| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/00718/И |
| Дугаар | 192/ШШ2026/01423 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2026/01423
2026 02 02 192/ШШ2026/01423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн** байрлах Г ХК /РД: *******7/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ** тоот хаягт оршин суух Д овогтой С-ын Б /РД: ШЗ*****/-д холбогдох,
72,204,748.63 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлийн эрх бүхий карт эзэмшигч С овогтой Б (РД:Ш3*****) нь Г банктай 2019 оны 2-р сарын 13-ны өдөр Дугаар Б***13 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 20,000,000 / Хорин сая / төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24%, бэлэн мөнгө авсаны 42%-ийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн болно. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй байгаа тул С.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2024 оны 01-р сарын 04-ний өдрийн байдлаар 50,838,904.67 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлж төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан тул Г ХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 11 сарын 04-ний өдрийн байдлаар 21,365,843.96 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжлэлийн хэмжээг нийт 72,204,748.63 төгрөг болгон нэмэгдүүлж байна. Үүнд: үндсэн төлбөрт 18,875,621.40 төгрөг, хүүний төлбөрт 24,935,923.74 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 26,638,632.97 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1,754,570.52 төгрөг, нийт 72,204,748.63 төгрөг гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Б нь 2017 оны 02 сарын 22-ны өдөр 20,000,0000 төгрөгийн зээлийн эрхтэй Дебьют картын гэрээ байгуулсан. Мөн энэ картыг 2019 оны 02 сарын 13-ны өдөр гэрээгээ дахин 2 жилээр сунгасан. Зээлдэгчийн зээлийн гэрээний гүйцэтгэлд үндсэн төлбөр 18,875,621.41 төгрөг, үүргийн төлбөр 24,935,923.73 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 26,638,632.97 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1,754,570.52 төгрөг, нийт 72,204,748.65 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г хариуцагчийн сөрөг шаардлагад шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргана: Энэ карт маань мөнгө хэрэгтэй үед шууд картаар зарцуулж аваад гүйлгээ хийчихдэг. Картын гэрээний нөхцөл нь Монгол банк болон Голомт банкны сайтууд дээр бүрэн нээлттэй, одоог хүртэл хэрэглэгддэг карт юм. 2 гэрээ байгуулсан, зээлийн гэрээнийх нь зээл авсан нь тогтоогдохгүй байна гэж ярьж байна. 2019 оны 02 сарын 13-ны өдрийн картаа үргэлжлүүлээд сунгаад явсан. Гэрээний хүү, нөхцөл яг адилхан. Мөн 2019 оны гэрээгээр мөнгө авсан нь тогтоогдохгүй байна гэж ярьж байна. Зээлийн хүү тооцооллын зарлага хэсэгт гарсан дүнгүүд бүгд тодорхой байна. 2019 оны 02 сарын 14-ний өдөр Бургер кинг Зайсан, Гүүд прайс Улаанбаатар гээд гүйлгээ хийгдээд явчихсан. Нийт зарцуулсан дүн нь 111,087,016.09 төгрөгийн гүйлгээ хийсэн нь зээл авсан гэсэн үг шүү дээ. Анхнаасаа зээлийн картын бүтээгдэхүүн маань нээлттэй өдрөөс санал болгож, өөрийн зөвшөөрснөөр авч байгаа учраас заавал хууль зөрчиж, чи ав гэж тулгасан зүйл байхгүй гэв.
2. Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуул /1995 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ" гэж заасан. Гэтэл 2019 оны гэрээнд зээлийн хүүг 1, 2, 3.5 гэж ойлгомжгүй, зөрүүтэй тохирсон нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй, зээлдэгчид хүүг бага мэтээр ойлгуулах, эргэлзээ төрүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн. Үүнээс шалтгаалж зээлийн хүүгийн тооцоолол буруу болсон. 2. Зээлийн гэрээний эрхийн нөхцөлд зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох" зохицуулалтад нийцээгүй. Иймд энэ талаарх шаардлагыг зөвшөөрөхгүй. 3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуул /1995 оны/-ийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг зээлийн гэрээнд тусгаагүй. Ийм учраас нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж үзэж байна. 4. Миний бие дэлхий нийтийг хамарсан цар тахал болон өвчний улмаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 20... оны ... дугаар сарын-ний өдрөөс хойш хугацаанд огт биелүүлээгүй, гэрээнд заасан зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчсөөр байхад Г банк нь хууль болон гэрээнд зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцлаагүй, намайг илүү хүндрүүлсэн нөхцөл байдалд оруулсан. Хариуцагч намайг үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал илэрхий бий болсон байхад зээлдүүлэгч гэрээг цуцлаагүй, тодорхой арга хэмжээ аваагүй нь миний үүргийн хэмжээг нэмэгдэхэд шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Гэрээнд зээлийн эрх зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй бол карт системд түр хаагдах хугацаа 3 сар гэж заасан байгаа, нэхэмжлэгч намайг төлбөрөө төлөхөө зогссоноос хойш 3 сарын дараа хааж надаас төлбөрөө нэхэмжлэх бүрэн боломжтой байхад 20,000,000 төгрөгийн зээлийн картын хэмжээг 50 хүртэл сая болгосонд гомдолтой байна. 5. Миний бие /санаж байгаагаар/ 2017 онд анх Г банктай кредит картын гэрээг байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь уг гэрээний хувийг хэрэгт хавсаргаж өгөөгүй, албаар сүүлд байгуулсан 2019 оны гэрээг хэрэг өгсөн, уг гэрээний дагуу шаардлага гаргасан байна. Ингэхдээ өмнөх гэрээний кредит картын үлдэгдлийн тооцоог сүүлийн гэрээний тооцоололтой хольж, будилуулж байна. Иймд өмнөх кредит картын гэрээ, тооцоолол, хувийн хэрэг зэргийг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтэй байна. 6. Г банк нь хуульд байхгүй эрх хэтрүүлсний хүү шаардаж байгааг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгчид зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглуулсны хариу төлбөр нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү байхад банк нь эрх хэтрүүлсний хүү тооцож шаардсаныг зөвшөөрөхгүй. Иймд миний бие үндсэн зээл 18,875,621,40 төгрөгийг гэрээний үүрэг зөрчиж эхэлснээс хойш 3 сар хүртэл хүүгийн хамт буцаан төлөх хүсэлтэй, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч С.Б нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2019.02.13-ны өдрийн Б***3 дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 2.1 дэх заалтын 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэсэн заалт, 3.7.1, 3.7.2, 3.7.3, 3.7.4 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай. Дээрх заалтууд нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 202 дугаар зүйлийн 202.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Иймд дээрх заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэн С.Б Г ХК-тай 2 удаа, 2 өөр төрлийн нөхцөлтэй, 2 өөр кредит карттай гэрээг байгуулсан. Эхний 2017 оны 02 сарын 22-ны өдрийн 0***8 дугаартай кредит карт бол 2019 оны 02 сарын 04-ний өдрөөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл 2019 оны 02 сарын 4-ний өдрөөр 2017 оны гэрээний харилцаа дуусах үед нийт 11,968,79.27 төгрөгийн үлдэгдэлтэй байдаг. Хавтаст хэргийн 12 дугаар талд нэхэмжлэгчийн гардаж өгсөн кредит картын тооцооллын хүснэгттэй хамт байдаг. 