2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2026/01774

 

2026 02 09   192/ШШ2026/01774

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** тоотод оршин суух Д-ын Ш /РД:ЙЮ*******3/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ** тоотод оршин суух Б-гын Тү /РД:****/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** байрлах Х ХХК /РД:6******/-иудад холбогдох,

 

Хариуцагч нартай байгуулсан гэрээнүүдийг цуцалж, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороонд байршилтай 17104 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг чөлөөлөхийг даалгаж, хохирол 4,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0422 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 180 ширхэг гацуурын үнэ болох 50,400,000 төгрөг болон салгаж авах боломжгүй эд хөрөнгийн үнэ 86,329,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Ш,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б,

Хариуцагч Б.Т,

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ш шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.Ш би СХД-ийн 32 хороонд байрлах 1*****8 нэгж талбарын дугаар, 0***2 тоот гэрчилгээний дугаартай 17104 м2 аж ахуйн зориулалттай газар болон №2021/169 тоот техникийн нөхцөлтэй цахилгааны КТП-ийн хамт 2023.06.13-ны өдрийн 0422 тоот газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу иргэн Б.Т-д 230,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Б.Т газрын төлбөр болох 230,000,000 төгрөгийг нөхөр Б.П-ын Х ХХК-ийн Mi хотхоны Б блок барилгаас 14 давхарт 41,1м22 өрөө В загварын сууц, 16 давхрын 46,93м2 2 өрөө Г загварын сууцыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр орон сууц захиалгын ЗГ-МR-22/53 тоот гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахад дээрх блокын 11 давхрын карказ угсралт хийгдсэн, санхүүжилтгүй гэх шалтгаанаар барилга угсралтын ажил зогссон байдалтай байсан бөгөөд гэрээ хийгдсэнээс хойш барилгын ажлын явцыг тодруулах зорилгоор Б.Т болон нөхөр Б.П нартай холбоо барихаар 8***2, 9***2 дугаар болон ня-бо Б.О-ийн 8*****6 дугаар руу удаа дараа залгаж холбогдох гэсэн боловч 2024.04.03-ны өдрийг хүртэл холбогдож чадаагүй, Хан-Уул дүүргийн ** тоотод байрлах Х ХХК-ийн оффист хэд хэдэн удаа очоод эзгүй түгжээтэй байсан. Барилгын талбай дээр 2023.06.13-ны өдрөөс хойш 5-6 удаа очсон. Барилга 1 жилийн хугацаанд 15 давхар буюу 4 давхрын карказ угсралт явагдсан байсан. Уг талбай дээр ажиллаж байгаа даамал, инженерүүд Б.Т, Б.П нарыг мэдэхгүй 3 жилийн хугацаанд огт харж уулзаж байгаагүй гэдэг бөгөөд борлуулалтын жагсаалтад тэдний байр гэсэн бүртгэлтэй байр байхгүй, мэдэхгүй гэдэг хариулт өгдөг. Би гэрээ байгуулсан өдрөөс гэрээний үүргээ биелүүлж газар болон цахилгаан эрчим хүчээр хангуулах гэрээний хамт хариуцагчид хүлээлгэн өгсөн. Хариуцагч 2023.06.13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл газрын үнийг төлж барагдуулах талаар нэг ч алхам хийгээгүй бөгөөд орон сууц захиалгаар барих гэрээний 4.2-т заасан үүргээ биелүүлээгүй мэдээллээр хангаагүй болно. Дээрх 2 гэрээ нь хоорондоо салшгүй холбоотой бөгөөд газар шилжүүлэх гэрээний төлбөрт 2 сууцыг бартераар авахын тулд орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан тул тухайн иргэний хэрэгт хамтатган шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзээд Х" ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, Х ХХК-тай байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-МR-22/59 тоот орон сууц захиалгаар барих гэрээг цуцлах шаардлагыг нэмж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Тухайн газар дээр гэрийн буурь цутгаж модон жорлон барьж газрыг ашиглаж байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2024.04.05-ны өдрөөс хойш мод тарьж үйл ажиллагаа явуулж байсан тул би дахин төлбөргүй ашиглуулахгүйн тулд хамгаалагч нар хөлсөлж хамгаалалтын зардалд 4,000,000 төгрөг зарцуулсан болно. Иймд нэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр хоорондоо холбоотой хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд нэгтгэн гаргаж, хариуцагч Б.Т-д холбогдуулан 2023.06.13-ны өдрийн 0422 тоот газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцалж, өөрт учирсан хохирол 4,000,000 төгрөгийг Б.Т-ээс гаргуулах, харин Х ХХК-д холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-МR-22/59 тоот орон сууц захиалгаар барих гэрээг цуцлах шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д.