| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/05205/И |
| Дугаар | 192/ШШ2026/01256 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2026/01256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг тоот хаягт оршин суух, Б овогт М Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоот хаягт байрлах Р с ХХК /РД: 36/-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, түүний өмгөөлөгч Б.М, гэрч Х.Т, Ш.м, Ж.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч М.Бнь хариуцагч Р с ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Миний бие ажиллаж байх хугацаандаа борлуулалтын албанд ажилтнаар худалдааны төлөөлөгч Х.Т2024 оны 11 сарын 18 өдөр түгээлтийн жолооч А.м 2024 оны 11 сарын 19-ний өдөр тус тус 2 ажилтныг анкетын дагуу сонгон шалгаруулалтаар ажилд авсан. Бид 2024 оны 11 сараас эхлэн 2025 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл нэг баг хамт олон болон нэг зорилгын төлөө хамтран ажиллаж ирсэн. Гэтэл түгээлтийн жолооч А.м 2024 оны 03 сарын 13-ны өдөр харилцагчид борлуулсан барааны төлбөрийг харилцагчаас бэлнээр авч явсан боловч компанийн дансанд тус төлбөр ороогүй болох нь шалгагдсан тул миний бие аман байдлаар тус зөрчлийг яаралтай арилгаж ахин ийм зөрчил гаргасан тохиолдолд хатуу арга хэмжээ тооцдог тухай сануулсан. Үүнээс дараа 2024 оны 03 сарын 15-ны өдөр байгууллагын хаврын зугаалгын үйл ажиллагаа болсон бөгөөд тус арга хэмжээний үеэр түгээлтийн жолооч агсан согтуу тавьж элдвээр авирлан айлган сүрдүүлэх утга агуулга бүхий яриа надад хэлж тус байдлыг би бичлэг болгон хадгалж авсан байдаг.
Даваа гарагт /2024 оны 03 сарын 17 өдөр/ тус түгээлтийн жолооч ажилдаа ирэхгүй байсан тул миний бие харилцагчийн бэлэн мөнгөний талаарх асуудлыг Ерөнхий менежерт мэдэгдэн түгээлтийн жолоочийн гаргасан зан авир болон хэлсэн ярьсан сүрдүүлсэн агуулга бүхий ярианы талаар уулзаж мэдэгдэн бусад харилцагч нар дээр дээрх гарсан зөрчил байгаа эсэхийг нягтлан шалгуулах хүсэлтэй байгаа тухайгаа уулзаж мэдэгдсэн. Ажилдаа ирээгүй түгээлтийн жолоочийг түр хугацаанд ажиллахыг зогсоох саналыг аман байдлаар Ерөнхий менежерт гаргасан. Манай Ерөнхий менежер гэж захирлуудын багын найз Ж.Х хэмээх залуу өмнө нь Р к ХХК-д санхүүгийн албанд ажиллаж байгаад захиралтай хэрүүл маргаан болж ажлаас гарсан ба одоо эвлэрсэн бөгөөд эргэн цалин хөлс авахгүйгээр хамтран ажиллах болсон гэсэн мэдээллийг өөрийн биеэр надад өгч манайд Ерөнхий менежер гэсэн албан тушаалд 2024 оны 12 сараас ажиллахаар болсон байсан.
Миний бие хамтран ажиллах хагас жилийн хугацаанд тус 2 ажилтантай эгч дүүс мэт сэтгэлээр машид олон зүйлсийг ярилцдаг байсан бөгөөд гэр бүл найз нөхөд гээд бүхий л цаг хугацаанд чухам хаана хэзээ ярьсан зүйлийг нь нууцаар бичлэг болгон хадгалж одоо ажлын шаардлага тавихад миний эсрэг намайг хорлох зорилгоор ашиглаж байгаа болохыг ойлгохгүй байсан тул миний бие тийм зүйл ярихдаа мөрөөдөл хүсэл ирээдүйд хүссэн амьдралынхаа талаар ярилцаж байсан зүйл бол байгаа харин авсан ашигласан хийсэн хохироосон юм надад бол огт байхгүй хэмээн тайлбарласан. Ингэж тайлбарлаад байхад Ерөнхий менежер нэгэнт та нарын дунд ийм яриа болсон юм бол би энэ талаар захиралд мэдэгдэж яах тухай ярилцана гэв. Миний зүгээс ийм ховын чанартай аливаа асуудлыг захиралд мэдэгдэх ямар шаардлага болон зорилго байгаа талаар тухайн үед ойлгоогүй. Ингээд намайг та гарч ажлаа хийлгүй намайг захиралтай уулзаад иртэл хүлээж байгаарай гээд 2 цагийн дараа намайг дуудан уулзаж таныг ажлаас халахаар боллоо шийдвэр гарсан байгаа би танд албан бусаар урьдчилан мэдэгдэж байна гэж хэлсэн байдаг.
