| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/13136/И |
| Дугаар | 192/ШШ2026/01183 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2026/01183
2026 01 27 192/ШШ2026/01183
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ** өөрийн байранд байрлах Г ХК /РД:2******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ** тоотод оршин суух Д-ийн Т /РД:ЗФ******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 24,072,511.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д овогтой Т нь 2018 оны 05 сарын 25-ны өдөр Г банктай ЗГ***5 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Д овогтой Т нь ЗГ******5 болон хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөгүй ба 2022 оны 05 сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. 2025 оны 11 сарын 28-ны байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ЗГ1915144533 тоот зээлийн хувьд: Хугацаа хэтэрсэн хоног 1256 хоног, үндсэн зээлийн төлбөрт 11,328,390.71 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 11,061,515.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,682,604.53 төгрөг, нийт 24,072,511.19 төгрөг. Зээлдэгч Д овогтой Т-аас Г банктай байгуулсан ЗГ***5 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 24,072,511.19 төгрөгийг гаргуулж Г банканд олгуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 05 сарын 25-ны өдөр Г банктай ЗГ***5 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авсан. 2025 оны 11 сарын 28-ны байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ЗГ****3 тоот зээлийн хувьд: Хугацаа хэтэрсэн хоног 1256 хоног, үндсэн зээлийн төлбөрт 11,328,390.71 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 11,061,515.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,682,604.53 төгрөг, нийт 24,072,511.19 төгрөг нэхэмжилж байгаа гэж анх нэхэмжлэл гаргасан тэрийгээ дэмжиж байна... гэв.
2. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Т-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч Л.Ж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэгчийн 2025 оны 12 сарын 02-ны өдөр бичсэн Г банктай байгуулсан ЗГ****35 дугаартай гэрээний үүрэгт 24 072 511.19 төгрөгийг гаргуулах" шаардлагатай нэхэмжлэлд ИХШХШТХуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан эрх үүргийнхээ дагуу хариу тайлбар гаргаж байна. Хариуцагч Д.Т нь 2018 онд БНСУ-д ажиллаж байгаад гэмтэл авч биеийн эрүүл мэндийн байдлаас үргэлжлүүлэн ажиллаж чадалгүй Монголд ирээд ажил олдохгүй ажилгүй байснаа хөдөө орон нутагт хувь хүнтэй хамтран түүний эзэмшлийн экскабаторын жолоочоор ажил төрөл эрхэлж байгаа боловч тогтмол цалин хөлс орлогогүй амьдарч байна. Хариуцагч нь Г банкны харилцагч бөгөөд 2012, 2013 оноос Г банкнаас зээл авч төлөлтийг хуваарийн дагуу төлж явсаар 2018 оны 5 сард зээлээ хаасан байдаг. Ийнхүү өмнөх зээлээ хаахдаа хэрэгт авагдсан 2018 оны 5 сарын 25-ны өдрийн зээлийн хэдэн төгрөгийг өмнөх зээлд зарцуулсан, банк хариуцагчийн гар дээр нь хэдэн төгрөг олгосон, өмнө хэдэн удаа хэдэн төгрөгийн зээл өгсөн зэрэг нь тодорхойгүй байх ба өмнө авсан зээлийн үлдэгдэл зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд хэрхэн тооцогдсон тодорхой байна. Хариуцагч нь Сүүлийн төлөлтийг 2021 оны 6 сарын 7-ны өдөр хийх үед: Зээлд 8 671 809.29 төлөгдсөн \үлдэгдэл 11 328 390.71 мөнгө\ хүүнд 6 514 201.69 төлөгдсөн \үлдэгдэл 1 543 008 .38 мөнгө\ нэмэгдүүлсэн хүүд 68 770 28 төгрөг нийт 15 254 581. 26 төлсөн байна. Зээлийн хугацаанд дэлхий нийтэд үүссэн Ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас хэвийн төлөлт доголдож, хорио цээрийн дэглэм, хязгаарлал,болон бусад олон давагдашгүй хүчин зүйлээс ажил төрөл орлого алдагдаж амьдрахад хүнд үүссэн байдаг. Дээрх нөхцөл байдлаас гэрээний үүргээ биелүүлэх явцад хариуцагчийн хүсэл зориг, хяналтаас гадуур гэнэтийн урьдчилан таамаглах даван туулах сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй болж зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тул банканд хандаж зээлийн үлдэгдэл 11 328 390.71 төгрөгийг төлөх талаар санал хүсэлтээ бичгээр гаргаж танилцуулсан боловч ямар ч хариу өгөөгүй, хариуцагч тогтсон бүртгэлтэй хаягтаа оршин суусаар байхад Г банк 2025 оны 2 сарын 6-ны 018190300 мэдэгдэл хүргүүлэх тухай бичиг хүргүүлсэн мэтээр шүүхэд хандсан мөн 2025 оны 6 сарын 9-ны Шүүгчийн 192\Ш32025\26087 дугаартай захирамжаар Хариуцагчийг албадан ирүүлэх захирамж гаргуулсан нь үүрэг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаа алдсанаа хүлээн зөвшөөрч хийсэн ажиллагаа гэж бодож байна. Иймд хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа \өргөдөлд\ үндсэн зээлийн үлдэгдэл 11 328 390.71 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч хүү 11 061 515.