Ш сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Хариуцагчийн 2025.03.17-ны өдөр бичигдсэн тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 1. 2023.06.13-ны өдрийн 0422 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэжээ. Уг гэрээг насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тогтоогдоогүй иргэн Б.Т-тэй байгуулсан. Иргэний хуулийн 43.2-т заасан хэлцлийн хүчин төгөлдөр агуулгыг хангасан тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2. Гэрээ байгуулснаас хойш тухайн газар дээр мод тарьсан 50,400,000 төгрөгийн үнэ бүхий 180 ширхэг гацуурыг буцаан олгохыг Д.Ш-өд даалгах, албадан гаргуулах гэжээ. Би хүчин төгөлдөр гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй учраас гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэл гаргасан тул энэ шаардлагыг биелүүлэх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй. 3. Газраас салгаж авах боломжгүй эд хөрөнгийн үнэ 86,329,000 төгрөгийг Д.Ш-өөс гаргуулах гэжээ. Шүүхэд нэхэмжлэлийг 2024 оны 4 сард анх гаргаснаас хойш маргаантай газарт мод тарьж, тохижилтын ажил хийсэн тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж татварын дугаар бүхий ** тоот газрын гэрчилгээний дугаартай 17,104 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон техникийн нөхцөлтэй цахилгааны КТП-н хамт Б.Т-д худалдсан болно. Иргэн Т нь газрын төлбөрт өөрийн нөхөр болох Д.П-ын х компанийн барьж байгаа барилгаас 41.1 м 2 болон 46,93м2 2 өрөө байрыг тус тус 2024 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх нөхцөлтэй захиалгын гэрээг байгуулсан. Гэвч барилга нь баригдахгүй удааширч, 2026 оны 6 сараас хойш 5-аас 6 удаа очсон боловч 2024 оны 4 сарын сарын 3-ны байдлаар барилга угсралтын явц 15 давхар дээр явж байсан бөгөөд одоогийн байдлаар ажиллах хүнгүй болсон. Миний бие гэрээ байгуулсан өдрөө гэрээний үүргээ биелүүлэн өөрийн эзэмшлийн газрыг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хамт иргэн Б.Т болон нөхөр Б.П нарт хүлээлгэн өгсөн ба тэд 2023 оны 6 сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тус газарт гэрийн буурь, модон жорлон барьж ашиглаж байгаа. Иймд иргэн Б.Т нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2023 оны 6 сарын 13-ны өдрийн 04 22 тоот газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцалж, мөн Х байгуулсан 2023 оны 6 сарын 13 өдрийн орон сууц захиалгаар барих гэрээг цуцлах шаардлагыг гаргасан. Тэгээд эдгээр хүмүүсийн хууль бус үйлдэлтэй холбогдуулж манайх хамгаалалтын зардалд 4 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Ийм гурван шаардлага гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.Ш-ийн Б.Т надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна Үүнд: 1. Нэхэмжлэгч Д. Ш нь Б.П-тай харилцан тохирч СХД-ийн 32 дугаар хороонд байрлах 1*****8 нэгж талбарын дугаартай, 0***2 тоот гэрчилгээтэй 17104 метр квадрат талбай бүхий аж ахуй зориулалттай газрыг 230 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч төлбөрт нь Х ХХК-нийн барьж байгаа M хотхоны Б блок барилгаас 14 давхарт 41.1 м.квадрат талбай бүхий 2 өрөө В загварын сууц, 16 давхрын 46.93 м. квадрат талбай бүхий 2 өрөө Г загварын сууцыг тус тус бартераар өгөхөөр орон сууц захиалгын ЗГ-МR-22\59 тоот гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Иймд энэ гэрээ хүчинтэй байхад газрын эзэмших эрх шилжүүлсэн гэрээ цуцлах боломжгүй. Тэгээд ч нэхэмжлэлийн шаардлага нь ч ойлгомжгүй, тодорхойгүй байна. Д.Ш, Б.П нар харилцан тохирч хийсэн Орон сууц захиалгын гэрээгээ үндэслэн 2023 оны 06 сарын 13 -ны өдөр 0422 тоот газар эзэмших гэрээ байгуулж газрыг миний нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь дээрх 2 гэрээнээс татгалзсан тухай надад ямар нэг мэдээлэл ирүүлээгүй бөгөөд энэ маргааныг Х ХХК-ний болон иргэн Б. П нарыг оролцуулахгүйгээр шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэлийн агуулгаас харахад Орон сууц захиалгаар барих гэрээ буюу газрын төлбөрийн талаар дэлгэрэнгүй бичсэн байх тул гол хариуцагч нь Х ХХК-ний гэж ойлгогдохоор байна. Нэхэмжлэгч нь манай эзэмшилд байгаа газрыг хамгаалах ямар ч шаардлага байгаагүй тул хамгаалалтын зардал гэж нэхэмжилж байгаа 4 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар тайлбар гаргаж байна гэв.

