Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/1310

 

 2025          11            20                                                                      2025/ДШМ/1310

 

Э.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,  

яллагдагч Э.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,   

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/5623 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцлээр Э.Б-д холбогдох 2508000001267 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Б- овгийн Э-эгийн Б-, ......., урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн /РД:Э-/,

Шүүгдэгч Э.Б- нь согтуурсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хангай” захын баруун талд гудамжинд байрлах “Хүлэг” авто сервисийн хашааны гадна хохирогч Т.Ц-г нүүр, толгой хэсэгт гараараа цохих, толгойгоороо мөргөх, нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд “толгойн оройд шарх, хамар ясны хоёр хажуу хананы далд хугарал, хамрын таславч мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, баруун бугалга, шуу, бүсэлхийд зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн хохирогч Т.Ц-гийн “Ай фоне 15 про макс” загварын 3,354,500 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хавтаст хэрэгт авагдсан гэрчээр Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би нөгөө залуу дээр очоод “чи намайг цохисон гэдгээ санаж байна уу” гээд толгой хэсэгт нь 2 удаа цохиод газар руу харахад “Ай фоне” загварын гар утас унасан байсан тул цагаан фодволктай залуугийнх байх гээд газраас аваад нөгөө залуу руу сарвайж байхад Э.Б- утсыг шүүрээд өмдний халаасандаа хийчихсэн...” гэж, Т.Ц- нь хохирогчоор “...Би “Баянхошуу руу явья” гэхэд 100 метр орчим явж байсан чинь замаасаа гараад шороон зам руу гудамж руу орохоор нь би “хаашаа явж байгаа юм бэ” гэж асуусан чинь машиныхаа хурдыг нэмэхээр би хаалгыг нээгээд машинаас үсрээд буусан. Тэр үед машинаа зогсоогоод дотор нь сууж байсан гурван залуу гарч ирээд намайг зодож эхэлсэн. Намайг ойролцоогоор 10 минут орчим зодсон...” гэж гэрч, хохирогчийн хэн аль нь мэдүүлсэн байна. Иймд хохирогч Т.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Б.Г-ын үйлдэл оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай.