2017 оны 02 сарын 22-ны өдрийн гэрээ 2 жилийн хугацаатай, 20,000,000 төгрөгийн эрхтэй байгаа. 2017 оны 02 сарын 22-ны өдрийн гэрээний үүргийг шаардах хугацаа 2019 оны 02 сарын 04-ний өдрөөс тоологдож, гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 02 сарын 04-ний өдрөөр дуусгавар болсон. Гэвч нэхэмжлэгч нь сүүлд 2019 онд тусдаа бие дааж байгуулсан, 2 өөр гэрээний төрлийг хооронд нь хольж нэг нь нөгөөгөө сунгасан мэтээр тайлбарладаг. Гэвч хэрэгт бие даасан 2 өөр гэрээнүүд авагдсан. 2019 оны 02 сарын 13-ны өдрийн гэрээний дагуу 2019 оны 02 сарын 14-ний өдрөөс эхлэн бэлэн болон бэлэн бусаар зарлага гаргадаг. Энэ бэлэн бус зарлагуудыг нэг бүрчлэн түүж үзэхэд 2019 оны 02 сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 сарын 04-ний өдөр хүртэл зарлага гаргасан. Өөр 27,347,458.08 төгрөгийн зардал гаргасан. Яг энэ хугацаанд буюу 2019 оны 02 сарын 14-ний өдрөөс 2020 оны 02 сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд 24,770,000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн. 2022-2023 онд 200,000 төгрөг, 100,000 төгрөг гэх мэт 1,500,000 төгрөг нэмж төлсөн. 2019 оны гэрээний хүрээнд 26,270,000 төгрөгийн төлөлт хийсэн. Мөн хариу тайлбарт дурдсанчлан 2017 оны гэрээний шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2019 оны 02 сарын 13-ны өдрийн тооцоолол 1,077,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байн гэж үзэж байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа сүүлд 2023 оноос хүчин төгөлдөр болсон Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн хуулийг баримталсан байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаанд 1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хэрэгждэг. Бид 2019 оны 02 сарын 13-ны өдрийг гэрээний шаардах эрхийг хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж байна. Энэ гэрээний хүүтэй холбоотой хэсгүүдийг хууль зөрчсөн тохиролцоо нөхцөл байна гэж үзэж байна. Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны 10 сарын 31-ний өдрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-дэх хэсэгт зээлийн хүүгийн хэмжээ бодох аргачлалыг Монгол банк батална гэж заасан. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А-203 дугаартай журам шинжлэн батлах тухай журамд нэхэмжлэгчийн кредит картын тооцооллын хүснэгт болон гэрээнд заасан хүүгийн нөхцөлүүдийг харахад нийлмэл хүү боддог. Өөрөөр хэлбэл зээл авч бэлэн болон бэлэн бус зарлага гаргахад бэлэн нь 3,5 хувь, бэлэн бус 2 хувь гэх хүү тохиролцсон байдаг. Яг тооцооллыг нь харахад хүүгийн төлбөрөө үндсэн төлбөр дээр нэмж, дахин хүү нэмж хүүгийн төлбөр боддог. Энэ журмын 1.3.6-дах хэсэгт зааснаар нийлмэл хүү гэх нэр томьёонд хамаарна. Нийлмэл хүү гэдэг нь үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон нийлбэр дүнгээс тооцсон хүүг хэлж байгаа юм. Энэ журмын 5.5-дах хэсэгт иргэнд нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд зээл олгох гэрээний харилцаанд Иргэний хуулийн 451.1-дэх хэсэгт хүүгийн хэмжээг тодорхой заана, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Банкны хариу тайлбартай танилцахад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд чөлөөт байдлын зарчмыг хэрэгжүүлнэ гэж хүүгийн тохиролцоог хийсэн нь үндэслэлгүй. Учир нь банк өөрөө зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд учраас Банкны тухай хууль, Иргэний хууль, Монгол банкны ерөнхийлөгчийн хүү бодох тооцооллын журам зэргээс улбаалж иргэдэд өөрсдийн хүүгийн талаар, ботид өртгийг тайлбарлаж өгөх үүрэгтэй. Гэрээнд хэд хэдэн өөр төрлийн хүүгийн төлбөр тавьж, өөрсдийнх нь бэлтгэсэн анхнаасаа санал болгодог нөхцөл юм. , Монгол банкны ерөнхийлөгчийн хүү бодох тооцооллын журамд нийлмэл хүүг Иргэдийн зээлд хэрэглэхгүй. Зээлийн үнийн төлбөрт нэмэгдүүлсэн хүүг бодохгүй, 5.2-дох хэсэгт нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүү төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгээс тооцно гэж заасныг зөрчиж байна. Эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 452.2-дох хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заасан. Энэ гэрээнд эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэдэг нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-дох хэсэгт заасантай нийцээгүй. Иймэрхүү байдлаар хууль зөрчсөн, нийцээгүй учраас нэхэмжлэгчид зээлийн үлдэгдэл хэтрүүлсэн болон хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй байна гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэл дээр 2019 оны 02 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хүүтэй холбогдсон хэсэг хуульд нийцээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Г банкны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ББГ-***3 дугаар кредит картын гэрээний хуулбар, Б С-ын кредит картын тооцооллын хүснэгт, Г банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаар Эрх олгох тухай тушаалын хуулбар, итгэмжлэл, Г банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.07.26-ны өдрийн 317 дугаартай эрх олгох тушаал, С.Б-ийн R**** дугаартай кредит картын тооцооллын хүснэгт, харилцагч С.Б-ийн хувийн хэрэг, 2018.08.21-ний өдрийн ЗГ**7 дугаартай зээл болон барьцааны гэрээ, 2018.03.29-ний өдрийн ЗГ**0 дугаартай зээл болон барьцааны гэрээ, 2020.10.20-ны өдрийн R***3 дугаартай харилцагчид бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээ, Г.Н-д олгосон итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгөв.
4. Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.1. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Зээлдэгч С.Б-тэй байгуулсан КТ****58, Б**3 тоот кредит картын гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 18,875,621.41 төгрөг, үүргийн төлбөр 24,935,923.73 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 26,638,632.97 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 1,754,570.52 төгрөг, нийт 72,204,748.65 төгрөгийг нэхэмжилнэ... гэв.
1.2 Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: 2017 оны 02 сарын 22-ны өдрийн гэрээний үүргийг шаардах хугацаа 2019 оны 02 сарын 04-ний өдрөөс тоологдож, гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 02 сарын 04-ний өдрөөр дуусгавар болсон... 2019 оны гэрээний хүрээнд 26,270,000 төгрөгийн төлөлт хийсэн... 2019 оны 02 сарын 13-ны өдрийн тооцоолол 1,077,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй... гэдэг.
1.3 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
С.Б нь Г банк ХК-тай 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах тухай нэртэй зээлийн гэрээ байгуулж , 20,000,000 төгрөгийг, жилийн 250,000 төгрөгийн хураамжтай, 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний хүүг 2 хувь байхаар, харин бэлэн гүйлгээний хүүг 3,5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, зээлсэн болох нь К***8 дугаартай зээлийн гэрээгээр тогтоогдоно.
Мөн Г банк ХК-тай 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах тухай нэртэй зээлийн гэрээ байгуулж , 20,000,000 төгрөгийг, жилийн 250,000 төгөргийн хураамжтай, 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний хүүг 2 хувь байхаар, харин бэлэн гүйлгээний хүүг 3,5 хувийн хүүтэй зээлсэн болох нь Б***13 дугаартай зээлийн гэрээгээр тогтоогдоно.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хуульд нийцүүлж хийсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Хэрэгт кредит картын тооцооллын хүснэгт авагдсан байх ба тус хүснэгтэн мэдээлэлд, 2017-02-16 ний өдөр 250,000 төгрөгийн зарлагыг харилцагч С.Б гаргасан байх ба 2019-02-13 ны өдрийн байдлаар 11,968,799 төгрөгийн өр төлбөр төлөхөөр дансны үлдэгдэл хасах утгыг зааж байна. Улмаар 2019-03-01 ний өдрөөс дахин зарлага картнаас гарч эхэлж хамгийн сүүлд 2020-03-04-ний өдөр 250,000 төгрөгийн зарлага гарсанаар -19,211,158 төгрөгийн өр төлбөртэй гэж гарсан байна.