Хариуцагч Б.Т шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Б овогтой Т нь Д овогтой Ш-өөс Улаанбаатар хотын СХД-ын 32 дугаар хороонд байрлах 1*****8 нэгж талбарын дугаар, 0*******2 тоот гэрчилгээний дугаартай 17104 м.квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон 2021/169 тоот техникийн нөхцөлтэй цахилгааны КТП-ийн хамт 2023 оны 06-р сарын 13-ны өдрийн 0422 тоот газар эзэмших эрх шилжүүлэх нотариатын гэрээний дагуу иргэн Д.Ш-өөс худалдаж авсан болно. Гэтэл Төрийн Захиргааны байгууллагын зөвшөөрлөөр шилжүүлэх ёстой байтал зөвшөөрөл аваагүй, газрын албанд хандаж шилжүүлж өгөөгүй. Мөн орон сууц захиалгаар барих гэрээг халхавчлан дүр үзүүлсэн гэрээ байгуулсан, намайг төөрөгдүүлсэн байна. Миний нөхөр Б.П нь өөрийн компани болох Х ХХК-ийн барьж байгаа M хотхоны Б блокийн барилгыг 100% өөрийн хөрөнгөөр барьж байгаа үндсэн захиалагч компани болно. Тус барилгаас Иргэн Д.Ш-ийн газрын төлбөрт Х ХХК-ийн барьж байгаа M хотхоны Б блокийн барилгын 14 давхарт 41,1м2 хоёр өрөө В загварын сууц. 16 давхрын 46,93м2 хоёр өрөө Г загварын сууцыг тус тус 2024 оны 1-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар ЗГ-МR-22/59 тоот гэрээ байгуулан өгсөн болно. Тус барилгын карказ угсралтын ажил бүрэн дууссан. Тус барилгын ажлын явц өрлөг шавар, гадна болон дотор заслын ажил дээрээ хэвийн явж байгаа тул тус барилгаа бүрэн ашиглалтад оруулах ажил шуурхай явагдаж байгаа болно.Мөн төрийн байгууллагын шийдвэр хүлээгдсэн, барилгын материалын саатал зэргээс шалтгаалж байрыг Улсын комисст өгөх хугацаа хойшилж байгаа тул бид Д.Ш-өд гэрээний дагуу төлбөрөө бэлэн мөнгөөр буюу шилжүүлгээр төлөхийг хүсэж байгаа боловч тэрээр төлбөр авахаас үндэслэлгүйгээр татгалзаж байна. Иргэн Д.Ш-өөс авсан тус газар дээр миний бие Б.Т нь 6 ширхэг гэрийн буурь цутгаж бетон 18,135,000 төгрөг, Гэрийн буурь цутгах, хашаа будах, явган зам будах, хаалга хийх, гадна тохижилт хийх, ажлын хөлс, материал хамт нийт 42,000,000 төгрөг, модон жорлон 2 ширхэг 5,150,000 төгрөг, 181 ширхэг мод тарьсан 58,825,000 төгрөг, манаач цалин 4,500,000 төгрөгийн ажлуудыг тус тус хийж Нийт ойролцоогоор 128,610,000 төгрөгөөр тус хашаанд өөрийн зардлаар тохижилтын ажлуудыг хийсэн байгаа болно. Иргэн Д.Ш болон Б.Т бид тус газрыг 2023 оны 06 сард худалдаж авахдаа хоёр талын хүсэл зориг, итгэл үнэмшлийн дагуу худалдаж, худалдан авсны үндсэн дээр хийсэн гэж итгэж байсан тул тус газар дээрх зардлыг миний бие гаргаж тохижилтын ажил хийсэн. Энэ тохижилтоор их хэмжээний хөрөнгө оруулсныг Д. Ш мэдэж байгаа тул үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилгоор гэрээг цуцлах гэж байна гэх үндэслэл бүхий байна. Мөн энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.2., 56.1.3., 56.1.8., 58., 59 -д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрээ байгуулснаас хойш тухайн газар дээр мод тарих цементэн байгууламж хийхэд гарсан зардал нийт 136,729,000 төгрөгийг Д. Ш-өөс гаргуулах гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг: 1. Д. Ш Б.Т нарын хооронд байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0422 тоот газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, 2. Гэрээ байгуулснаас хойш тухайн газар дээр мод тарьсан 50,400,000 төгрөгийн үнэ бүхий 180 ширхэг гацуурыг буцаан олгохыг Д. Шинэмөнхөд даалгах, албадан гаргуулах, 3. Газраас салгаж авах боломжгүй эд хөрөнгийн үнэ 86,329,000 төгрөгийг Д.Ш-өөс гаргуулах гэж өөрчлөн тодорхойлж байна гэжээ.

Хариуцагч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ш нь Х компанитай гэрээ байгуулаад газраа шилжүүлчхээд, иргэн Б.Т би газраа хүлээж аваад хөрөнгө оруулалтаа эхэлсэн. Ингээд байр ашиглалтад хугацаандаа ороогүй тул мөнгө хэлбэрээр өгье гээд санал тавьдаг, энэ санал ч хүчинтэй байгаа. Анхнаасаа газрын эрхээ албан ёсоор шилжүүлж өгөөгүй, ингээд хууртчихсан байгаа. Газрын албанд энэ гэрээ очиж бүртгэгдэж, газрын шилжилт үйлдэгдэх зүйл хуулийн дагуу бол хийгдээгүй байгаа. Одоо хариуцагч Х компанийн байр суурь юу гэхээр нэгдүгээрт энэ гэрээ хүчин төгөлдөр байна. Хоёрдугаарт газрыг чинь буцааж өгөх боломжгүй болсон учраас энийг төлнө өө. Яагаад гэхээр та бид 2-ын хооронд хийсэн гэрээний үндсэн дээр Б.Т-д одоо эрх шилжүүлсний үндсэн дээр гэрээгээ үндэслээд эрх шилжсэн гэж ойлгоод дээр нь бол 136 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн. Хэрвээ гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх юм бол одоо Х компани нь өнөөдөр энд үнийн дүнг бэлэн өгөх боломжтой. Хэрвээ хүчин төгөлдөр бус энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцогдох юм болбол нөгөө Т миний байгуулсан гэрээ бас хүчин төгөлдөр болоод тэгээд гэрээгээр өгсөн авснаа буцааж өгөх ийм одоо нөхцөл байдал үүсэж байна аа. Сөрөг дээрээ тайлбар хэлэхэд Х компани сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага Д.Ш, Б.Т хоёрын хооронд байгуулсан 0422 тоот газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээ байгуулснаас хойш тухайн газар дээр мод тарих техник байгууламж хийхэд гарсан зардал нийт 136,729,000 төгрөгийг Д.Ш-өөс гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Х ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д. Ш-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна Үүнд: Х ХХК болон Д овогтой Ш нар харилцан тохиролцож Улаанбаатар хотын СХД-ын 32 дугаар хороонд байрлах 1******8 нэгж талбарын дугаар, 0******2 тоот гэрчилгээний дугаартай 17104 м.квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон 2021/169 тоот техникийн нөхцөлтэй цахилгааны КТП-ийн хамт 2023 оны 06-р сарын 13-ны өдрийн 0422 тоот газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж иргэн Д.Ш-өөс уг газрыг шилжүүлж авсан болно. Иргэн Д.Ш-ийн газрын төлбөрт Х ХХК-ийн барьж байгаа "M хотхоны Б блокийн барилгын 14 давхарт 41,1м2 хоёр өрөө В загварын сууц, 16 давхрын 46,93м2 хоёр өрөө Г загварын сууцыг тус тус 2024 оны 1-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар ЗГ-МR-22/59 тоот гэрээ байгуулан өгсөн болно. Тус барилгын карказ угсралтын ажил бүрэн дууссан. Тус барилгын ажлын явц гадна болон дотор заслын ажил дээрээ хэвийн явж байгаа тул тус барилгаа бүрэн ашиглалтад оруулах ажил шуурхай явагдаж байгаа болно. Мөн төрийн байгууллагыг шийдвэр хүлээгдсэн, барилгын материалын саатал зэргээс шалтгаалж байрыг Улсын комисст өгөх хугацаа хойшилж байгаа тул бид Д.Ш-өд гэрээний дагуу төлбөрөө бэлэн мөнгөөр буюу шилжүүлгээр төлөхийг хүсэж өгөхөд бэлэн байгаа байгаа боловч тэрээр төлбөр авахаас үндэслэлгүйгээр татгалзсаар байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Иргэн Д.Ш-өс авсан тус газрыг Д.Ш бид харилцан тохиролцож иргэн Б.Т-ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд Б.Т нь нийг 136,729,000 төгрөгийн зардал гаргаж тус газар дээр \ хашаанд\ хөрөнгө оруулж тохижилтын ажлуудыг хийсэн байгаа болно. Иргэн Д.Ш нь Б.Т-д тус газрыг 2023 оны 06 сард шилжүүлэхэд хоёр талын хүсэл зориг, итгэл үнэмшлийн дагуу худалдаж, худалдан авсны үндсэн дээр хийсэн газрын шилжүүлэг гэж итгэж байсан гул тус газар дээрх зардлыг Д.Т бүрэн гаргаж тохижилтын ажил хийсэн. Энэ тохижилтоор их хэмжээний хөрөнгө оруулсныг Д.Ш мэдэж байгаа тул үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилгоор гэрээг цуцлах гэж байна гэх үндэслэл бүхий байна. Тиймээс Иргэн Д.Ш-өөс Б. Т-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ гэрээ нь Х ХХК-ний болон Д овогтой Ш нарын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр хийгдсэн байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар тайлбар гаргаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.06.13-ны өдрийн 0422 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, нэгж талбарын 1***4 дугаартай газар эзэмших эрхийн лавлагаа, газрын төлбөр төлсөн баримт, 2023.06.13-ны өдрийн ЗГ-МR-22/59 дугаартай орон сууц захиалгаар барих гэрээ, нэгж талбарын 1**4 дугаартай газрын кадастрын зураг, 2021.09.14-ний өдрийн №2021-169 дугаартай техникийн нөхцөл, №01***7 дугаартай газар эзэмшүүлэх гэрээний мэдээлэл, 2024.07.01-ний өдрийн харуул хамгаалалтын гэрээ, 202307000122 дугаартай харуул, хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчаас Б.Т-лээс иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024.11.28-ны өдрийн 398 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2023.06.13-ны өдрийн ЗГ-МR-22/59 дугаартай орон сууц захиалгаар барих гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч Х ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбарыг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.1 Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Ш би Сонгинохайрхан дүүргийн 32 хороонд байрлах 17104 м2 аж ахуйн зориулалттай газар болон №2021/169 тоот техникийн нөхцөлтэй цахилгааны КТП-ийн хамт 2023.06.13-ны өдрийн 0422 тоот газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу иргэн Б.Т-д 230,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Б.Т газрын төлбөр болох 230,000,000 төгрөгийг нөхөр Б.П-ын Х ХХК-ийн M хотхоны Б блок барилгаас 14 давхарт 41,1м22 өрөө В загварын сууц, 16 давхрын 46,93м2 2 өрөө Г загварын сууцыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр орон сууц захиалгын ЗГ-МR-22/53 тоот гэрээ байгуулсан. Дээрх 2 гэрээ нь хоорондоо салшгүй холбоотой бөгөөд орон сууц нь ашиглалтад ороогүй учраас гэрээгээ цуцалж, мөн газар худалдан авах гэрээг ч бас цуцалж, газраа чөлөөлүүлж авна... гэдэг.

