2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/00516

 

2026 01 12   192/ШШ2026/00516

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** тоотод оршин суух Д-ийн Б /РД:ЖМ******5/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** давхарт байрлах Н ХХК /РД:***/-д холбогдох,

 

2025 оны 3-р сарын 26-ны өдрөөс хойш шүүх хурал хүртэлх хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д овогтой Б миний бие Н ХХК-нд 2021 оны 11 сард ажилд орж 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөр хууль бусаар халагдаад улмаар шат шатны шүүхээр намайг хууль бусаар халсан болохыг тогтоож ажилгүй байсан хугацааны олговрыг маань гаргуулж шийдсэн билээ. Харамсалтай нь Н ХХК намайг болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хуурах зорилгоор дүр үзүүлсэн тушаал болох Ажилд томилох тухай 2025 оны 10-р сарын 13-ны өдрийн Б25/1043 дугаартай тушаал гаргасан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх харилцааг дуусгавар болгох заалт буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д Тодорхой үйлдэл, үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг даалгасан шийдвэрийг биелүүлсэн гэх заалтыг ашиглаж Ажилд томилох тухай 2025 оны 10-р сарын 13-ны өдрийн Б25/1043 дугаартай тушаал гаргах замаар ажилд авч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн шүү гэсэн ойлголтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төрүүлэх зорилготой байсан. Түүнд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага итгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж дуусгавар болгосон болно. Мэдээж худал учраас ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.6-д Ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх үүргээ биелүүлэхгүй нэг ч өдөр ажиллуулахгүй ростерын хуваарьт оруулахгүй байсаар улмаар 2025 оны 12-р сарын 02-ны өдөр дуудаж ажилд авах боломжгүй гээд 3 сарын цалин өгье тэгээд нэг мөсөн 2 тийшээ салъя гэсэн санал хэлэхэд би шууд татгалзаж байгаагаа хэлсэн. Энэ талаараа ч 2025 оны 12-р сарын 30-нд болсон Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт хорооны хурлын үеэр ажил олгогч Н ХХК- ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х нь чамайг гүйцэтгэх захирал ажилд авахгүй гэсэн гэдгээ шууд илэрхийлсэн. Тэгэхээр ажилд томилсон тухайн тушаал нь ажилд авсан гэдгээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад харуулж ойлгуулахын тулд дүр үзүүлж гаргасан гэдэг нь хэнд ч тодорхой болсон билээ. Улсын дээд шүүхийн 2012 оны 6-р сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжийн 3.2-т Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг. Нөгөө талаараа Н ХХК нь цаашид огт ажлын байраар хангахгүй гээд цаашдын бодлогоо тодорхой илэрхийлснээс харахад би 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр ажлаасаа халагдсан гэж үзэхээр байна. Мөн ажилд томилсон тушаалын огноо болох 2025 оны 10-р сарын 13-ний өдрөөс хойш нэг ч хоног, нэг ч цаг ажиллуулаагүй болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ажил олгогч Н ХХК-ийн ажилд авахгүй гэсэн үйлдлийг хууль бусад тооцож улмаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөр хууль бусаар халагдаад 2025-05-21-ний өдөр давж заалдах шатнаас магадлал гараад тэгээд эргэж ажилдаа орохоор болсон. Харамсалтай нь Н ХХК намайг болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хуурах зорилгоор дүр үзүүлсэн тушаал болох Ажилд томилох тухай 2025 оны 10-р сарын 13-ны өдрийн Б25/1043 дугаартай тушаал гаргасан. Тодруулбал намайг халснаас хойш нэг өдөр, нэг секунд ч ажиллуулаагүй 2025-12-05 нд 1,598,839 төгрөг, 2025-12-20 нд 1,003,665 төгрөг, 2026-01-05 нд 595,173 төгрөг гэж цалин өгсөн, ажилд авсан тушаал гаргасан атлаа ингээд цалин өгөхгүй байдаг. Хариу тайлбар дээр яриад байгаа тэр 2025-10-13-ний өдрийг хүртэлх олговрыг бол авсантай маргахгүй, гэхдээ яг нийгмийн даатгалын бичилт хийгдсэн эсэхийг мэдэхгүй, суутгаад тэр хэмжээний буюу шүүхээр шийдвэрлэгдсэн 60,341,520 төгрөгийг оролцуулаад 90,996,300 гэлүү тэр мөнгө бол өгсөнтэй маргахгүй. Гэхдээ намайг ажиллуулахгүй байгаа учраас би цалин биш олговор авах ёстой учраас 35,230,515 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