1.4 Хэдийгээр хариуцагч дээрх 2 зээлийн гэрээ нь тус тусдаа байгуулагдсанаас гадна картны дугаарууд өөр өөр гэдэг байдлаар 2 тусдаа гэрээ гэж тайлбарлаж байх боловч орлого, зарлагын гүйлгээний мэдээллээс үзвэл 2017 оны гэрээний 2 жилийн хугацаа дуусгавар болоход үргэлжлүүлэн зарлага харилцагчийн нэр дээр гарч, 2019 оны гэрээ байгуулагдсан байна. Карт гэдэг бол төлбөрийн хэрэгсэл бөгөөд харилцагч С.Б-ийн нэр дээр хэдэн ч өөр карт олгогдож болох бөгөөд 2 жилийн хугацаа нь дуусахад дахин хэвлэгдэхдээ өөр дугаар олгогдсон байхыг үгүйсгэхгүй. Гагцхүү урьдчилж хэрэглээд төлж байгаа гэх агуулгаараа картын хураамж төлөөд баталгааждаг энэ гэрээний төрлийн хувьд картын дугаар өөр байгаагаас шалтгаалан тус тусдаа гэрээ гэж үзэхгүй ба энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй. Энэ үндэслэлээр 2022-02-13 ний өдрөөс шаардах эрхийн хугацаа тоологдох ба нэхэмжлэгч анх шүүхэд 2024-01-15 ний өдөр нэхэмжлэлээ гаргасан тул хөөн хэлэлцэх гэрээний 3 жилийн хугацаа дуусаагүй гэж үзнэ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийг зээлжих эрх, зээлийн карт, зээлийн шугам зэрэг хэлбэрээр, техникийн хэрэгсэл, программ хангамж ашиглан олгож болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн картын хэлбэрээр зээлийн бүтээгдэхүүн гаргасан гэж үзэхээр байна.
Улмаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2022-02-13-ний өдөр дууссан харилцагч С.Б нь 111,087,016 төгрөгийн зарлага гаргасан мөн үндсэн зээлд 92,211,394 төгрөг, хүүд 5,310,849 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,648,283 төгрөг тус тус төлөгдсөнтэй талууд маргадаггүй.
Г банк ХК нь С.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 72,204,748 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт зарлагадсан 111,087,016 төгрөгнөөс 92,211,394 төгрөг төлөгдсөн байх тул 18,875,621 төгрөгийн үлдэгдэлтэй, хүүгийн төлбөрт 24,935,923 төгрөг нэхэмжилж байгаагаас хүүг тал хувиар бууруулан 12,467,961 төгрөгийг гаргуулахаар, улмаар үндсэн зээл, хүүгийн нийлбэр 31,343,582 төгрөгийн 20 хувьтай тэнцэх 2,493,592 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар, нийт 33,837,174 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ. Тодруулбал нэхэмжлэгч эрх хэтрүүлсний хүү 1,754,570.52 төгрөгийг нэхэмжилснээс шүүх эрх хэтрүүлсний хүү авах эрх тохирсныг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул уг хэсгийг хангахгүй, мөн хугацаа хэтрүүлсэн 26,638,632.97 төгрөг нэхэмжилж байгаа нь нэмэгдүүлсэн хүү гэх агуулгад хамаарч байна. Улмаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсний дагуу үндсэн зээл, хүүгийн нийлбэр 31,343,582 төгрөгийн 20 хувьтай тэнцэх 2,493,592 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг шүүх хангах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтаар зээлдүүлэгчийг зээлдэгчээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхийг нээж өгсөн хэдий ч зээлдэгч буюу нэхэмжлэгч Г банк ХК-г гэрээнд заасан эрх, үүргийг үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчмыг баримтлах ёстой гэж шүүх үзэж , хүү бурууллаа. Тодруулбал:
Нэгдүгээрт: Нэхэмжлэгч анх шүүхэд 2024-01-15-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ зөв тодорхойлоогүйн улмаас /2017 онд анх картын зээлийн гэрээ байгуулснаа огт дурдаагүй/ 2025-11-04-ний өдрийг хүртэлх хүү тооцогдож, хүү өсөх шалтгаан болсон.