 

1.2 Хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ... Төрийн байгууллагын шийдвэр хүлээгдсэн, барилгын материалын саатал зэргээс шалтгаалж байрыг Улсын комисст өгөх хугацаа хойшилж байна. Д.Ш-хөөс авсан тус газар дээр миний бие Б.Т нь 6 ширхэг гэрийн буурь цутгаж бетон 18,135,000 төгрөг, гэрийн буурь цутгах, хашаа будах, явган зам будах, хаалга хийх, гадна тохижилт хийх, ажлын хөлс, материал хамт нийт 42,000,000 төгрөг, модон жорлон 2 ширхэг 5,150,000 төгрөг, 181 ширхэг мод тарьсан 58,825,000 төгрөг, манаач цалин 4,500,000 төгрөгийн ажлуудыг тус тус хийж нийт ойролцоогоор 131,460,000 төгрөгөөр тус хашаанд өөрийн зардлаар тохижилтын ажлуудыг хийсэн байгаа болно, газраа эрх бүхий байгууллага дээр очиж шилжүүлэх үйлдлийг хийхгүйгээр анхнаасаа намайг ийм их тохижилт хийлгэхээр хуурсан байх тул энэ байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр бус гэж сөрөг шаардлага гаргасан, энэ зардлаа гаргуулж авмаар байна... гэв.

Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...Тус барилгын ажлын явц гадна болон дотор заслын ажил дээрээ хэвийн явж байгаа ...төрийн байгууллагыг шийдвэр хүлээгдсэн, барилгын материалын саатал зэргээс шалтгаалж байрыг Улсын комисст өгөх хугацаа хойшилж байгаа тул бид Д.Ш-өд гэрээний дагуу төлбөрөө бэлэн мөнгөөр буюу шилжүүлгээр төлөхийг хүсэж өгөхөд бэлэн байгаа байгаа боловч тэрээр төлбөр авахаас үндэслэлгүйгээр татгалзсаар байна...газар авсан Д.Т тохижилтын ажил хийсэн. Энэ тохижилтоор их хэмжээний хөрөнгө оруулсныг Д.Ш мэдэж байгаа тул үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилгоор гэрээг цуцлах гэж байна гэх үндэслэл бүхий байна... гэв.

 

1.3 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

А. 2023 оны 06 дугаар сарын 13-ний өдөр 0422 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Д.Ш нь өөрийн эзэмшлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо ** гудамж 0 тоотод байрлах 17091 мкв газрыг 230,000,000 төгрөгөөр Б.Т-д худалдах, худалдан авагч нь төлбөрөө ирээдүйд баригдах орон сууцаар төлөхөөр харилцан тохиролцжээ. Тодруулбал Б.Т-лийн гэр бүлийн гишүүн болох нөхөр Б.П нь Х ХХК-н захирал, улмаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт M нэртэй орон сууцны хотхоны төсөл хэрэгжүүлж байгаа учраас дээрх газрын төлбөрийг тус хотхоны 14 болон 16 давхрын 2 өрөө орон сууцуудаар төлж барагдуулахаар болсон байна.

Б. Уг тохиролцооны дагуу Д.Ш нь Х ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ЗГ-MR-22/59 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, дээр дурдсанаар тус хотхоны 14 болон 16 давхарт 41,1 болон 46,93 м кв талбай бүхий орон сууцуудыг бариулахаар болжээ. Уг орон сууц нь гэрээ байгуулагдах үед 11 давхрын карказ угсралт дээрээ, 2024 оны 04 дүгээр сар орчимд 15 давхар дээрээ явж байсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг бол хариуцагч тал улсын комисс хүлээн авсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарлах боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй.

В. 2024-07-18-ны өдрийн төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон тодорхойлолт, лавлагаанаас үзэхэд харилцан шилжүүлсэн, худалдсан гэх газар нь худалдагч Д.Ш-ийн нэр дээр бүртгэлтэй хэвээр байх ба талууд энэ талаар маргаангүй.

Г. Харин худалдан авагч буюу газрыг шилжүүлэн авсан Б.Т нь газар дээрээ 6 ширхэг монгол гэрийн бетон суурь цутгасан, модон жорлон 2 ширхгийг барьсан, хашаалах, явган хүний зам, хаалга гаргах будах ажил хийсэн, мөн 180 ширхэг гацуур мод тарьсан талаар тайлбарлах ба шүүхэд хариуцагч тал эдгээр бүтээн байгуулалтыг үнэлүүлсэн талаарх баримтыг ирүүлсэн. Уг үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2024-11-28 ний өдөр хийсэн байх ба тус үнэлгээнд дурдсанаар, гэрийн буурь, явган замын ажлын цутгалтын үнэ, ажлын хөлсний хамт 40,815,000 төгрөг, хашаа будах барих болон ариун цэврийн өрөөний өртөг зардал, манаачийн цалингийн хамт 15,160,000 төгрөг, 180 ширхэг мод суулгах болон модны үнэ 80,754,000 төгрөг, нийт 136,729,000 төгрөг болох талаар тайландаа тусгасан байна.

Д. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Х.А гэрчээр асуусан ба тэрээр ...2024 оны наадмын өмнө 06 сард трактороор мод тариад ухаж эхэлсэн... гэж мэдүүлжээ.