2. Хариуцагч Н ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б-ийн Н ХХК-д холбогдуулан 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2025 оны 03 сарын 26-ны өдрөөс хойш шүүх хурал хүртэлх хугацаанд авах ёстой байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай Н ХХК /ГХО/ нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02357 дугаартай шийдвэрийг 2025 оны 10 сарын 13-ны өдөр Гүйцэтгэх захирлын Б25/1043 тоот тушаалаар түүнийг ажилд нь томилж, томилогдсон өдөр хүртэлх шүүхийн шийдвэр болон магадлал дурдсанчлан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг заасныг үндэслэн анхан шатны шүүхээс тогтоосон ажилгүй байсан хугацааны цалинд 90,996,300 төгрөг олгож, уг олговроос шүүхийн шийдвэрт заасны дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлснийг баталгаажуулсан. 2025 оны 9 сараас эхэлсэн бензин, түлшний хомсдолын улмаас уурхайн хөрс хуулбарлалтын хэмжээг багасаж, үүний улмаас бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулахгүй байгаа зэргээс үүдэн тус ажилтныг уурхайн бүсэд дуудан ажиллуулаагүй байгаа бөгөөд ажил үүргээр хангах холбогдох зохицуулалтыг түлш, шатахууны хомсдолтой уялдуулан дотоод зохион байгуулалтыг хийсний үндсэн дээр ростерийн ээлжид дуудан ажиллуулах зохицуулалт хийнэ.Иймд Ажил олгогч нь дээр дурдсанчлан шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хүлээн зөвшөөрөхгүй, 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 357 дугаартай шийдвэрээр 60,341,520 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба манайх 2025 оны 10 сарын 13-ны өдөр Гүйцэтгэх захирлын Б25/1043 тоот тушаалаар түүнийг ажилд нь томилж, томилогдсон өдөр хүртэлх шүүхийн шийдвэр болон магадлалд дурдсан мөнгөн дээр 30,6 сая орчмыг нэмээд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг заасныг үндэслэн 90,996,300 төгрөг олгож, зохих шимтгэлүүдийг төлсөн нийгмийн даатгалд өгчихсөн байгаа учраас баримтаа авчирч чадсангүй. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн гэж ойлголоо. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд олговрыг бол манайх олгочихсон. Ажилд авснаас хойш буюу 10 дугаар сараас манайх сул зогсолт гээд цалингийн 60 хувийг олгоод явж байгаа дутуу цалин хөлстэй холбоотой маргаан бол энэ биш, олговор олгоогүй гэж нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байгаа учраас сул зогсолт болоод цалин олгосон баримтуудаа гаргаж өгөөгүй... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.26-ны өдрийн 192/ШШ2025/02357 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.05.21-ний өдрийн 210/МА2025/00855 дугаартай магадлал, магадлал гардуулсан баримт зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, цахим гүйлгээний баримт, Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.10.13-ны өдрийн В25/1043 дугаартай тушаал зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага болоод хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие Н ХХК-нд 2021 оны 11 сард ажилд орж 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөр хууль бусаар халагдаад улмаар шат шатны шүүхээр намайг хууль бусаар халсан болохыг тогтоож ажилгүй байсан хугацааны олговрыг маань гаргуулж шийдсэн билээ. Н ХХК намайг болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хуурах зорилгоор дүр үзүүлсэн тушаал болох Ажилд томилох тухай 2025 оны 10-р сарын 13-ны өдрийн Б25/1043 дугаартай тушаал гаргасан. Гэхдээ 2025 оны 10-р сарын 13-ний өдрөөс хойш нэг ч хоног, нэг ч цаг ажиллуулаагүй болно.Иймээс Хөдөлмөрийн хуулийн 127 дугаар зүйлд заасан олговрыг шүүх хуралдаан болсон 2026-01-12 ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, 35,230,515 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэв.

3. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг заасныг үндэслэн анхан шатны шүүхээс тогтоосон ажилгүй байсан хугацааны цалинд 90,996,300 төгрөг олгож, уг олговроос шүүхийн шийдвэрт заасны дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлснийг баталгаажуулсан... Ажилд авснаас хойш буюу 10 дугаар сараас манайх сул зогсолт гээд цалингийн 60 хувийг олгоод явж байгаа дутуу цалин хөлстэй холбоотой маргаан бол энэ биш, олговор олгоогүй гэж нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байгаа... гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02357 дугаартай шийдвэрээр Д.Б-ийг Н ХХК-н экскаваторын ажлын байранд эгүүлэн тогтоож, ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны олговорт 60,341,520 төгрөгийг олгосныг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2025/00855 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ.