Хоёрдугаарт: 2017 оны картын зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход зээлдэгч, харилцагч 11,968,799 төгрөгийн өр төлбөртэй байхад талуудын хооронд байгуудагдсан гэрээгээ мөрдөлгүй, картыг хаахгүйгээр, дахин эрсдэлтэй байдлаар зээл олгож эхэлсэн нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч мэргэшсэн этгээдийн хувьд илтэд хайхрамжгүй хандсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Гуравдугаарт: Гэрээн дээр бэлэн ба бэлэн бус гүйлгээний хүүг өөр өөр хэмжээгээр харилцан тохиролцсон атлаа үүнийгээ нэхэмжлэгч тал хэрхэн яаж ялган тооцоолсноо тайлбарлаж чадаагүй тул хүүг шүүхээс бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэл байхгүй.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан тул хүүгийн хэмжээнээс дээрх үндэслэл шалтгаанаар хасаж тооцсон болно.
2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Тодруулбал зээлдэгч нь 2019-02-13-ний өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах тухай гэрээний хүү төлөх дараалал болоод эрх хэтрүүлсний хүү, хугацаа хэтрүүлсний хүүг тусгасан зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж маргадаг. Шүүх нэхэмжлэгч буюу Г банк ХК нь эрх хэтрүүлсний хүү авахаар хариуцагчтай тохиролцсон тохиролцоог хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй гэж үзээд сөрөг нэхэмжлэлээс энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно. Тодруулбал 2019-02-13-ний өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах тухай гэрээний 1.1 дүгээр зүйлийн зээлийн эрх хэтрүүлсний хүү 2 хувь гэх хэсэг болон 3.7 дах хэсгийн төлбөр төлөх дараалал гээд 3.7.1 т зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсний хүү гэсэн хэсгүүд нь хүчин төгөлдөр бус байна. Харин нэмэгдүүлсэн хүү тохирсон болоод зээл эргэн төлөх дарааллыг тогтоосон 3.7 дах заалтын бусад үлдсэн хэсэг хүчинтэй гэж үзнэ.
Тодруулбал Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина гэсний дагуу батлагдсан аргачлалд кредит картын зээлийн гэрээнд хэрэглэх хүү-гийн талаар тусгайлан заагаагүй байна. Харин зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцоолохыг уг аргачлалд нарийвчлан тайлбарласан байна.
Иймээс шүүх эрх хэтрүүлсний гэх хүү-г холбогдох хууль тогтоомжид заагаагүй хүүг тохиролцсон буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийгдсэн гэж үзнэ.
Дээрхийг нэгтгээд үндсэн нэхэмжлэлийн шаардлгаас зарим хэсгийг хангаж, хариуцагч С.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 33,837,174 төгрөгийг гаргуулж, Г банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43,367,574 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас талуудын хооронд байгуулагдсан 2019-02-13-ний өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах тухай гэрээний 1.1 дүгээр зүйлийн зээлийн эрх хэтрүүлсний хүү 2 хувь гэх хэсэг болон 3.7 дах хэсгийн төлбөр төлөх дараалал хэсгийн 3.7.1 дэх зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсний хүү гэсэн хэсгүүд нь хүчин төгөлдөр бус заалтад тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас мөн гэрээний зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэсэн заалт, 3.7.2, 3.7.3, 3.7.4 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 676,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 327,135 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 35,100 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дугаар зүйлд зааснаар хариуцагч С.Б-ээс 33,837,174 төгрөгийг гаргуулж, Г банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43,367,574 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг үндэслэн зохигчдын хооронд байгуулагдсан 2019-02-13-ний өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах тухай гэрээний 1.1 дүгээр зүйлийн зээлийн эрх хэтрүүлсний хүү 2 хувь гэх хэсэг , 3.7 дах хэсгийн төлбөр төлөх дараалал хэсгийн 3.7.1 дэх зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсний хүү гэсэн хэсгүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэсэн заалт, 3.7.2, 3.7.3, 3.7.4 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 676,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 327,135 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 35,100 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