 

1.4 Нэхэмжлэгч нь ...орон сууц захиалгын гэрээгээр тохирсон 2024 оныхоо 1 дүгээр улиралд ашиглалтад ороогүй тул гэрээгээ цуцлах...мөн энэ гэрээ цуцлагдсантай холбоотойгоор газраа шилжүүлсэн гэрээгээ цуцлаад газраа чөлөөлүүлж авмаар байна гэдэг бол хариуцагч Х ХХК нь орон сууц ашиглалтад хугацаандаа ороогүй учраас Д.Ш-өд үнийг нь мөнгөн хэлбэрээр төлөх гэсэн боловч зөвшөөрдөггүй, одоо ч мөнгө өгч болно гэдэг бол нөгөө хариуцагч Б.Т нь ...энэ гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус юм билээ...зүгээр гэрээ байгуулчхаад төрийн байгууллага дээр очиж шилжүүлээгүй байж намайг хуураад энэ их хэмжээний бүтээн байгуулалт хийлгэчихсэн, одоо дээр нь бий болгосон зүйлийнхээ үнийг гаргуулан авна ...гэх агуулгаар мэтгэлцдэг.

1.5 Шүүх Д.Ш , Б.Т нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн 0422 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцалж, газрыг буцаан эзэмшилдээ авах шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч Д.Ш нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018-10-29-ний өдрийн А/516 дугаар 17104 м кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшсэн байх ба тэрээр уг газраа Монгол улсын иргэн Б.Т-д газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр худалдахаар тохиролцсон байх ба энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж заасантай нийцэх ба уг гэрээ нь хүчин төгөлдөр байна. Харин гэрээний дагуу газрын үнэ 230,000,000 төгрөгийг Х ХХК-н бариулж байгаа 2 өрөө 2 ширхэг орон сууцаар төлөхөөр, уг орон сууц нь гэрээний 3.2 т зааснаар 2024 оны 1 дүгээр улиралд худалдагч талд хүлээлгэн өгөхөөр тусгажээ. Энэ гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас нэхэмжлэгч шүүхэд 2024-04-05 ний өдөр нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч тохирсон орон сууцыг Д.Ш-өд хүлээлгэн өгсөн үйл явдал болоогүй байх тул дээрх худалдах, худалдан авах гэрээнээс худалдагч тал татгалзах эрхтэй байна.

Тодруулбал  зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх ба худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй, нөгөө тал нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч Б.Т-тэй байгуулсан дээрх гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

1.6 Нэхэмжлэгч нь ийнхүү нөгөө талын хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор 2024 оны наадмаар Б.Т-д газрыг ашиглуулахгүй байх зорилгоор 4,000,000 төгрөгөөр харуул хамгаалалт авч ажиллуулсан зардлыг нэхэмжилдэг. Хэдийгээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан эд хөрөнгийн алдагдлыг хохиролд тооцохоор заасан байх боловч гэрээгээр шилжүүлэн өгсөн газрыг гэрээний нөгөө талдаа ашиглуулахгүй гэх зорилгоор гаргасан зардлыг шүүх хангах боломжгүй.

Учир нь аливаа хамгаалалтыг хэрэгжүүлэхдээ хуульд заасан арга хэрэгслээр шийдвэрлэхийг эрмэлзэх нь эрх зүйн соёл, хандлагын зөв илэрхийлэл юм. Гэтэл шүүхэд тухайн маргаантай эрх зүйн харилцаагаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байсан атлаа нөгөө талынхаа гэрээний зүйлийг ашиглахыг хориглох арга замыг сонгож, түүндээ зориулж зардал гаргасныг шүүх зөвтгөх учиргүй байна.

Иймээс хохиролд 4,000,000 төгрөг гаргах шаардлагыг хангахаас татгалзсан болно.

 

1.7 Д.Ш, Х ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ЗГ-MR-22/59 дугаартай Орон сууц захиалгын гэрээ нь дээрх 2023 оны 06 дугаар сарын 13-ний өдөр 0422 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцалсантай холбоотойгоор агуулгын хувьд ач холбогдлоо алдсан тул нэхэмжлэгчийн энэ талаарх шаардлага үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний агуулгаас үзвэл шинээр баригдаж буй 41,1 болон 46,93 м кв 2,612,745 төгрөгөөр үнэлж, нийт 230,000,000 төгрөгийн үнэ бүхий газраар сольж авахаар тохиролцжээ.

  Эд хөрөнгөнүүдийг харилцан өмчлөлд шилжүүлж байгаа харилцаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ бөгөөд хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна, энэ гэрээний хүчин төгөлдөр эсэх дээр талууд маргаагүй.

