаараа гэсэн удаагүй алаг машинтай цагдаа ирээд намайг машинаа барьчих дагаад яваарай гээд дагуулаад явсан.Би модтой машинаа бариад дагаад явсан чинь Сонгинохайрхан дүүргийн журмын хашаанд саатуулсан...” /хх 27-29/ гэх мэдүүлгүүд,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2905 дугаартай: “...мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэж тээвэрлэсэн гэх 38.83 мЗ модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 10.395.062.81x2.9= 30.145, 682,149 төгрөг байна. 30,145,682,149 төгрөг х3=90,437,046,447 төгрөг байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 186-187/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1980 дугаартай: “...Уг моднууд нь Pinaceae Lindl- Нарсны овгийн Larix sibirica-Сибирь шинэс болох нь тогтоогдов. Шинжлэгдсэн моднууд нь нийт 45.83 м3 байна.
-Шинжлэгдэж буй моднуудын дундаж чийг нь 11.75%-ийн чийгтэй байх тул хуурай мод байна. Тухайн модны огтлолын төрлийг нь тогтоох боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 41-43/, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын ойн ангийн 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 42 дугаар албан бичиг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Х.Д-ийг зохих зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Х.Д-ийг зохих зөвшөөрөлгүй 38,83 м3 модыг бэлтгэж, экологи эдийн засагт шууд 30,145,682.149 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ийг 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Х.Д-оос “...Эрүүгийн 2408020391336 тоот хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан бөгөөд гэм буруугийн тал дээр маргаагүй, шүүхээс тогтоогдсон гэм буруутай байдлыг хүлээн зөвшөөрсөн тул гэм буруутай холбоотой үндэслэлээр гомдлыг гаргахгүй байна, нийт 38.83 куб.м модыг хууль бусаар бэлтгэсэн гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, эргэлзээтэй байдлыг бий болгоод байгаа юм. ... Уг эрүүгийн хэрэгт зөвхөн 7 м3 мод бэлтгэснийг тогтоосон боловч бусад үйлдэл үйл баримтыг тогтоолгүй 38.83 м3 модыг хууль бусаар бэлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Мөн надад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэл нь зөвхөн Завхан аймгийн бүсчлэл байгаа тул хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад хүндрэлтэй байдлыг бий болгоод байна. Учир нь, одоогийн ажиллаж байгаа Тосонцэнгэл сумын мод бэлтгэлийн газраас Увс аймгийн нутаг дэвсгэрт орших аж ахуйн нэгж, иргэдэд мод нийлүүлдэг юм. Үүний зэрэгцээ Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэх мөнгөн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй байгаа тул тээврийн хэрэгсэл жолоодон Увс аймагт материал хүргэж өгч төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа болно. Эрүүгийн хариуцлагыг биелүүлэх шаардлагатай тул зорчих эрх хязгаарласан бүсчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж, шүүх хуралдаанд би М- гэх хүнд 7 м3 мод ачуулсан бусад модыг би ачуулаагүй... гэж маргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлсэнээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж, Ойн тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшсэн аж ахуй нэгж, байгууллага эзэмшлийнхээ ойгоос ойн менежментийн төлөвлөгөө, гэрээ, эрхийн бичигт заасан нөхцөл, болзлын дагуу мод, ойн дагалт баялгийг ашиглах үүрэгтэй гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт хууль бусаар мод бэлтгэсэн гэдгийг “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн; зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн; засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн байхаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол” хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Завхан аймаг дахь сум дундын ойн ангиас 7 м3 мод бэлтгэх эрхийн бичгийг “Б-” ХХК-ийн бригадын ахлагч Х.Д-ид олгож, мод бэлтгэх талбайг Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр “Рашаант багийн нутаг, Булжихын Сагалгар, Бургаст” гэж зааж, гэрээ байгуулсан байхад уг эрхийн бичгийн “модны тоо, хэмжээ 7 м3” гэснийг “47 м3” болгон өөрчилж, улмаар Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэр “Болжхын зүрхийн ар” гэх гэрээнд зааснаас өөр газраас зөвшөөрөлгүйгээр ойд 38.83 м3 модыг бэлтгэж, экологи эдийн засагт шууд 30,145,682.149 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, түүний үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгий 1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан, анхан шатны шүүх экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч өөрийн гэм буруу, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өөрийн гэм буруу дээрээ маргаагүй харин давж заалдах шатны шүүх хуралдаанд тухайн модыг би ачуулааүй, гэрч Д.М- нь Алагаа гэх хүнээс дээрх модыг авч ачсан гэж тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөөгүй хүний талаар болон хэрэгт авагдаагүй баримтын талаар тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Х.Д-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2078 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР