Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 207/МА2019/00022

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч

Х.Саруулбилэгт холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00028 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х.Саруулбилэгт холбогдох,

Ажилласан хугацааны цалин, бонус 514.050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Х.Саруулбилэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Х.Саруулбилэг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-н хүртэл Ачит төвд ресепшинээр ажилласан. Анх ажилд ороход цалингийн доод хэмжээгээр урамшуулж 1.000.000 төгрөгөөс дээш орлого оруулбал түүний 30% бонус нэмж өгнө гэж хэлсэн. Ажиллаж байх хугацаандаа маш сайн ажиллаж 1.830.350 төгрөгийн орлого оруулж өгсөн. Үүний 30% болох 250.050 төгрөгийн бонус өгөх ёстой боловч өгөхгүй байгаа. Ажлын цаг дуусаад буух болохоор илүү цаг ажиллуулж байсан. Х.Саруулбилэг нь 2010 оноос өнөөг хүртэлх хугацаанд ажилчдыг нийгмийн даатгалд хамруулаагүй төдийгүй нийгмийн даатгалд компанийн бүртгэл байхгүй нь нотлогдсон. Таван ажилтантай хирнээ хоёр ажилтантай гэж худлаа хэлдэг. Иймд миний 11-н гараа гарч ажилласан цалин урамшуулал 264.000 төгрөг, бонус 250.050 төгрөг нийт 514.050 төгрөг авах тул хүсэлтийг минь хүлээн авч барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Саруулбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Х.Саруулбилэг нь бараан захын зүүн талын Ачит төвийн буудлыг ажиллуулдаг. 2018 оны 5 дугаар сарын 01-нд Долгорсүрэн гэх хүнийг удаа дараа ирж ажилд орохоор гуйхад нь идэвхи зүтгэлтэй ажиллахыг чин сэтгэлээсээ хүсч байна гэж ойлгон туршилтын журмаар ажилд авсан. Туршилтын журмаар ажиллуулахдаа цалингүй ажиллуулсан удаа байхгүй. Жишээ нь бусад газрууд ажил хийлгэхдээ 1, 2 хоног үнэгүй дагалдан хийж байхад Долгорсүрэнг шууд цалинтай ажиллуулж байсан. Ажилд авахдаа цалингийн доод хэмжээ болох 240.000 төгрөгөөр 1 сард 10 хоног ажиллахаар тохирсон. Мөн сайн ажиллавал бонус өгнө гэсэн болохоос 30 хувийн бонус буюу урамшуулал өгнө гэж тохиролцоогүй. Олсон орлогын 30 хувь 240.000 төгрөг өгдөг тийм байгууллага, хувь хүн Эрдэнэт хотод байдаггүй. Мөн манай нөгөө хоёр ресепшин хамгийн ихдээ 300.000 төгрөг авдаг. Долгорсүрэн нь туршилтын журмаар ажиллахдаа ажлын үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажлаас хоцорч ирдэг, мөн ажлаасаа буух болоогүй байж түрүүлж явдаг, би өөрөө ч буудлын текээ хараад үлдсэн тохиолдол байдаг, удаан, бусад ажилчидтай үнэхээр таарамжгүй гэх мэт олон зөрчил гаргасан. Дээрээс нь ажлаас гарахдаа өөрөө дур мэдэж оруулсан хүнийхээ барьцаа 56.000 төгрөгийг авч явсан. 2 өрөөнд хүн оруулаад тэрийгээ хэлээгүй. Дулмаа ресепшин камер шүүж байгаад надад харуулсан. Энэ бүх үйлдлийг Ганцэцэг, Дулмаа, Мөнхчимэг гэрчилнэ. Цалингийн урьдчилгаагаа 15-нд авсан. Өөрийн гарын үсэгтэй баримт бий. Гэрчүүд байгаа болно. Ийм олон алдаа дутагдлын улмаас ажлаасаа 1 сар болоод халагдсан. Гэвч маш олон газраар худал ярьж хүний нэр төрд халдаж нөхөртэйгөө хамт Ачит төв дээр очиж хэрүүл хийж poss машин авна, барааг чинь авна гэж сүрдүүлж намайг болон ресепшинг ажил хийлгэхгүй олон удаа ирж байсан. Цагдаа дуудахаар зугтаад явчихдаг. Мөн намайг миний гэр бүлийг элдвээр доромжилж ална, эрэмдэг болгоно, нүдээ цавчихгүй унт, орц руугаа орохдоо мэдээтэй байгаарай, гичий, эргүү хүүхэн гэж байнга доромжилж ирсэн. Энэ хүнээс зөв шийдэж арга хэмжээ авч хуулийн хариуцлага тооцож өгөхийг хүсч байна. Надад мессиж нь хүртэл байгаа. Ажилд орохоор гуйж ирчхээд бүх юмаа авчихаад ийм үйлдэл гаргаж байхыг бодоход олон хүн хохироосон байх гэж би хувьдаа бодож байна. Иймд хэргийг зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00028 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасныг баримтлан Х.Саруулбилэгээс 214.000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлээс 300.050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 16.071 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Саруулбилэгээс улсын тэмдэгтийн хураамжаар 7.070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Саруулбилэг давж заалдсан гомдолдоо:

Миний бие Х.Саруулбилэг нь анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж бүх нотлох баримтыг үнэлж үзэх ёстой байтал миний асуусан гэрчийн мэдүүлгийг нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй гэж үзэн хэрэгсэхгүй байгаа нь шийдвэрийг тал бүрээс нь нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэлийн дүнг тооцон гаргахдаа буруу тооцоолсон. Тухайлбал би урамшуулал тооцохдоо орлого 1.000.000 төгрөгөөс давсан хэсгээс 4 хувь тооцдог тухай тайлбарлаж хэлсэн атал шүүх харгалзан үзэлгүй бүх дүнд нь тооцсон нь хэт нэг талыг баримталсан шийдвэр гарсан гэж үзэж байна.

Миний бие *******д ямар ч мөнгө өгөхгүй. Яагаад гэвэл би урьдчилгаа 120.000 төгрөгийг *******д өгсөн байсан. Ингээд түүнд бонус 34.000 төгрөг, цалингийн үлдэгдэл 120.000 төгрөг өгөх ёстой байсан боловч тэр өөрөө хүмүүсээс авсан орлого 70.000 төгрөг, зээл 56.000 төгрөг өгөөгүй. Ийнхүү зөвшөөрөлгүй орлого авсан учраас бонус өгөхгүй гэж тохирсон. Иймд түүнд өгөх өглөг байхгүй. Харин би авлагатай байхад шүүх 214.000 төгрөг олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргасан юм. Иймд *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь харицуагч Х.Саруулбилэгт холбогдуулан түүний Ачит төвийн буудалд ресепшинээр ажилласан хугацааны цалин, бонус 514.050 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Х.Саруулбилэг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Х.Саруулбилэгийн түрээслэн ажиллуулдаг Ачит төвийн зочид буудалд 2018 оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл рессепшинээр ажилласан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч ******* нийт 11 хоног ажилласан цалин 246.000 төгрөг нийт 514.050 төгрөгийг хариуцагч Х.Саруулбилэгээс гаргуулна гэж, хариуцагч Х.Саруулбилэг нь нэхэмжлэгч *******д урьдчилгаа 120.000 төгрөг өгсөн, буудалд 2 өрөөнд хүн оруулж орлогыг өөрөө авсан гэж мэтгэлцжээ.

Шүүх нэхэмжлэгч ******* нь урьдчилгаа 120.000 төгрөг аваагүй гэсэн тайлбараа хариуцагч Х.Саруулбилэг нь Долгорсүрэн буудлын 6, 8 дугаар өрөөнд хүн оруулаад 56.000 төгрөг авсан гэсэн тайлбар гаргаж тус тус мэтгэлцэж байгаа боловч тухайн тайлбараа нотлоогүй гэсэн үндэслэлээр хариуцагч Х.Саруулбилэгээс 214.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 269 дүгээр зүйлд нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь зочид буудалд ресепшинээр нийт 11 удаа гарсан, сая төгрөгөөс дээш орлого оруулбал 30 хувийн бонус өгнө гэсэн тайлбар гарган маргаж байгаа боловч тайлбараа нотолж чадаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна. Мөн хариуцагч Х.Саруулбилэг нь буудлын 6, 8 дугаар өрөөнд хүн оруулж төлбөрийг өөрөө авсан гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй мэтгэлцсэн боловч тайлбар татгалзлаа нотлоогүй мөн хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд шүүх сая төгрөгөөс дээш орлого оруулсан тохиолдолд 4 хувийн бонус олгоно гэсэн хариуцагчийн тайлбар нэхэмжлэгч *******д 1.850.000 төгрөг оруулсан орлогын талаар талууд маргаагүй зэрэгт үндэслэн хариуцагчаас 214.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна. Хариуцагч Х.Саруулбилэгийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй байна

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Саруулбилэгийн заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00028 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Саруулбилэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Х.Саруулбилэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.070 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