Тус шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч ажлаас халах үндэслэлийг тайлбарлуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Гэвч дараагийн өдөр буюу 3 сарын 19-ний өдөр намайг ажилдаа ирэхэд миний хариуцан ажилладаг бүхий л зүйлсийг хааж ажлаа өөр менежерт хүлээлгэн өгөхийг шаардаж захиргааны дарамт үзүүлсэн. Би өөрийн ажлыг гүйцэтгэх ямарч боломжгүй болсон байсан тул шаардлагын дагуу хамтран ажилладаг тэдний заасан менежер болох Г.Бд бүх ажлаа хүлээлгэж өгсөн ба ХНМ ажил хүлээлцэх акт болон тойрох хуудас яаралтай хийж өг гэсний дагуу ажил хүлээлцэх акт үйлдэн 2025 оны 3 сарын 25-ны өдөр ХНМ-т хүлээлгэн өгсөн. Ерөнхий менежер болон ХНМ-ээс ажлаас халах хуулийн үндэслэл болон тушаал шийдвэртэй танилцах хүсэлтэй байгаагаа хэлсэн боловч захирал хуульчтай зөвлөж тушаал чинь гарах хүртэл ажилдаа ирээд юу ч хийлгүй сууж бай гэж дахин дарамталсан. Цалинг чинь тушаал гарах өдөр хүртэл ажилласнаар тооцно гэсэн хариу өгсөн.
Миний бие ХНА болон захиралд тушаал шийдвэргүйгээр ажил хүлээлцүүлж байгаа байдал нь хууль бус бөгөөд үндэслэл болон тушаалтай танилцах хүсэлтэй байгаагаа бичгээр хүргүүлсэн боловч захирал хүлээн авсан ч хариу өгөөгүй гэсэн хариуг ХНАМ надад өгсөн. Намайг 2025 оны 3 сарын 31-ний өдөр дуудаж уулзсан ба комисс таны ашиг сонирхлыг тогтоох баримт тайлбар хүсэж байна хэмээн Ерөнхий менежер ХНМ Хуулийн зөвлөх нар цугласан байсан. Миний бие ажлаас халах тухай мэдэгдэж ажлаа хүлээлгэж өг хэмээн шахалт үзүүлэн ажил хүлээлцүүлж авсны дараа баримт үйлдэх зорилгоор ёс төдий болгож ардаас нь хийж буй энэ үйлдлийг буруу хэмээн үзсэн тул тайлбар өгөхөөс татгалзаж ядаж халах тухай тушаал шийдвэрээ харж болох эсэх талаар асуухад бидэнд ямар нэг барим нотолгоо байхгүй байгаа тул захирал хуульчтай зөвлөж байж тушаал гаргана гэсэн тул та хүлээгээд л байж байхаас өөр өргө алга гэсэн болно. Намайг 2024 оны 4 сарын 04-ний өдөр дахин дуудаж комисс дээр тодруулах зүйл байна таны ярианы талаар нотолсон. 2 хүн байна танд тайлбар байхгүй гэсэн ч нотолсон 2 хүн маань таны талаар мэдээлэл өгсөн гээд тус түгээлтийн ажилтан худалдааны төлөөлөгч 2-ыг хэлсэн ярьсан үнэн үү хэмээн асууж танд бол тайлбар байхгүй гэсэн тиймээ гээд баярлалаа та гарч болно гээд дуу бичлэг хийж үлдсэн байдаг. Ингээд миний бие өөрсдийнх нь хэлснээр 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажилласан боловч 04 сарын 05-ны өдөр өгөх ёстой цалин хөлсийг маань ч олгоогүй байх тул цаашид ажилдаа очоогүй бөгөөд дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд гомдлоо гаргасан байдаг. Миний гаргасан өргөдөлд ямар ч хариу өгөөгүй бөгөөд ХНА-наас ч мөн хариу алга хэзээ тушаал гаргахыг мэдэхгүй гэсэн тайлбар өгсөөр байсан тул миний бие цалин хөлс олгох өөр ажил олж хийх зорилгоор 4 дүгээр сарын 07-ны өдрөөс тус компанид ахиж цаг бүртгүүлэхээр очоогүй болно. Мөн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны хуралд Ерөнхий менежер ирснээ дээрх яриад байсан үндэслэлээ хэлэлгүй өөрсдөө ажил хүлээж авчхаад ажил хийх ямар ч нөхцөл боломжоор хангаагүй байж нэхэмжлэгч намайг гурван өдөр ажил тасалсан гэсэн тайлбар өгсөнд гайхаад барахгүй байна.