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 682 604.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ их удаан явж байгаа хэрэг юм. Зээл авсантай маргахгүй ч 2018 онд авсан зээлээ зээлээ хаах гэж энэ зээлийг авсан байдаг ба өмнөх зээлийн үлдэгдэл хэд байсан нь бол тодорхойгүй. Энэ 20 саяын зээлнээс өмнөх зээлийн үлдэгдлээ хаагаад 12 сая төгрөг гар дээрээ авсан үндсэн зээлээс 8,671,609 төгрөг, хүү 6,514,201 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,770 төгрөг нийт 15,254,581 төгрөг төлөгдсөн ба хамгийн сүүлийн төлөлт 2021-06-07 нд байдаг. Ковид бол гарсан хэвийн төлөлт алдагдсан өөрөө хүсэлт тавьсан байдаг. 11,328,390 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөөд ингээд хандсан ч хариу өгөөгүй. Хаягандаа байж л байсан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Шүүхэд бас эрх хэмжээ байгаа, нэгдүгээрт ковид хоёрдугаарт нэхэмжлэгч байгууллагын хариуцлагагүй байдал буюу 20 сая төгрөгийг 28,057,210 төгрөг болгож төлөх байсан үүнээс 15 сая төгрөгийг төлчихсөн, тэгсэн шүүхэд хандалгүй, бас өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийхгүй төлөх хүртэл хүү авна гэсэн байдлаар ингэж удсан, 8,9 жил болчихсон байна шүү дээ. Хүүг харахаар үндсэн мөнгөний үлдэгдлээс ч их байна, энэ бол байж болохгүй л гээд байгаа юм, хэдийгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч үндсэн зээл 11,328,390 төгрөг төлж болно л гээд байгаа, бусдыг төлөх боломжгүй ..мөн нэмж хэлэхэд өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаад 2025-09-22 ний үед нэхэмжлэгч хуралдаа ирээгүй гээд нэхэмжлэл буцаагдсан тэрнээс хойш гэхэд л дахиад мөнгө нэмээд орж ирж байгаа юм, тэрийг бас шүүх харгалзан үзээсэй ... гэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.05.25-ны өдрийн 1****35 дугаартай зээл болон барьцааны гэрээ, Г банк ХК-ийн 018190300 дугаартай мэдэгдэл, Г банк ХК-ийн 2021.12.20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.01.06-ны өдрийн 184/ШЗ2022/00730 дугаартай захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.26-ны өдрийн 182/ШШ2022/01220 дугаартай шийдвэр, Д.Т-ын 2025.02.06-ны өдөр Г банк ХК-д гаргасан хүсэлт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.06.09-ний өдрийн 192/ШЗ2025/26087 дугаартай захирамж, дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагч талаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар зэргийг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... Д.Т нь 2018 оны 05 сарын 25-ны өдөр Г банктай гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан ба 2022 оны 05 сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. 2025 оны 11 сарын 28-ны байдлаар хэтэрсэн хоног 1256 хоног ба үндсэн зээлийн төлбөрт 11,328,390.71 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 11,061,515.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,682,604.53 төгрөг, нийт 24,072,511.19 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
3. Хариуцагч Д.Т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ... Зээлийн хугацаанд дэлхий нийтэд үүссэн Ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас хэвийн төлөлт доголдож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тул банканд хандаж зээлийн үлдэгдэл 11 328 390 төгрөгийг төлөх хүсэлт гаргаж байсан ч тэр үед хариу өгөөгүй...хариуцагч тогтсон бүртгэлтэй хаягтаа оршин суусаар байхад нэхэмжлэл одоо гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх дууссан...шүүх зээлийг хүүг бууруулах эрх хэмжээтэй тул үндсэн зээлээс давсан хүүг төлөхгүй....зээлийн үлдэгдэл 11 328 390.71 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрнө... гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д.Т нь Г ХК-тай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж , 20,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй зээлсэн болох нь 1905122935 дугаартай цалингийн зээлийн гэрээ, хүү тохиролцсон хүснэгт, зээл дансны хуулга зэргээр тус тус тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хуульд нийцүүлж хийсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Улмаар талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20,000,000 төгрөгийн гэрээний хугацаа 2022-05-20-ний өдөр дууссан мөн үндсэн зээлд 8,671,609 төгрөг, хүүд 6,514,201 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 68,770 төгрөг тус тус төлөгдсөнтэй талууд маргадаггүй. Тодруулбал 2021-06-07 -нд хамгийн сүүлийн төлөлт орж ирсэн, улмаар үндсэн зээлийн төлбөрт 11,328,390 төгрөг төлөгдөөгүй байгаатай маргаан байхгүй.