Мөн яллагдагч Э.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Содон” караокены гадна бусдад зодуулсан гэх гомдол, мэдээллийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан /хавтаст хэргийн 114-115 дахь тал/ байх ба уг гомдол, мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” 250803011 дугаартай тогтоол үйлджээ. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батхуяг нь Э.Б-ы биед хохирол учирсан эсэхийг тогтоолгохоор 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол үйлдэж, уг тогтоолын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн СХД0725/131 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Э.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан /хавтаст хэргийн 124-125 дахь тал/ байна. Иймд яллагдагч Э.Б- нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэх цаг хугацаанд мөн өөрөө бусдад зодуулж хүндэвтэр хохирол учирсан гэх асуудлыг нэг мөр шалгаж эрүүгийн 2508000001267 дугаартай хэрэгт нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй. Хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэлдээ болон шүүх хуралдаанд: “... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/5623 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Шүүгчийн захирамж хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Яллагдагчийн тухайн цаг хугацаанд хохирогчоор тогтоогдсон хэрэг бүртгэлтийн хэргийг нэгтгэж шалгах шаардлагатай гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй баихаар бичигдсэн байна...” гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд “... Хэд хэдэн яллагдагч нэг, ... эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж хуульчилсан. Хэрэг бүртгэлтэд байгаа яллагдагчийн хохирогчоор тогтоогдсон хэргийг нэгтгэ гэж шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна. Гэрч Б.Г-ын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийн зарим хэсгийг иш татаж, Б.Г-ын үйлдэл оролцоо байгаа эсэхийг тогтоох гэж шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан сиди бичлэгээр хохирогч, яллагдагч, гэрч Б.Г- нар байсан нь тогтоогдсон. Тиймээс өөр гуравдагч этгээд гэсэн ойлголт байхгүй. Мөн хохирогчийн мэдүүлэгт хэргийн бодит байдалтай нийцээгүй, өрөөсгөл зүйл байсан. Тухайн үед хохирогч ажлын хувцастай, яллагдагч Э.Б-ыг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг бөгөөд энэ нь хяналтын камерын бичлэгээр давхар тогтоогдож байгаа. Б.Г-ын мэдүүлгээс иш татаж, түүнийг буруутгах гэхээр хангалттай нотлох баримт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хяналтын камерын бичлэгээр Б.Г- нь хохирогч Т.Ц-гийн биед халдсан болох нь тогтоогдохгүй байна. Хэргийн бодит байдлыг тогтоож, шийдвэрлэхэд хангалттай хяналтын камерын бичлэг зэрэг хөдлөшгүй нотлох баримтууд авагдсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэрэгт үндэслэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Прокуророос Э.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тухайн цаг хугацаанд яллагдагч бусдад зодуулсан гэдэг нь хяналтын камерын бичлэг болон бусад баримтаар тогтоогдохгүй байна. Энэ гэмт хэргийг бусдыг зодож, гар утсыг нь авснаараа төгссөн гэж үзэж байна. Гэмт хэрэг төгссөний дараа бусад этгээдүүд ирж, яллагдагчийг зодсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Прокуророос энэ үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгах зүйтэй байна гэж үзэн одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Яллагдагч Э.Б-ы өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд: “... Анхан шатны шүүх хэргийн тал бүрээс нь нягталж, шалгасны үндсэн дээр прокурорт хэргийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, ямар эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн талаар дүгнэлт хийгээгүй. Харин прокурор хийсвэр дүгнэлт гаргасан болох нь харагдаж байна. Прокурор өөрөө “Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн бүх шинжийг хангасан үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг” гэж бичсэн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт, тухайн үед болсон үйл явдлыг сэргээн дүрслэхэд Э.Б- ганцаараа гар утсыг авах зорилгоор довтлоогүй байна. Харин Б.Г- нь мөрөөрөө явж байсан Э.Б-д хандаж, “намайг тэр фудболктой залуу цохичихлоо, тэр залуугийн урьд машинтайгаа очоод зогсчих” гэж хэлэхэд Э.Б- “болохгүй, би дуудлагын жолооч дуудчихсан байгаа” гэж хэлсэн. Гэтэл “зүгээр ээ, тэр залууг айлгаад л болоо” гэж хэлсэн. Ингээд урьд нь очиж зогсоход хохирогч такси гэж бодон машинд нь суусан. Энэ үед Б.Г- үргэлжлүүлэн нөгөө залууд “чи намайг санаж байна уу, лалрын банди минь, лексус 250 машин таксинд явна гэж юу байдаг юм” гээд гараараа толгой руу нь 2 удаа цохисны дараа хохирогч Т.Ц- машинаас үсэрч буусан. Б.Г- нь 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлэгтээ “чи намайг цохисон гэдгээ санаж байна уу, гээд толгой хэсэг нь 2 удаа цохисон” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Т.Ц-гийн гар утас газарт унасан байхад Б.Г- анх авсан байсан. Гэмт хэрэгт өдөөн турхирч, хатган хохирогчийг авч явж цохиж, зодох, хүчирхийлэх үйлдлийг эхэлж Б.Г- хийсэн. Түүний улмаас хохирогч машинаас унасан. Хохирогчийн гар утсыг хаанаас, хэн, хэзээ авсан дээр дүгнэлт хийх ёстой. Хохирогчийн халааснаас эсхүл биеэс гар утсыг Э.Б- авсан уу гэдгийг анхаарч үзэх ёстой. Б.Г- өдөж, хоргоон авч явж, 2 удаа толгой руу нь цохиж, гар утсыг нь авсан. Прокурорын тодорхойлсоноор гэмт хэргийн бүх шинжийг агуулсан үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг зарчим үүнд үйлчлэх ёстой. Шүүгчийн захирамжид хохирогчийн биед үүссэн гэмтлийг дурдсан. Хохирогчийн биед учирсан шарх “мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ” гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ бүхэнд Б.Г- хамааралтай. Прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г-ыг уг хэрэгт холбогдуулан шалгах, ямар санаа зорилгоор хохирогч дээр очсон, ямар санаа зорилгоор гар утсыг авсан, яагаад утсыг эзэнд нь өгөлгүй Э.Б-д өгсөн, Э.Б- гар утас хэнийх болохыг мэдэж байсан эсэхийг шалгаж байж дээрэм, зодооны гэмт хэргийн шинж, сэдэлтийг нарийн тогтоох шаардлагатай байна. Тиймээс Б.Г-ыг шалгаж өгөөч гэдэг хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтийг анхаарч авч үзээгүй. Энэ талаарх ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй, надад буцааж хариу өгөөгүй. Тиймээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж өгнө үү гэдэг хүсэлт гаргасан. Э.Б- нь Б.Г-тай холбогдох гэж олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Хамгийн сүүлд Б.Г- утсаа авч “яасан бэ, би цагдаатай ярьсан, цагдаатай тохирч, аргалсан. Чи өөрөө наад хэргийнхээ учрыг ол” гэдэг хариултыг өгсөн. Тухайн үед хохирогч цаашаа гүйхэд араас нь очиж зодон хүндэвтэр гэмтэл учруулсан. Бүгд Найрамдах Солонгос Улс руу хохирогч явсан сурагтай байсан. Хохирогч энэ талаараа анхан шатны шүүхэд хэлж, мэдэгдээгүй. Би прокурорт “хохирогч Бүгд Найрамдах Солонгос Улс руу явсан байна” гэхэд “түр явсан” гэж хэлсэн. Одоо хохирогч буцаж ирсэн эсэх нь мэдэхгүй байна. Хэргийг яаж эргүүлж, хэнд холбогдуулах вэ гэдэг прокурор, цагдаагийн хуйвалдааны асуудал. Одоо хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр зүтгүүлж байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг Б.Г-ад танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. Тиймээс шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү... ” гэв.

Яллагдагч Э.Б- шүүх хуралдаанд: Хэлэх тайлбаргүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурор Н.Анхбаярын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх “...хохирогч Т.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Б.Г-ын үйлдэл оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай. Мөн яллагдагч Э.Б- нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэх цаг хугацаанд мөн өөрөө бусдад зодуулж хүндэвтэр хохирол учирсан гэх асуудлыг шалгах шаардлагатай” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий  болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг... олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хэрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

Хохирогч Т.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Б.Г-ын үйлдэл оролцоо байгаа эсэх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тодруулах нь яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой юм. Мөн энэ гэмт хэрэг болсон цаг хугацаанд яллагдагч Э.Б- нь биедээ гэмтэл авсан, түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан талаар /хх-125 дугаар тал/ шинжээчийн дүгнэлт авагдсан. Энэ асуудлыг эрүүгийн 2508000001267 дугаартай хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх нь тэгш эрхийн зарчимд нийцнэ.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/5623 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар эсэргүүцлийг хангахгүй орхисугай.

2. Яллагдагч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                          Н.БААСАНБАТ

                        ШҮҮГЧ                                                          П.ГАНДОЛГОР