Иймээс тус дүүргийн шүүхэд хандаж гомдлоо гаргаж байна. Иймд нэхэмжлэгч М.Б намайг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож урьд эрхэлж байсан Р с ХХК-ний борлуулалтын албаны даргын албан тушаал дээр эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдөр болох 2025 оны 03 дугаар сарын ...-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Р с ХХК хариу тайлбартаа: Манай компани нь архи, вискиний бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд өөрийн импортоор оруулж ирсэн архи, виски зэрэг бүтээгдэхүүнийг жижиглэнгийн болон бөөний худалдааны төвд худалдан борлуулдаг. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд логистикийн албаны даргын албан тушаалд М.Бг үндсэн ажилтнаар Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар томилсон тул түүнтэй 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулсан байдаг.
Гэвч, уг гэрээний хугацаанд М.Бнь компаниас импортоор оруулж буй архи, виски зэрэг бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг өөрийн үүсгэн байгуулсан Г к д ХХК-аар нууцаар оруулж ирэх, улмаар харилцагч худалдааны төвүүдэд Р с ХХК-ийн борлуулж буй үнээс илүү хямд үнээр зарах, архи, виски зэрэг бүтээгдэхүүнийг зарахдаа Р с ХХК-ийн хөрөнгийг буюу түгээлт, ажиллах хүчийг ашиглах саналыг өөрийн удирдах доод албан тушаалтан түгээлтийн жолооч Ш.М, Худалдааны төлөөлөгч Х.Тнарт удаа дараа тавьсан энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т "...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.7-т гэрээг аль нэг талын санаачилгаар цуцалсан", 7 дугаар зүйлийн 7.1-т ажилтан доорх зөрчлүүдийн аль нэгийг гаргасан нь тогтоогдсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гэж (ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нь нөлөөлсөн сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгоно) тооцон ажил олгогчийн санаачилгаар энэхүү гэрээг цуцална", 7.1.2-т байгууллагын эд хөрөнгө болон бусдын эд зүйлийг санаатай авсан, авахаар завдсан, эсвэл бусдад авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь тогтоогдсон" заасныг тус тус зөрчсөн байдаг.
Тодруулбал, түгээлтийн ажилтан Ш.мнь М.Бгийн дээрх хууль бус үйлдлийн манай компанид мэдэгдсэн байдаг. Компанийн зүгээс, Гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/2 дугаар тушаалаар М.Бгийн уг хууль бус үйлдэлд ашиг сонирхлыг зөрчил үүссэн эсэх талаар ажлын хэсэг томилон ажиллуулсан байдаг бөгөөд ажлын хэсгийг дүгнэлтээр М.Бнь дээрх хууль бус үйлдлийг гаргасан тогтоосон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж баримт, Итгэмжлэл, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөдөлмөрийн гэрээ, Р с ХХК-ийн гүйцэтгэх захирлын Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Захиргаа хүний нөөцийн албанд гаргасан өргөдөл,
Хариуцагчаас Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Хариу тайлбар, Үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Ажилтны ашиг сонирхлын зөрчил тогтоох ажлын хэсэг томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал, Ажлын хэсгийн дүгнэлт, Ажлын хэсгийн нэгдсэн уулзалт, Ажлын хэсгийн тэмдэглэлүүд, Хүлээн авсан баримт буюу дуу хураагчийн агуулга, Хурлын протокол, Талуудын уулзалт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн мэдээлэл, Ажлын байрны тодорхойлолт, Цалингийн задаргаа, Хуулийн этгээдийн нэр хэлбэр өөрчлөгдсөн талаарх лавлагаа, Цагийн бүртгэлийн нэгтгэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын хүсэлтээр Гэрч асуусан тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр Үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч М.Бдараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Р с ХХК-д хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж борлуулалтын албаны даргаар ажиллах болсон. Ерөнхий менежер надад түгээлтийн жолооч таны талаар мэдээлэл өглөө, хувьдаа ашиг олохдоо компанийн дата бааз хүн хүч машин тэрэг бензин тос ашиглах тухай яриа бас гаргаж түгээлтийн ажилтанд санал тавьж хувьдаа ашиг олох санаатай байсан таны яриаг бол үнэн гэдгийг бид нар бичлэг хийсэн байгааг нь сонссон гэж таны тийм зүйл ярьсан чинь үнэн үү хэмээн тулган асуусан. Би хамтран ажиллах хагас жилийн хугацаанд түгээлтийн жолооч А.М, худалдааны төлөөлөгч Х.Т2 ажилтантай эгч дүүс мэт сэтгэлээр машид олон зүйлсийг ярилцдаг байсан. Би менежер болох Г.Булганд бүх ажлаа хүлээлгэж өгсөн ба ХНМ ажил хүлээлцэх акт болон тойрох хуудас яаралтай хийж өг гэсний дагуу ажил хүлээлцэх акт үйлдэн 2025 оны 3 сарын 25-ны өдөр ХНМ-т хүлээлгэн өгсөн. Миний бие ХНА болон захиралд тушаал шийдвэргүйгээр ажил хүлээлцүүлж байгаа байдал нь хууль бус бөгөөд үндэслэл болон тушаалтай танилцах хүсэлтэй байгаагаа бичгээр хүргүүлсэн боловч захирал хүлээн авсан ч хариу өгөөгүй. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч Р с ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...М.Бг үндсэн ажилтнаар Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар томилогдон 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэвч, уг гэрээний хугацаанд М.Бнь компаниас импортоор оруулж буй архи, виски зэрэг бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг өөрийн үүсгэн байгуулсан Г к д ХХК-аар нууцаар оруулж ирэх, улмаар харилцагч худалдааны төвүүдэд Р с ХХК-ийн борлуулж буй үнээс илүү хямд үнээр зарах, архи, виски зэрэг бүтээгдэхүүнийг зарахдаа Р с ХХК-ийн хөрөнгийг буюу түгээлт, ажиллах хүчийг ашиглах саналыг өөрийн удирдах доод албан тушаалтан түгээлтийн жолооч Ш.М, худалдааны төлөөлөгч Х.Тнарт удаа дараа тавьсан энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.7, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-т заасныг тус тус зөрчсөн бөгөөд энэ нь ажлын хэсгийг дүгнэлтээр М.Бнь дээрх хууль бус үйлдлийг гаргасан тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй, 154.2 дах хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заажээ.
4.2 Нэхэмжлэгч М.Бнь дээрх хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан байх ба уг хорооноос 2025.05.27-ны өдөр 25/58 дугаартай шийдвэрээр ...талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр... ажиллагааг дуусгавар болгожээ. Нэхэмжлэгч дээрх хариуг 2025.05.27-ны өдөр авснаас хойш шүүхэд 2025.06.02-ны өдөр хандсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ. /хх12-16/
4.3 Ажил олгогч Р с ХХК нь ажилтан М.Бг логистикийн албаны даргаар ажиллуулахаар 2024.12.26-ны өдрийн Б/1 дүгээр Үндсэн ажилтнаар томилох тухай тушаалыг гаргаж, мөн өдөр Хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан байх ба талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.
4.4 Р с ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.04.18-ны өдрийн Б/32 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 6.1.7, 7.1.2 дах хэсэгт заасан үндэслэлээр Борлуулалтын албаны дарга албан тушаалтай М.Бгийн хөдөлмөрийн гэрээг 2025.04.18-ны өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримт тогтоогдож байна. /хх-11/
5. Талууд ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн эсэх талаар маргав.
6. Р с ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.04.18-ны өдрийн Б/32 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэлийг үзвэл,
... Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дах хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах,
Хөдөлмөрийн гэрээний 6.1.7-д гэрээг аль нэг талын санаачилгаар цуцалсан.