2021-12-20-ний өдөр Г ХК нь Д.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,388,743 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, 2022-01-06-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/Ш32022/00730 дугаартай захирамжаар хариуцагчийг хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Улмаар 2022-04-26-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2022/01220 дугаартай шийдвэрээр хариуцагч Д.Т-ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, түүний дараа 2025 онд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсэж, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ирээгүй шалтгаанаар нэхэмжлэлийг өмнө нь нэг удаа хэрэгсэхгүй болгож байжээ.
Хэрэгт 2025 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн Г банкны мэдэгдэл байх ба 22,094,853 төгрөгийг 2025-02-13 ний өдрийн дотор төлөх агуулгатай Д.Т нь танилцаж, гарын үсэг зурсан байна.
5. Нэхэмжлэгч тал хариуцагчийн хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байснаас шалтгаалан цаг хугацаа их өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хүү зогсох үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлтэй гэж, хариуцагч тал хариуцагч хаягтаа байсан учраас 8,9 жил өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан, үндсэн төлбөрөө төлнө, харин хүү нэмэгдүүлсэн хүүг ковидоос шалтгаалж гэрээний үүрэг биелэгдээгүйтэй холбоотой хуримтлагдсан, хэт өндөр хүү нэхэж байгааг шүүх бууруулж өгөөч гэсэн агуулгаар мэтгэлцдэг.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Г банк ХК-н зээлдэгчийн дансны хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн төгрөгийг 20,094,853 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Учир нь хариуцагч үндсэн зээлийн төлбөрт нэхэмжилсэн 11,328,390 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байхаас гадна хариуцагч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зээл төлсөн байдлаас тогтоогдож байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх... гэж заасны дагуу нэхэмжлэгч тал хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.
Ковид-19 цар тахал нийтэд илэрхий үйл баримт, үүнийг нотлох шаардлагагүй боловч хариуцагч нь өөрийн орлого буурсан, гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байсан бусад баримтаа шүүхэд нотлох үүрэг хүлээнэ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаартай тогтоол гарсан байх ба уг тогтоол нь талуудын байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг хойшлуулах, эсхүл хүү төлөх үүргээс чөлөөлөхийг зээлдэгчид шууд үүрэг болгоогүй юм. Тиймээс энэ талаарх хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй байна.
Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр маргадаг ба талуудын байгуулсан гэрээний хугацаа 2022-05-20 ний өдөр дуусаж, улмаар хөөн хэлэлцэх гэрээний 3 жилийн хугацаа нь 2025-05-20 ний өдөр дуусгавар болохоор байна. Нэхэмжлэгч хэдийгээр энэхүү нэхэмжлэлийг 2025-12-12 ний өдөр гаргасан байх боловч үүнээс өмнө буюу 2022-01-06 ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/Ш32022/00730 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байснаас гадна 2022-04-26 ний өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2022/01220 дугаартай шийдвэрээр хариуцагч Д.Т-ыг эрэн сурвалжлахаах шийдвэрлэж байсан үйл баримт тогтоогдсон. Түүнчлэн уг хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө буюу 2025-09-22 ний өдөр Г банкны нэхэмжлэлтэй Д.Т-д холбогдох хэргийг буцааж шийдвэрлэж байсан талаар талууд шүүх хуралдаан дээр санал нэгтэй тайлбарладаг. Тэгэхээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэнэ.
Харин шүүх нэхэмжлэгчийг үүнээс өмнө нэхэмжлэл гаргахдаа зээлийн үндсэн төлбөрт 11,328,390 төгрөг, хүүд 9,413,467 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,352,994 төгрөг нийт 22,094,853 төгрөг/ хх 13 дугаар тал/ нэхэмжилсэн дүнгээс тооцсон ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй шалтгаанаар 2025-09-22 ний өдөр шүүхээс нэхэмжлэл буцсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул нэхэмжлэлийн үнийн дүн 24,072,511 төгрөг болж өссөн нь хариуцагчаас шалтгаалаагүй байгааг харгалзах учиртай. Улмаар 22,094,853 төгрөг нэхэмжлэх эрхтэй байгаагаас 2,000,000 төгрөгийг хасаж 20,094,853 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.
Учир нь хариуцагч тал зээлийн хүү хэт их буюу үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй ойролцоо байх тул бууруулах агуулгаар мэтгэлцсэн ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно, 13 дугаар зүйлийн 13.1-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч тал 2022-04-26 ний өдөр хариуцагчийг эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гарснаас хойш хэзээ хариуцагчийн хаягийг олсон нь тодорхойгүй, улмаар шүүхэд 2025 онд хандсан байх ба энэ хугацааны хооронд ямар учир шалтгааны улмаас шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй нь ойлгомжгүй байхаас гадна энэ хугацаа нь хүү өсөхөд нөлөөлсөн байна гэж үзээд 2,000,000 төгрөгийг хассан болно.
Дээрхийг нэгтгээд хариуцагч Д.Т-лаас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 11,328,390 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,413,467 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,352,994 төгрөг, нийт 20,094,853 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 258,424 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дугаар зүйлд зааснаар хариуцагч Д.Т-аас 20,094,853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,977,658 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 258,424 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