| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1163/Э |
| Дугаар | 1201 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 1201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Нарванчин овогт Б.Б яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0434 11388 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Б
Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 305 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ө.Золбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Би тухайн үед Пластик центрт ажилладаг байсан ба ажлаас тараад очиход согтуу байхаар нь архи уулаа гэж зодсон. Өмнөх 2-3 өдөр архи ууссан байсан. Ажлаас тараад очиход хоол унд ч үгүй согтуу байхаар нь уур хүрсэн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.Золбаярын: …2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Б.Б согтуу архи уусан байхдаа намайг хардаад нүүр рүү гарынхаа араар 2 удаа цохихоор нь би уйлаад чи дандаа хий хоосон хардаад байх юм, одоо болиоч гээд уйлсан чинь миний үгийг тоохгүй чи минийх, би өөрийнхөө юманд харамч шүү гээд 2 гарын шуу, бугалга руу гараараа 5-6 удаа цохисон. Тэгэхээр нь би одоо манай дүү нар ирнэ гэж хэлсэн чинь намайг зодохоо больсон. Энэ байдал 1 цаг орчим хугацаанд үргэлжилсэн. Маргааш нь би цагдаагийн байгууллагад хандсан юм…Намайг урьд нь 2018 оны 2-4 сарын үед 2-3 удаа зодож байсан ба тэр үед миний нүүр, хөл, гар хөхөрч байсан. Намайг манай дүү нарт харуулахгүй гээд Б.Б гэрт цоожлоод явж байсан. Одоо надад гэмтэл байхгүй, энэ асуудлыг надаас өөр хүн мэдэхгүй. Тухайн үед айхтар гэмтэл учраагүй болохоор би цагдаад дуудлага өгөөгүй юм. Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6243 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ө.Золбаярын биед дух, хамрын нуруу, баруун зовхинд цус хуралт, 2 бугалга, 2 шуу, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
Шинжээч эмч Т.Номинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Бийн: ...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...Би уурлаад чи гэрийн эзэгтэй юм байж архи уулаа, хоол унд ч байхгүй гэж хэлснээс болоод бид хоёр муудалцсан. Би Золбаярын баруун шанаа руу нь 1 удаа гараараа цохисон, нүүр хамар руу нь 1 удаа алгаараа цохисон нь үнэн. Миний буруу, би ойлгож байгаа, дахиж ийм алдаа гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,
- Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20, 22 дугаар тал/,
- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 5 дугаар тал/,
- Хохирогчийн гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 305 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ө.Золбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн 305 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ө.Золбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хохирогч Ө.Золбаяр нь гомдол саналгүй тул нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг болон хүсэлтээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 13-14, 24 дүгээр тал/
Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