7.1.2-т Байгууллагын эд хөрөнгө болон бусдын эд зүйлийг санаалтай авсан, авахаар завдсан, эсвэл бусдад авах нөхцлийг бүрдүүлж өгсөн нь тогтоогдсон гэж заасныг баримталсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Учир нь:
7. Ажил олгогчоос 2025.03.28-ны өдрийн А/2 дугаар Ажилтны ашиг сонирхлын зөрчил тогтоох ажлын хэсэг томилох тухай тушаалаар Борлуулалтын албаны дарга М.Бгийн байгууллагын үйл ажиллагааны эсрэг ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг тогтоох зорилгоор ажлын хэсгийг томилжээ. /хх-42/
Улмаар уг ажлын хэсгээс 2025.04.07-ны өдөр Ажлын хэсгийн дүгнэлт-ийг гаргасан байна. Үүнд: М.Бнь 2024 оны 05 сард ажилд томилогдсон бөгөөд үүнээс 3 сарын дараа буюу 2024 оны 08 сарын 29-нд Г к д ХХК-ийг архи вискиний төрлийн бүтээгдэхүүн оруулан борлуулахтай холбоотой компанийн үйл ажиллагааны чиглэлээр байгуулсан байсан нь сэдлээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, зохион байгуулж байгааг илэрхийлж байна.
Мөн тус бүтээгдэхүүнийг худалдан борлуулах бэлтгэл ажлын хүрээнд харилцагч дэлгүүрүүдэд Р с ХХК-ийн оруулж ирж буй бараанаас илүү хямд виски зарж эхлэх гэж буй талаар мэдээлэл очсон нь мөн мэдүүлгээр батлагдсан, байгууллагын нэрээр оруулж ирдэг импортын бараа бүтээгдэхүүнтэй ижил төстэй төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхдээ компанийн хөрөнгийг /түгээлт, ажиллах хүч/ ашиглан зарж борлуулах зорилготой байсан нь компанийн үйл ажиллагааны эсрэг ашиг сонирхлын зөрчил гаргахаар завдсан гэж үзэж байна.
Иймд дээрх үйлдлийг Хөдөлмөрийн гэрээний 7.1-т Ажилтан доорх зөрчлүүдийн аль нэгийг гаргасан нь тогтоогдсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4. ноцтой зөрчил гэж тооцон ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцална; Хөдөлмөрийн гэрээний 7.1.2-т зааснаар Байгууллагын эд хөрөнгийг ашиглан компанийн үйл ажиллагааны эсрэг ашиг сонирхлын зөрчил гаргахаар завдсан гэж үзэн цаашид компанийн үйл ажиллагаанд өндөр эрсдэлтэй үйлдэл, эс үйлдэл гаргасан тул цаашид тус ажилтанг ажиллуулах боломжгүй буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах саналтай гэжээ. /хх-44/
Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Тухайлбал: сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдхүй байна.
8. Хэргийн 46 дугаар талд авагдсан 2025.03.28-ны өдрийн Ажлын хэсгийн тэмдэглэлд Түгээлтийн жолооч Ш.Мгөөс ...2025.03.10-ны өдөр БАД Бнь Т гэх хүнтэй хамтран Г к д ХХК-аас дамжуулан архи согтууруулах ундаа оруулж ирэхээр болсон, ...худалдааны төлөөлөгч Х.Тгадуур харилцагч нартай уулзаж явахдаа манайд байгаа нэр төрлийн архи виски хямдхан орж ирж байгаа гэх мэдээллийг өгснийг Р с ХХК-тай харилцдаг 5-6 харилцагчаас танайх архи виски хямдхан орж ирж байна уу гэж асууж тодруулснаар мэдсэн.
...Худалдан борлуулах үйл ажиллагаа эхлэхэд санхүүгийн асуудалтай тул Р с ХХК-ийн нэр дор худалдааны төлөөлөгч, түгээгчээр дамжуулан борлуулахаар харилцан тохиролцсоныг мэдээлэв...,
Худалдааны төлөөлөгч Х.Таас ...2025 оны 02 дугаар сүүлээр Борлуулалтын албаны дарга М.Бнь Р с ХХК-ийн нэрээр оруулж ирдэг архи вискинээс оруулж ирэх гэж байгаа, чи давхар борлуулалт хийх хүсэлтэй байна уу гэсэн санал тавьсан. Би зөвшөөрсөн, ажлынхаа хажуугаар орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломжтой талаар ярилцсан. гэжээ. /хх-48/
9. Гэрч Х.Тшүүх хуралдаанд ...М.Бдарга надад мөрөөдлөө хэлж байна гэсэн, яг юу оруулж ирэхээ хэлээгүй, би Р с ХХК-ийн ажлаас гаргасан. ...Ажлын хэсгийн тэмдэглэлд тайлбар өгсөн, миний гарын үсэг мөн... гэх мэдүүлэг,
Гэрч Ш.мшүүх хуралдаанд ...Б2025 оны 02 дугаар сард гадаа машин дотор нэр төрлийн архи вискиг оруулж ирж зарах гэж байгаа, эгч нь өөрийн Г к д ХХК нээсэн, гэхдээ чи энийг компанийн машинаар түгээгээд, борлуулалт хийгээд яваарай гэсэн. Би чадахгүй гэдгээ хэлсэн, Таар захиалга авхуулчихна, чи компанийн машинаар түгээлт хий гэсэн. ...Манай найзын агуулахаас компанийн машинаар зөөгөөд тарааж өгөөрэй гэж байсан, би хүлээж аваагүй, хийж хэрэгжүүлээгүй... гэх мэдүүлгүүдээр нэхэмжлэгч М.Бнь хариуцагч байгууллагын эд хөрөнгө болон бусад эд зүйлийг авахаар завдсан, хүсэл зоригоо илэрхийлсэн үйл баримт болсон болохыг гэрч нар мэдүүлсэн тул дээрх мэдүүлгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотлох баримтаар үнэлэх учиртай.
10. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчил, 7.1.2-т Байгууллагын эд хөрөнгө болон бусдын эд зүйлийг санаатай авсан, авахаар завдсан, эсвэл бусдад авах нөхцлийг бүрдүүлж өгсөн нь тогтоогдсон тохиолдолд ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлд хамуулахаар тохиролцжээ. /хх-9/
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна., мөн зүйлийн 41.1.2-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж заасан. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дээрх заалтын Байгууллагын эд хөрөнгө болон бусдын эд зүйлийг авахаар завдсан гэх үгийн шууд утга нь хариуцагч байгууллагын тээврийн хэрэгсэл болон ажилтныг өөрийн хувьцаа эзэмшдэг Р с ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглахаар санаа гаргаж, оролдсон боловч бодитоор хэрэгжүүлж чадаагүй буюу завдсан болох нь тогтоогдсон гэж үзэхээр байна.
11. Түүнчлэн, нэхэмжлэгчээс ...2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс Р к ХХК-ийн Логистикийн албаны дарга албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд ороод 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс тус компанийн хамаарал бүхий Р с ХХК-д үйлчилгээ импорт болон худалдааны чиглэлээр ажиллах зорилгоор хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж борлуулалтын албаны даргаар ажиллах болсон гэх тайлбар гаргасан бөгөөд тэрээр Р с ХХК-д ажиллаж байх хугацаанд буюу 2024.08.29-ний өдөр Г к д ХХК-ийг үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигч М.Б, гүйцэтгэх захирал М.Б, үйл ажиллагааны код 46100, үйл ажиллагааны чиглэлийг Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэж бүртгүүлсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. /хх-56/
Тодруулбал, ажил олгогчийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд 46100 кодтой Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшдэг Г к д ХХК нь хариуцагч байгууллагатай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн гэрээний 4.2.8-д Үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад зэрэгцэн ажиллах бол үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авахаар заасан байх боловч нэхэмжлэгчээс уг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг биелүүлж ажил олгогчоос зөвшөөрөл авсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч уг үйл баримтын талаар маргаагүй. /хх34 ар тал, 57/
12. Нэхэмжлэгчээс ажил хүлээлцэх акт үйлдэн 2025 оны 3 сарын 25-ны өдөр ХНМ-т хүлээлгэн өгсөн, ХНА болон захиралд тушаал шийдвэргүйгээр ажил хүлээлцүүлж байгаа байдал нь хууль бус бөгөөд үндэслэл болон тушаалтай танилцах хүсэлтэй байгаагаа бичгээр хүргүүлсэн боловч захирал хүлээн авсан ч хариу өгөөгүй гэх тайлбар гаргасан боловч энэ талаар баримтгүй мөн хариуцагчаас шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн уг тайлбар үндэслэлгүй нэхэмжлэгч 2025 оны 4 дүгээр сард цалин хөлсөө авсан гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй ба 2025.04.04-ний өдрийн Ажлын хэсгийн нэгдсэн уулзалтад нэхэмжлэгч өөрийн биеэр оролцож тайлбар өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн зүйлийн 123.3 дах хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасантай нийцсэн байна. /хх-45/
13. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан ба ажилтан М.Бгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн ажил олгогч Р с ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.04.18-ны өдрийн Б/32 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
14. Иймд хариуцагч Р с ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч М.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан хариуцагч хариуцагч Р с ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч М.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