Өөрөөр хэлбэл талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Тухайн барилгыг улсын комисс оруулан 2024-01 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгнө , мөн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт Тус гэрээний бүх зүйл заалтууд зөрчигдөж, бүрэн биелэгдээгүй тохиолдолд энэхүү орон сууц захиалгын гэрээ болон зөвшөөрлийн бичиг, бусад албан бичгүүд , гуравдагч этгээдэд худалдсан орон сууц захиалгын гэрээнүүд бүгд хүчингүй болж цуцлагдана гэж тус тус заасан байна. Нэгэнт орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй, мөн хэрэг шийдвэрлэгдэх үед ч энэ талаарх мэдээллийг хариуцагч талууд нэхэмжлэгч талдаа тодорхой илэрхийлж, мэдээллээр хангаж чадахгүй байгаа тул гэрээний үүргийг биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн гэж үзээд нэхэмжлэгч Д.Ш-ийг дээрх арилжааны гэрээ цуцлах эрхтэй гэж дүгнэлээ.

 

2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1 Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн 0422 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.2., 56.1.3., 56.1.8., 58., 59 -д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэх шаардлагыг шүүх хангахаас татгалзсан болно. Энэ талаарх үндсэн шаардлагыг шийдвэрлэсэн хэсэгт гэрээ нь хууль зөрчөөгүй талаар тайлбарласнаас гадна хариуцагчийн үндэслэж буй өөр хэлцлийг халхавчилсан, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй, ноцтой төөрөгдсөн, хууран мэхэлсэн гэх нөхцөлүүд хэрэгт авагдсан баримтаар тогтоодохгүй байна. Түүнчлэн хариуцагч нь энэ талаарх дүгнэлтэд хүрсэн шалтгаан, үндэслэлээ хангалттай шүүхэд тайлбарлаагүй, баримт гаргаж өгөөгүй байна.

2.2 Харин дараагийн шаардлага болох газар дээр бүтээн бий болгосон эд зүйлийнхээ өртгийг нэхэмжилсэн хэсгээс шүүх 51,775,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэгч Д.Ш-өөс гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд цуцлагдсан ч Д.Т-ийн тухайд газрын төлбөрийг шилжүүлж чадаагүй шалтгаан нь Х ХХК-н орон сууцийг хугацаанд нь нөгөө талдаа хүлээлгэн өгч чадаагүйтэй холбоотой. Д.Т-ийн тухайд газраа гэрээ байгуулагдмагц бодитойгоор хүлээн авч, тэр даруй гэрийн буурь болон явган хүний тохижилтын зам, хаалга, хашаа, модон жорлон зэргийг барьсан ба түүнтэй холбоотой зардал гарсан талаар нэхэмжлэгч маргаагүй, тодорхой хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг. Хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаас үзвэл гэрийн буурь, явган ажлын замын зах зээлийн үнэлгээ 40,815,000 төгрөг, хашаа болон боловсон жорлонгийн зах зээлийн үнэлгээ 10,960,000 төгрөг байх ба эдгээр зардлуудыг Д.Ш-өөс гаргуулахаар шийдвэрлэв. Харин гацуур модны үнийг шүүх хангах боломжгүй ба нэгдүгээрт гацуурыг газраас салгаж зөөвөрлөх боломжтой байдаг, хоёрдугаарт гацуурыг хариуцагч тал маргаантай буюу шүүх дээр хэрэг маргаан шийдвэрлэгдэж байх цаг хугацаанд тарьсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог болно.

Тодруулбал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаах ба 205.2.1 дэх хэсэгт гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлэн өгөх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлөхөөр хуульчлан зохицуулжээ. Д.Т-ийн тухайд гэрээ байгуулсан цаг хугацаанд Д.Ш, Х ХХК нарт итгэж тухайн бүтээн байгуулалтыг хийсэн, уг бүтээн байгуулалт нь газрын үнэ цэнийг унагаасан бус харин ч нэхэмжлэгч энэ зардлыг төлж болохыг шүүх хуралдаан дээр илэрхийлж байх тул шударга ёсны зарчмын үүднээс хангаж шийдвэрлэлээ. Ийнхүү нийт 51,775,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ш-өөс гаргуулж, хариуцагч Д.Т-д олгов.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,507,486 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,378,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа төлсөн 1,452,804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 416,825 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Т-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Д.Т-ийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо ** гудамж 0 тоотод байрлах 17091 мкв газрыг нэхэмжлэгч Д.Ш-өд хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хохиролд 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.Ш , Б.Т нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 13-ний өдөр 0422 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1 дэх хэсэгт зааснаар Д.Ш-өөс 51,775,000 төгрөг гаргуулж, Д.Т-д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84,954,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,507,486 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 699,075 төгрөгийг, хариуцагч Д.Т-ээс 689,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа төлсөн 1,452,804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 416,825 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Т-д тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