2025 оны 10 дугаар сарын 23-ний өдөр Д.Б-ийн Голомт банкны 2****0 дугаартай данс руу хариуцагч Н ХХК-аас шүүхийн шийдвэрийн дагуу олговор гэх агуулгаар 72,478,553 төгрөгийг шилжүүлсэн байх ба энэ нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зохих хураамжийг суутгасны дараах дүн гэж хариуцагч тал тайлбарлана.

Хэрэгт хариуцагч талаас 2025-10-13-ний өдрийн Б25/1043 дугаартай Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын Ажилд томилох тушаалыг ирүүлсэн байх ба тус тушаалаар Д.Б-ийг 2025-10-13 ний өдрөөс экскаваторын операторын албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 90,996,300 төгрөг олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаар талууд тайлбарлана.

5. Нэхэмжлэгч тал ...2025-10-13 ний өдрийн Ажилд авах тушаал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж өгөх зорилготой тушаал болохоос ажилд авсан тушаал биш, уг тушаалын дагуу нэг хоног ч ажиллуулаагүй учир цалин биш олговроо шаардаж байна...гэж нэхэмжлэлээ дэмждэг бол хариуцагч тал ...шүүхийн шийдвэрийн дагуу олгох ёстой олговрын хамт ажилд авсан тушаал гарах хүртэлх олговрыг нөхөж олгосон, 2025-10-13-ны өдрөөс цалин олгоод явж байгаа тэр нь дутуу байгаа эсэх асуудал нь өөр маргаан гэж ... татгалзана.

Талуудын маргааны зүйл нь 2025-10-13-ний өдрийн Б25/1043 дугаартай Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын Ажилд томилох тушаалыг нэхэмжлэгч тал дүр үзүүлсэн буюу отг ажиллуулаагүй учир цалин бус олговор гэх агуулгаар шаардаж байна гэдэг бол хариуцагч тал уг тушаалын дагуу ажилд авсан, цалин олгоод явж байгаа, харин олговрыг бүтэн өгсөн гэдэг.

Шүүх хариуцагчийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02357 дугаартай шийдвэрээр тогтоогдсон 60,341,520 төгрөгийг, түүнээс хойшхи ажилд авсан тушаал гарсан 2025-10-13-нийг өдрийг хүртэлх олговрыг буюу нийт 90,996,300 төгрөгөөс зохих суутгуулуудыг хасаад нэхэмжлэгч Д.Б-ид 72,478,553 төгрөгийг гарт олгосон гэж үзэхээр байна. Тодруулбал шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь ...2025-10-13 ний өдрийг хүртэлх олговор авсан талаар маргахгүй ... байгаа талаар тайлбарласан.

Маргааны зүйл болсон 2025-10-13-ний өдрийн Б25/1043 дугаартай Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын Ажилд томилох тушаалыг үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02357 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх ба нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаагүй байх тул тушаалыг хэлбэрийн төдий гэж үзэх боломжгүй. Гэхдээ уг тушаалынхаа үр дагаврыг хариуцагч буюу ажил олгогч этгээд хариуцан ажилтныг ажил хөдөлмөр эрхлүүлэх үүрэгтэй ба тухайн үүргээ биелүүлэхгүй байгаа эсэх маргаан бол Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй, 154.2-т эрх зөрчигдсөн этгээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах, эдгээр байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэх,  гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаас үзвэл хөдөлмөрийн маргаантай харилцаанд урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх ёстой байжээ. Гэтэл шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул 2025-10-13-наас хойшхи цалин хөлсийг олгоогүй тухайд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна. Олговор, цалин гэдэг агуулга нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад талуудын маргааны зүйл болсон учраас шүүх анх нэхэмжлэл хүлээн авахад шаардлагуудыг ялган зааглаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй байсан гэдгийг тайлбарлах нь зүйтэй байна.

Ингээд дээрхийг нэгтгээд шүүх хариуцагч буюу ажил олгогчийг нэхэмжлэгч Д.Б-д ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг бүтэн олгосон гэж үзээд тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол ажилд авах тушаалаас хойш цалин хөлсийг бүрэн олгохгүй байгаа, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа гэх асуудлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсний дараа шүүхэд зохих нэхэмжлэл, шаардлагаа гаргах нь зүйтэй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч Н ХХК-д холбогдуулан гаргасан нөхөн олговорт 35,230,515 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-жийн хариуцагч Н ХХК-д холбогдуулан цалин хөлс дутуу олгосон гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